Хавтгай дэлхий, тархигүй сармагчин

2B | +1% better 2day | phil.002

--

21-р зууныг интернетгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өглөө боссон цагаасаа л mail-ээ шалгаад, Facebook ухаж, Google calendar дээр өдрийн төлөвлөгөөгөө хийж байгаа. Би ч бас энэхүү эсээ-гээ Google Docs дээр л бичиж байна.

Тэгвэл интернет өнөөдөр гэнэтхэн байхгүй болчихвол яах вэ? Бүх зүйл “гацаж” хэсэг хугацаанд хүмүүс гүн шоконд орох ч амьдрал үргэлжилсээр л байх байлгүй. Яахав нэлээдгүй олон хүн насан туршдаа гоншгонож шанална. Арга ч үгүй биз, өдөр тутмын ажлаа зайнаас хийж, хурал цуглаан, гэрээ хэлэлцээр, уулзалт конференс, 10 жил их сургууль аль аль нь ZOOM-ээр хичээлээ хийгээд, бүгд л дэлгэцийн араас суралцаад, амьдраад байгаа нь цаанаа интернетийн ачаар л шүү дээ. Анх 1969 онд LOGIN-н эхний 2 л үсгийн дамжуулж эхэлсэн ARPANET өдгөө Интернет, World Wide Web болж хөгжөөд, хүссэн мэдээллээ дэлхийн аль ч өнцгөөс хормын дотор олж авах боломжтой болгочхоод байна. Ийм боломж байгаагүй бол яг л МЭӨ 5-р зууны Грекийн философичдын “мэдэж” байсан дэлхий бөөрөнхий гэдэг онолыг 16-р зуунд л анх баталсан шиг бүх зүйл хэтэрхий удаанаар хөгжих байсан байх. Харин интернетийн ачаар л бөөрөнхий дэлхий маань 21-р зуунд буцаад “хавтгай” болоод байгаа билээ. Таны хаана байгаа, хэн болохоос үл хамааран хүссэн мэдээлэл, мэдлэгийг олж болох тийм л том, үнэгүй “номын сан” бидэнд 24/7 нээлттэй байна. Александрын номын сан бол хажууд нь хүүхдийн тоглоом юм уу даа.

Гэвч энэ хэзээ ч хаагддаггүй номын сангаас зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах гэдэг нь өөрөө маш том асуудал. Юу нь хэрэгтэй, юу нь хэрэггүйг ялгах тэр чадварыг өөртөө суулгахгүйгээр энэ их мэдлэгийн далай руу орох юм бол ямар ч сэлүүргүй завь шиг л давлагаа болгонд түрэгдээд явна.

100-хан жилийн амьдралаа та бусдын эрхшээлээр түрэгдэж амьдрах уу, эсвэл өөрийн бодлоор сөрж сэлэх үү?

Угаас хязгаартай 24 цагтаа бид өдөрт 2.5 quintillion-р нэмэгдэж буй өгөгдлийг гүйцэж үзэхгүй нь маргашгүй үнэн. Тиймээс өөрийн гэсэн бодолтой, зорилготой байж чухам өөрт хэрэгтэйг л сонгож, судалж гэмээ нь толгой доторх тархиндаа ашигтай хэдэн үрчлээс нэмнэ. Хүнийг амьтнаас ялгадаг хамгийн чухал эрхтэн тархины тусламжтайгаар л бид мэдрэмжийг авч, өнгөрсөнг ухаж, ирээдүйг төлөвлөж, мөрөөдлөө төсөөлдөг. Хэдий таны тархи тасралтгүй ажилладаг ч, та харин тасралтгүй хэрэглэдэг үү? Эсвэл Facebook-н пост болгоныг нягтлахгүйгээр like, share, comment-лдог уу?

Интернет бидэнд урьд өмнө байгаагүй асар том боломжийг олгосон ч, “ухаангүй мунхаг” робот болох аюулыг ч бас хамтад нь авчирсан. Ялангуяа шүүлтүүргүй тархинд, зогсолтгүй урсах хяналтгүй мэдээлэл нь хамгийн том гай болдог. Энэ процессыг хянаж, сайжруулахгүй л бол удалгүй хүн биш “тархигүй сармагчин” л бий болно. Хэн ч үүнийг хүсэхгүй нь лавтай. Би ч гэсэн.

Миний хувьд интернет-д, анх үүсгэсэн судлаачдад, WWW эхлүүлсэн Тим-д, Монголд оруулж ирсэн Датакомын Энхбат гуайд, Дорнодод байсан Энхбаатар ахын номын сангийн интернет кафед, Улаанбаатар хотын анхны ISP-нүүдийн нэг Ситинет, Counter-Strike, Red Alert2, DotA-г хөгжүүлсэн програмистууд, яг одоо 4G data-аар холбогдох боломж олгож байгаа Юнителд бүгдэд нь талархдаг. Магадгүй интернет 1969 биш 2069 оноос эхэлсэн бол өнөөдрийн Билгүүн шал өөр байх байсан. Интернет надад дан ганц боломж олгоод зогсохгүй, юмсыг танин мэдэх, эргэцүүлэн бодох, шүүн тунгаах, харьцуулан судлах, хамтран ажиллахыг “зааж өгсөн”, өгсөөр байгаа. Толгой доторх тархийг минь цэнэглэх, ачаалах, хүсэж мөрөөдөх, турших, гацаанд орж гарц гаргалгаа хайх гэх мэт бүхий л мөчид интернет миний хажууд байж ирж. Харин цаашид үргэлж байх болов уу?

Маргааш гэнэт байхгүй болчихвол би яах вэ? Хүнд шоконд орж, өнгөрсөн амьдралаа Internet 2.0-г үүсгэхийн төлөө явах болов уу? Үгүй л байх. Учир нь би интернет байгаад талархдаг. Аль хэдийн “талархчихсан” ч гэж хэлж болохоор. Зарим хүмүүс талархахыг аз жаргалд хүргэх хамгийн таатай арга гэдэг бол би хувьдаа талархсанаар бид “тэр” зүйлээ алдахад бэлэн болдог гэж боддог. Мөнх биш зуурдын амьдралд хэзээ ч алга болж магадгүй бүх зүйлдээ талархах нь зүй. Өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэл, ухаан бодлыг газардуулагч юм уу даа. Та ч бас одоо байгаадаа талархаж, огт мэдэхгүй ирээдүйгээс өөрийгөө хамгаалаарай.

“Don’t cry because it’s over. Smile because it happened.”

Билгүүн.Б (Програмч аав)
2021/7/4
Философийн клуб — Даалгавар #6 : Талархах сэтгэл / Gratitude

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй