Би хэн бэ?

2B | +1% better 2day | phil.001

--

Хүн өөрийгөө олдог уу, эсвэл бүтээдэг үү?

“An Unsocial Socialist” номын зохиолч Жорж Бернард Шау-н хэлснээр бол “Life isn’t about finding yourself. Life is about creating yourself.” Хүн өөрийгөө хаа нэгтэйгээс хайж олдог биш харин явцын дунд өөрөө өөрийгөө бүтээдэг гэх утга бүхий. Бодоод үзэхээр бид өдөр бүр хийж байгаа үйлдлийнхээ үр дүнд хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнгөрсөнд хэн ч байсан хамаагүй, өнөөдөр ЮУ ХИЙХЭЭС л бүх зүйл хамаарна.

Ингээд харахаар асуулт маань “Би хэн бэ?” гэхээс илүүтэй “Би хэн БОЛОХ вэ?” гэвэл илүү зохимжтой мэт. Энэ асуултад хариулахын тулд харин бид буцаад л нөгөө ҮХЭЛ гэсэн сэдэв рүү халтираад орчихно. Үхэл философи 2 салж хагацашгүй зүйлс үү? эсвэл би л салгаж өгөхгүй холбоод байна уу? За тэр ч яахав. Ямартай ч асуултынхаа хариуг хайж олцгооё.

Миний хувьд саяхнаас ментортой болоод, хамтдаа 1 номыг уншаад ярилцаж байгаа юм. Тэр ном дотор “Begin with the END in mind” гэсэн нэг хэсэг бий. Яг л тэр хэсэгт гардаг нэгэн дасгал ажил нь дээрх асуултын хариуг надад өгсөн.

Дасгал ажил их энгийн бөгөөд онцгой. Учир нь би өөрийн оршуулгын ёслолыг хэзээ, хаана, ямархуу орчинд, хэн хэн ирсэн зэргийг бүгдийг нь төсөөлөх ёстой. Түүнээс гадна миний талаар дурдатгал хэлэх 4 хүнийг сонгоод, цаашлаад юу юу гэж хэлэх үгсийг нь хүртэл бичих болов.

Эхний хүн нь ойрын гэр бүлээс. Үүн дээр би том хүү Мэргэнийг сонгосон бөгөөд намайг дурсан санахдаа “Аав минь дэлхий дээрх хамгийн сайн аав биш байсан, гэхдээ тэр миний хувьд хамгийн шилдэг нь байсан юм” гэж хэлж байгаагаар төсөөллөө. Аав гэдэг хүний үнэ цэнийг яс махандаа тултал ойлгосон болохоор ч тэр үү, өөрөө сайн аав байхыг хүсдэг болж.

Дараачийн хүн нь намайг хамгийн сайн тодорхойлж чадах нэгэн байх хэрэгтэй болов. Эргэлзэх зүйлгүйгээр би эхнэр Энх-Уянгыг сонголоо. Бид өөрсдөө ч анзааралгүйгээр хүмүүсийг ялгаварлан харьцдаг. Ээж, аав, багш, гал хам, эгч, ажлын хамтрагч, танил, байрны өвөө, огт танихгүй нэгэн гэх мэт өөр өөр хүмүүстэй, тухайн нөхцөл байдлаас хамаарч төрөл бүрийн араншин гаргадаг. Тийм ч учраас миний хажууд байнга байдаг нэг л хүн миний бусадтай хэрхэн харьцдаг, дотроо ямар хүн байдгийг тодорхойлж үг хэлээсэй гэж хүсэв. Тэдгээр үгс нь “Японы нэгэн зүйр үгт; ‘Хүн 3-н нүүртэй. Эхнийхийг нь олон нийтэд харуулдаг, 2 дохыг нь ойр дотнын хүмүүстээ харуулдаг, сүүлийнхийг нь хэнд ч харуулдаггүй.’ гэсэн байдаг. Яг түүнтэй ижил миний нөхөрт ч бас олон нүүр байсан. Гэхдээ миний нөхөр бүх хүмүүстэй яг ижил, нэг л хандлагаар харьцахыг хичээдэг байсан юм. Тэр нь л түүний хэнд ч харуулдаггүй ч бүгдэд нь мэдрүүлэхийг хүссэн нүүр нь байв”. Товчоор бол өөртөө үнэнч байх хүсэлтэй нэгэн.

Дараагийн буюу 3 дах хүн нь ажлын хамт олноос байв. Хэдий яг тэр энэ гэж сонгож чадаагүй ч яг адилхан зүйлийг хэлнэ гэж дотроо төсөөллөө. Тэр нь “Бэби ямар ч ажлыг хийхдээ өөрийгөө 100% дайчилдаг байв. Гэхдээ түүнээс ч илүүтэйгээр тэр ЗА гэвэл ЁО-гүй, хариуцлагатай хүн байсан”. Чадах зүйлээ дуусгаж, чадахгүй бол хүлээн зөвшөөрч бусдад дуулгах ёстой гэсэн зарчмын минь илэрхийлэл нь энэ юм уу даа.

Хамгийн сүүлчийн хүн нь ямар нэг community-н танил байв. Миний хувьд тийм ч олон газарт харьяалалгүй бөгөөд, чанартай цөөн зүйлд алтан цагаасаа зориулна гэсэн бодолтой байдаг. Харин тэдгээр community-н танилууд дундаас миний талаар хэлэх зүйлийг нь би тодоос тод харж байлаа. Үгээр сийрүүлбэл; “Билгүүн бол маргаангүй бусдыг өргөгч байсан. Өөрийн мэдсэн сурснаа бусадтай харамгүй хуваалцаж, үргэлж бусдыг сайжрахад тусалдаг байж. Бид нар үргэлжлүүлэн бусдад туслахын төлөө явсаар байх бөгөөд Билгүүн ч бас биднийг дээрээс хараад баярлах байх”.

Ингэж хэлж дуусаад л бороо дуслан, хүмүүс нүдэндээ нулимстайгаар тэнгэр лүү харна. Билгүүн ИРСЭН, АМЬДАРСАН, ЯВСАН. Таны ойлгосноор би хэн бэ? Би хэн болохыг хичээж явна вэ?

P.S : Манай ажилд нэг хэсэг 5-н Билгүүн байсан учир Аби, Баби, Бэби, Тэби, Шиби гэж ялгадаг байсан нь одоо нэгэнт миний хоч болон үлджээ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй