Гэр бүлийн аялал #3 — Алтай Таван Богд : Малчин уулын оргил

2B | +1% better 2day | trip.003

--

2020 онд манай гэр бүл 2000 гаран км замыг туулж Монгол улсын зүүн хязгаар Дорнод аймаг, Буйр нуур луу аялаад ирсэн билээ. Энэ жил харин баруун тийшээ Архангай - Цэнхэрийн Рашаан, Булган - Баатарван эсвэл Хөвсгөл, Баян-Өлгий явах талаар ярилцаж байгаад бараг л больчихсон байв.

Гэтэл гэнэт наадмын дараахан ер нь шууд Баян-Өлгий рүү явж Малчин уулын оргил руу гарахаар шийдсэн юм. Мэдээж бага зэрэг экстрим аялал тул (амралт биш) 2 хүүхдээ эмээ өвөө дээр нь үлдээгээд явахаар боллоо.

За тэгээд эхлээд ямар “газраар” аялахаа сонгох хэрэгтэй болсон.

joinme VS juulchin VS gazarchin VS facebook…

1. Чиглэл

Ковидоос болсон уу яасан дотоодын аялал сонголт олонтой бөгөөд, захиалга ч их өгдөг бололтой байсан. Бид 2-н хувьд хамгийн чухал нь Малчин оргилд (д.т.д 4051м) гарах, мөн 2 талдаа онгоцоор нисээд ирэх байлаа. Учир нь автобусаар явбал 80к төлөөд 28 цаг (бараг 1.5 өдөр х2) 1 талдаа явах учир, цаг болон тав тухаа бодоод шууд ниссэн нь дээр гэж үзсэн.

Тэгээд баахан хайгаад, хүн амьтнаас асуугаад бас хоосон суудал (онгоцны) болон аяллын өдрөө тохируулсны эцэст Grand Altai Travel гэдэг газраар 5 шөнө / 6 өдөр — Малчин уулын оргилд гарах аяллыг сонгов оо.

Энэ зураг дээрх хөтөч ахаас болоод ер нь энэ газрыг сонгосон байдаг юм

Эхнэрийн маань найз нь өнгөрсөн жил энэ газраар явсан.
Хөтөч ах нь лаг гоё байсан гээд байхаар нь л бараг явчихсан даа.

2. Бэлтгэл

За тэгээд хол газар, хөдөө майханд хононо, 4051м өндөр оргил руу авирна, усанд орохгүй 4-5 хононо, фургоноор 4–500км явах учир бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Эхлээд Малчин уулын оргилд гарахад хэр хэцүү, юу хэрэг болдог талаар сайн судлаад, шаардлагатай хувцас, тоног төхөөрөмжөө бэлдсэн.

Товчхондоо бол хаашаа явах гэж байгаа талаар сайн судлаад, хэрэгтэй материаллаг зүйлсийг бэлдээд бас өөрийн бие болон сэтгэлзүйгээ бэлдсэн гэжуга.
 — Судалгаа → Материаллаг бэлтгэл → Бие → Сэтгэлзүй

Mongolia expiditions

Малчин уулын оргил нь далайн түвшнээс дээш 4051м өндөрт байдаг Алтай Таван Богдын хамгийн өндөр 5-н оргилын нэг. Мөн бусад 4-өөсөө ялгаатай 1 том зүйл нь заавал тусгай хэрэглэлгүйгээр (техникийн авиралт хийхгүй) авирах боломжтой гэсэн. Сонирхолтой нь дээр үед хүмүүс хонио хариулаад дээр нь гарчихдаг байсан учир Малчин гэж нэрлэсэн гэнэ.
(Манай хөтөч залуу Асет-н хэлснээр шүү)

Авиралтын бааз лагериас Малчин оргил хүртэл 5,8 км.

Өглөө 6–9 цагийн хооронд авирч эхлээд 6–7 цагт дундаж хурдаар гардаг.

а. Гутал

За тэгээд материаллаг зүйлсийг бэлдэхэд хамгийн чухал нь сайн гутал, дараа нь зөв хувцаслалт юм билээ. Гутлын хувьд Монголд орж ирсэн Lowa, La Sportiva гэх мэт нэртэй брэндийн гутлуудыг дажгүй гэх юм билээ. Бага зэрэг үнэтэй ч түүнийгээ дагаад сайн чанартай, ус нэвтрүүлэхгүй, алхалт болон авиралтад яг тохирсон. Мөн нэг авчихад нэлээн удаан өмсөх учир надад лав worth every penny гэж санагдсаан.

Бид 2-н хувьд 4051м, мөнх цастай ууланд, зуны цагаар авирах тул Уулын авиралтын дан гутал (Mountaineering boot) гэдгийг нь сонгов. La Sportiva-н 600к гутал хоёрыг авбал 100к хямдралтай байж таарсан нь бас аштай юу. (голын 2 загвар)

La sportiva Mongolia → Golden Buddha

б. Хувцас

Хувцаслалтын хувьд сонгино шиг олон давхаргатай байх нь сайн гэнэ лээ. Мөн алхахад хөлрөх учир хөлс сайн шингээх хэрэгтэй. Дотроо synthetic хөлс шингээгч футболк, дээр нь Fleece материалтай цамц, гадуур нь салхи борооны хамгаалалттай хүрэм/куртик байвал дажгүй гэж ойлгосон. Бас малгай.

Nike t-shirt → Bataar windbreaker → shirt & hoodie & cap

Мөн цасанд норох юм бол солих нөөцийн оймс, футболк, дотоож байвал зүгээр. Бид хэд лав норсон. ❄️ 💧 🗻

в. Цүнх

Мэдээж нөгөө нөөцийн хувцас болон уух ус, хүч сэлбэх жижиг амттан зэргээ цүнхэндээ хийж таарна. Мэргэжлийн уулчдын хувьд цүнхэндээ майхан сав, хоол хийх зүйлс, гэрэл гэх мэт олон зүйлийг авч явдаг болохоор цүнхний материал, тусгаарлалт, мөрөвч болон багтаамжийг хардаг гэсэн. Харин Малчин уул руу өдөртөө авирах бид нарын хувьд аль болох л хөнгөн жижиг цүнх зүгээр санагдсан. Гүйлтийн цүнх гэж байдаг гэсэн тэр бараг болно дөө.

Дотор нь 1 хуванцар савтай ус (500ml), 2–3н snack bar тэгээд нөөц хувцас байхад л болно.

д. Таяг

Ер нь бол хөлд, тэр тусмаа өвдгөнд ирэх ачааллын 30% бууруулдаг гэсэн. Гарт тохирсон барихад эвтэйхэн хэлбэртэй, бариулдаа уяатай, anti-shock-той (пүрштэй) байвал сайн. Бид 2 өөрсдөө ямар ч таяггүй яваад, аяллын компаниас 1 1ш таяг аваад ашигласан. Уул нь 2 гартаа байвал дээр байждээ гэж бодогдсон шүү.

Ерөнхийлөгчийн овоон дээрээс → Малчин уулын оргил

Уртыг нь өөрийн өндөрт тохой 90 градус байхаар тохируулж, өгсөх буухад харин 20% уртасгах, богиносгох хэрэгтэй.

Үүнээс гадна нарны шил, бээлий, гэрэл чийдэн, нүүр хүзүүний ороолт (баф), түрий (гидр) нтр хүмүүс хэрэглэдэг юм билээ. Бид хоёрын хувьд харааны шил нь хамелеон учир давхар нарны шил хэрэггүй байсан. Цаг агаар их сайхан байсан болохоор авч явсан бээлий онц хэрэг болоогүй. Гэхдээ л нимгэн бээлий ядаж байх хэрэгтэй байх шүү.

е. Камера

Аяллаас үлдэх зүйл нь мэдрэмж, дурсамж болон тэр 2-г сануулах зураг билээ. Хэрвээ зураг дарах сонирхолтой бол мэргэжлийн DSLR аваад явах, эсвэл drone, GoPro зэргийг авч явахгүй бол алдас болно.

Миний хувьд DSLR маань эвдэрчихсэн байсан тул явах замдаа бичлэг хийе гэж бодоод 1 найзаасаа GoPro + stabilizer зээлээд явсан байгаа. Хотоос гарахаасаа өмнө тэрийгээ тултал нь цэнэглээд 2ш 10000mah powerbank аваад явсан.

GoPro Hero 5 black + Stabilizer

Мөн GoPro-ныхоо цэнэгийг гамнахын тулд асах, унтрах, үйлдэл хийхэд дуугардаг дууг нь багасгаад (эсвэл бүр унтрааж), GPS, Bluetooth,Wifi болон voice command-г нь идэвхгүй болгосон. Бас 5 минутын дараа автоматаар унтрах, default mode болох POWER товчоо дарахад шууд бичлэг хийдэг болгох, зураг авах тохиргоог Field Of View (FOV) — wide болгож илүү өргөн өнцгөөр байгалийн зураг авахад тохируулсан.

Other tips : Slow-mo 240/fps, Hiking 1080p, 1 angle 10 seconds video

ё. Аяны хөнжил

Майханд 4 хонох учир өөрсдийн дулаан мишокоо заавал авч яваарай. Бид 2 бараг үлдээнгээ алдаад л Эрдэнэт кашмерийн зузаан 2 хүний аяны хөнжлөө авч явсан нь аминд орсон шүү.

Эрдэнэт : Хонины ноосон Аяны хөнжил

Цаанаасаа өгсөн 2 мишокын нэгийг нь доороо дэвсээд нэгийг нь дээгүүрээ давхарлаад сайхан дулаахан хоносон.

3. Аялал

Биеийн бэлтгэлийн хувьд зуслангийн урд талынхаа уулруу 1 авирч гарснаас өөр бэлтгэлгүй (уул нь Богд уул нтр лүү хэд хэд гарчихвал зүгээр байсан юм), сэтгэлзүйгээрээ бол “заавал” гарна аа гээд л 7.26-нд Баян-Өлгий-руу нисэхээр Хөшигийн хөндий дэх шинэ “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу явлаа. Замдаа 2000₮ хурдны замын төлбөр төлдөг юм билээ (санамж).

Аэро-Монголия Фоккер-50

Нисэх онгоц маань 50 хүний багтаамжтай жижигхээн цэнхэр онгоц байна лээ. Нийтдээ 2 цаг нисэх бөгөөд нислэгийн үед ус эсвэл кофе авч болж байсан. Онгоцны хувьд хуучирсан (хагас жилийн өмнөх) сэтгүүлээс өөр сонирхох зүйл байхгүй учир унтах л сонголт бий.

Манай нислэг уул нь нэмэлт нислэг 14:00 цагаас байсан ч хойшилсоор байгаад 16:00 цаг гэж ниссэн. Тэр хүртэл хаалттай CU-н урд л хүлээж суулаа шүү дээ.

Өлгийд очоод буусны дараа ачааг ариутгах тул 1 цагийн дараа ирж аваарай гэх юм билээ. Тэр хооронд бид нар аяллын газартайгаа холбогдоод, байрлах газраа очоод хальт сэргэж аваад оройн хоол идэхээр явав аа. Онгоцны буудал нь төвөөсөө ердөө 5км зайтай.

Баян-Өлгийд ганцхан байдаг Pamukkale гээд Турк хоолны газар орохоор болсон юм. Оюутан насаа дурсаад сайхан Mercimek, Kebab + турк цай авлаа. Mercimek нь яахавдээ л байсан ч 2 хүний Kebab нь амттай бөгөөд порц ихтэй. Энэ газар нь Pamuk кофе шоп, дэлгүүр тэгээд бүр амралтын газартай гэсэн.

Дараа нь гадуур жоохон алхаж ганц 2 дэлгүүрээр шагайсаан. Орос бараа, Хятад хувцас, Казак виски гээд янз бүрийн л юм байдын билээ. Тэгэж яваад нэгэнт цаг гаран хангалттай өнгөрсөн тул ачаагаа авахаар 1 такситай ирж/очихын 10к-аар тохироод онгоцны буудал дээр очиход бид нарын ачаа л үлдсэн байдаг шүү. Бараг ариутгасан ч юм уу дөө. 🤷

Ачаагаа авчирж, төвхнөчихөөд Өлгий-гийн Сүхбаатарын талбайг очиж үзэв. Экей баатарын хөшөөг тойроод нутгийн захиргаа, банк, спорт цогцолбор, хамгийн үнэтэй зочид буудал, кофе шоп гээд бүгд байх юм.

Дараа нь “Зайсан толгой” руу гарч хотыг тэр чигээр нь харсан. Тэнд нь байх дурсгалын хөшөөг Алтай хотын Казакчууд хийж өгсөн гэнэ. Уул нь аятахан камертай бол шөнийн зураг дажгүй гарахаар санагдсан.

Ингээд эртхэн амарсан даа. Өлгийн хотын хувьд буцахдаа зах болон гар урлалын дэлгүүр, турк барааны дэлгүүрээр орохоос өөр онц сонирхолтой зүйлгүй.

Маргааш өглөө цайгаа уучихаад дэлгүүрээс идэж уух жижиг сажиг амттан болон цэвэр ус (5л х4ш) аваад хөдөлсөн. Ханиад хүрэх, хоолой өвдөх, гэдэс базлах үед хэрэг болж магад гээд эмийн сангаас ганц 2 ам бас авсан. Хотод олддоггүй ковидын эм “аравдал” хүртэл байна гэсэн шүү.

Малчин оргил (~8км) ← Ерөнхийлөгчийн овоо (15км) ← Бага ойгорын хаалт (200км) ← Өлгий

Нийтдээ 200км явж Бага Ойгорын хаалт гэдэг газарт хоноглоно. Замдаа Сонгинотын даваан дээр гарч зургаа авахуулаад өдрийн хоолондоо хээрийн цуйван идээд аажуу уужуу явсаар оройхон очсон. (19 цаг) Хамт явах байсан 6–7 хүн цуцалсан учир бид нар 1 фургонд жолооч, тогооч, хөтөч + 4 аялагч нийтдээ 7-уулахнаа VIP аялал шиг л явсан даа.

Өмнө нь base-camp хүртэл машинтай очиж болдог байсан бол одоо зөвхөн морь/тэмээтэй очдог болсон гэнэ. Хүмүүс машинтай очоод энэ тэнд хоноглоод, хогоо хаяаад байдаг зовлонтой гэсэн. Тийм болохоор бид нар маргааш өглөө нь Бага Ойгорын хаалтаасаа 15км орчим айхтар замаар цаг гаран машинтай явж Ерөнхийлөгчийн овоо хүрээд тэндээсээ цааш Малчин уулын оргил гарах алхалтаа эхэлсэн дээ.

Ерөнхийлөгчийн овоо → Алтай Таван Богд уулс & Потанины мөсөн гол + Сар

Алхалт ба Авиралт

Ерөнхийлөгчийн овоо дээрээс Алтай Таван Богдын уулс, Потанины мөсөн голоо харж баясаад хэдэн патиараа татуулчихаад base-camp хүртэл эхний алхалтаа эхлүүллээ. (2км) Хүйтэн оргил гарах хүмүүс base-camp-д суурилаад дараа нь хоног толгой очиж хоноод өглөө эрт оргил руугаа гардаг гэсэн.

Base Camp : Алтай таван богд цагаан голын пост

Уул нь холоос харахад амархан ч юм шиг, хүрэн бор шороотой юм шиг харагдаж байв ч яг ойртоод ирэхээр битүү ЧУЛУУ юм билээ. Жижиг сул чулуу нь халтирах магадлал ихтэй, дээшлэх тусам том том чулуутай.

Авирахын өмнөхөн доод бэл хэсэгт горхи урсаж байгаа, тэгээд нэлээн дээр хэсэгт (80%) гарсны дараа л мөсөрхөг хүйтэн ус бий. Тиймээс ус болон хүч сэлбэх snack-аа тааруулаад л хэрэглээд явах хэрэгтэй.

Алтай Таван Богд — Малчин уул 80% : мөстэй ус уух хэсэг

Алхалт/авиралтын хамгийн гол нууц нь : Нэг хэмнэлээр явах

Хүчээ дэмий үрж огцом хурдалж, хэт удаан амарч болохгүй. Ерөөсөө л сайхан аажуухан яваад л байх хэрэгтэй. Ядраад байвал жоохон амарчхаад л, үргэлжлүүлээд авирах хэрэгтэй.

Хамгийн сүүлийн хэсэгхээн газарт цастай хэсгээр уулын ирмэгээр алхаж оройд нь гарна. Цастай талруугаа Оросын нутаг дэвсгэр, хадтай тал нь Монгол. 50м орчим зайд хүний гишгэсэн хөлийн мөрөөр, нэг нэгээрээ болгоомжтой гардаг.

after 11 years, 2 babies, 4051m climbing : I asked her to marry me

Ингээд л оройд нь гарлаа шүү дээ. Монголын #5-дах өндөрлөг, далайн түвшнээс дээш 4051м Малчин уулын оргилд гарч чадлаа.

we did it…

Оргил дээрээ гарсан ч буух нь бас тийм ч амаргүй ажил. Буух үед хөлийн өвдгөнд маш их ачаалал ирэх учир таягаа уртасгаад, халтирахгүйн тулд маш болгоомжтойгоор бууцгаана. Бид нар буух замынхаа тал орчмыг нь цасаар гулгаж буусан. Гэхдээ энэ нь эрсдэлтэй учир хүмүүст гулгаарай гэж зөвлөхгүй ээ. (But if you do bring a snow seat sled)

DO NOT TRY THIS AT ALTAI TAVAN BOGD

Гулсах замдаа гацаад, цасанд шигдээд, жижиг ангалд ороод, хайлж буй хэсгийг тойроод, мөсөн дээр халтирч норсоор буусандаа. Бид хэдийг уулруу авирахад хамт авирсан хилийн цэргийн алба хаагчид бас араас дагаад гулгаж бууж харагдана лээ. 🤣

За тэгээд нэг юм уулнаасаа бууж base-camp-н зүг ойртох үед тэнгэр муухайрч Малчин уулын оргил нь үүлээр бүрхэгдэж эхэлсэн. Бид ч ёстой азтай цаг агаар сайхан байх үед нь гараад амжсан шүү.

Үүнээс цааш аялал маань Хотон нуур, Бага түргэний хүрхрээ, Сүүн гол, Ховд голын эргээр амарч, загас барьж, Бүргэдтэй зургаа авхуулж зугаалсаар буцаад Өлгий-рүүгээ очсон. Хотон нуурын хувьд чулуу ихтэй учир усны таавчиггүй бол ороход их хэцүү юм билээ. Харин манай хөтөч залуу Хотон нуур, Ховд гол хоёроос бараг 20 гаран загас барьж бид нар галын наадам дээрээ хүйтэн пивоо шарсан загасаар даруулсан шиг авиралтын паянгаа ярьж өнгөрөөсөндөө. Аан бас загасны шөл ууж ядаргаагаа тайлсан юм байна.

Аяллын хувьд манай машин огт эвдрэлгүй, хоол унд ч бас элдэв асуудалгүй сайхан аялаад ирсэн. Сүүлийн өдөр Өлгийд ирээд beşparmak (таван хуруу) гэдэг хүндэтгэлийн хоол идээд аялал маань өндөрлөсөн дөө. Уул нь мини концерт байсан боловч хүмүүс нь Ковид туссан гээд бас л цуцлагдсан. Аяллын хувьд нийтдээ 1 хүний 1.5₮ саяд бүх зүйл нь багтаж байна лээ.

Дараа жил харин хаашаа явах вэ?

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй