Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгох нь

Бидний амьдралыг хөнгөвчилсөн ямарваа нэг бүтээгдэхүүнээс олж мэдэрсэн сайн туршлага (user experience)-ын талаар төсөөлөх үед, тухайн бүтээгдэхүүн хэр зэрэг энгийн, гоёмсог, хэрэглэхэд хялбар болон ямар онцлог хэсгүүд (features) -ээс бүрдсэн нь нүдэнд буудаг.

Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү ажиллагаа болон онцлог хэсэг нь бүтээгдэхүүний үнэ цэнийн өчүүхэн хэсгийг илтгэж байдаг бөгөөд өөрөөр орлож болохуйц олон шийдлийн ердөө л нэг хувилбар юм. Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгох явдал нь тухайн бүтээгдэхүүн яг ямар асуудлыг шийдвэрлэж буйд бидний анхаарлыг хандуулдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нар бүтээгдэхүүнийг хэрэглэснээр “ямар ажлыг гүйцэлдүүлэхийг хүсэж байна?”, “ямар зорилгоор ашиглаж байна?”, “ямар орлого, үр ашиг хүртэх вэ?” гэдгийг дизайнер хүн зайлшгүй олж мэдэх шаардлагатай.

Тиймээс хэрэглэгчийн олж мэдрэх ёстой жинхэнэ туршлага (core user experience) нь бүтээгдэхүүний ажиллагаа болон онцлог хэсгүүд төдий зүйл биш юм. Харин энэ бүтээгдэхүүнийг ашигласнаар олж авч буй үр ашиг буюу үнэ цэнэ юм.

Uber -ийн хэрэглэгчдийн хувьд тэдний олж мэдэрсэн жинхэнэ туршлага (core user experience) нь ямар ч үед хялбархан олох такси үйлчилгээ. Харин хэзээ тань дээр такси ирэхийг маш тодорхой харуулдаг хянах самбар нь энэхүү үнэ цэнийг илүү ихээр нэмэгдүүлж чадсан.

Гэхдээ Uber хянах самбаргүй байсан ч ажиллах л болно. Эсрэгээрээ хянах самбар бүхий онцлох хэсэг нь бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнэгүйгээр (ямар ч үед такси хялбархан олох) оршин тогтнох боломжгүй. Тиймээс харилцан хамаарлын хувьд үр ашиг буюу үнэ цэнэ гэдэг зүйлийг орхигдуулсан тохиолдолд онцлох хэсэг, ажиллагаа гэдэг зүйлийг хэчнээн зөв хийгээд амжилт олохгүй. Ийм л учраас дизайнерууд дизайныхаа ажлыг гүйцэтгэхдээ ажиллагаа болон онцлох хэсэг биш бүтээгдэхүүний үнэ цэнийг жанжин шугамаа болгох нь зүйтэй.

“Дизайн гаргахдаа ажиллагаа болон онцлох хэсгүүд (features) биш бүтээгдэхүүний үнэ цэнийг (product) жанжин шугамаа болгох”

“Хүмүүс бүтээгдэхүүнийг яагаад ашиглах вэ?” гэдэг асуултад зориулж дизайнаа гаргах

Аливаа бүтээгдэхүүнд түүний оршин тогтнох шалтгаан болсон, хэрэглэгчийн сэтгэлд хоногших жинхэнэ туршлага (core user experience) гэж байдаг. Энэ туршлага нь тухайн хэрэглэгчийн хэрэгцээг хангаж, мөн тулгарч буй тодорхой асуудлыг нь шийдэж өгснөөр бий болдог. Өөрөөр хэлбэл тодорхой үнэ цэнийг бий болгодгоороо хэрэглэгчийн хувьд бүтээгдэхүүний гол утга учрыг илэрхийлж байдаг тэр зүйл.

Хэрвээ тодорхойлж гаргаж ирсэн асуудал өөрөө хэрэглэгчийн хувьд жинхэнэ асуудал биш, аль эсвэл санал болгож буй шийдэл асуудлыг нь арилгаж чадахгүй бол түүнийг агуулж буй бүтээгдэхүүн ямар ч утга учир, үнэ цэнэгүй болох бөгөөд хэн ч түүнийг ашиглахгүй. Үүнээс болж зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн хэрэглээ болдоггүй. “Оновчгүй шийдлийг залруулж болох ч, оновчгүй тодорхойлсон асуудлыг ямар ч оновчтой шийдлээр залруулахгүй” гэдгийг дизайнер хүн бүр ухаарах ёстой.

Тэгвэл асуудлыг хэрхэн оновчтой тодорхойлох вэ? Мэдээж хэрэг асуудлыг ганц л оролдлогоор 100% оновчтой тодорхойлоход хэцүү. Гэхдээ бид түүнийг оновчгүй тодорхойлох эрсдэлийг бууруулахын тулд хэрэглэгчидтэй уулзаж, судалгаа авч тэдэнд тулгараад буй жинхэнэ асуудлыг илрүүлж, хүсэж буй шийдлийг нь санал болгох боломжтой.

“Оновчгүй шийдлийг залруулж болох ч, оновчгүй тодорхойлсон асуудлыг ямар ч оновчтой шийдлээр залруулахгүй.”

Клэйтон Кристэнсэн зайрмагийн ундааны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд илүү чихэрлэг, олон төрлийн амттай болгож, савлагааг нь ч хүртэл томруулав. Гэсэн хэдий ч олигтой үр дүн гаргасангүй. Тиймээс зайрмагийн ундаа худалдан авдаг хэрэглэгч нартай уулзаж судалгаа авч эхлэв. Судалгааны үр дүнд хэрэглэгч нар “уйтгартай өглөөг илүү сонирхолтой болгохын тулд зайрмагийн ундаа авдаг” болохыг олж мэдэв. Зайрмагийн ундааны хамгийн гол үнэ цэнэ нь бусад ундааг бодвол маш өтгөн учраас уухад хурдан дуусдаггүй мөн хоолноос дутахааргүй өег болохыг ойлгов. Эцэст нь Кристэнсэн зайрмагийн ундааг илүү өтгөн болгох шийдлийг хэрэгжүүлж борлуулалтыг нь нэмэгдүүлсэн байна.

“Юу хүсэж буйгаа мэдэх нь хэрэглэгчийн ажил биш” Стив Жобс

Оновчтой шийдлийг тохиромжтой хэрэглэгч нарт зориулж бүтээх

Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгох нь илүү сайн ажиллагаа болон онцлох хэсгүүдийг бий болгоход чиглүүлдэг. Бүтээгдэхүүнээр дамжуулан шийдвэрлэж буй асуудлыг тодорхойлохдоо “Бид яагаад энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгаа вэ?”, зорилтот хэрэглэгчийг тодорхойлохдоо “Хэнд энэ асуудал тулгардаг вэ?”, шийдлийг тодорхойлохдоо “Хэрхэн үүнийг хийх вэ?” гэсэн асуултад хариулах нь онцлох хэсгүүдийг бүтээхэд бидэнд хангалттай чиглэл өгдөг. Мөн тодорхой зорилт дэвшүүлснээр тухайн онцлох хэсэг амжилттай хэрэгжиж буйг хэмжих боломж олгодог.

Бэрхшээлийг арилгаж буй оновчтой шийдэл

Санал болгож буй шийдэл нь гол бэрхшээлийг оновчтой шийдвэрлэж чадсан тохиолдолд бүтээгдэхүүн утга учиртай болдог. Тэгэхээр шийдэл нь асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж байдаг ба жинхэнэ асуудал болон оновчтой шийдлийн зохицол нь хэрэглэгч нарт хоногшиж үлдэх жинхэнэ туршлага (core user experience) болдог. Харин ойлгомжтой ажиллагаа болон онцлох хэсгүүд нь олж авч буй сайн туршлагыг илүү ихээр нэмэгдүүлж, түүнд дэмжлэг болж өгдөг ч хэзээ ч орлож чадахгүй. Interaction дизайн болон visual дизайн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнтэй, хэрэглэхэд хялбар, сэтгэл хөдөлгөм болгодог ч түүнийг утга учиртай болгож чадахгүй. Тиймээс асуудал болон шийдлийн оновчтой зохицол нь бүтээгдэхүүний амжилтад хамгийн чухал болохыг харуулж буйн тод жишээ.

“Санал болгож буй шийдэл нь гол асуудлыг оновчтой шийдвэрлэж чадсан тохиолдолд бүтээгдэхүүн утга учиртай болдог.”

Бүтээгдэхүүнийг тодорхойлох нь

Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгох явцад, UX дизайнер дараах асуултад хариулт өгсөн байх хэрэгтэй:

  • Ямар асуудлыг бид шийдэж буй? (хэрэглэгчид тулгарч буй асуудал)
  • Хэний асуудлыг шийдэж буй? (зорилтот хэрэглэгчдэд)
  • Яагаад асуудлыг шийдэж буй? (алсын хараа)
  • Хэрхэн шийдэж буй? (стратеги)
  • Ямар үр дүнд хүрэх вэ? (зорилт)

Энэ бүхэнд хариулсны дараа, ямар ажиллагаа болон онцлох хэсгийг хийхээ бодох нь үр дүнг авчрах болно.

Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгохын ач холбогдол

Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгох нь зорилтот хэрэглэгчийн асуудлыг зөв тодорхойлж, түүнд зориулсан оновчтой ажиллагаа болон онцлох хэсгүүдийг бий болгох боломж олгодог. Энэ нь дизайнерт зөвхөн нүдэнд харагдах ажиллагаа болон онцлох хэсгүүдэд анхаарах төдий бус user experience буюу тухайн бүтээгдэхүүнийг ашигласнаар олж мэдэх туршлагыг бүхлээр олж харахад тусалдаг бөгөөд хэний ч хүсээгүй хэрэгцээгүй бүтээгдэхүүн зохион бүтээх эрсдэлээс сэргийлж хэрэглэгчдэд тулгарч буй жинхэнэ асуудлын мөрийг мөшгөх баталгаа болдог. Ингэснээр дизайнер бүтээгдэхүүний ажиллагаа болон онцлох хэсгийг хийхдээ ямар ч нөхцөлд зөв шийдвэр гаргах чиг баримжаагаа авдаг.

Product thinking буюу бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг ухаж ойлгох нь дизайнерт зөв асуулт тавихад тусалдаг. Дизайнер хүн бүтээгдэхүүнд ямар нэг шинэ зүйлийг шууд нэмэхээсээ өмнө үүнийг нэмэх үгүйг бодож тунгаах нь маш чухал. Жишээ нь: “Энэ зүйл бүтээгдэхүүнд байх нь зохимжтой юу?”, “Энэ зүйл хэрэглэгчдэд тулгарсан жинхэнэ асуудлыг шийдэхэд нэмэр болж байна уу?”, “Үүний хэрэгцээ байгаа юу? Аль эсвэл үүнийг үнэхээр хүмүүс хүсэж байгаа юу?” гэх мэт. Эдгээр асуулт нь бүтээгдэхүүнийг гол асуудал руу нь төвлөрүүлж илүү хялбар, оновчтой болгож чаддаг байна.

Орчуулсан: Э.Төмөрхуяг

Редактор: Н.Хашбат

Эх сурвалж: WHY PRODUCT THINKING IS THE NEXT BIG THING IN UX DESIGN by Nikkel Blaase

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.