“Будааны хүүхдүүд”-ийн улсад зорчсон тэмдэглэл /нэгдүгээр хэсэг/

Мөнгөн цагаан хөлөг нисэхийн дэнжийн хөөрөх зурвасаас эрчээ авч, хөвөн цагаан үүлс дунд хүрээлэгдсэн энэ аялал бол БНСУ-ыг зорьсон миний анхны аялал байлаа. Цэнхэртэн харагдах далай, үл мэдэx уулсаар хүрээлэгдсэн газрын дээгүүр нисэх нь Солонгон улс шинэхэн бөгөөд сонихон. Нислэг 2 цаг 50 минут гаруй үргэлжилсний эцэст бороотой чийг манан татсан, саарал өнгө угтах нь тэр…

Инчеоны нисэх буудал 12:50 минут

Өмнө нь савангийн дууриар эчнээ “танил” болсон Инчеоны ОУ-ын нисэх буудалд газардаж, хөл анх тавьсан мөч хэзээ ч мартагдамгүй. Энэ нь үзэж харсан зүйлдээ гайхширсандаа ч биш зүгээр л цаг уур, амьсгалах агаарын өөрчлөлттэй холбоотойгоор л сонин байдалд оруулсан хэрэг… Учир юу вэ гэвээс өмнө нь 4 улиралдаа дассан хүний хувьд будааны хүүхдүүдийн улс намайг “вакум уут”-нд хийгээд л тосч авч байгаа мэт санагдав. Агаар муу, чийглэг, манантай орчин…

Жилдээ 49 сая, өдөрт л 140 мянган хүн зорчдог энэ нисэх буудал олон хүний улмаас бүр ч их бүгчимдүүлсэн биз.

Анхны сэтгэгдэл бол нэг иймэрхүү.


Хаашаа л харна мэдээллийн жижиг төвүүд, англи болон солонгос хэл дээр бичигдсэн самбаруудыг харваас тэнд ерөөсөө ч төөрөх юм алга. Хэрвээ би энэ үед Монголд очсон гадаад жуулчин бол яах вэ гэдгийг төсөөлвөл ер нь л хэцүү санагдах нь ээ. Бидэнд тийм information center битгий хэл англи дээр зөв бичсэн зорчигч, жуулчдад зориулсан самбар нь ч байхгүй. Гэтэл Инчеоны нисэх буудал аргагүй ОУ-ын гэсэндээ ихээхэн зохион байгуулалттай санагдсан нь миний хувьд ямар ч байсан төөрөхгүй нь гэх итгэл төрүүлэв. Ингээд Инчеоны нисэх буудлаас доош цахилгаан шатаар буусны дараах миний аяллын хамгийн эхний тээврийн хэрэгсэл метро байлаа.

Аяллын тэмдэглэл нийтийн тээврийн хөгжлийн асуудлаар үргэлжилнэ

Метроны буудал руу ороход Т money карт заавал шаардлагатай. 4000 вон буюу Монгол мөнгөөр 8000 орчим төгрөг болох энэ картаар Солонгос улсад хаашаа ч явахдаа /газраар болон газар доогуур/ ашиглаж болох нь хамгийн таатай. Автобус, метро болон таксинд нь хүртэл тэрхүү карт үйлчилдэг учраас олон төрлийн үйлчилгээг нэг картаараа авах нь илүү хялбар санагдсан.

Метро, автобусаар хаашаа ч явсан 1200 вон бөгөөд дамжин суулт тухайн өдөртөө нэг удаа үнэгүй байдаг нь манай улстай харьцуулахад зөв зохицуулалтуудын нэг. Харин манайд 30 минутын хугацаа тогтоосон байдаг нь хэцүү шүү. Энд метро, автобусанд суухад хамгийн амар зүйл нь мэдээллийн дэлгэц. Автобусны буудал дээр ч тэр, дотроо ч тэр бид хаана явж байгааг байнга мэдээлж, дараагийн буудлыг хүртэл англи хэлээр зарлаж байгаа нь их амар санагдсан шүү.

Харин Сөүлийн төв хэсгээр явдаг 1, 2-р шугамын метрогоор явахад бүүр 4 хэлээр буюу солонгос, англи, хятад, японоор зарлах нь жуулчдыг метронд татах, түгжрэлгүй явах учраас байнга үйлчлүүлэх шалтгаан болдог юм байна лээ.

Солонгос улсын тухайд манайхаас нилээн эрт нийтийн тээврийн үйлчилгээг ухаалагжуулсан гэдэг. Манайх ч жилийн өмнөөс үүнийг нутагшуулж хэл амтайгаар үргэлжилж байна. Тэнд зорчигч картгүйгээр бэлэн мөнгөөр үйлчлүүлвэл задгай зоосон мөнгөтэй учраас хариултыг байнга өгдөг. Харин манайд зорчигч мөнгөө бэлдэж ороогүй бол нэг хэсэг л юм болно шүү. За далийлгүйгээр гол санаа руугаа оръё. Одоо манайд нийтийн тээврийн үйлчилгээнд оруулж ирэх нэг том зүйл бий. Анх хотын удирдлагууд нилээн ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Юу вэ гэвэл иргэн Доржийн хүлээж байгаа автобус хэдэн минутын дараа автобусны буудал дээр ирэх вэ гэх асуудал. Солонгост мэдээллийн систем өндөр хөгжиж чаджээ. Би 23 дугаарын автобусыг хүлээж байгаа тохиолдолд мэдээллийн дэлгэц дээр хэзээ ирэх хугацааг харуулсан нь автобусаа хүлээхэд их дөхөмтэй.

Gildong station

Тэгээд жолооч нар нь маш соёлтой, зорчигч бүртэй мэндчилнэ. За үүнийг Монголын жолооч нараас хүсэхгүй байяаа гэхэд тэднээс авах юм нь жолооны ард суусан л бол тамхи татахгүй, утсаар ярихгүй, хараал хэлэхгүй гээд наад захын соёл байна шүү. Үүнийгээ дагаад зорчигч нар нь ч гэсэн соёлтой. Үйлчлүүлэх бүртээ мөнгөө төлнө, картаа уншуулна, мөн оочир дараалал. Энд зорчигчид метронд суухдаа ч тэр, автобусанд суухдаа ч тэр байнга дэс дарааллаар зогсдог. Энэ нь маш эмх цэгцтэй бөгөөд хэн хэндээ дараа болохгүй гэсэн соёл гэж харж байсан юм.

Хүмүүс бие биедээ саад дараа болохыг хүсдэггүй, хүн бүрийн багаас нь суусан соёл учраас дараалал гэгч зүйл Монголд хэрэгтэй гэдгийг будааны хүүхдүүдийн зорчсон аяллаас дүгнэсэн юм.

Үргэлжлэл бий…

Like what you read? Give Davaasuren Batdelger a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.