Хот цасанд дарагджээ #1

Үүр шөнийн завсар гурван цагийн үе. Гуравдугаар сарын дунд болчихсон гэхэд дүн өвлийн адил хүйтэн хэвээрээгээр барахгүй өнгөрсөн хэд хоногийн турш Мидвестийг нүүр нүдгүй нүдсэн шуурганаар хот битүү цасанд дарагджээ. Хааяа нэг хаялах цасан ширхэг бүхэлдээ нойрсож буй хотын гэрлээр наадах мэт зурвасхан гялалзаад газарт шигдэх тэр аядуухан шөнө “Хаалттай” гэсэн бичиг бүхий хот хоорондын зорчигч тээврийн буудлын гадаа гурван хүн цас чихруулан нааш цааш холхих аж. Бүгд өөр өөрсдийн цүнх, ачаагаа хана дагуулан тавьж, гадаа удтал зогсоод жиндсэн бололтой тогтож ядацгаан утсаа ойр ойрхон сөхөж харна. Юун хүмүүс гэдгийг лавшруулан ажиглавал нэгэн хижээл насны Америк эр, гуч гаран насны Латин бүсгүй, тэгээд энэхүү мөрийг та бүхэнд хүргэхээр чадан ядан бичиж суугаа миний бие гурав байлаа. Шөнийн харанхуй, Мидвестийн урт өвлийн хүйтэнд жаахан зутарсан, бие биенээ өмнө нь хэзээ ч харж байгаагүй хар элгийн хүмүүс гэхэд тэд яагаад ч юм нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулан цаанаа л баясгалантай байхаар барахгүй хааяахан ганц нэг үг их л дотноор сольж байгаа харагдана. Учрыг үл мэдэх хүнд бол тун хачирхалтай дүр зураг байлаа.

Де Мойн хот

Энэ явдлаас хэд хоногийн өмнө миний бие Канзас мужийн Лоренс хотод хуралд оролцохоор Монголоос ирж буй нагац ахтайгаа уулзахаар замд гарсан юм. Удтал уулзаагүй нагац ахтайгаа хүний нутагт уулзах далимд нэгэнт өмнө нь очиж байгаагүй Чөлөөт Муж буюу 1861 онд Холбоонд элсэхийн өмнө боолчлолыг хуулиараа хориглосон гэдгээрээ алдартай, мөн түүгээрээ ихэд бахархдаг Канзасыг үзэх давхар зорилго өвөртлөн явсан билээ. Өөрийн амьдарч буй хотоос оройн автобусанд суун давхисаар шөнө 2 цаг жаахан өнгөрөх үед Канзас Ситид ороод ирэв. Өглөө 7 цагаас Канзас Ситигээс 2 цаг орчмын зайд орших Лоренс чиглэлийн автобусанд дамжин суух байсан тул унтахгүйг хичээн хоёр аяга хар кофе уучихаад нэг вандан сандал дээр тухаллаа.

Ном уншиж, эсвэл кино үзэж цаг нөгцөөхийг оролдтол өөрийн эрхгүй унтчих гээд байсан тул чихэвчээ зүүгээд хөгжмийн аялгуунд тохирон зогсоо зайгүй хөврөх бодлоо үл хазаарлан сул тавив. Ажиглаваас, миний сууж буй вандангаас жаахан зайтай газар нэг коллежийн оюутан бололтой залуу ачаагаа дэрлэн унтана. Бодвол дамжих автобусаа хүлээж буй биз ээ. Надад ч гэсэн нэгэн удаа үүргэвчээ дэрлээд алчуур нөмрөөд унтаж байсан удаа бий тул энийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэв. Хүний нутагт юу эсийг үзэх билээ. Мөрөөдлөөрөө тэжээгдэж яваа залуу хүнд тэр зэргийн зүйлс дурсамж, дэм, хатуужил, урам зоригийг өгч, хүмүүсийг, амьдралыг, лавшруулвал амьдралын мөн чанарыг илүү ойлгоход нэмэр болон, ирээдүйн үйлст нь бэлдэхээс бус саад тотгор байх учир үгүй юм. Хэдий тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч эргэн бодоход, дурсахад үргэлж инээмсэглэл бэлэглэдэг билээ.

Тэр залуугаас цаахна нойрмоглон уйлагнах охиноо унтуулахыг хичээн нэгэн ээж өөрөө ядрангуй харагдах хэдий ч амандаа дуу аялан, тэрэндээ өөрөө ч бүүвэйлэгдэж буй бололтой дохих аж. Төрөлх хэл биш ч эх хүний бүүвэйн дуу ижилхэн сонсогддог ч юм уу даа. Ер нь автобус, эсвэл галт тэргэнд суугаад Хойд Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэл зорчвол эндэх элдэв явган яриа, медиа пропаганда, ороогүй энгийн амьдралыг, АНУ-ын эгэл ард түмний хэрхэн оршин суудгийг, ертөнцийг яаж хардгийг, муж болгоны хүмүүсийн онцлогийг жинхэнэ утгаар нь харах, ойлгох боломжтой юм. Америк байна ш дээ, кинон дээрхээс шал ондоо гэдэг шиг л… Миний хамгийн хол газрын аялал болох Хойд Америкийн тэг голд орших Айова мужаас Нью Иорк мужийн Албани хотоор дамжин зүүн эргийн хот Бостон хүртэл автобус, галт тэргээр нийтдээ 30 гаран цаг аялах хугацаанд Иракт алба хаагаад ирж буй хүүгээ тосохоор явж буй өвгөнөөс эхлээд “I’ll always remember you as a gentleman” гэж хэлээд өөрийн цомогоо бэлэглэсэн олонд танигдаагүй дуучин бүсгүй гээд л хичнээн сонирхолтой хүмүүстэй тааралдсаныг хэлээд баршгүй. Хэдий биеийн амарыг бодон нисчихэж болох байсан ч ингэж явж үзье гэсэн бодолдоо хөтлөгдөн газраар явахаар шийдсэн тэр аялалдаа огт харамсдаггүй. Ер нь жижиг зүйлс хүнд дурсамж болж үлдэх аж. Гэхдээ Канзас руу бол автобусаар явж байхаар зүгээр өөрөө жолоо барьчихсан нь дээр ч байсан юм уу гэх мэтийг бодон суутал гэнэт “Анхаараарай. Анхаарай. Лоренс чиглэлийн автобус 9 дугаар хаалган дээр” хэмээн зарлах дуунаар цочин өндийлөө. Зүүрмэглэсэн бололтой.

Шалавхан угаалгын өрөө орж нүүрээ хүйтэн усаар шавшин сэргэхийг оролдоод надаас өөр хүнгүй шахуу бараг хоосон автобусанд орж суулаа. Ормогцоо ахиад л зүүрмэглэсэн бололтой нүдээ аниад нээхийн хооронд Лоренст ирчихсэн өнөөх автобусны жолооч намайг нэгэн бяцхан буудал маягийн цэг дээр буулгачихаад тоос манарган давхиж одов. Ухаалаг гар утсанд найдах дургүйг хэлэх үү, утсаа оролдон газрын зураг, мэдээлэл хайхын оронд ойролцоох дэлгүүрт очиж кофе, ойр зуурын идэх юм олонгоо такси дуудах утас асуухаар алхав. Ер нь ухаалаг гар утастай байхаар толгойгоо хэзээ ч ажиллуулахгүй сонирхолгүй байдаг билээ. Яахав миний л бодол (тухайн үеийн).

2013/12/23

Үргэлжлэл бий.