Chmd
3 min readJun 12, 2019

Миний ном унших арга барил 📚📖📝

Юун түрүүнд би гэдэг хүн шинэхэн ээж болохоор халуун кофе, дулаан хөнжил бэлдээд зургаа авч инстаграм, фэйсбүүктээ хийгээд тухланхан байж номоо уншиж амждаггүй. Өмнө нь ч амждаггүй, цайны цаг болон ямар нэг зүйл хүлээх эсвэл 00-д уншдаг байлаа.

Харин одоо хэрхэн уншдаг арга барилаасаа хуваалцахаар шийдлээ. Зарим нэг хүнд хэрэг болж магад 🤗

  1. Өөрийн уншихыг хүссэн /нэгэн мөчид бодогдсон/ номны жагсаалт хөтөлдөг. Заавал бүгдийг нь худалдаж авах албагүй ба явцын дунд зарим нэгээс нь татгалзаж, заримыг нь хүнээс зээлж эсвэл цахим хэлбэрээр уншчихдаг. Ийм жагсаалт хөтлөөд уншсан болон худалдаж авсан номоо чеклээд явах нь их урамтай байдаг.

2. Сар бүр унших номныхоо жагсаалтыг мөн гаргадаг. Заримдаа худалдаж авч амжаагүй эсвэл уншиж дуусгаагүй зэргээс хамаарч төлөвлөгөө маань 100% биелэхгүй байх тохиолдол байгаа ч огт төлөвлөөгүй байснаас илүү үр дүнтэй санагдсан. Аан бас дундуур нь төлөвлөөгүй ч сонирхолтой санагдаад уншсан номоо нэмээд биччихдэг. Харин хасдаггүй. Энэ сард уншиж амжаагүй бол дараа сард ахиад төлөвлөчихдөг, харин огт явахгүй, таалагдахгүй номыг шууд орхидог 😁 Сард аль болох уран зохиол, хувь хүний хөгжил, хүүхдийн хүмүүжил гээд хольж уншихыг хичээдэг.

3. Цахим хэлбэрээр үнэгүй эсвэл боломжийн үнэтэй ном унших боломжтой аппликэйшн суулгаад цүнхэндээ номгүй эсвэл цүнхгүй явах үедээ татаж авсан номноосоо уншчихдаг. Хамгийн их ашигладаг апп бол М+ . Цахимаар унших, сонсох маш олон үнэгүй ном байхаас гадна боломжийн үнээр санал болгодог, худалдаж авахад хялбар, дэлгэцний өнгийг цаастай ижил шаргал болгож болдог зэрэг нь надад таалагддаг. Мөн сонирхолтой подкаст, сэтгүүлүүд гээд маш өргөн боломжтой. Би дуртай, бүр хайртай 🥰 миний ашигладаг өөр нэг апп бол Azbooks, энд бас үнэгүй номноос гадна bookstore.mn-ий цэнэглэгч картаар худалдан авч болдог.

4. Ингээд аль болох олон газар номнууд байрлуулаад тухайн байрлалд очихдоо боломжоороо уншаад байвал зэрэг олон ном унших боломжтой. Нэгийг дуусгаад дараагийнхыг эхлэхээс илүү үр дүнтэй санагдсан. Жишээ нь: Буйдангийн хажууд, 00 өрөөнд, цүнхэндээ, утсандаа гэх мэт… Шинэхэн ээж надад олддог ном унших ховорхон мөч бол бяцхан үрийн минь унтлагын цаг юм. Манай хүүхэд чимээгүй орчинд унтдаг учраас ном унших нь хамгийн шилдэг шийдэл 🤩

5. Зарим хүн номоо цоо шинээр нь хадгалан уншихыг эрхэмлэдэг бол би гэдэг хүн өөрт таалагдсан хэсгийг тодруулан тэмдэглэдэг ба тухайн үед төрсөн санаа зэргийг хажуугийн хоосон зайн дээр нь биччихдэг. Энэ аргыг ихэвчлэн хувь хүний хөгжлийн номон дээр ашигладаг. Харин хуудас нугалах дургүй үргэлж хавчуурга ашигладаг. Надад нэг дор олон хавчуурга хэрэг болдог учраас хатуу цаас нугалах, хувцасны шошго зэрэг гар доорх зүйлс ашиглачихдаг 😜 Хүнээс зээлсэн номоо харин дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж үлддэг. Учир нь дараа нь ахиж уншихдаа тэмдэглэсэн хэсэгтээ илүү анхаарахад тусалдаг.

6. Өмнө нь зүгээр л өөрөө уншаад л өнгөрдөг байсан бол сүүлийн үед бусадтай хуваалцаж байхаар шийдсэн. Учир нь уншсан номын тэмдэглэл хөтөлж, өөрт төрсөн сэтгэгдэлээ бичиж, хүмүүст санал болгох нь уншсан номоо дүгнэх, амьдралд хэрэгтэй санааг хэрэгжүүлэх аргаа төлөвлөхөд их тустай санагдсан. Мэдээж миний тэмдэглэлийг үзсэн хүмүүст унших эсэхээ шийдэхэд нь тусалж юуны магад.

Ингээд эцэст нь энэхүү блогоороо өөрийн уншсан номын тэмдэглэлийг хөтөлж байхаар шийдлээ 😎