1000 дахь өдрийн ажлын тэмдэглэл

Алс холын Америкт 1000 дахь өдрөө ажиллаа. Өөрөө өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, зорилго хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөсөн өдөр хоног, он жилүүд байлаа. Мянган бээрийн аялал нэг алхамаас эхлэнэ гэдэг. Америкт амьдарч байгаа цаг хугацаагаа зөв зүйтэй ашиглахын тулд 1000 өдөр хариуцлагатайгаар ажиллах төлөвлөгөөг гаргаж байсан цаг өчигдөрхөн мэт санагдаж байна.
Харин өнөөдөр энэхүү төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэн ард нь гарсандаа баяртай байна. Алхсан мөр бүхнээ, хийсэн бүх зүйлээ би зөв байсан гэж хэлж чадахгүй ч өмнөө тавьсан зорилгынхоо төлөө алхам ч ухралгүйгээр хичээн, тууштай хөдөлмөрлөсөндөө өөрөө өөртөө болон үргэлж надтай хамт байсан гэр бүлдээ талархаж байна.
Өдөр бүхэн нартай байдаггүй шиг өнгөрсөн 1000 өдрийн хугацаанд өмнө минь тохиолдох саад бэрхшээлүүд, хүнд хэцүү цаг үеүүд олон байсан. Хоногийн хорин цаг ачаалалтай ажиллахаас эхлээд, ажилдаа ядрах, өвдөж бэртэх, мөн зөвхөн ажил гэж улайралгүй хажуугаар нь өөрийгөө хөгжүүлж, өөртөө суралцах цаг гаргахын тулд унтах нойроо хойш тавин нойргүй явсан өдрүүд ч олон байна.
Завгүй гэдэг үгийг өөрийн амьдралд утгаар нь мэдэрч, зорьсон төлөвлөгөөндөө хүрэхийн тулд хангалттай амрах ч завгүй хичээн зүтгэхдээ хамгийн их ойлгож, мэдэрсэн зүйл нь хүн гэдэг эрүүл саруул, өвчин зовлонгүй л бол өөрөөсөө ямар их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж, амьдралд ямар их зүйлийг хийж бүтээж, амжуулж болдогийг бодитоор мэдэрлээ.

1000 өдөр ажиллах хугацаанд гаргагасан гол төлөвлөгөөний маань хувьд:
- Аав ээж, гэр бүлдээ дээ маш сайн ТУСЛАХ
Ажил хөдөлмөр хүнийг хэзээ ч гомдоодоггүй харин ч амьдралд маш олон зүйлийг өгдөг. Харин 1000 өдөр ажилласан хөдөлмөрийнхөө үнэ цэнийг зөвхөн өөртөө биш аав, ээж гэр бүлдээ харамгүй зориулж чадсандаа баяртай байна. Өнөөдөр аав, ээжийгээ бүрэн хувцаслаж үзээгүй ч хүүгийн хувьд бодож яваа зүйлүүдээсээ бага багаар хэрэгжүүлсээр байна. Дээрх 1000 өдрийн хугацаанд аав ээжийнхээ гэрт засвар хийж өгөн, аав ээждээ машин авч өгч, аав ээждээ тусласнаас гадна дүүгээ их сургуулийг нь амжилттай төгсгөсөн гээд чадлынхаа хэрээр гэр бүлдээ тус нэмэр болохыг хичээсээр л байна. Цаашдаа ч улам бүр хичээн зүтгэх болно.
2. Америкт ажиллах хугацаандаа хажуугаар нь СУРАЛЦАХ
Боловсрол мэдлэг бол хүний амьдралын хамгийн том өмч, хөрөнгө, амьдралын баталгаа байдаг. Тиймээс ч ажлынхаа хажуугаар 4 жил суралцах бакалаврын хөтөлбөрийг онлайнаар авч 2,5 жилийн дотор Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгт амжилттай суралцан төгсөж байна. Суралцах гэдэг ойлголт нь зөвхөн хичээл номоос гадна амьдралын бүхий л зүйлд суралцах шүү дээ.
Энэ хугацаанд суралцсан зүйлс гэвэл ямар ч ажил байсан түүнд чин сэтгэлээсээ хандах, ажилдаа төвлөрч, өөрийгөө бүрэн дайчлах, мөн хүмүүстэй хэрхэн харилцах, цаг хугацааг хэрхэн үр дүнтэй ашиглах, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн нь байхад хэрхэн анхаарах, хувийн сахилга бат, зохион байгуулалтаа яаж сайжруулах, зорилго хүсэл мөрөөдөлдөө яаж тууштай зүтгэх мөн цаг хугацаа ямар үнэ цэнэтэй болох гээд амьдралын олон зүйлд суралцаж чадсан.
3. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх. Энэ төлөвлөгөөний хувьд их онцгой төлөвлөгөө байсан. Би Монголд арван жилийн сурагч байхаасаа эхлээд маш олон ажил хийж байсан. Солонгост бас ажиллаж байсан. Дараа нь ахиад Америкт ажиллаж байна. Дэлхийн хаана ч ажиллаж байсан, ажил хийж байгаа үедээ нэг л зүйлийг өөртөө байнга сануулдаг. Энэ юу вэ? гэхээр одоо хийж байгаа ажлаас чинь илүү чиний ирээдүйн амьдралын зорилго, алсын хараа юу вэ? гэдгийг. Амьдралын чинь дараагийн зогсоол хаана вэ? гэдгийг. Одоо хийж байгаа ажлаа өөрийнхөө амьдралд яаж сайнаар ашиглах вэ? гэдгийг.
Дээрх асуултуудад өгөх хариултын хувьд өнөөдөр хийж байгаа ажил бүхэн маань ердөө тур зуурынх бөгөөд намайг зорьсонд бүхэнд маань хүргэх нэг шат, даван туулах ёстой, хийж бүтээх ёстой алхамууд мөн зорилго мөрөөдлийн маань дараачийн зогсоолт хүргэх боломж гэж хардаг. Өөртөө бий болгож хэвшүүлсэн энэ л зарчмаар дээрх төлөвлөгөөг гаргахдаа 1000 өдөр шаргуу сайн ажилласан бол 1001 дэх өдрөөс эхлэн ажил нэгдүгээрт биш зөвхөн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, дуртай зүйлүүдээ хийх, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд л анхаарах болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Өнөөдөр харин энэ зорилго маань биелэлээ олж байгаад маш их баяртай байна.

Эцэст нь тэмдэглэхэд 1000 өдрийн ажлын тэмдэглэл өнөөдрөөр ингээд дуусаж байна. Төлөвлөгөө хэрэгжсэн тул ахиж хөтлөлт хийгдэхгүй. Амьдралын минь түүхэнд тод мөрөө үлдээсэн 1000 өдөр байлаа.
Одоо харин өөрийн боловсрол мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх дараагийн 1000 өдөр намайг хүлээж байна. Энэ 1000 өдрийг ч гэсэн хариуцлагатайгаар төлөвлөн, төлөвлөгөөгөө үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн төлөө улам бүр хичээх болно. Залуу байна гэдэг өөрөө амьдралын хамгийн том боломж юм шүү дээ. Харин энэхүү боломжийг ойлгож ухааран, надтай адилхан амьдралынхаа он жилүүдийг мянга мянган өдрөөр нь төлөвлөн суугаа олон залуус байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс тэрхүү залуустаа ч бас амжилт хүсье.
Шамдаж сурдаггүй ЭРДЭМ
Зүдэрч хийдэггүй АЖИЛ
Хөдөлмөрлөж олдоггүй МӨНГӨ гэж байдаггүй юм. Тийм болохоор:
ШАМД
ЗҮТГЭ
ХӨДӨЛМӨРЛӨ залуусаа. Өөрийн гэсэн бүхнээрээ амьдралаа босгоцгооё.

Хүндэтгэсэн: Батбаатарын Баттөр АНУ, Чикаго хот, Иллинойс муж
2019 оны 11 сарын 06 /14:18 минут/
