“Солонго”

Дуртай дуучныхаа тоглолтыг үзэхээр Улсын Филармонийг зүглэхэд тэнгэр бүрхэг, агаар жихүүн хүйтэн саарал өдөр байв. Харин дотогш ороход төв тайзан дээр тод гэрэл тусч үзэгчид хэдийнээ тухалчихсан дотор нам гүм байлаа. Удалгүй Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжмийн бүрэлдэхүүн, удирдаач С.Саруул-Од нар тайзнаа гарч тоглосны дараа хөтлөгч Наагий дуучин Солонгыг урьж өдөр бүр давтагдах гинж шиг уйтгартай өдрүүдийн дунд шигтгээ мэт гялалзах нэгэн гайхалтай үдэшлгийг эхлүүлсэн юм. Хүмүүсийн харц тод гэрэлтэй цуг тайзны гол дахь түүн дээр тусч харин сонор нь түүний мэдрэмжтэй цуг огторгуйн тоос болж хувираад тэнгэрийн заадсаар аялаж байлаа. Эхнээсээ авахуулаад дуусах хүртэл догдлол, ямар нэгэн сайхан мэдрэмжээр биеэ хөгөлчихөөд уяран байж дуусгав. Өвөрмөц үг, ая, эгэл даруу байдал нь, найрал хөгжимчид, Германаас ирсэн бүрээчин гээд л таалагдахгүй зүйл нэгээхэн ч байсангүй. Мэдрэмжээс төрсөн үгс, бас үгнээс нь төрөх мэдрэмжийн илэрхийлэл гэмээр. 
 Чи мэдэх үү? би сансрын тоосонцор 
Намайг харсан уу? би тэнгэрийн заадас 
Дулаахан байна уу? би хурмастын гэгээ 
Итгэж байна уу? би хайрын бурхан…
гээд л сонсох тусам ямар нэг зүйлийг сэтгэлд биежүүлэх шиг сайхан мэдрэмжийн гүн тийш үргэлж хөтлөнө. Шар, ногоон, цэнгэрээр туяарсан тайзан дээр хар саарал даашинзаар гоёж титэмнээсээ ч тодоор гэрэлтэх үдэшлэгийн хатан хаан Солонго цөөхөн ч сайхан дуунуудаараа үнэхээр л хайрын бурхан, хурмастын гэгээ гэдгээ асууж эргээд хүмүүсийн догдлолоос түүнийгээ батлах шиг. 
 “Хурц, шийдэмгий харц, араншинтай, хүссэнээ авч, өөрийн болгож чаддаг эрчүүд надад таалагддаг” гэж ярилцлаган дээрээ дурдсан түүний хайрын дуунуудын эхний нот нь магадгүй тэрхүү харуусал ч байж мэдэх юм. Мөн сайхан хоолой, өвөрмөц үг, аяны нийлэлээс тэр бол манай дуучид дундаас миний мэдэх хамгийн нууцлаг, дахин давтагдашгүй өвөрмөц бас жинхэнэ үзэсгэлэнтэй дуучин гэдгийг надад улам ойлгуулах шиг. Юутай ч өөрийнхөө гайхалтай ертөнцөөр намайг аялуулж тэрхүү шинэ, хэлж болошгүй гайхалтай мэдрэмжээр биеийг минь хөгөлсөнд баярлалаа…

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.