Travel Diary #1: Нов ногоон Швейцари (бонус: Лихтенштейн)
2017/07/05 Лхагва гараг
Эхний өдөр

Цюрихд буулаа. Урт аялалын дараа ариун цэврийн өрөө орж үс зүсээ янзалж нэг хүн төрхөндөө орчихоод гарч ирээд ачаагаа авах гэсэн чинь ачаа маань Москвад намайг гүйцэлгүй үлдчихэж. Ингээд 24 цагийн дараа авахаар болсон бөгөөд Цюрихээс Ст. Галлен хот руу бүх юмаа чирэн галт тэрэг, дараа нь автобусаар явж байж байрлах айлдаа очих байсан миний хувьд энэ нь харин ч азтай гэмээр тохиолдол байв.
Европын оронд өмнө нь ирж байгаагүй хүний хувьд бүх зүйл шинэ бөгөөд маш сонирхолтой байв. Замдаа будилах тоолондоо хүмүүсээс газар асуухад маш уриалгахан туслах бөгөөд таарсан хүн бүр тодорхой түвшний англи хэлтэй байсан нь их олзуурхууштай. Ингээд онгоцны буудлаас 2 цаг яваад хүрдэг газарт 3 цагийн дараа хувьдаа л хөөрхөн адал явдалтай очсон юм. Очсон Монгол айлын маань эзэгтэй, хүү хоёр нь нэг их удалгүй ажлаасаа ирсэн бөгөөд намайг маш найрсагаар хүлээн авч, дараагийн хэдэн өдөрт надад бүхнээ зориулж үйлчилсэн юм даг.
Оройн хоолоо идчихээд хүүтэй нь хамт эхлээд Виен орох галт тэрэгний тасалбар авахаар, дараа нь хаашаа ч юм явахаар гарав. Хүү нь Улаанбаатарт төрсөн ч нэг их удалгүй Швейцарит ирж суурьшсан юм билээ. Монголоор тийм сайн ярьдаггүй болохоор бид хоёр монгол, англи хэл хольж ярин овоо хөөрхөн ойлголцчихно. Тасалбараа авчихаад хотын хойд хэсэгт байрлах Bodensee нуур луу явлаа.

Австри, Герман, Швейцари улсуудын хил нийлсэн энэ том нууранд хун, галуу олноор цугласан байх бөгөөд нуурын эрэг дээр амьдардаг хүмүүст эрхгүй атаархлаа. Бид хоёр эргээр хэсэг зугаалангаа кофе ууж, нар жаргахыг хүлээв. “Хөтөч” маань тэнгэрийн хаяа улайж, түүний тусгал Bodensee нууранд үзэгдэх тэр дүр зургийг надад үзүүлэхийг хүсчээ.
Үзэсгэлэнт байгалиараа алдартай энэ улсад анх ирээд хамгийн их гайхширсан зүйл маань хүн — байгалийн хамтын эв найртай оршин тогтнол. Миний амьдралдаа харж байсан хамгийн их ногоон өнгө энд байсан ба тэр их мод, ургамалыг түүж аваад үйлдвэрт ашиглачихгүйгээр, бас яг хотынхоо төв хэсэгт гол, нууртай байсан ч цэвэр цэнгэгээр нь, ширгээчихэлгүй байлгаж болдог гэдгийг мэдэж авлаа.

Нэг их удалгүй нар жаргаж, хэдэн зураг дарчихаад харьцгаав. Замдаа бид 2 маргааш, нөгөөдрийнхөө аялалын төлөвлөгөөг ярилцлаа. Ихээ ажил, хичээлээсээ чөлөө авч бүтэн 3 өдрийн турш намайг машинтайгаа дагуулж явсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын нэгт байгаагаа бодсон ч, тэр хүний амьдрал, цаг завыг бодсон ч, ийн сэтгэл гаргасанд нь талархаад баршгүй. Ингээд миний амьдралын хамгийн урт бөгөөд олон зүйлсийн эхлэл болсон энэ өдөр өндөрлөв.
2017/07/06 Пүрэв гараг
Лихтенштейн
Маргааш өглөө нь хамгийн түрүүнд Лихтенштейн гэх жижигхэн улсаар зочиллоо. Нисэх онгоцны буудалгүй, галт тэрэгний зам ч холбогдоогүй энэ жижигхэн, баян улс миний хувьд маш нууцлаг, бас хүршгүй санагддаг байсан ч ийнхүү очих завшаан олдсонд нь маш баяртай байв. Нийт 160 км квадрат газар нутагтай энэ улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг ба зэвсэгт хүчин, мөнгөн дэвсгэрт гэх мэт олон талаараа Швейцариас хамааралтай байдаг. Сонирхуулахад эндхийн дотоодод үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн нь хиймэл шүд ба дэлхийн нийт хиймэл шүдний хэрэгцээний 20 хувийг хангадаг гэсэн.

Бид улсын нийслэл нь болох Вадуз хотод очсон ба хаа сайгүй барилгын ажил явагдаж байсан, дээрээс нь мөнгө үрэх сонирхол тийм ч их байгаагүй болохоор уулан дээр байрлах хунтайжийн ордон (Вадуз шилтгээн) руу нь явцгаалаа.

Вадуз шилтгээн анх 1322 оноос түүхийн сударт дурьдагдаж эхэлсэн ба түүнээс хойш дайнд нураагдаж, сэргээн засварлагдаж, өргөтгөгдөх явцдаа хунтайжийн шүүхийн тогтоол гүйцэтгэх газар, гяндан, цэргийн хуаран, эцэст нь 1896 оныг хүртэл шар айрагны мухлагийн зориулалтаар ашиглагдаж байсан ч шинэчлэн засварлагдсаар 1938 оноос Лихтенштейний төрийн тэргүүн буюу хунтайжийн ордон болсон байна. Нийт 130 өрөөтэй энэ ордон олон нийтэд нээлттэй биш ч жилд нэг удаа болдог үндэсний баяраараа иргэдэд хаалгаа нээж хүлээн авалт, үдэшлэг, болон үнэгүй шар айраг зэргээр дайлдаг уламжлалтай ба тус ордон байрлах толгод дээрээс Вадуз хот бүхлээрээ маш үзэсгэлэнтэй харагддаг.


Уулнаас буугаад гудамжаар нь хэсэг алхаж, нэг их хийх юм олдсонгүйд бэлэг дурсгалын дэлгүүр орлоо. Хэрэгтэй, хэрэггүй жижиг сажиг хөөрхөн зүйлс цуглуулах дуртай миний хувьд аль ч газрын бэлэг дурсгалын дэлгүүр жинхэнэ сорилт болдог бөгөөд бүгдийг нь шохоорхож үзсэний эцэст зөвхөн хамгийн хэрэгтэй гэснээ буюу хөргөгчний соронз, шуудангийн карт цуглуулгадаа нэмэхээр авлаа.

Миний анзаарснаар энд хамгийн өндөр барилга нь л 4 давхар юм уу даа. Нарийхан гудамжуудаар нэг их хүн харагдахгүй, эл хуль оргиод за яг үнэнийг хэлэхэд аймгийн төвд ирчихсэн юм шиг л мэдрэмж төрж байв. Харин хаа нэг замын хажууд байрлах зоогийн газруудын гадаа зассан ширээнд хүмүүс хэд хэд харагдах бөгөөд ширээ бүр дээр заавал нэг шил вино харагдана. Бусдаар бол тэр олон чимээгүй цонхны цаана амьдрал буцалж л байдаг байх даа гэж таамаглахаас өөрцгүй байв. Ямартай ч энэ жуулчдад тийм ч нээлттэй биш, маш жижигхэн хэрнээ асар баян улсад ирж үзэж хорхойгоо дарсандаа их сэтгэл хангалуун байна аа.
~ Баясаа
Өмнөх нийтлэлүүд:
