Ногоон ирээдүйн төлөө хамтдаа

Орчин үеийн даяаршил буюу глобальчлалын нөлөөгөөр хүн ба байгалийн зохицолдолгоо алдагдан дэлхийн уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дээрх ургамал амьтны амьдрах орчин өөрчлөгдөх, хоол тэжээлийн гинжин хэлхээ алдагдах гэх мэт байгаль, хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөх, өвчлөл тархах гэхчилэн нийгмийн бүхий л давхаргад нөлөөлж байна. Нэрт эрдэмтэн Кейти Уолтер “ Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ” гэж үзжээ. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2–4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа бөгөөд хэрвээ ийм зүйл тохиолдвол жинхэнэ гамшиг болно гэж эрдэмтэд үзжээ. Гэсэн ч хүмүүс бидний өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэв маяг хүлэмжийн хийг нэмэгдүүлж, дэлхийн дулаарлыг бий болгож байгаа аж. Хүлэмжийн хий нь агаар мандалд хөөрч амархан задарч алга болдоггүй бөгөөд нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцаан ойлгож шингээдэг байна. Уур амьсгал ийнхүү дулаарч байгаа нь эрс тэрс уур амьсгалтай манай орны газар нутгийн хувьд хатуу ширүүн байдал нь зөөлрөх таатай нөхцөлийг зарим талаараа бүрдүүлж болох ч цөлжилт, байгалийн гамшгийн хөнөөл идэвхжих, усны нөөц биологийн элдэв янз байдал хомсдох зэргээр хүн, амьтан, ургамал цаашлаад улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин Монголчуудын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь байгаль эх дэлхийд хор нөлөө үзүүлэхгүй хамгийн тохиромжтой гэж судлаачид үздэг юм байна. Гэвч 1950-иад оноос хойш хотжилт эрчимтэй явагдаж нийт хүн амын 68 хувь хотод амьдрах болсон байна. Үүний сөрөг тал нь нийслэлийн гэр хороололд оршин суугчид ихэсч агаарын бохирдол бий болж тээврийн хэрэгсэл, цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэх сөрөг үр дагавар гарч байна. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн агаарын температур хур тундасны өөрчлөлтийг биш хэт хуурайшилтаас болж бэлчээрийн чанар муудаж мал аж ахуй эрхлэх таатай нөхцөл алдагдаж байна Түүнчлэн хэт дулаарснаас далайн ус халж загас жараахай устах, нарны хэт ягаан туяанаас үүдэж арьсны өвчлөл, хорт хавдар ихсэх, ундны ус хомсдоно хэмээн судлаачид үздэг байна. Манай улс усны нөөц багатай улсын тоонд ордог. Мөн манай оронд 500 шоо км эзэлхүүнтэй 3500 гаруй нуур, үүнээс 90 шоо км нь давстай мөстөлд 62,9 шоо км буюу нийт 599 шоо км гол мөрөн, тэдгээрийн газрын доорх усны тэжээл 34,6 шоо км буюу нийт 599 шоо км ус бий. 2007оны усны тоо бүртгэлээр нийт 5128 гол, горхи, үүнээс 852 нь ширгэсэн, 9306 булаг, шанд, үүнээс 2277 нь ширгэсэн,3747 нуур, тойром, үүнээс 1181 нь ширгэсэн,429 рашаан, үүнээс 60 ширгэсэн дүн гарчээ. Энэ нь ус ашиглалт ба хэрэглээ туйлын бага байгаа боловч голын сав газрын хөрс, ургамлын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагаанаас усны горим, нөөц, чанарт учруулах нөлөөлөл ихээхэн буйг харуулж байна гэж Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамнаас мэдээлжээ. Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг ч хүн амын нягтаршилт, төрөл бүрийн үйлдвэрлэл тухайлбал арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүд, цахилгаан эрчим хүч барилгын материалын үйлдвэрүүдээс гарч буй хорт хаягдал, бохир усыг Туул гол руу нийлүүлж байгаа нь цаашид ундны усны хомсдол нүүрлэх аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулах болсон.Иймээс өөрсдөөс шалтгаалах мод, ургамал тарих, хүрээлэн буй орчноо зүлэгжүүлэх, бэлчээрийн мал ахуйгаа сэргээн хөгжүүлэх,явган явах, ундаг дугуй унах цэвэр усыг ариг гамтай хэрэглэх үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах (уут, сав баглаа боодол нь байгальд 100–400 жилд устаж үгүй болдоггүй) хэрэгтэй юм. Харин мод тарих нь нүүрсхүчлийн хийг шингээж агаарыг цэвэрлэдэг төдийгүй нарны нөлөөг сааруулдаг байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өнөөдөр тэмцэх нь маргаашийн үр хойчийнхоо төлөө хийж буй үйлдэл юм.