А.Амарбаяр: Амазонд ажилладаг гэж хэлэхээр ачаа зөөдөг юм уу гэж асуусан

Т. Есөн-Эрдэнэ
13 min readOct 8, 2015

--

1994 онд Жефф Безос хэмээх хүний граждаа “Интернэт Номын дэлгүүр” нээх зорилготой эхлүүлж байсан компани нь өнөөдөр “Fortune 500” компанийн жагсаалтад 29 дүгээрт бичигдэхүйц аварга том компани болсон байна. Энэ бол Амазон компани бөгөөд өдгөө 150 мянга гаруй ажилтантай, дэлхийн 15 оронд үйл ажиллагаа явуулж, нэг л оронд гэхэд 200 гаруй сая төрлийн бараа бүтээгдэхүүн зарж, 17 оронд нийт 120 гаруй агуулахуудад бүх бараагаа байршуулж, өөрсдийн гэсэн Ложистикийн компанитай болж, тун удалгүй бид бүхний мэдэх дроноор бараа хүргэлт хийж эхлэх гээд зарим улсын засгийн газруудтай агаарын замын талаар хэлэлцээр хийгээд амжжээ. Тэгвэл энэ компанид ажилладаг монгол инженер залуу А.Амарбаяртай ярилцсанаа толилуулж байна.

Өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу. Таны хувьд Амазонд ажилд оръё гэж эхнээсээ зорьж байв уу. Ямархуу компанид ажиллах сонирхолтой байсан бэ?

Би 2006 онд анх Америкт бакалаврт сурахаар ирээд Хойд Дакота муж руу явж, 2008 оны хавар төгссөн. Сургуулиа төгсөхийн өмнө тэндээ мэргэжлээрээ нэг компанид дадлага хийж байгаад үргэлжлүүлээд тэр компанидаа ажилд орсон юм. Ерөөсөө ажил хайх ямар ч туршлагагүй байсан болохоор ажилд авъя гэсэн санал сонсоод шуудхан зөвшөөрчихсөн. Тэр компани томоохон зочид буудлуудын захиалгын системийг олон улсын түвшинд хариуцаж ажилладаг компани байсан. Тухайн үедээ ямар нэг том компанид орно гэсэн төсөөлөлгүй явсаар, тэндээ нэг мэдэхэд таван жил ажиллачихсан байлаа. Гэхдээ нэг газраа хүн удаан ажиллахаар шинэ юм сурч мэдье, өөрийгөө сорьё гэсэн бодолгүй болчихдог тал байдаг. Яг л тийм байдалд орчихоод байсан л даа. Дараа нь магистрт сурч байхдаа технологиуд хэрхэн хурдан хөгжиж байгааг бас шинэ тутамд гарч ирж байгаа инженерүүд ч чадварлаг байгааг анзаарч өөрийгөө сориод үзье гэж бодсон. Ер нь магистр хийж байгаа хүн аливааг илүү том харах хэрэгтэй юм байна гэж бодох болсон л доо. Тэр үед манай сургуулийн оюутан болгон Амазон, Гүүгл, Майкрософт, Фэйсбүүк гэх мэт компаниудад, эсвэл Цахиурын хөндийн старт-ап компаниудад орчихвол тун зүгээр гэж ярьдаг байсан. Миний хувьд Монголд байхдаа хүн болгон яриад байдгаас ч болсон уу, Майкрософтыг сонирхдог байлаа. Пөөх, Майкрософтод ажилладаг хүмүүс далайн эрэг дээр кодоо бичээд суудаг гэнэ. Сарын 5000 долларын цалин авдаг гэнэ гээд л, багаасаа тийм юм сонсоод өсчихсөн болохоор Майкрософт гэнгүүт л аягүй том төсөөлөл төрөөд байж. Тэгэж яваад Амазоныг сонирхож эхэлсэн. Амазоныг сонирхсон шалтгаан нь илүү залуу боловсон хүчинтэй, цаанаасаа тогтсон ажил хийлгэх биш техник, технологио ашиглаж чадвал хүссэн ямар ч төсөл дээрээ ажиллаж болдог гэдгийг сонсоод Майкрософтоос илүү сонирхож эхэлсэн юм. Ер нь бол Фэйсбүүкд нэг ярилцлага товлочихсон, Амазонд болохоороо ярилцлаганд ороод эхэлчихсэн байсан. Майкрософтод аппликейшн өгөөд хараахан хариу ирээгүй байв.

Ямар сургуульд сурч, төгссөн бэ?

Бакалавраа болохоороо Хойд Дакотагийн Дикенсоны Их сургуульд дүүргэсэн. Манай монгол оюутнууд нэг хэсэг нэлээн их явдаг байсан. Магистраа болохоороо Айова мужын Фэйрфиелд гээд жижигхэн хотын Махаришийн менежментийн их сургуульд сурч байгаа. Хүмүүст сургуулиа хэлэхээр “Шашины сургууль юм уу, Энэтхэг сургууль юм уу” гэж их асуудаг. Амазон-д ажилладаг гэж хэлэхээр “Чи ачаа зөөдөг юм уу” гэж хэлдэг шиг л. (инээв) Гэхдээ манай сургуулийн бизнесийн болон компьютерийн чиглэлийн боловсрол нь их нэр хүндтэй. Төгсөгчдийнх нь 96–98 хувь нь ажил олж чаддаг. Намайг очиход хамт сурахаар очсон 20-иод залуу бүгд Forunte 500 компанид орцгоосон.

Ажлын гараагаа оюутан байхаасаа эхэлсэн юм байна. Амазонд хийдэг ажлынхаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөх үү?

Үүнийг ярихын тулд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байх. Ер нь манай салбарын компаниуд ямархуу байсан бэ гэхээр Software инженер, програмист гэж нэг ажил, эсвэл Technical support буюу үйлчилгээ үзүүлдэг тийм инженерүүд гэж явдаг байсан бол сүүлийн үед IT-ийн компаниудад гарч ирээд байгаа хандлага яаж байна гэхээр яг программ бичдэг хүмүүс болохоор бизнесийнх нь талын мэдлэг дутаад байгаа юм. Нөгөөдүүл нь ч зөвхөн кодоо бичээд орхидог. Тэрхүү код дараа нь яаж байна, алдаа гарч байна уу, ямар нэгэн байдлаар хүмүүст хохирол учруулж байна уу гэдгийг ерөөсөө тоодоггүй. “Бид кодоо бичсэн, дараагийн асуудал бидэнд хамаагүй бид зөвхөн кодоо бичнэ” гээд суучихдаг. Харин асуудал гарлаа гэхэд support инженерүүд ийш тийшээ утасдаад, шөнөжин хаана алдаа гарав гээд шалгаад суучихна. Тийм байдалтай хоёр салангид зүйл болоод ирэнгүүт энэ хоёр ажлыг хоёуланг нь хийдэг, аль аль ажлынх нь туршлагатай инженерүүдтэй болъё гэж компаниуд зорих болсон. Тэр нь болохоороо DevOps инженер юм. Dev буюу Development, Op буюу operation гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм инженер кодоо ч хөгжүүлнэ, бичсэн код, программ нь яаж ажиллаж байна гэдгийг ч анхаардаг шинэ мэргэжлийн бүл гэх юм уу даа. Амазонд энэ жилээс анх удаа DevOps инженер гэсэн ийм албан тушаал бий болгож, ажил үүргийн хуваарийг нь тодорхойлж өгөөд ажиллуулж байгаа юм. Тэгэхээр миний хувьд DevOps инженер учраас ажлын тал дээр 50 хувь код бичээд, үлдсэн хувьд нь бизнесийн талын юмаа хийж, үйлчлүүлэгчид маань ямар асуудалд туслалцаа авахыг хүсэж байна түүнд нь хариу өгч ажиллана гэсэн үг.
Танаас гадна өөр монгол инженерүүд Амазонд ажилладаг уу?

Монголд Бизнетворкыг хөгжүүлж, ажиллуулж байсан захирал гээд залуу Вашингтоны их сургуульд сураад одоо манай компанид Senior TPM гээд том албан тушаалд дадлага хийж байгаа. Өнгөрсөн зун уулзаж танилцсан. Түүнээс өөр монгол хүн мэдэхгүй байна. Гэхдээ нэг хөгжилтэй зүйл тохиолдож байсан. Амазонд ороод удаагүй байсан юм. Манайд Asions at Amаzon гээд мэйл групп байдаг. Тэгээд би өөр монгол хүн байна уу гээд сонирхож үзлээ. Тэр мэйл группт 5–6 мянган хүн бүртгүүлсэн байдаг л даа. Тэгэхээр тийшээ мэйл бичих юм бол бүртгэлтэй бүх хүн рүү очно гэсэн үг. Ингээд би “Амазончууд аа, энд өөр монгол хүн байна уу, байвал уулзаж танилцъя” гээд бичлээ. Тэгсэн чинь маргааш нь над руу 20, 30-аад хүн мэйл явуулжээ. Зөндөө хүн “Би монгол, би монгол” гэчихэж. Нэрийг нь харахаар бүгд гадаад нэрс байгаад байдаг. Тэр үед би Амазон бол глобал компани гэдгийг ойлгож авч байгаа юм. Яагаад гэхээр тэр хүмүүс чинь өөрсдийнхөө үүх түүх, удам судрыг судлаад үзэхээр монгол гаралтай ч байдаг юм уу, өвөө эмээгийнх нь өвөө эмээ нь монгол байсан гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нөгөөдүүл чинь над руу, “Миний цусны 14 хувь нь бол монгол. Чи намайг монгол гэж бодож байна уу. Би чамтай уулзаж болох уу” гээд бичээд байгаа юм. (инээв) Би ерөөсөө тийм юм хүлээгээгүй. Бат ч юм уу, Болд ч юм уу хэн нэгэн нь “Хөөе сайн уу, хөгшөөн” гээд ороод ирэх болов уу гэж бодож байсан. Гэхдээ нэг бодлын хөгжилтэй, сайхан санагдсан л даа. Нээрээ л глобал компани гэдэг чинь дэлхийн олон орны хүмүүс ажиллаж байгаа учраас ийм зүйл байх боломжтой шүү дээ гэж. Яг одоогоор монгол инженер Амазонд байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яахав, манайх чинь Америк, Европын орнуудад бараа бүтээгдэхүүн хадгалж, зөөж, ачдаг 100 гаруй агуулахтай. Тиймэрхүү агуулахад менежментийн ч юм уу, янз бүрийн түвшинд ажилладаг монгол хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ газарзүйн бүсийн хувьд өөр өөр газарт байдаг болохоор холбогдох боломж хомс. Харин саяхан манай нэг найз Амазонд Testing software инженерээр ажлын санал аваад, одоо Америк руу надтай хамт очиж ажиллана гээд байж байна даа.

Амазонд ажилд орсон гэсэн чинь “Хайрцаг зөөдөг хүн болоо юу” гэж асуусан гэсэн. Компанийн тухай зарим хүнд ойлголт өгвөл зүгээр болов уу?

Нээрээ хүмүүс тэгж асуусан шүү. “Чи хайрцаг зөөгөөд байгаа юм уу, наад нуруу нугасаа хайрлаарай” гэж хэлсэн. Манай компани 1994 анх онлайн номын дэлгүүрийн чиглэлээр байгуулагдсан. Түүнээс хойш 20 жилийн хугацаанд өнөөдөр зөвхөн Америкийн зах зээл дээр 200 гаруй сая нэрийн бараа, бүтээгдэхүүн зарж байна. Тэр нь дотроо 35 категори байдаг ч юм уу, электрон бараа, хувцас, гоо сайхны хэрэгсэл, үнэт зүйлс цаашлаад том завь, онгоц ч юм уу зарж байх жишээтэй. Нэг ёсондоо барууны eCommerce-ийн аварга нь Амазон байгаа юм. Зүүнээс буюу Хятадаас гэвэл Алибаба гээд бүгд мэдэх байх. Гэхдээ энэ Амазон чинь зөвхөн онлайнаар юм зараад байдаг компани юм уу гэхээр бас үгүй. Тэр олон сая нэр төрлийн барааг хүргэхийн тулд ард нь асар том том хөдөлгүүрүүд ажиллаж байдаг. Ачаа, барааг хаана хадгалах уу, яаж хүргэх үү гээд. Ганцхан жишээ хэлэхэд нэг агуулахад ороод нөгөө захад нь хүрэхийн тулд 3 км алхах хэмжээний тийм том агуулахууд байдаг. Нэг агуулах дотор ойролцоогоор 3–4 мянган хүн ажилладаг. Барааг ачдаг, зөөдөг, савлаж багладаг, барааг ирж авдаг, хүлээлгэж өгдөг гээд олон мянган хүний хөдөлмөр яригдана. Бас нэг томоохон ажил нь юу гэхээр Амазон Web Service буюу Үүлэн тооцооллын шийдлүүд гэж гарч ирж байгаа. Одоо тэгээд компаниуд өөрсдөө компьютер, сервер угсраад тэдгээрээ байнга авч явахад хэцүү болчихсон. Тийм болохоор Амазон тэр бүхнийг нь хангаж, хүмүүст хэрэгтэй компьютер, сервэр гээд бүгдийг нь өгөөд хэрэгтэй файл янз бүрийн мэдээллийг нь бүгдийг нь хадгалаад, “Та нар зөвхөн мөнгөө төлчих” гээд зогсож байгаа юм. Товчхондоо бүх шийдлүүдийг нь хийж, үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнээс гадна Амазоныхон Ложистикийн компанитай. Өнгөрсөн жил Зул сарын баярын үеэр Амазоныхон Англид байгаа захиалгуудаа хүргэхийн тулд Английн нэг томоохон компанитай гэрээ хийгээд, хамтардаг байсан. Тэднийх Англи улсдаа хамгийн том ложистикийн компани. Гэтэл тэр компани Зул сарын баярын үеэр манай захиалгын тоог гүйцэж ажиллаж чадаагүй. Үүнээс болж манай захиалга хэрэглэгчдээ хүрч чадахгүй, бөөн гомдол болоод улмаар Амазон өөрөө өөртөө ложистикийн компани байгуулахгүй бол бусад компаниуд манай захиалгын хурдыг гүйцэхээ байлаа гээд цаг үеийн шаардлагаар өөрсдөө энэ салбар луу орсон байгаа юм. Ингээд ложистикийн чиглэлд өөрсдөө компани гаргаад, хажуугаар нь DHL, Fedex-ийн зарим ажлыг аваад хийж байгаа.

Амазон электрон барааны үйлдвэрлэлд бас оролцоотой байдгийг мэднэ. Энэ талаар?

Тийм шүү, гар утас, компьютерийн тоног төхөөрөмж бас бус электрон бараа үйлдвэрлэдэг. Яахав, тэр зах зээл рүү нэг орох гэж үзээд хангалттай болж өгөөгүй зогсчихсон байгаа. Тодорхой хэмжээнд зардлаа нөхөх байдалтай болгоод орхичихсон юм билээ.

Өөр ямар ямар сонирхолтой үйлчилгээнүүд байгаа вэ?

Прайм хэрэглэгчид гээд үйлчилгээ байдаг. Тэр нь яг манай гол санхүүгийн эх үүсвэр болж байгаа үйлчилгээ юм л даа. Яадаг вэ гэхээр, хэн нэгэн хэрэглэгч Амазонд жилийн 99 доллар төлчихдөг. Тэр жилдээ хэчнээн ч юм захиалсан хоёр өдрийн дотор үнэгүй хүргэх үйлчилгээ юм. Хоёрдугаарт, хөгжим, кино сан гэсэн категори байгаа. Жилд 99 доллар төлсөн хэрэглэгч бүтэн жилийн турш хүссэн дуу, кино, видеогоо үзэж болно. Цаана нь контентууд нь байнга шинэчлэгдэж, шинэ кино, хөгжим нэмэгдэж байдаг болохоор хэрэглэгчид энэ тал дээр сэтгэл хангалуун байдаг гэж хэлж болох юм. Prime Now гээд үйлчилгээ бас бий. Энэ бол захиалагч бараа захиаллаа Buy now товч дарлаа гэхэд ганцхан цагийн дотор хүргэж өгөх үйлчилгээ. Манай рекорд болохоороо 23 минутад бараа хүргэсэн байдаг юм билээ. Америкт энэ үйлчилгээ хүн ам их суурьшсан 10 хотод тун амжилттай яваа.

Монголд Амазоноос бараа захиалах боломж хомс, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын компани ч байдаггүй байх. Амазоны тэр олон үйлчилгээг чөлөөтэй авах боломж бидэнд хэзээ нээгдэх бол?
Амазоны хувьд бараа хүргэдэг төвөө байгуулсан 15 орчим орон байгаа. Монгол улс тэр дунд байхгүй болохоор аль нэг орноор дамжиж үйлчлүүлэхээс өөр аргагүй. Тэгэхээр Хятад эсвэл Японд байгаа Амазоноос захиалж болох юм. Гэхдээ гол асуудал нь Японоос захилаа гэхэд Японоос гарах хүртлээ Амазоны процессоор бүх хүргэлт явагдаад байгаа боловч хил гарангуут бараа нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Монгол руу бол хятад юм уу, Оросоор дамжиж орж ирнэ, агаараар бол Солонгос, Японоос авч болох байх. Гэхдээ зардал нь нэмэгдчихдэг. Тэгэхээр энэ хоёр хөрш орноор дамжиж орж ирэхээр хил, гааль дээр саатдаг, цаашлаад хаана явж байгаа, хэзээ хүргэх нь мэдэгддэггүй. Би жишээ нь гэр лүүгээ юм явуулахаар Хятадын хил дээр очоод хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярихаар бөөн юм болж байж авлаа гэдэг. Тэгэхээр манайхан ложистикийнхоо шийдлийг сайжруулах, техник технологио бас хөгжүүлэх шаардлагатай. Дээр нь манайхан гааль дээр саатуулаад байдаг юм уу, татвар аваад байдаг асуудлыг бас шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энэ талаар би сайн мэдэхгүй байна. Хэдэн жилийн өмнө Zip code-той боллоо гэж байсан, тэр нь ямар байгааг би бас мэдэхгүй юм. Дээр нь манай хаягжуулалтын систем бас асуудалтай, шийдэх л хэрэгтэй л дээ, энэ бүхнийг.

Блог дээрээс чинь уншсан. Гадныхан нэг ажилдаа уддаггүй. Жишээ нь, Амазонд ажиллаж байгаа хүн хоёр гурван жил ажиллаад ажлаа сольдог эсвэл компани дотроо өөр төсөл рүү, алба руу шилждэг гэсэн байсан. Таны хувьд цаашид карьераа яаж харж байна. Өөр компани сонирхож байна уу?

Энэ ярилцлага манай менежерт хүрчихгүй байгаа. Манай менежер, “Өө энэ нөхөр чинь удахгүй юм байна” гэж бодно. (инээв) Миний хувьд Амазонд ажиллаад долоон сар болж байна. Ирэх жилээс жил хагас гаруй ажиллачихаад менежертэйгээ ярья гэж бодож байгаа. Амазон дотроо өөр багт шилжих ч юм уу. Тэр нь бол нээлттэй. Компаниасаа гарна гэвэл мэдээж асуудал өөр болно. Одоо миний хийж байгаа Devops инженер бол сонирхолтой ажил. Гэхдээ сүүлийн үед хорхой хүргэсэн ажлын байр олноороо гарч ирж байна л даа. Жишээ нь, Дата анализ гээд. Одоо бүх юм дата дээр үндэслэж шийдвэр гаргадаг, прогнозоо гаргадаг болж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл нэг агуулахад бид гурван мянган хүн ажиллаж байна гэлээ, тийм үү. Тэгвэл тийм агуулахын хүний нөөцийн тал дээр дата анализ хийж болно. Ажилчдын цаг бүртгэл, ирц, өдрийн завсарлага хэр их авч байна, цайны цагаа сунгаж байна уу гээд тэр болгон дээр үндэслээд “Энэ ажилтан ер нь ажлаасаа гарах хандлагатай болжээ” гэсэн шинжилгээ хийчихэж байгаа юм. Тэгээд түүнд нь тохирсон хүний нөөцийн бодлого явуулж, дараагийнх нь хүнийг бэлдээд эхэлдэг ч юм уу хандлагатай болж байна. Ингэхээр ерөөсөө нэг хүн ажлаасаа гэнэт гарлаа гэхэд ажил нь зогсох эрсдэл багасна, яагаад гэвэл компани аль хэдийн дараагийнх нь хүнийг бэлдчихсэн байж байх боломжтой. Дата дээр үндэслэсэн бизнес энэ мэтээр хөгжиж байна. Энэ чиглэлийн Старт-ап компаниуд эхнээсээ маш амжилттай ажиллаад эхэллээ. Тэгэхээр боломжтой бол дата шинжээч ч юм уу, тиймэрхүү багт орж ажиллах бодолтой байгаа. Бас нөгөө нэг чиглэл нь болохоороо TPM буюу Technical project manager гээд менежментийн чиглэлийн, гэхдээ тун сонирхолтой том том төслүүд дээр олон улсын хэмжээнд Амазоны ч юм уу хэрэгжүүлж байгаа төслүүдийг удирдаад явах ийм нэг мэргэжлийн амбиц байна. Хэцүү юм шиг боловч их зүйл сурах байх.

Нууц биш бол одоо та ямар цалинтай вэ?

Цалингийн хувьд ямар ч инженер нууцалдаг л даа. Цалингийн тал дээр хүмүүс сонирхож байж магадгүй. Энэ талаар жаахан задлаад тайлбар өгчихье. Яадаг вэ гэхээр, том компаниуд ажилчдадаа өгөх зүйл нь зөвхөн цалингаар зогсохгүй. Compensation package гээд өгдөг. Тэр дотроо цалин, янз бүрийн бенефит, цалинтай амралт, илүү цаг нь орчихдог. Бас хувьцаа гэж өгдөг. Энэ бүгдийг нь хооронд нь нэмээд “За чиний compensation package чинь энэ шүү” гээд үнэлгээ өгдөг. Зүгээр нэг жишээ дурьдахад, жилийн 100 мянган доллар өгчихлөө гэхэд 60 хувь нь тухайн хүний үндсэн цалин байдаг. Тодорхой хувь нь хоол унд, амралт, цалинтай чөлөө, хувьцаа болно. Хувьцаа олгодог нь бас учиртай. Компаниудын зүгээс харахад ажилчдаа барих том бодлого байгаа юм. Одоо жишээ нь надад Амазоны 10 ширхэг хувьцаа өглөө гэхэд, Амазоны нэг хувьцаа нь 530 доллараар үнэлэгдэж байгаа. 10 хувьцаа нь 5300 доллар болох нь байна. Энэ хувьцаа нь надад байгаа юм шиг мөртлөө бас үгүй. Би тэр 10 хувьцааг хэзээ яг халаасандаа авах вэ гэвэл Амазонд дөрвөн жил ажиллах шаардлагатай болно. Сайн ажиллаж байгаа, хувьцаа нь өндөр үнэтэй байгаа компанид тогтвортой ажиллаж, хувьцаагаа өсгөе гэсэн хүмүүст бол маш сайхан боломж. Манай компани сая хоёрдугаар улирлынхаа санхүүгийн тайланг гаргахад 23.8 тэрбум долларын орлого хийсэн байна. Тэгэнгүүт тэр даруй бирж дээр нэгж хувьцааных нь үнэ 460 доллараас шууд 540 доллар болж өссөн. Нэг ширхэг хувьцаа нь 80 доллараар өссөн байна. Тэгэнгүүт 100 хувьцаатай хүн байлаа нөгөө мань хүн ганцхан хоногийн дотор 8 мянган доллар зүв зүгээр байж байгаад авчихаж байгаа юм. Манайд тав, зургаан жил ажиллачихсан энэтхэг ажилчид цөөнгүй байдаг. Тэд бол бөөн баяр болж байх жишээтэй.Зүв зүгээр байж байгаад тийм их мөнгөтэй болчихож байгаа болохоор арга ч үгүй байх. Тэгээд тэд баяраа тэмдэглээд бидэнд пиво, пицца авч өгч байлаа.

Монголдоо ажиллах талаар бодож байсан уу?

Би 2013 оны 11 сард бакалавраа төгсөөд, нөгөө зочид буудлын систем хийдэг компанид таван жил ажиллачихаад Монголдоо бүр мөсөн эргэж ирж байсан л даа. Тэгээд ирээд зарим нэг компанид ярилцлагад орж, ямархуу ажлын орчин, соёлтой вэ гээд сонирхож үзсэн. Гэхдээ ялгаатай зүйл дэндүү их ажиглагдсан. Наад зах нь ажилд авах процессын хувьд ч юм уу, дээр нь хэчнээн чадвартай хүн ажилд авах гэж байсан ч гэсэн амлаж байгаа цалин, хангамжийн хувьд гайхширал төрүүлэм байх жишээтэй. Монголынхоо IT-ийн компаниудыг, ажилчдыг харж байхад мундаг мундаг юм хийж байгаа олон жишээ байна. Гэхдээ нэгдүгээрт зах зээл бага, түүнээсээ шалтгаалаад хэрэглэгчид нь шинэ шинэлэг технологийг хүлээж авахдаа бэлэн биш гэдэг ч юм уу зүйл ажиглагдсан. Жишээ нь би Америкт нэг сонирхолтой зүйл олоод харчихлаа гэхэд түүний талаар нэг нийтлэл блог дээрээ бичээд үзэхэд л хүмүүс “Наадах чинь юу вэ, чи миний хувийн мэдээллийг авч яах гэж байгаа юм” гэдэг. Эсвэл “Наадах чинь ерөөсөө явахгүй ээ, ийм юм байж л байдаг” гэсэн хандлага гаргаад байдаг болохоор шинэ, шинэлэг зүйл хийж хэрэгжүүлэхэд зарим талаар төвөгтэй байдаг юм болов уу гэж бодсон. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд IT-ийн салбарын ажил олгогчид үнэхээр сайн ажилтан байвал процессоо жаахан өөрчлөөд, ядахдаа цалинг нь биш юм аа гэхэд хангамж, ажиллах нөхцлийг нь бодолцоосой, гол нь чадварлаг ажилтан байвал араас нь сайн гүйдэг байгаасай гэж бодож байна. Түүнээс биш “Чи ажилд орохгүй байлаа гэхэд цаана нь зөндөө л хүн байна” гэсэн хандлагаар боловсон хүчний бодлогоо явуулаад байвал компанид өөрт нь л муу.

Тэгэхээр таны ажиллахыг хүсэж байсан компани Монголд байгаагүй гэсэн үг үү?

Тийм. Дээр нь би магистртаа явъя гээд төлөвлөчихсөн байсан болохоор компаниудыг хангалттай судлаагүй байж болох юм. Ямар ч байсан сурч боловсорч авъя, тэр хооронд компаниуд өөрчлөгдөх байх л гэж бодсон.

Цаашид үргэлжлүүлж сурах уу?

Би магистраа ирэх хавар төгсөнө. Зайнаас зарим хичээлээ үзээд явж байгаа. Цаашдаа бизнесийн удирдлагын чиглэлээр сурч магадгүй. Эсвэл түрүүн хэлсэн дата шинжээчийн чиглэлээр сургалт, курс төгсөх санаатай байгаа. Одоо IT-ийн зах зээл тэр чиглэл рүү хөгжиж байна. Нэг хэсэг гар утасны зах зээл маш хүчтэй түрж эхэлсэн шиг дата хаана байна тийшээ хүн болгон явж байна. Тэгэхээр тийшээ хоцролгүй явна даа л гэж бодож байна.

Америкт очиж суръя гэж бодож байгаа залууст юу гэж зөвлөмөөр байна?

Миний нэг анзаарсан зүйл юу гэхээр манайхан хүүхдээ багаас нь “Энэ хүүхдийг би цагдаа болгоно, эмч болгоно” гэдэг ч юм уу аав, ээж нь шийдчихдэг. Гэтэл тэр хүүхэд том болоод үнэхээр цагдаа болох юм уу, эмч болох юм уу мэдэхгүй. Ийм байдлаар дуртай, дургүй сурсаар байгаад ажил дээр гарлаа гэхэд наад зах нь өглөө ажилдаа явахдаа дургүй байдаг ч юм уу, тийм нэг тааруухан ажилтан болчихдог. Америкт энэ талын соёл олон зүйлээс харагддаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ хүссэн мэргэжлээ сонгох сонголтыг өгдөг. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд нь явж явж байгаад хүссэн мэргэжлээ олчихдог юм билээ. Ийм хүмүүс маш сайн мэргэжилтнүүд болдог. Томоор харах юм бол тийм мэргэжилтнүүд зүгээр ажил хийх биш, салбараа яаж авч явж байгаа нь харагддаг.

Одоо жишээ нь нэг хүүхдийг програмист болгоно гээд хүчлээд мэргэжил эзэмшүүлчихдэг. Гэтэл өнөөх нь ажил дээрээ код бичээд суудаг, тэгснээ чөлөөт цагаараа шал өөр юм хийгээд дуу дуулаад ч юм уу явдаг байлаа гэж бодъё. Ийм тохиолдолд тэр хүн бол зуун хувь програмист биш болчихож байгаа юм. Америкчуудын нүдээр жинхэнэ програмист хүн яадаг вэ гэхээр чөлөөт цагаараа өөр программ хөгжүүлээд, ямар шинэ технологи гарсан байна вэ гээд судалдаг, эсвэл нээлттэй эхүүдийг хөгжүүлээд, хувь нэмрээ оруулж байх жишээтэй. Наад зах нь зүгээр л хажуугаар өнгөрч байгаа хүний хөдөлмөрийг яаж программаар шийдэж, хялбарчилж болох нь вэ гээд бодоод сууж байх ёстой юм уу даа. Хүн тийм байхын тулд ажилдаа маш их дуртай байх ёстой болж таарна. Тэгэхээр бакалаврт ч бай, магистрт ч бай сурах гэж байгаа оюутан залуус байх юм бол юу хүсэж байгаа вэ гэдгээ сайн бодож, ажлаа зөв сонгоод явах юм бол тэр нь хамгийн сайн сонголт болно.

Та удахгүй буцах гэж байгаа гэсэн. Монголоос ажлаа хийх боломжтой юу?

Сая би Бээжин рүү ажлын томилолтоор ирсэн юм. Бээжинд ажиллахад бол ямар ч асуудалгүй. Яагаад гэвэл тэнд программ хөгжүүлэлтийн сервер төвтэй. Харин Монголд ирэхээр тийм төв нь байхгүй болохоор хэчнээн интернетэд орж байгаа ч газарзүйн бүсийн хувьд асуудалтай. Эндээс ажиллахын тулд Сингапураар дамжаад, тэндээсээ Дублин рүү дамжаад тэндээс Сиэтлд байгаа компьютер луугаа холбогдохоор яаж ч бодсон сигнал нь наашаа цаашаа болоод удаад байдаг. Тэгэхээр Монголоос ажлаа хийнэ гэдэг ажлын бүтээмжийн хувьд 60–70 хувьтай л байгаа юм. Оффис дотроо бол бид хоёр гурван дэлгэц, лаптоп тавьчихаад цагтай уралдаж, шуурхай шийдвэр гаргаж ажилладаг. Энд бол тийм боломж байхгүй. Товчхондоо Монголоос Амазоны ажлыг хийж чадахгүй юм байна гэдгээ ойлгочихоод сууж байна. Гэхдээ программ хөгжүүлэлтийн төвтэй, серверүүдтэй газар жишээ нь, Хятад, Японоос бол ажиллаж болно. Миний хувьд Монголдоо ойрхон байхыг хүсдэг. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ уулзахад ч амар гээд Японд ажиллаж болох юм. Ядаж л Монгол руугаа нисэхэд ойр, Америкаас 20 гаруй цаг нисэж ирэхээс илүү амар. Тийм болохоор яваандаа Японоос Амазоны ажлыг хийх бодолтой байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: http://yesun-erdene.time.mn/68460

--

--