3-н нас хүрэхэд оройтно

2B | +1% better 2day | b.001

--

Масару Ибука — зураг

“Шинэхэн” аав болсноосоо хойш би хүний хөгжил, бие физиологи, сэтгэл зүй болон хүүхдийг хэрхэн сургах талаар ихээхэн сонирхох болсон юм.

Саяхан “SONY” корпорацын үүсгэн байгуулагч Масару Ибука-гийн бичсэн “Kindergarten is too late” номыг уншлаа. Унших явцдаа хийсэн тэмдэглэлээсээ хамгийн чухал байх гэсэн хэдийг нь энд онцолж байна.

Бага насны (0–3 нас) хүүхдийг зөв сургаж чадвал оюуны хомсдолыг арилгах, цаашлаад гоц ухаантан/авьяастан ч болгох боломжтой

Унших явцдаа хийсэн тэмдэглэлээ цэгцлэхэд үндсэн 3 бүлэгт утгаар нь хувааж болохоор санагдсан.

  • Физиологи : Тархи/Ген/Хөдөлгөөн
  • Орчин : Хүрээлэн буй газар/Сургах арга
  • Хүмүүс : Гэр бүл/Найз нөхөд

Физиологи :

Хүний тархи нь ойролцоогоор 1.4 (100?) тэрбум эстэй гэж та мэдэх үү? Хүн ямар нэгэн зүйл хийх үед тэдгээр нь хоорондоо холбоос үүсгэн, давтах болгондоо тухайн холбоосыг бэхжүүлж мартахааргүй болдог. Тэгвэл тархины 50% нь эхний 6 сард дээрх холбоосуудаа үүсгэж, 3 насандаа 70% орчим хүрэх ба 4 нас хүрэхэд тархины урд хэсэг /Frontal lobe/ буюу сэтгэн бодох, хэрэглэх, бүтээж туурвих чадваруудын хөгжлийн хамгийн идэвхтэй үе нь явагдаж дуусдаг юм байна лээ.

3 нас хүрэхэд оройтно

Дүрс, санах ой
Бага насны хүүхэд “9” гэдэг хийсвэр тооноос илүү “сандал” гэх бодит харж байгаа зүйлийг ойлгож, тогтоохдоо сайн байдаг. Хүүхэд ямарваа нэг дүрсийг төвөггүйхэн тогтоож чадах бөгөөд тархи нь яг л хөвөн мэт маш их мэдээллийг амархаан сорж авдаг байна. Тиймээс та хүүхэддээ хэт их мэдээлэл өгч байна гэж айх хэрэггүй, харин мэдээллээр хомсдуулахвий гэдэгт санаа зовбол зохино.

Хүүхдийн хувьд ХҮНД = ХЯЛБАР

Ген < (Орчин + Боловсрол)
Мэдээж хүн эцэг, эхээсээ удамшиж авсан чадвар байх ч түүнийгээ хөгжүүлэхгүй бол ямар ч нэмэргүй. Мужааны хүүхэд мужаан болох албагүй, гэхдээ хүүхэд наснаасаа аавтайгаа байнга хамт байж, тусалж ирснээр мужааны ажилд дуртай болох, гарын дүйтэй шилдэг мужаан болох магадлал ихэсдэг.

Хөдөлгөөн
Хүн алхах үед булчин чангарч хүчлэх, суларч амрах ажиллагаа хэмнэлтэйгээр ээлжлэх бөгөөд биеийн 639 булчингаас 400 орчим нь оролцдог. Алхах, сэлэх гэх мэт хөдөлгөөн нь дан ганц бие физиологи төдийгүй тархины хөгжилд бас хүчтэй нөлөө үзүүлдэг гэнэ лээ. Тэгэхээр алхах шиг амархан хирнээ, хэрэгтэй зүйл гэж үгүй бололтой.

Орчин :

Хүүхэд нь хором мөч бүр шинийг сурч, хөгжиж байдаг. Тиймээс түүний хүрээлэн буй орчин цулгуй цагаан, цэвэрхэн байхаас илүү өнгө алагласан, янз бүрийн эд зүйлстэй байвал хүүхдэд тэдгээрийг харах, мэдэх, мэдрэх мөн төсөөлөн бодох БОЛОМЖ-ийг олгодог.

‘Naughty’ kids… (зураг)

Түүнээс гадна гэр бүлийн таагүй уур амьсгал, хэрүүл зодоон, дуу чимээг хүүхэд маш сайн ойлгох бөгөөд эдгээр нь ухамсарт нь үүрд хадгалагдан цаашдын сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж ямар зан араншинтай болохыг хүртэл тодорхойлж өгдөг.

Disputes and violence in the family (зураг)

Нярай хүүхдэд бүүвэйн дуу байнга дуулж өгөх, үлгэр уншиж өгөх, хагас унтаа үед нь классик ая, радио нэвтрүүлэг сонсгох нь зөв хэллэгтэй хэлд орох, хөгжмийн мэдрэмжтэй болоход дэм болдог.

Хүүхэдтэй тультраа хэлээр битгий ярь! (зураг)

Хүүхэд бол дууриагч
Хүүхэд бол харсан бүхнээ дууриаж, шинэ юм болгоныг сонирхон сурч байдаг. Аав, ээжийн хийж буй өдөр тутмын үйлдэл, зан авир, ярианы аялгыг хүртэл хүүхэд ДУУРИАСАН, өөртөө шингээж авсан байдаг.

Хүүхэд бол таны толин дох ТУСГАЛ юм (зураг)

Хүүхдийг сургах үед санаж явах хэрэгтэй зүйлс

  • Хүүхэд болгонд таарсан нэг арга гэж байхгүй
  • Хүүхдэд юм заахдаа сонирхол дээр нь тулгуурлах хэрэгтэй
  • Загнахаас илүү магтах нь үр өгөөжтэй
  • Хоцрогдсон хүүхэд гэж байдаггүй бүх зүйл сургалтын аргаас хамаарна.

Хөгжим сонсох, хөгжмийн зэмсэг сурах нь хүүхдийн анхаарлаа сайн төвлөрүүлэх, тэвчээртэй байхад сургах бөгөөд энэ 2 чадвар нь амьдралд, сургуульд аль алинд нь хэрэг болдог.

The benefits of music for children (зураг)

Хүүхдийг харандаа барьж чадаж байгаа тэр үеэс нь шууд аль болох том цаас өгч зуруулах хэрэгтэй. Гэхдээ харандаагаар юу зурах, яаж зурахыг нь зааж өгөх хэрэггүй. Учир нь томчууд бид нарын сэтгэлгээ аль хэдийн тодорхой загварт баригдсан байдаг бөгөөд түүнийгээ хүүхдэд тулгах гээд байдаг тал бий.

Хүүхдэд юу зурахыг биш, яаж зурах аргыг нь л зааж өг (зураг)

Өнгийн цаас, баримлын шавар гэх мэт төсөөлсөн болгоноо хийх боломжтой зүйлсээр тоглуулах нь хүүхдийн дүрслэн бодох, сэтгэх, бүтээлч чадварт сайнаар нөлөөлдөг.

Юу хийх, яаж хийж байгаа нь тийм ч чухал БИШ. Хийх гэж ОРОЛДОЖ байгаа нь өөрөө хамгийн гол нь (зураг)

Хүмүүс :

Хүүхдийн хөгжилд хамгийн чухал хүн бол ЭЭЖ. Ээж нар л хүүхдийг ямар аргаар сургахыг шийдэж, түүнийгээ хэрэгжүүлж гарч буй үр дүнг байнга хажуугаас нь харж байдаг. Гэхдээ энэ нь аав нарыг үүргээс чөлөөлж байгаа хэрэг биш юм. Хүүхдийн хөгжилд аав нь оюун ухаан, сахилга бат, бие бялдрын талаас илүү нөлөөтэй байдаг бол ээж нь сэтгэл санаа, харилцаа болон эдгээр бүх зүйлсийн ТЭНЦВЭР-ийг хангахад голлох үүрэгтэй.

Эцэг хүүхдийн харилцаа чухал (зөвхөн загнах биш) (зураг)

Бусад хүүхэдтэй харилцах, хэрэлдэх, өрсөлдөх нь хүүхдийг нийгэмшихэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс эмээ өвөө дээрээ олуулаа өсөх, хамт төрсөн ах дүү нартай амьдрах нь хүүхдийн хөгжилд ЭЕРЭГ нөлөө их байдаг.

Хүн бол нийгмийн амьтан (зураг)

Харин эцэг, эхийн хувьд хүүхдээ бусадтай харьцуулж, бусад хүүхдийн дэргэд зэмлэх нь буруу бөгөөд энэ нь насан туршийн шарх ч болж үлдэх магадлалтай. Тиймээс хэрвээ хүүхэд буруу зүйл хийсэн бол ганцаарчлан уулзаж ЯАГААД буруу вэ гэдийг тайлбарлах нь шууд загнах, шийтгэхээс илүү үр дүнтэй байх болно.

7 Things You Should Never Say to Your Child (зураг)

Уншсан номоо бүхлээр нь нэг дүгнэвэл хүүхдийг нялх юм гэж юм зааж сургахгүй байх нь эцэг эх нарын хийдэг хамгийн ТОМ алдаа гэж бодогдсон. Түүнээс гадна хүүхдийн удам, бие бялдрын хөгжил ямар байхаас илүүтэйгээр ямар орчинд, яаж өсөх нь ирээдүйд хэн болохыг ТОДОРХОЙЛНО гэдгийг л зохиолч маань хэлээд байх шиг санагдлаа.

Үүнээс гадна энэ нийтлэл дотор оруулж багтаагүй зүйлс зөндөө учир заавал уншаарай гэж зөвлөмөөр байна.

PPT маягаар бэлдсэн товч үзүүлэн : линк

Бусад санаж явахад илүүдэхгүй зүйлс :
— Нярайн хөгжлийн (эрт үе) зорилго нь ХҮМҮҮЖҮҮЛЭХ БИШ.
— Хүүхдийн хүсэл зоригийг ЗААЖ (хүчилж) болохгүй.
— Хүүхэд хүмүүжүүлэх ажил хэзээ ч ДУУСДАГГҮЙ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй