Шаталт

Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах гэдэг утгагүй хэрэг. Харин өөрийнхөө амьдрал дээрх дүрийг, киноны, номын дүрээс тольдох өөр хэрэг. Хэн нэгэнтэй ярилцаж суухдаа нөгөө хүнээсээ илүү өөрийгөө тольдож суудгаа мэддэг шиг кино урлагт хүлүүлж суухдаа ч би өөрийгөө илүү таньдгаа мэдэрсэн.

Миний амьдралын дүр гэвэл нэг их сонин сайхан зүйлгүй. Харин зун нь хөдөө говьд, өвөл нь эмээ, эгч нарынхаа гэрээр дамжиж өссөн бага нас, жижигхэн шавар байшинд чигжтэл хураасан даршилсан ногоонууд, гадаа нь шаваарах хүлэмжин дундах өсвөр нас, тэгээд дүнсгэр хотын завгүй амьдралд сүлэх уйтгартай залуу насыг нэмчихвэл арай өөр амьдрал болно. Дээрээс нь үргэлжийн сэтгэлд хурдаг гуниг, дуртай бүхнээсээ авах аз жаргалыг нэмчихвэл арай дээр амьдрал болж мэдэх юм.

2018 онд гарсан “Burning” киног үзээд нэг л гунигтай санагдаад ямар нэгэн юм бичих ёстой болчихсон юм. Кино ревью гэхээсээ илүү хувь хүний бичвэр гэдгээр нь ойлгоорой. Тэгээд л өөрийнхөө тухай яриад байгаа хэрэг. Учир нь Жон-Сү (киноны гол дүр) миний дүртэй доторх зүйлээрээ төстэй санагдсан учраас л тэгж их гуниглаж бичмээр санагдсан байх.

Өмнөд Солонгосын хилийн захад үхэр, хүлэмжний аж ахуй эрхлэн амьдрах Жон-Сү зохиолч болохыг хүсдэг. Харахад жирийн л бараан хувцас өмссөн байдаг л нэг залуу. Ээж нь багад нь орхиод явсан, эгч нь гэрлээд холдсон, аав нь шоронд түр саатуулагдан шүүхээр шалгагдаж байгаа. Харин нэг өдөр санамсаргүй гудамжаар явж байгаад багадаа хамт тоглож өссөн Хэмитэй таарна. Хоёулаа ганцаардаж байсан байсан учраас илт яриа нийлж хамтдаа ууж суун улмаар Хэмигийнд очиж дотно харилцаанд ордог. Үүнээс өмнө Хэми Жон-Сүд африк явах тухайгаа, явсан хойно муурыг нь тэжээж байгаач хэмээн хүсдэг. Гэвч Жон-Сү гэрт нь муур байгааг ерөөс хардаггүй. Учир нь муур бол Хэмигийн зүрх сэтгэлийг гэж ойлгож болно. “Муурны амьдарч байгаа орчныг өөрчилж болдоггүй юм” гэж Хэми мөн хэлдэг. Энэ ч их учиртай санагдсан.

(Киноны ерөнхий бүтэц иймэрхүү зүйрлэл ихтэйгээр явсан гэж би хувьдаа ойлгосон. Аав нь үхрийн ах ахуй эрхэлдэг боловч тэднийх ганцхан үхэртэй түүнийг Жон-Сү зарахаар шийддэг. Учир нь тэр аавдаа нэг их дуртай биш.)

Хэмиг африк явсан хойно ганцаар үлдсэн Жон-Сү түүний байранд ирж гар хангалга хийхээс өөр сэтгэлээ дэвтээх зүйлгүй болдог. Мөн тэр зуураа аавынхаа шүүх хурал, өмгөөлөгч гээд асуудлуудаа зохьцуулна.

Удалгүй Хэми ирсэн ч ганцаараа биш замдаа танилцсан гэх Бэн-тэй ирнэ. Эхний үйл явдлуудын хувьд байдаг л Солонгос кино зохиол. Гэвч дүрүүдийн байдал, яриа, жүжиглэлт, хэрхэн өрнүүлж байгаа нь их чухал. Жон-Сүгийн тухай өмнө дурсан, харин Хэми бол илэн далангүй яриатай, сэтгэл хөдлөл ихтэй, сул дорой, сонирхол татам эмэгтэй, харин Бэн бол юу хийдэг нь тодорхойгүй, сэтгэл хөдлөл бараг л үгүй, баян нэгэн. Бэн өөрөө хэлсэнчлэн “Би зүгээр л зугаацдаг” гэдэг бараг түүний ажил гээд ойлгочиход болно. Энэ байдал нь ч түүнийг киноны гол зангилааг хийх нэгэн болгосон юм шиг.

Онгоцны буудал дээрээс Хэми, Бэн хоёрыг Жон-Сү тосч аваад хамтдаа ууж сууцгаана. Оройтож харихаар болцгооход Бэн тансаг машинаараа Хэмиг хүргэж өгөхөөр болдог. Харин Жон-Сү түлш дуусч байгаа хэмээн худлаа хэлсээр хоцроно. Үнэндээ гэнэт гараад ирсэн царайлаг, баян залууд Хэми дуртай байгааг анзаарсан болохоор тэр сэтгэлдээ идэгдсээр үлдэнэ. Түүнээс хойш тэд нилээн хэд цугларцгаана. Тэгэх бүрт Бэний нууцлаг байдалтай танилцах ч бүр л хачирхалтай болж, Хэми ч дагаад бүр ихээр өөрчлөгдөж эхлэнэ. Харин тэр дундаас Жон-Сү л улам их ганцаардмал, гунигтай өрөвдмөөр нэгэн болсоор л байна.

Нэгэн өдөр Хэми, Бэн хоёр Жон-Сүгийн гэрт ирцгээнэ. Хэми төрж өссөн нутгаа хараад санааширч багадаа ойролцоо худаг дотор унаснаа дурдаж Жон-Сүгээс асуусан ч тэр санасангүй.

Удалгүй тэд өвс сорцгоож Хэми хагас нүцгэлэн шувуу болоод нисэх мэт эсвэл дотроос нь нэгэн шувуу нисэх мэт хөдөлгөөн хийх нь бага наснаасаа, Жон-Сүгээс нисэж буй мэт. Харин Жон-Сүгийн ээж явсан хойно аав нь түүгээр хувцаснуудыг нь шатаалгасанг дурсдаг. Тэгтэл Бэн зүгээр л хаягдсан муу хүлэмж шатаах дуртайгаа хэлнэ. Зүгээр л тамхи татаж буй мэт эхнээсээ асаад л дуусна, төгс гэмт хэрэг. Солонгос цагдаа үүнийг мэдэхгүй, хэрэггүй болоод муудаж урагдсан хүлэмж. Тэд нарыг би шатаагаад нэг мэдрэмж мэдэрдэг гээд зүрх рүү заагаад тэндээс мэдрэгдэж бүр ясанд ортол сайхан санагддаг гэж хэлнэ. Жон-Сү энэ бүхэнд гайхсаар хоцроно.

Жон-Сүгийн амьдрал улам л хэцүү болж цагийн ажил хайж хажуугаар нь аавынхаа шүүхийн асуудалд оролцож тэр өдрөөс хойш алга болсон Хэмиг хайна. Хичээллэдэг бүжгийн дугуйлан, гэр гээд хайж болох мэддэг бүх газруудаараа хайна. Тэгж хайх зуур хөдөө гэрийнх нь ойролцоо Хэмигийн унасан гэх худаг байгаагүй, гэрт нь хэзээ ч муур байгаагүй гэх мэт зүйлсийг сонсдог. Тэр дундаас хамгийн ихээр сэжиглэж байсан Бэн дээр очиж асуувал өөр нэгэн бүсгүйтэй цуг байх ба түүнийг хаачсаныг мэдэхгүй, гэхдээ чамайг хамгийн ихээр итгэж болох цор ганц хүн гэж хэлсэн гэсээр сууж байдаг. Хэми өнөөх худагт унаад дээшээ тэнгэрийг л харж байхад Жонг-Сү сонсоод аварсан нь цор ганц итгэдэг хүн нь болоход нь нөлөөлсөн ч байж мэдэх юм. Эцэст нь түүнийг хаанаас ч олохгүй.

Бүх зүйлд Бэнийг сэжиглэсэн Жонг-Сү түүнийг нууцаар дагж эхлэнэ. Харин Бэн түүнийг мэдэж байгаа ч үл тоомсорлосон аягтай байна. Мөрдлөг хийх хугацаандаа санамсаргүй баригдаад гэрт нь орвол өөр нэгэн охинтой байх ба муур тэжээдэг болсон байна. Бэнээс байнга зугтаадаг тэрхүү муурыг Жонг-Сү Хэмигийн муурын нэрээр дуудахад таниад гүйж ирнэ. Магадгүй тэр өөр эмэгтэй өөрчлөгдсөн Хэми, харин муур нь нэгэнт Бэнийх болсон сэтгэл гэж би явцуугаар ойлгосон.

Удалгүй Жонг-Сүгийн утас руу танихгүй дугаар залгаж шатаж буй чимээ сонсгоно. Тэрхүү жигтэй дууг сонссон Жонг-Сү Бэний хүлэмж шатаах яриаг шууд санаж орчин тойрныхоо бүх хүлэмжнүүдийг шалгаж эхэлдэг. Гэвч энэ бүхэн зүгээр л нэг хүлэмжний тухай яриа биш учраас хаана ч хүлэмж шатсан байсангүй. Харин тэдгээр бүх шалгасан хүлэмж нь өөрийнх нь сэтгэл дотор байх хоосон зайнууд. Тэр дундаас ганцхан гэрэлтэй хүлэмж байсанг нь Бэн булааж аваад шатаачихсан болохоор одоо түүнд алдах, хураах юу ч үлдсэнгүй. Учир нь түүнийг гэх бүх зүйлс түүнийх биш болсон билээ. Аав нь шоронд явж, ээж нь олон жилийн дараа гарч ирэхдээ зүгээр л мөнгө нэхэж, найз гээд байх зүйл үгүй, ажилгүй, амжилтад хүрэхийг хүссэн зохиол нь ч олигтой яваагүй…

Хоосон, хуучирсан, урагдсан хүлэмжээр сэтгэлээ дүүргэсэн хөөрхий залуугийн амьдралын тухай дэндүү гунигтай кино болжээ гэж надад санагдсан. Триллер, драма төрлийн кино, гэхдээ нууцлаг аллага, мөрдлөгийн учир битүүлэг холбоосууд байсангүй. Зүгээр л тэр залуугын дотор нууцлагаар өрнөх гадна хүмүүсийн амьдрал гэж ойлгож болно. Миний бодлоор иймэрхүү л кино болсон санагдсан. Тэгээд кино урлаг ч сайхан даа, ялангуяа иймэрхүү кинонууд үзэгчид өөрсдийн үзэмж, мэдрэмжээр шийдэж болдог гэхээр… Уг кино миний сэтгэлийн хүлэмж тийш чиглэсэн болохоор мөн л нэг сонин сэрэхүй байлаа. Харин та үзээд өөрийнхөө үзэмжээр нэг эргэцүүлээрэй.

Энд би албаар төсгөлийг нь бичилгүй үлдээлээ.