Иргэний зориг гаргасан түүх

буюу ИТХ-д өөрийгөө сорьсон УйдахЗавгүйӨдрүүд (part 2)

--

За эхний хэсгээ бичсэнээс хойш нэлээн удсан байна. Завгүй өдрүүд үргэлжилсээр цаг хугацаа нисэн одож. Саяхан харин Хөдөлмөрийн Үндэсний Нам ээлжит их хурлаа цахимаар хийснийг далимдуулан энэхүү бичвэрээ дуусгахаар сэтгэл шулуудсан нь энэ.

ХҮН 2-р ээлжит их хурал (ZOOM)

Өмнөх хэсэгт яагаад ХҮН намд элссэн, яаж яваад нэр дэвшихээр болсон мөн төлөвлөгөөнд өөрчлөлт орох шаардлагатай болсон талаар дурдсан. Өнөөдөр харин сонгуулийн явцад юу юу болсон талаар дэлгэрэнгүй бичнэ ээ.

Хандив

Сонгуульт ажил хийхэд мэдээж зардал гарах нь тодорхой түүнийгээ 3 төрлөөр бүрдүүлэх боломжтой байдаг юм билээ. Түүний нэг нь хандив. Миний хувьд ч бас анх төлөвлөсөн шиг 5 сая төгрөгийн нийт зардлыг гаргах, түүнийхээ 50%-г өөрийн хөрөнгөөс үлдсэн 50%-г хандиваар олно гэж төлөвлөсөн.

Наймдугаар зүйл —Сонгуулийн зардал

Хандив гэдэг АМАР биш. Мэдээж хүн ямар ч шалтгаангүйгээр бусдад мөнгө өгөхгүй. Тийм учир яагаад нэр дэвшихээр болсон, юу хийхийг зорьж байгаа талаараа хүмүүст сайн ойлгуулж, өөрчлөлт хийхэд миний, таны, бид бүгдийн ОРОЛЦОО чухал гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Энэ талаараа тайлбарласан бичлэг, нийтлэл болон хандивын данс бүхий постер бэлдэн сошиал медиагаар цацсан.

Мөн Facebook Page хөтлөн автомат хариулагчтай болгосон нь хандалт ихтэй байсан шүү.

Нийт 50 өөр данснаас 4 сая орчим төгрөгийн мөнгөн хандив цугларсан. Надад итгэж, дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн ~300’000 төгрөгийн хандив мэдээлэл дутуу хийгдсэн учир буцаагдсан.

Миний хувьд бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад бэлтгэсэн материал, цалинжуулсан ухуулагч, сурталчилгаа хийсэн өдрүүд зэрэг нь маш бага байсан. Тийм ч болохоор хандивын 3.9 сая төгрөгийн зарцуулалтаас гадна аудит, намын сурталчилгаа, хоол унд гээд нийтдээ 6 сая төгрөгт бүх зардал маань багтсан.

Ихэвчлэн гэр бүл, ойр дотныхон, ажлын газар, найз нөхөд дээр нэмэгдээд цөөн тооны бусад хүмүүс хандив илгээсэн байсан. Мөн сонгуулийн явцад өдөр бүр хандивын дансны мэдээллээ Facebook page хуудсаараа танилцуулж байсан бөгөөд 11 сард аудитад өгсөн материалаа ч бас тавьсан байгаа.

Үйл ажиллагаа

Шүүгчийн шийдвэрээс болоод нийслэл болон дүүргийн нэр дэвшигчид хамтдаа гаргах сонин, тараах өдөр, уулзалт гэх мэт бүх зүйлс тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Тийм учраас өөрөө тусдаа брошур гаргах (уг нь бараг хийхгүй гэж бодож байсан юм) болж дизайн болон агуулгыг яаралтай хийх хэрэгтэй болсон юм.

Төв штаб дээр : Брошур гаргах үйл явц

Анх өөрийн вэб хийгээд түүн дээрээ мэдээллээ оруулах гэж байсан ч амжихгүй болсон учир зөвхөн Facebook Page дээрээ бүх мэдээллээ оруулж явсан. Тусдаа яг гардаж хариуцсан хүн байхгүй бол болохгүй юм байна лээ. Миний хувьд ажлаасаа чөлөө аваагүй болохоор зөвхөн зав зайгаараа өөрөө хөтөлж явсан. Түүнээс гадна ажлын өдрүүдээр заримдаа өглөө эрт 7–9 цагийн хооронд, зарим өдөр орой орой 5–8 цагийн хооронд нэрийн хуудсаа тарааж зогсов. Манай компани Shift-Time-р ажилладаг болохоор надад ингэх боломж гарч ирсэн гэхүүдээ. (Tnx Unimedia Solutions) Бас бэлтгэсэн брошураа хотхон дотроо хүмүүст тарааж, айлын хаалгыг тогшилгүйгээр хаалганы бариулд нь тогтоож үлдээсэн. Уул нь ХҮН-ээ бодож ингэсэн боловч түүнийг нь ашиглаад өөр намын хүмүүс шууд хураагаад2 явчихдаг тохиолдол байдаг юм билээ. 😭

Өглөө : Орой : Хотхон дотроо : Хаалганы бариул

Мэдээж материалын загвар гаргах, хэвлүүлэх, бэлтгэх, тараах гэх мэт олон ажилд хамт хийлцсэн тусалсан олон хүмүүс бий. Цоглог эрч хүчтэй 2 охин, шадар туслахууд, брошур хэвлэж өгсөн Энхбаатар ах, материал бэлтгэх, тараахад тусалсан ээж, загвар гаргалт болон арын албыг аль алийг нь амжуулсан гэр гийгүүлэгч Энх-Уянга, мөлхөө багийнхан, өглөө үүрээр нэрийн хуудас тараасан Одко, А самбарыг хийлцэх, байрлуулахад тусалсан Ариука, Элбэгээ гээд маш олон хүний тусламжтайгаар энэ бүх ажлын ард нь гарсан билээ. Та нартаа сэтгэлийнхээ гүнээс баярласан талархсанаа илэрхийлж байна.

Мэдээж сонгуульд дангаараа ороогүй тул бусад нэр дэвшигчидтэйгээ хамт дүүрэгтээ тойрон алхалт хийх, талбай дээр үзэл бодлоо илэрхийлэх, уулзалтад очих, бичлэг хийлгэх гэх мэт өөр олон ажил завсар зайгаар нь амжуулах хэрэг гарсан.

За тэгээд нүд ирмэхийн зуур л 8 хоног маань өнгөрч сонгуулийн сурталчилгаа дууссан бөгөөд сошиал хаягаа түр хааж, гадаа байрлуулсан самбараа хураагаад 2 хоног нам жим байлаа. Сонгуулийн хугацаанд хийхийг зорьсон нэг гол зүйл маань сонгогчдын боловсролыг дээшлүүлэх байсан бөгөөд түүнд зориулж судалгаа хийн хэд хэдэн пост, нийтлэл бас нэг асуулт хариултын тэмцээн хийсэн. (1555 залуус CTA quiz-д оролцсон 9621 оноогоор 1-т орсон)

Сонгуулийн дүн :

Сонгуулийн дүн гарах үед би дотроо нийт 2000 санал тоологдоод 1000 авсан хүн нь ялах нь тодорхой, аа харин миний хувьд 200 орчим санал авах байх гэхдээ 300 хүрчихвэл гэсэн битүүхэн горьдлоготой хүлээж байлаа. 😅

ИТХ сонгууль 2020

Харин үр дүн нь санаанд оромгүй 533 буюу АН-с нэр дэвшсэн нийслэлийн төлөөлөгч Нарантуяа-с 43 санал, төлөөлөгч болсон МАН — Чойдогоос 206 саналын зөрүүтэй байсан юм. Мөн санал тэмдэглээгүй 91 сонгогч байсан гэхээр хэрвээ ажлаасаа чөлөө аваад бүтэн сонгуульд зориулсан бол, 14 хоног бүтэн сурталчилгаа хийсэн бол, бүр эртнээс бэлдсэн бол магадгүй гарчих ч байсан юм шиг л санагдаад явчихсан шүү. 😂
(заза тэр ч яахав. There is no IF in life)

Энэ хүртэл хамтдаа зүтгэсэн багийнхан, Баянгол дүүргийн нэр дэвшигчид, ХҮН намын гишүүд, дэмжигчид болон надад итгэж саналаа өгсөн 533 сонгогчдодоо баярлалаа.

The things we do for love

Сургамж :

Богинохон боловч олон дурсамж, туршлага олж авсан жинхэнээсээ уйдах ч завгүй өдрүүд байлаа. Сонгуульд бэлтгэхтэй холбоотой хэдийг нь онцолбол:

  • Эртнээс бэлдэх : 14 хоног бол маш бага хугацаа, өдөр бүр 100 хүнтэй уулзаад ярилцсан ч 1400 хүнтэй л уулзана. Тиймээс бүх зүйлийг төлөвлөх, цагийг үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй юм билээ.
  • Баг бүрдүүлэх : Ямарч ажилд баг чухал байдаг. Сонгууль ч бас ижил. Тэр тусмаа ерөнхий менежерээр дайчин бөгөөд сонгуулийн хугацаанд 100% зав гаргаж чадах хүн хэрэгтэй санагдсан.
  • Ичих нүүрээ гээх : Хандив гуйхаас эхлүүлээд, хүнтэй ярилцах, нэрийн хуудсаа тараах, танилцуулга хийх зэрэгт огтхон ч ичдэггүй, нүүрэмгий хүмүүс хэрэгтэй. Би ч бас эхэндээ нэлээн ичингүйрэн балайрсан.
  • Facebook boost : Ихэнх ажил маань сошиал дээр явагдсан бөгөөд хамгийн их зардал гарсан нь Facebook boost. Хэнийг чиглэх, ямар үйлдэл хийлгэхийг зорих, хэдэн цагт хэдий хэмжээний дүнгээр сурталчилгаа хийх гээд их ярвигтай эд байна лээ. Гэхдээ тэгээд хүнд сурсан юм хэрэг болдог гэдэгдээ, магадгүй дараа #Apprentice-т орвол ямар ч байсан алзахгүй :D.
  • Сонгогчийн боловсрол : Шалаар нэг. Би ч бас нээх ялгаагүй дээ. Эрхбиш өөрөө нэр дэвшсэн учир овоо судалж, мэдсэн. Харин хүмүүс/сонгогчид юун сонгууль, ямар учиртай, юу хийж чадах гэх мэт наад захын зүйлийг ч мэддэггүй юм билээ. (Энэ хэний буруу вэ?)
  • Холбоо сүлбээ : Бодвол дээрх сонгогчийн боловсролоос бас их хамаардаг байх. Хүмүүс бараг л царайг нь таньдаг, эсвэл их мөнгө амласан, эсвэл ямар нэг байдлаар хамааралтай (нутаг нуга, хамаатан садан, ажил, спорт/нийгэмлэг) хүнээ сонгодог юм байна. Мөрийн хөтөлбөр олж уншдаг, хооронд нь харьцуулдаг хүн 10-д нэг юм уу л гэмээр санагдсан. Жалга довны үзлээс салах боломжгүй ч нөлөөллийг нь багасгах боломж бий юу?

Дээрх хэдээс гадна сонгуулийн үеэр явагддаг муу муухай зүйлс бас зөндөө. Тэр болгоныг би энд дурдаад яахав. Харин яагаад бид сэргийлэх арга хэмжээ хийдэггүй, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаггүй юм бол гэж л гайхлаа. (цаасны хэрэглээ, А самбар, ухуулагч…)

Бас нэг сонирхолтой зүйл нь Монголд мэтгэлцээн гэж зүйл огт байдаггүй юм байна гэж харагдсан. Сошиал дээр хэрэлдээд л байдаг ч, албан ёсоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө, асуудал шийдлээ ярилцах, мэтгэлцэх сонирхолгүй байдаг нь ажиглагдсан гэх юм уу. (ярихгүй шууд хийдэг засгийн газар шиг 😁)

Цаашид яах вэ?

1st of all : 2024 оны сонгуульд оролцох ямар ч бодолгүй байгаа. No thank you.

Харин хяналт тавьдаг, нийгмийн идэвхтэй иргэн байхаар шийдсэн. Ирэх 4 жилд Баянгол дүүргийн 24-р хорооны ИТХ, болон НИТХ 1 тойрогт гарсан төлөөлөгчидтэй байнга холбоотой байхыг хичээнэ.

Түүнээс гадна Хөдөлмөрийн Үндэсний Намыг илүү сайн судлах, хувь нэмрээ оруулах, бусдад таниулах талаар хүчин чармайлт гаргана аа.

Энэ залуу лав найдвартай надад саналаа өгсөөн :D

Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ дахин баярлалаа. Улс төр гэдэг хатуу тоглоомыг зах зухаас нь мэдэрнэ гэдэг тэр болгон олдоод байдаг боломж биш юм шиг санагдсан.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй