Удирдлага манлайллын зарим чухал зарчмаас — 1

Монголд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан “Global Leadership Summit” буюу Дэлхийн Оргил Манлайллын Чуулганаас сонссон зүйлээсээ хуваалцахад - Нэг дүгээр хэсэг:

Таван илтгэгчийн илтгэлийг нэг дор оруулахад хэтэрхий уртдах болов уу гээд хоёр хуваахаар шийдсэн юм. Энэ удаагийн бичвэрт Билл Хайбелс болон Шейрил Сэндбэрг хоёрын илтгэлээс чухал хэрэгтэй гэж бодож, тэмдэглэж авсан хэсгээ хуваалцах болно.

Bill Hybels
  1. Билл Хайбелс (Bill Hybels)

Хүний амьдралд зайлшгүй туулах ёстой адал явдал гэж байдаг. Заримдаа бидний төлөвлөгөө, төсөөллөөс гадуур гэнэтийн мөртлөө чухал зүйлс амьдралд тохиолддог.

Удирдагчийг удирдагч болгодог нь тэдний өөртөө итгэх итгэл биш, харин тэдэнд итгэсэн өөр хүмүүсийн итгэл байдаг юм. Танд итгэл өвлүүлж удирдагч болгосон тэр хүмүүст талархаж байгаарай. Мөн залуу үед урам өг. Тэдний ирээдүйг гэрэлтүүл.

Удирдагч хөгжихөд бүгд хөгждөг

Дотроосоо гарч ирсэн удирдагч гаднаас ирсэн удирдагчаас хамаагүй амжилттай ажилладаг

Ажилтнууд үл хүндлэл мэдэрвэл бүтээмжид 50% сөргөөр нөлөөлдөг

Удирдагчид заавал дагах 10 мөрдлөг:

1. Бусдыг буруутгалгүйгээр ялгаатай үзэл бодлоо илэрхийлж сур

2. Хурцаар санал зөрөлдсөн ч биеэ зөв авч яв

3. Бусдын яриаг бүү тасал

4. Үг яриагаа цэгнэ. Бусдыг доош хийсэн үг хэллэг хэрэглэхгүй байх

5. Хүндэтгэлтэй үг хэллэг хэрэглэж хэвш

6. Хэвшмэл ойлголтод баригдах, өнгөц дүгнэлт хийхээс зайлсхий

7. Буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж сур

8. Шинэ мэдлэг мэдээлэлд нээлттэй бай

9. Зоригтой хэлж, үйлдэл болго

10. Нэг нэгнээ хүндлэх дүрэм журамтай бай, түүнийгээ байнга дага

Илтгэлийн бас нэг чухал хэсэг нь удирдлагыг шилжүүлж өгөх үйл явц байсан бөгөөд энэ тухайд Хенри Клаудын (Henry Cloud) — Зайлшгүй төгсгөл (Necessary Endings) илтгэлийг үзэхийг санал болгосон юм.

Henry Cloud — Necessary Endings

Хүндлэлийг мэдрүүлэхэд зайлшгүй мөрдөх 5 журам

o Бие биенээ таньж, мэндэлж бай

o Уучлаарай, баярлалаа гэдэг үгийг хэрэглэж хэвш.

o Нэг нэгтэйгээ хүндэтгэлтэй, ижил тэгш харьц

o Ил тод, мэдрэмжтэй, шулуун шударга бай

o Бүдүүлэг харилцааг тухай бүрд нь таслан зогсоох

Sheryl Sandberg

2. Шерил Сэндбэрг (Sheryl Sandberg)

- Google-д очихдоо би байгууллагын эрхэм зорилгод нь итгэж очсон. Фейсбүүкт ч тэр. Би ер нь алсын хараанд итгэдэг.

- Би хүн ажилд авахдаа өндөр ур чадварыг туршлагаас илүүд үздэг. Эхлэл нь шалихгүй байж болно, гэхдээ ирээдүйд хэрэг болох хүн гэж бий

Удирдагчийн хувьд би аливаа зүйлийг хийхийн тулд зарцуулсан цаг хугацаанаас илүү үр дүнд итгэдэг. Тиймээс бүтээмжээр цалинжуулахыг ч дэмждэг. Гэхдээ үнэхээр их хичээж, цаг заваа зарцуулсан ажил эцэстээ бүтэлгүй болох тохиолдлыг бас ойлгож хүлээн зөвшөөрдөг л дөө. Ганцхан нөхцөлтэйгээр, энэ нь алдаанаасаа суралцсан байх явдал.

Илүү сайн удирдагч болохын тулд би ажилчдаасаа өөрийнхөө тухай бодит үнэнийг сонсож, тэдний сэтгэгдлийг (feedback) сонсдог.

Орой бүр тэр өдөртөө хамгийн аз жаргалтай байсан гурван зүйлийг бичиж эхэлснээс хойш би ялихгүй жижиг зүйл ч амьдралыг аз жаргалтай болгож байгааг анзаардаг болсон.

Адам Грант (Adam Grant) болон Шейрил Сэндбэрг нарын хамтран бичсэн “Option B” номноос та түүний аз жаргалын талаар болон дараах 3 зүйлийг яагаад ярьсныг нь ойлгох болно.

Заримдаа бид уй гашууд автах үедээ тэндээс гарч чадахгүй нам зогсчихдог. Ийнхүү нам зогсож, тэсвэр хатуужилгүй байхад нөлөөлдөг гурван хүчин зүйл бий:

  • Personalization (буруу, болохгүй байгаа зүйлсийг өөрөөсөө болсон гэж хэт өөриймсүүлж авах)
  • Pervasiveness (тухайн үйл явдал амьдралын чинь бүх хэсэгт нөлөө үзүүлнэ гэж хавтгайруулж ойлгох)
  • Permanence (нөхцөл байдал өөрчлөгдөшгүй гэж итгэх)