Та яагаад КОД БИЧИЖ сурах хэрэгтэй вэ?

2B | +1% better 2day | c.001

--

Та яг одоо энэ мэдээг уншиж байхдаа “Би яагаад КОД БИЧИЖ сурах ёстой гэж?” бодож байгаа байх. Би …(таны мэргэжил) мэргэжилтэй болохоор надад энэ ямар ч хамаагүй, угаасаа би ийм юманд сонирхолгүй эсвэл КОД БИЧНЭ гэдэг зөвхөн ТОЛГОЙ-той нөхдүүдийн л хийдэг ажил гэж бодож байж болох юм.

Тэгвэл би таны тэр бодлыг тань 180° эргүүлэхээр оролдъё.

Доорх дарааллаар би өөрийн бодлоо хуваалцъя

  • Код гэж юу болох талаар
  • Код бичих гэж юу болох талаар
  • Хэн бичиж болох талаар
  • Яагаад код бичиж сурах хэрэгтэй талаар

Бидний эргэн тойронд байгаа ихэнх зүйлс кодчилогдсон буюу юу хийх ёстой нь тодорхой загварчлагдсан байдаг. Тэр зааварчилгааг тоног төхөөрөмжтэй холбодог доод түвшиний буюу 0,1-ээр илэрхийлэгдэх “машиний хэл”-рүү хөрвүүлэхийн тулд бид дээд түвшиний гэж нэрлэгдсэн Жава, Пайтон, Си++ гэх мэт “хэл”-үүд дээр КОД БИЧДЭГ.

Эдгээр “програмчлалын хэл”-үүд нь өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талуудтай бөгөөд яг л Монгол хэл, Англи хэл эсвэл Япон хэлтэй адилхан юм.

КОД БИЧИХ гэдэг нь үндсэндээ компьютерт хэзээ, юуг хийх ёстойг нь зааж өгөхийг л хэлж байгаа юм. Зарим хүмүүс компьютерыг УХААЛАГ, хүнээс илүү СЭТГЭЖ хийж чадна гэж боддог тал бий. Гэтэл компьютерын хийж чадах хамгийн сайн зүйл нь ердөө ӨГСӨН ДААЛГАВРЫГ биелүүлэх юм.

Таны өдөр бүр хийдэг ажлууд дотор автоматжуулж болох зүйлс байгаа юм биш биз? Магадгүй та ажлынхаа компьютерийг таныг ажилдаа ирэхэд асчихсан, хэрэгтэй програмуудыг нээж, шинэхэн э-шууданг тань нээчихсэн байлгамаар байвал та энэ бүхнийг КОДЧИЛОХ бүрэн боломжтой гэдгийг танд хэлмээр байна.

Одоо үед код бичих нь өмнө байгаагүйгээр улам л хялбар болсон. ¯\_(ツ)_/¯ Та Eclipse, Intellij Idea, Visual Studio гэх мэт олон “хөгжүүлэлтийн нэгдсэн орчин” (IDE) дундаас сонгох боломжтой бөгөөд танд хэрэгтэй бүр зүйлсийг тань зааж, зөвлөх чадвартай.

Уншигч та 60 насыг зооглосон өвөө байна уу, 25-тай идэр залуу байна уу эсвэл 10 настай балчир хүү байна уу үл хамааран дижитал ертөнц таны өмнө үргэлж нээлттэй. Хэрвээ та өөр ямар нэг хэл мэддэг бол, эсвэл ямар нэгэн хэлийг сурч чадна гэж бодож байвал ТА КОД БИЧИХ-ийг ч бас сурч чадна.

Магадгүй танд урмын үг эсвэл үнэхээр энэ боломжтой гэдгийг харуулсан баталгаа хэрэгтэй байвал уурхайн ажилчид хэрхэн код бичиж суран, цаашид үргэлжлүүлэн ажилласан тухай эндээс уншаарай.

Тэгсэн хэдий ч хангалтгүй санагдаж байвал 82 настай Масако Вакамияа эмээгийн Японы уламжлалт соёлыг харуулсан тоглоомыг нэг сонирхож үзээрэй. Түүний тухай нийтлэлийг эндээс.

Та код бичихийг сурснаар доорх чадваруудыг өөртөө шингээж авах болно.

  • Логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх— Логикоор сэтгэх буюу юмны учир шалтгааныг илрүүлэх, яагаад гэдгийг баталгаажуулах, боломжит хувилбаруудыг олох, хамгийн зохистой аргаар шийдвэрлэх нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлдэг.
  • Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх — Өнөөдөр та гар утсан дээрээ тоглоом татан тухайн дүрэмд баригдан тоглохоос илүү өөрийнхөө хүссэнээр дүрмийг зохиох боломжтой.
  • Тэвчээр болон тууштай байдал — Код бичих нь байнга амархан байдаггүй. Асуудал тулгарах эсвэл бичсэн код тань яагаад бодсоны дагуу ажиллахгүй байгааг олж, шийдэхийн тулд багагүй хугацаа болон хичээл чармайлтыг гаргах хэрэгтэй болно.
  • Хамтарч ажиллах — Та хэзээ ч нэг зүйлийг ганцаараа хийхгүй. Бусад хөгжүүлэгчид, харилцагч, төслийн менежер гэх мэт олон хүнтэй харилцан ажилладаг нь бусдад өөрийгөө илэрхийлэх, харилцан ойлголцох, бусдаас тусламж гуйх гэх мэт чадваруудыг танд суулгаж өгнө.

Үүнээс гадна хийсэн зүйлийнхээ үр дүнг нь харах нь миний хувьд хамгийн их сэтгэл ханамжийг авдаг хэсэг. Та ч бас КОД БИЧИХ үедээ юуг хэрхэн хийснээс хамаарч яаж өөрчлөгдөж байгааг алхам бүрд нь харах боломжтой.

Энэ хүртэл уншсан таны КОД БИЧИХ талаарх бодол өөрчлөгдсөн гэж найдаж байна. Миний хувьд энэ мэргэжлийг сонгон сурснаараа “Хүн хэзээ ч сурч дуусдаггүй” гэдгийг хамгийн ихээр ойлгож авсан. Тиймээс ч байнга сурах, өөрийгөө үргэлж хөгжүүлэх мөн бусдад өөрийн багахан мэдлэгээс хуваалцахыг хүсдэгийн нэгэн хэлбэр нь энэ юм.

Дараачийн дугаараараа “Програмчлалын суурь - 2B | +1% better 2day | c.002” сэдвээр уулзацгаая.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй