“Эмгэг”-гүй ирээдүйн төлөө ургийн бичгээ хөтөлцгөөе

Аз жаргалаар бялхсан нэгэн сайхан хосууд саяхан өөрсдийн хүсэлтээр бус өрөөлийн шахалтаар хоёр тийш болсон юм. Учир нь найман жилийн өмнөөс үерхэж эхэлсэн залуухан хосууд өдийг хүртэл хагацаж салшгүй найзлаж, нөхөрлөсөн ч эмэгтэйн талынх нь ургийн баяр болж тэдний салалтын эхлэл тавигджээ. Энэхүү салалтын гол асуудал нь хайрт залуу нь нялх балчир насандаа нутгийн хүнд өргүүлж, хосуудын төрсөн аавууд ах дүүс байсан нь өдгөө хоёр хос дөрөв дэх үеийн цусан төрөл буюу үеэнцэрүүд байсан аж. Ийнхүү хожуу “ухаарснаас” болж хөөрхий залуу хос аргагүй эрхэнд салж байна. Энэ бол тэдний буруу биш. Нэг талаас эцэг эхийн буруу, нөгөө талаас ургийн бичиг хөтлөөгүйн хор уршиг. Ургийг бичиг хөтлөхийн хамгийн гол ач холбогдол нь хамаатан садан, төрөл төрөгсөд буюу эцэг эхийн аль алины талыг (өөрөөсөө дээш есөн үеэ) таньж мэдэх явдал бөгөөд ураг төрөлийнхөнтэйгөө гэр болох улмаар цус ойртолт үүсэхээс сэргийлэх юм.
Өнөөдөр бидний хувьд цус ойртолт үнэхээр тулгамдаж буй асуудал болсон гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа харуулж байна.
Судалгаанаас үзвэл, цус ойртолт нь Монгол улсын хойноос урагш чиглэлд маш хурдацтай тархсаар өдгөө цус ойртолтгүй нэг ч аймаг үгүй болжээ.
Дөрвөн жилийн өмнө хийсэн тус судалгаагаар цусан төрлийн хэлхээ холбоотой хүмүүс хоорондоо гэрлэж, шууд цус ойртолттой, төрөлхийн гажигтай 1280 хүүхэд бүртгэгдсэн тоо баримт бий. Энэ нь судалгаагаар бүртгэгдсэн тоо хэдий ч цаана нь мянган мянган бүртгэлгүй хүүхэд үлдсэн байна. Уг нь бид чинь эртнээс ургийн бичгээ хөтөлж, үр хүүхэддээ өөрөөсөө дээш есөн үе дотор ураг барилдахыг хориглож ирсэн ёс журамтай ард түмэн. Гэтэл энэ ёс журмыг сахин биелүүлдэг хүн бараг байхгүй болсноор өдгөө бидний дийлэнх нь өөрөөс дээш гурван буюу аав, өвөө, өвөөгийнхөө аавыг л муухан мэддэг дүр зурагтай байна. Түүнээс цааш үе удмаа мэдэхгүй байгаа нь хүн судлаачдын сэтгэлийг зовниулж буй. Улмаар цус ойртолт бий болох хөрсийг бойжуулж, оюуны болон биеийн хөгжлийн өвчтэй хүүхдүүд олноор төрөхөд нөлөөлж байна. Энэ талаар Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Удмаа мэдэхгүй гэр бүл болсноос үүдэж, төрөлхийн гажигтай хүүхдүүд төрдөг.
Тодруулбал, Оюун санааны хомсдол, саатал, амьгүй төрөлт, үр зулбалт, уруул нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны эвэрхий, өтгөний сүв битүү, бие бялдрын хувьд давжаа болох гэх мэт гажигууд нь цус ойртсон хүний шинж тэмдэг” гэв.
Түүнчлэн цөөн тохиолдолд, хосууд нэгнийхээ удам судрыг сайн судлалгүй ургийн овгоор баримжаалан гэрлэснээр цус ойртолт бий болдог. Учир нь 1997 онд Засгийн газрын тогтоол гарч Монгол хүн овгоо сэргээлгэхдээ буруу сэргээж будлиан үүсгэсэн аж. Яагаад гэвэл, овог гэдэг нь цусан төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл. Гэтэл өнөөдөр манай улсын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон. Төрсөн эгч дүү өөр овогтой болсон байх жишээтэй. Иймд хүмүүн бид иргэний үнэмлэх дээр байгаа ургийн овгийг гэрлэхдээ шууд цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулмаар байна.
Дээр дурдсан шууд цус ойртолтоос гадна алсуур цус ойртолт гэж бий. Тэр нь шууд цус ойртолтоо бодвол тархцын хувьд арай бага тохиолддог. Ихэвчлэн нэг нутаг нугынхан хоорондоо гэр бүл болсноор үүсдэг гэсэн үг. Дээр үед дөрвөн аймгийн тогтолцоотай байхад монголчууд хангайгаасаа говь руу, говиосоо хангай руу отор нүүдэл хийж улмаар өөр аймгийн хүмүүс хоорондоо гэрлэх боломж бүрддэг байж. Харин одоо 21 аймаг, 330 сум, 1615 багт хуваагдаж, хэт жижиг бүтэцтэй болгожээ. Энэхүү бүтцийн өөрчлөлт цус ойртолтод хэрхэн нөлөөлсөн талаар хүн судлаач Ж.Батсуурь судалжээ. Тэрбээр, “Өмнө нь алс хол, өөр аймгийн хүмүүстэй гэр бүл болдог байсан тогтолцоо бараг үгүй болж нэг аймаг, нэг сум, нэг багийнхан хоорондоо гэрлэх нь улмаар цус ойртох урьдач нөхцлийг бүрдүүлсэн юм. Нөгөөтэйгөөр, хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод ирж суурьшсан өнөө үед хөдөө орон нутгийн иргэд багасч, тэр чинээгээрээ нэг нутгийн төрөл садан хүмүүс гэр бүл болох нь ихэссэн” гэж тэмдэглэсэн байна. Гэвч бид энэхүү аюулын хэмжээнд тулгамдаад буй цус ойртолтыг ямар хэмжээнд тархацтай байдгийг мэддэггүй учир нь ил тод хэвлэл мэдээллээр ч зарлаад байдаг зүйл биш аж.
Тэгвэл бид яах ёстой вэ?

Мэдээж яг одоо засаг захиргааны бодлогоо өөрчилж, хуучных шиг дөрвөн аймгийн тогтолцоотой болго гэж төрийн эрхмүүдээс шаардахгүй нь тодорхой. Харин үүний оронд хүн амыг, тэр дундаа хүүхдүүдийг багаас нь ургийн бичиг хөтлүүлж сургах төр засгийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Дан ганц ургийн бичгээр тус асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай тул бидэнд нийгмийн соёл хүн төрөлхтөнд чухал нөлөө үзүүлдэг болохыг антропологич, судлаач Д.Бум-Очир хэлжээ. Түүнчлэн хосууд гэр бүл, үр хүүхэдтэй болохоосоо өмнө найз бүсгүй, залуугийниаа удам угсааг сайтар судлах нь зүйтэй.
Ингэснээр бид хойч үеэ өдөр тутам олширч буй, сонсоход зүрх шимширч, харахад нүд хальтрам тусгай хэрэгцээт иргэн болохоос сэргийлж, монгол хүний цусыг цэвэр ариунаар нь хадгалж үлдэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.
