Ах нараас суралцах нь

Налгар намрын тэргүүн сарын эхээр нутгийн маань байгальтай тун чиг төстэй Денвер хотноо нутаг нэгтэнгүүдтэйгээ хэдэн өдрийг хамтдаа санал бодол, туршлага солилцож өнгөрүүллээ.

Жил болгон АНУ-д оршин суудаг Монголчуудын дунд уламжлан болгон зохиогддог “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээнд зочин илтгэгчээр оролцоод ирсэн минь энэ. Оюутан насандаа залуучуудын олон сайхан үйл ажиллагаанд оролцдог, тэдгээрийг зохион байгуулахад гар бие оролцдог байсан тул тухайн үед авдаг байсан энерги, эрч хүчийг эндээс эрэлхийлж ирэв. Тэрхүү эрч хүчийг мэдрэхийн хажуугаар өөрийгөө танин мэдэх төгсөлгүй замд нэг алхам урагшлах шиг.

Өөрийн мужийн залуусын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, чадах ядхаараа туслахын чацуу үүнд яаж зөв хандах, ямар арга барилаар оролцож болохыг Өртөөчидийнхөө туршлагаас олж суралцах аян бас үүгээр эхлэв. Өртөөчид гэхээр та бүхэн гайхаж магадгүй, эд нар маань товчхондоо гадаад, дотоодод ажиллаж амьдардаг Монголчуудын нэгэн холбоо юм. Гэхдээ хот эсвэл муж дотор бус, аль нэг улс дотор биш, дэлхийн олон өнцөгт суурьшсан шилдэг мэргэжилтнүүд цахим ертөнцөөр холбогдсон Цахим Өртөө холбооны төлөөлөгчид юм. АНУ-д ирж ажиллаж, амьдрахын хажуугаар танилцаж нөхөрлөсөн хэд хэдэн мундаг залуучууд энэ холбоонд байдгийг саяхнаас олж мэдсэн ба төлөөл болж ирсэн Жаг ах (Э. Жагдагдорж), Азаа (Ц. Азжаргал) ба Саруул эгч (Ж. Саруултуяа) нар Цахим Өртөөтэй танилцах сайхан эхлэлийг тавьж өглөө.

Бид мэдлэгтээ, үнэндээ факт, мэдээлэлд дарагдсан мэдлэгтээ хэт бардаж зөв бурууг олонтой ялгаж чаддаггүй. Үүнийгээ ч заримдаа анзаарахгүй өөрийгөө “юм” мэддэг гэж эрддэг. Бусдаас илүү мэддэг юм шиг мэдэмхийрдэг. Би ч ийм төрлийн хүнээс дутахааргүй алдаа оноотой л нөхөр. Бүх зүйлийг өөрийн гараар хийж бүтээх дуртай, бусдаас тусламж гуйх тун дургүй. Энэхүү ааш авир маань эргээд харахад намайг их омголон болгосон мэт. Өөртэйгөө ижил гэмээр маш олон “омголон” залуусыг өнөөдрийн нийгмээс олж хардаг. Эх нутагтаа сууж байгаа залуучууд, хүний нутагт мэргэжил, мэдлэг горилж буй нь ч тэр. Бид маш яаруу байхын дээр хүнээс, үг сонсох, том зураглал, алсыг харах нь хомс, хүнийг ер нь хүндэлж соносохоо байсан мэт.

Хүн ганцаараа аливааг хийж бүтээгээд явбаас харах өнцөг нарийсч, сэтгэдэг цар хүрээ, сэтгэлгээний хэрэглүүрүүд нь улиг болдог аятай. Энэ хүмүүстэй хэдэн өдрийг хамтдаа өнгөрүүлж хоёр гурван үг сонссон маань үүнийг надад сануулж ойлгууллаа.

Гэтэл ах, эгч нар амьдралын гүн туршлагаараа ямар холыг харж байх юм бэ? Дүү, балчир гэлтгүй бусдыгаа яасан сайхан хүндэлж сонсоно вэ?

Ухаантай хүнтэй ярилцах сайхан шүү гээд онигоо байдаг даа, яг л нэг тийм мэдрэмж.

Монголчууд маань их элгэмсэг улс. Өөр орны хэн нэгэнтэй яриад суухад эх нутгийнхаа төлөө, залуу үеийн төлөө гэж ярих нь тун ховор. Аргагүй л биз, нийгэм нь өөр, хувь хүний хөгжил ба биеэ даасан байдал барууны орнуудад илүү давамгайлсан байдаг. Бид харин эх нутгийнхаа төлөө, залуу үеийнхээ төлөө гэсэн сэтгэлээр аливаад их элгэмсэг ханддаг. Энэхүү арга хэмжээний нэгэн чухал хэсэг “Дугуй ширээний ярилцлага” буюу АНУ дахь Монголчуудын холбоог хэрхэн хүчтэй болгох талаар зөвшилцөх уулзалт байлаа. Үүний дундуур гарсан АНУ-д удсан залуучууд энд ирээд удаагүй Монголчуудаасаа их хол байдаг, эд нарынхаа хоорондын холбоог хэрхэн батжуулах болон өмнөх үеийнхнийхээ туршлага дээр тулгуурлаж ажиллах санаанууд тун чухал санагдсан юм.

Жаг ахын өгүүлсэн “Хүүхэд залуус, ялангуяа оюутнууд өссөн дассан орчноосоо болж, хайрцаглагдаад уу, хоорондоо ойлголцох хэмжүүр харах зүг өөр болж хувираад уу гэх мэт олон шалтгаанаар салж хуваагдан холдож байна. Дунд нь бүр нийлэхгүй ангал үүсэх аюул харагдаж буй…” үг үнэхээр бодууштай.

Бид нийгмийн төлөөлөл болсон залуу үе, өмнөх үеийнхнийхээ туршлага дээр тулгуурлаж хаана нь алдаж, хаана онож явсныг сонсож, тунгаан бодож аливаа асуудалд хандвал илүү зохистой. Аливааг хийж бүтээе гэсэн зорилгын дор бид нар бусдаас суралцахыг мөн эрхэм болгох ёстой. Тэгэлгүй энэхүү амин туршлагыг үл ойшоосон, шинэ хуудаснаас дахин дахин эхлээд байвал бид хэзээ ч тэрхүү цаасыг, тэрхүү ботио дуусгаж чадахгүй дараагийн алхамдаа орохгүй хэдэн жил тутамд шинээр л эхлээд л байх болно.

Хэрэв магад нийгэмд чиглэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулдаг бүлгэм, холбооны гишүүн, тэргүүн чамд миний бичсэн зурвас хүрч очсон бол өмнөх үеэсээ суралцах их зүйл бий гэдгийг санаж явахыг хүсч байна. Ялангуяа та эх орноосоо алсад суугаа бол Цахим Өртөөгөөр нэг зочлоод, төлөөл болсон улсуудтай бодол санаагаа нэг хуваалцаад үзээрэй. Тантай мэдлэг туршлагаасаа хуваалцахаас гадна, урам тань 380V-оор нэг цэнэглээд өгөх болно.

Эрч хүчээр дүүрэн Молнголчууд ихийг хийж бүтээхээр…
Like what you read? Give Batjargal Batbold a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.