Миний улс төрд орох болсон шалтгаан

Буюу ХҮН академид элссэн эссэ

--

Анх удаа хилийн дээс алхан алс холын Америк 🇺🇲 улсыг зорихдоо би дөнгөж арван жилийн хүүхэд байж. Тухайн үед дэлгэцний араас л харж байсан тэр гоё ертөнцийг бодит гэдгийг биеэрээ мэдэрч билээ.

Түүнээс хойш удалгүй их сургуульд сурахаар Ази-Европын зааг Турк 🇹🇷 улсад очиж амьдралынхаа дөрөвний нэгийг сурч, амьдарч, аялан өнгөрөөсөн. Ёстой л гадаад явж галуу шувууны мах идэн,сурч мэдэж, шинэ соёлтой танилцан нүдээ нээсэн он жилүүд минь харвасан сум шиг хурдан өнгөрсөн байдаг юм.

Харин их сургуулиа төгсөөд шууд л эх орондоо ирж мэдсэн сурсан аа хэрэгжүүлэх, нутагшуулах хүсэл эрмэлзэл тээсээр 2016 оны 7 сарын 13-нд Улаанбаатар 🇲🇳 хотод эргэн ирсэн.

Тэр өдрөөс хойш нэгэнт 4 жил өнгөрчээ. Өнөөдөр би эхнэртэй, 👨‍👩‍👦‍👦 хоёр хүүтэй, өөрийн энгийн хэрэгцээг ханган, ажиллаж амьдарч яваа "дундаж давхаргын" нэг эд эс. Өнгөрсөн хугацаанд гэр бүл, ажил, хамт олноосоо олон зүйлийг олж авч, баярлаж, шинийг сурсан ч түүний хажуугаар оршин буй нийгмийнхээ бүхий л муу муухайг сонсож, үзэж, заримд нь бухимдаж хий дэмий өөрийгөө тарчлаах тийм л хэмнэлд орчих шиг болсноо саяхан анзаарсан юм. Нөгөө оргилуун хүсэл минь “хөрсөн дээрээ буугаад” чимээгүйхэн гомдлол болж хувирав уу гэлтэй. 🗣️

Эргээд харахад би гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гэсэн жижигхэн хүрээлэл дотроо л анхаарч явж. Гэтэл өглөө гэрээсээ гараад замын түгжрэлд орохоос эхлээд бүхий л амьдралд минь гадны хүчин зүйл маш их. Өөрчлөлт шаардлагатай, миний оролцоо чухал олон зүйлс байгаа ч “Хүн болгон өөрийн чадах зүйлсээ хамгийн сайнаар хийх” гэсэн үгээр амьдарсаар ирсэн надад, надаас илүү хэн нэгэн л тэр бүхнийг хийх ёстой гэж бодсоор ирсэн минь тэнэглэл ч юм уу. Тэр бүхнийг хийж өгөх “ухаантан”-г хүлээж суух нь тэнэглэл гэж ойлгох болоод хэсэг хугацаа өнгөрөх тэр л мөчид УИХ-н ээлжит сонгууль боллоо. ⌛

Улс төрийн талаар мэдлэг тааруу, ардчилал гэх зүйлийг гадарлах төдий надад анх удаагаа УИХ-н сонгуульд оролцох нь чухал нөлөөлсөн гэж бодож байна. Энэ эссэг бичиж буй шалтгаан маань ч магадгүй сонгуультай шууд холбоотой. Нэг талаас хүлээлтээс тэс ондоо бас яг л ижил үр дүн гарч өөрийн "бөмбөлөг" дотроо амьдарч явсан намайг шанаадаад авах шиг л боллоо. Хэдий тийм ч сонгуулиас олж авсан нэг зүйл маань итгэл байсан юм. 🌠

Хонгилын үзүүрт гэрэл байна.

ХҮН намын хийж буй үйлдэл, ил тод байдал, харьцангуй залуу түүх, магадгүй анхдагч гэхээр академи зэрэг нь улс төрд, улс төрд орох гэхээс илүү өөрсдийн амьдарч буй нийгмийг өөрчлөх боломж олгосон. Магадгүй над шиг хүмүүст хаалга нээж өгсөн гэж бодож байна.Тийм ч учраас ЗУГТ эсвэл ТЭМЦ гэсэн сонголтон дээр гацсан би энэ нээлттэй хаалгаар шагайгаад ч хамаагүй орж үзэхээр шийдсэн минь энэ. Оролдож үзэхгүйгээр, хуруугаа ч болтугай хөдөлгөхгүйгээр зөвхөн өөрийн жаргалыг бодож Монгол улсаас зугтаад явмааргүй байна. 🙈🙉🙊

Facebook Page : Баярсайханы Билгүүн (Програмч аав)

Билгүүн.Б
Програмч аав
2020/8/31

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй