Миний амьдралын 52 долоо хоног энд өнгөрч, 365 өдөр ингэж эхэлдэг

Baatar Namuun
316 Memorial Blog
Published in
5 min readJan 4, 2019

Нэг жил, нэг жил өнгөрөх тусам цаг хугацаа үнэ цэнтэй болж, өдөр хоног бүр, хамт байгаа агшин бүр минь надад гайхалтай зүйлсийн эхлэл юм шиг санагдаж байна.

Энэ жил ч бас өөрийгөө илүү дайчилж, өрөөлд илүү сайнаар нөлөөлж чадах нэг цаг хугацаа байгаасай. Миний амьдралын 52 долоо хоног энд өнгөрч, миний амьдралын 365 өдөр энд эхэлж байна.

Өөрөө ч мэдэхгүй өөртөө суулгасан зуршлаа улам сайжруулахыг, өрөөлд бий болгохыг хүсэж байна. Жишээлбэл юу вэ гэж үү?

Өглөөний цай, өдрийн хоол, гэр бүлийн оройн хоол. Бүгд хоолтой холбоотой ч энд харилцаа, цаг төлөвлөлт, эрүүл мэнд, хооллолтын тухай асуудлууд дагалдсаар байдаг. Миний хувьд долоо хоногт ядаж 3 удаа ширээ тойроод гэр бүлтэйгээ хамт хооллох дуртай. Энэ зай холдох тусам бидний хооронд амьд харилцаа байхаа больж, аав, ээж минь, эгч минь, би ч бас ганцаардаад эхэлчихдэг.

Манай гэрийн амьдрал өглөө 5-аас ээж сэрснээр эхэлнэ. Аав, би, анай сэрж гэр жинхэнэ бужигнана. Гэхдээ ёс юм шиг гарахаасаа 10 минутын өмнө /бараг л тогтсон цаг болсон 08:20 минут/ өглөөний цайгаа уухаар ширээний ард байх ёстой. Хоолны ширээний ард ярилцаж , инээлдэж, заримдаа загнуулж, захиас сонсоод нэг өглөө эхэлнэ.

Гэр бүлдээ сонсох цагийг гаргаж, өөртөө нэг аяга ус + өглөөний цайгаа уух цагийг заавал гаргая~

Ээжийн бэлдсэн өглөөний хоолноос илүүчилж “ланч”-аа бэлдэх, эсвэл өөрөө учраа олох гэсэн хоёр сонголт надад бий. 2018 онд суулгасан сайн зуршлын нэг нь өдрийн хоолоо гэрээсээ бэлдэх~ Заримдаа өглөөний хоолноос “илүүчилж”, заримдаа өөрөө өглөө хоол хийх ээлжтэй. Ингэхдээ ихэнхдээ л бор будаа, өндөг, махыг сонгох ба сүүлийн үед нунтаг далайн байцааг нэлээн шохоорхоод байгаа.

Өдрийн хоолны амархан хольц: Бор будаа, жижиглэсэн мах, шарсан/чанасан өндөг + аарц/ цай |Ердөө 15хан минут | Цаг хугацаа + мөнгөө ч хэмнэчихнэ.

Өдөр очиж болох ч үл хамааран машинд дайгдаад ажлынхаа үүдэнд буух хэрэгтэй. Ихэнхдээ аав/анайтай гардаг болохоор 8.50 гэхэд л ажилдаа ирчихнэ. Буцахдаа мөн л дайгдана. Үнэндээ 12 сард би автусанд ердөө 5000 төгрөг л үрсэн нь даарахгүй гэсэндээ машинд дайгдаад зарлагаа таксины мөнгөтэй хамт хэд дахин хэмнэчихсэн.

Ингээд ажил эхэлнэ. Гэхдээ эхлээд ажиллах сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Ширээгээ цэвэр, цэгцтэй байлгаад үдийн хоол хүртэл аль болох ус уухыг хичээдэг. Нэг хэсэг кофе шопын “happy hour”-т автаад өглөө кофе л уудаг байсан ч уруул хатаж, ходоод өвдөх гээд байгааг анзаарснаас хойш усыг эрхэмлэдэг болсон.

1 аяга кофе + 1 аяга ус заавал уух хэрэгтэй. Яагаад гэвэл кофе биеэс усыг гадагшлуулж хуурайшуулдаг гэнэ лээ. Тэгээд л уруул зомголтоод, арьс хуурайшаад байсан байна лээ.

Энэ жилээс хэвшүүлэхээр хичээх зуршил бол өглөө ажлаа хийгээд дуусгачихдаг болох. Үнэндээ зарим тохиолдолд худлаа ч байж мэднэ. Гэхдээ миний ажил ингэж зохицуулах боломжтой гэдэг нь тун таатай.

Үдийн хоолны дараа цаг зүгээр л урсчихдаг болохоор өглөө л амжуулахгүй бол илүү цагаар ажиллах хэрэгтэй болно. Бас үдийн хоол сэтгэлийг зөөллөж, биесийг амрах горимд шилжүүлчихдэг болохоор өглөө хамгийн зөв сонголт байж мэдэх л юм.

Бодож байж л хариуг олно шүү дээ.

Хэрэв өглөө ажлаа хийчихвэл үд дунд өөртөө цаг гаргаж, маргаашдаа бэлдэж, заримдаа хувийн ажлаа ч амжуулж болно. Ер нь бүх зүйлс үнэн байхдаа маш энгийн амархан байдаг юм шиг. Ажил, амьдрал, харилцаа, тэр байтугай өөртөө хүртэл үнэнчээр хандвал илүү хялбар болох юм шиг санагдаад байдаг юм. Хэцүүг нь хүлээн зөвшөөрч, яавал илүү хялбар, бүтээлч, бас төгс хийж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бодож байж л олж харна шүү дээ.

Бүтэн жилийн турш ажиллаж үзсэн туршлагын хүрээнд авч үзвэл өдөр бүр зорилгоо бодох нь дэмий зүйлд цагаа үрэхээс хамгаалдаг юм байна лээ. Төлөвлөгөөгөө томоор гаргаад хийж байгаа зүйлээ уяад нэг бүхэл хэсэг лүү нэвтрэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тус тусдаа зүйлс биш. Чиний хувийн амьдрал + хобби + ажил + мөрөөдөл + зорилго бүхэлдээ нэг барилга болж урагшлуулах хэрэгтэй. Ингэхгүй бол хэзээ ч сүндэрлэдэггүй барилга шиг 1 давхар 1 давхар жижигхэн жижигхэн зүйлс болчихно.

Амьсгалах бүрт нэг агшин хорогдож байгаа шүү дээ.

Өнгөрсөн намраас суулгаж эхэлсэн зуршлын нэг нь яс 90 минут төвлөрөх. Дуу, хөгжим, кофе, ус, 00 зэрэгт огт сатааралгүй яг тэр хугацаанд дуусгах гэж хичээх. Тэгээд хэсэг амраад дахиад өөр зүйлд төвлөрөх.Одоогоор туршиж үзсэн хамгийн сайн арга минь энэ байлаа.

Яс 90 минут, 30 минут амралт. Fb offline mode

Эмэгтэй л юм хойно чихэрлэг зүйлсээр өөрийгөө тойруулаад л байх дуртай. Гэхдээ печень тамхинаас хортойг, зарим шоколадыг газрын тосоор хийдэг гэдгийг, резинэн чихэр ходоодонд шингэх гэж хэдэн мянган жил болдогыг сонсоод нэг л өдөр идэхээ больчихсон. Одоо амттан идмээр санагдвал өөрт хэрэгтэй зүйл идэж байна аа. Сүүлийн үед амттай зүйл идмээр байвал тарагтай ааруул аваад идчихэж байгаа. Ядаж л амин дэм болох байх гэж найдаад.

Заримдаа би учиргүй их бухимддаг. Өнөөдөр л гэхэд агаарын бохирдлоос болж дэлхий даяар 7 сая хүн үхдэг гэдгийг сонсоод, монголд 1500 хүн нас барж байгааг уншаад би энд яагаад амьдраад байгаагаа ойлгоогүй. Маск зүүгээд ч нэмэргүй хотод агаар цэвэршүүлэгч ч байхгүй амьдраад хмммм….. Дүрвээд явчихмаар санагдав. Энэ үед чихэр идэж байж л сэтгэл санаа дээрддэг. :(

Заримдаа миний хийх зүйлс хэтэрхий тодорхой байдаг. Гэхдээ өдөр бүр шинэ. Үргэлж давтагддагч түвшинээ ахиулаад давтах хэрэгтэй болохоор энэ жил улам сайжрахыг хичээнэ ээ. 2019 он блогоо ч гэсэн идэвхтэй хөтлөөд, шинийг туршсан, сайжирсан, огцом үсрэлт хийх жил болгохыг хүсэж байна.

Сайн уу?

Миний амьдралын 52 долоо хоног, 365 өдрүүд минь. Яг л ингэж инээсэн чигтээ, яг ийм жаргалтай хэвээрээ дахиад 52 долоо хоногийг үдэж, дахиад олон дурсамжийг үлдээмээр байна. Миний амьдралын 52 долоо хоног энд өнгөрч, 365 өдөр ингэж эхэлдэг. ❤

2019.01.05 Б.Намуун

--

--

Baatar Namuun
316 Memorial Blog

~Xэн нэгний төлөө зүрх цохилж эхлэх тэр үед хайр бий болдог~~ #тэнгисийндундахгэрэлт цамхаг