27 нас хийгээд ухаарч ойлгосон зүйл
Aug 31, 2018 · 3 min read
Цаг хугацаа ямар хурдан эсвэл ямар удаан өнгөрдөг талаар та бүхэнд хэлээд ч илүүц биз. Жил бүрийн өдийд өнгөрсөн жилийг дүгнэж ухаарал, ойлгосон зүйл, бусдадаа хуваалцах гэдэгтэй дүйх нэгэн бичлэгийг хүргэж байгаа. Таньд сонирхолтой байна гэж найдъя.
- Зорилго, төлөвлөгөө нуран унаж болно, Б төлөвлөгөөг бодсон бай: Энэ жил би өөртөө нилээд хэд хэдэн зорилго, төлөвлөгөө гаргаж тавьсан юм. Яалт ч үгүй түүнээс 2–3 нь огт биелэх боломжгүй болоод хойшилчихсон. Энэ нь биелүүлнэ хэмээн зорьж байсан миний хувьд тун урам хугармаар байсан л даа. Яагаад яагаад хорвоо намайг ингэж байгаа юм бэ гэж асуумаар, өнөөгийн нөхцөл байдал яг юунд хүргэх гээд байгааг түрүүлж мэдчихмээр адгасан орхигдсон, loser мэдрэмж төрсөн. Бүтсэнгүй шдээ гэх гашуудлын мөчөөс хурдан салж байх хэрэгтэй. Let it go, move on.. Галт тэрэг аль хэдийн хөдлөчихсөн. Одоогийн нөхцөл байдалдаа тааруулан амьдрах шаардлага хэдийн гарсан байна. Тиймээс төлөвлөж, зорьж болно, байнга Б төлөвлөгөөг бодчихсон байх хэрэгтэй.
- Хувийн амьдрал, асуудал хийгээд түүнийг хэзээ ч алкохол шийдэхгүй тухай: Ингэж бичлээ гээд намайг алкохолик болчихсон юм байж гэж шууд ойлгохгүй гэж найдаж байна. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанаас үүдсэн асуудлуудад бууж өгч гарах гарцыг огт олж харахгүй нэгэн үе ирсэн юм. Энэ үеийг алкохол хэрэглэн, орой үдэш гарч орон шийдэх гэж оролдсон байдаг юм. Түүнчлэн би алкохолд дурлаж, дуртай байдаггүй өөрийн мөн чанараа илүү мэдэрсэн жил боллоо. Ер нь бол огт уухгүй 1 жил гэх мэт challenge өөртөө зарламаар санагдах болсон. Та ч бас ер нь шоудалт, уултын цаана юу хүлээж байгаа вэ, яах гэж юунд хүрэх гэж гэдэг талаас нь дээр нь санхүүгийн талаас нь бодоод үз. Нэг гаралтанд хэдий хэмжээний төгрөг болох уу, англи хэлний сургалтанд мөнгө төлөөд сууж чадахгүй байж 5-дахын орой бүр гарахад сургалтын төлбөрт өгөх хэмжээний төлбөр гаргаад байгаа юм биш биз. Алкохол авахгүй тохиолдолд хамаагүй бага зардал гардгийг мэднэ биз дээ.
- Бусад хүмүүс чамтай яаж харьцахыг чи өөрөө үлгэрлэн харуулдаг: сонин байна уу , анх энэ өгүүлбэрийг хаанаас ч юм бэ уншаад надад тун сонин санагдсан. Тэгээд бодоод байхад үнэхээр тийм юм байна лээ. Хэрвээ чи сул дуутай, дуу муутай тухайн хүнтэй ярьсан бол чамайг өөртөө итгэлгүй, мэдлэггүй гэж дүгнэж өөрсдийн шийдвэрийг тулгах, дээрэлхэх ч гэдэг юм уу дараа дараагийн үйлдэл нь тэрхүү харилцаан дээр суурилаад байдаг. Өөрөө өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ, харуулах вэ, ямар биеийн хэлэмжтэй байх вэ гэдгийг эртнээс мэдэж авч сурах, хэрэгжүүлэх шаардлагатайг ойлгосон. Энэ тал дээр өөрийнхөө юм ярьж байгааг бичлэг хийж үзэхээр шийдсэн. Би байгалиасаа ч юм уу сул дуутай категорид орчих гээд байдаг, тиймээс хурал илтгэл дээр байдаг тоноосоо арай чанга ярьдаг гэхдээ энэ нь бусдад чанга сонсогддоггүй хэвийн байдаг гэж байгаа.
- Мөнгө хадгал: Их ч бай бага ч бай. Миний хадгалж байсан мөнгө надад маш их хэрэг болсон, ирээдүйдээ түүгээрээ ч хөрөнгө оруулж чадсан гэж бодож байгаа. Эргэн тойронд чинь байгаа бүх зүйлийг чи ажиллаж хөдөлмөрлөсөн мөнгөөрөө худалдан авдаг. Юунд ч мөнгөө үрдэг бай заавал ч үгүй өөртөө хөрөнгө оруулах зүйлд мөнгөө үрж байгаарай. Цүнх авах уу, чухал программ сурах сургалтанд суух уу гэвэл сургалтанд суугаарай. Шинэ бренд цүнхтэй юм байна гээд чамайг ажилд авах нь юу л бол..Сар болгон тогтсон мөнгийг хадгаламжийн дансандаа хийх зорилго тавиад түүнийхээ дагуу хийгээд мартах. Ийм ч юм авмаар, ингэмээр тэгмээр байсан ч гэсэн. Эцэст нь хадгалсан хэдэн төгрөг чинь л ихэнхи тохиолдолд чиний хамгийн том Б төлөвлөгөө болно шүү.
- Сошиал медиаг өөрт хэрэгтэйгээр ашигла: Сүүлийн хэдэн сар илүүтэй ойлгож байна. Сошиал медиа хүний амьдралд маш том нөлөөтэй болчихсон. Өөрийн эрхгүй нөлөөнд нь орчихсон сонголтуудыг хийж байдаг. Хаана хооллохов, хаашаа амрахав гээд л.. Өөртөө итгэх итгэлд маш их нөлөөлдөг. Чи гэртээ зүгээр л хэвтэж байхад тэнд хүмүүс аялаж, тэнд хүмүүс партидаж, тэнд хүмүүс маш хөөрхөн, тэнд хүмүүс фитнессдээд л … багцлаад хэлбэл хөршийн чинь зүлэг үргэлж илүү ногоон, бусад хүмүүс илүү аз жаргалтай, баян тансаг илүү л байх болов уу. Ингээд л өөртөө итгэх итгэл, өөрийгөө харьцуулах хар тойрогруу ороод явж байтал аль хэдийн 1, 2 , 3 цаг өнгөрчихдөг.. Тиймээс өөрөө өөрийгөө сайжруулах, ухаарал өгөх, санаа өгөх, урам авах, суралцах талаас нь сошиал медиаг ашиглаад үз. Үе үе өөрийн дагадаг аккаунтуудад аудит хийж unfollow хий. Хэрэгтэй зүйл пост оруулдаг хүмүүсийг дага унш. Pinterest-с санаа ав. Ted talk үз. Youtube-с бүтээлч, хувь хүний хөгжилд анхаарсан сувгуудыг сонгож үз, Бүтээлч группуудэд элс. Shopping группүүдээс гар. Зарын группээс гар. Сөрөг, хэрүүлтэй групп, пэйж, хүнийг дагахаа боль. Шүтэн биширдэг, урам авдаг хүмүүсийн аккаунтыг дага. Энэ талаас нь ашиглаад үз. Загварын сэтгүүлийн модел охидын юу идэж ууж, шоудаж, өмсөж байгааг харж байснаас хамаагүй өөрт чинь хэрэгтэй байх болно. I promise.
Энэ хүртэл урт зүйлийг уншсанд баярлалаа.
Урт нуршуу бичсэн бол уучлаарай.
Sharing is caring
