Охиндоо бол дэлхийн оддын дайтай миний ижий

Хахир хатуу өвлийн өдрүүд алслан одож, урин дулаан хаврын улирал айлчлан ирлээ. Сэтгэлд минь гуниг дагуулж ирдэг энэ улиралд би тийм ч дуртай биш. Хайр дурлал, гоо охидоор гоёсон хаврын улиралд ижий минь л надад бодогдох юм. Махлаг бие, өргөн дух, үл ялиг гадагш эргэсэн шилбэ, богино өтгөн үс. Энэ бүх шинж нь миний ижийг энэ дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэй хэмээн бодогдуулдаг. Ирсэн л бол буцах ёстой энэ хорвоогийн жамаар одоогоос таван жилийн өмнөх эх үрсийн баяраар бурхан ижийг минь аваад одсон.

Даван гаталж болдоггүй хоёр өөр ертөнцийн тэр хил заагийг үг хэл хийгээд дуу хоолойгоор гэтэлж болох эсэхийг үл мэднэ. Гэхдээ үрийнхээ сэтгэлд оршино гэдэгт хэзээ ч эргэлзэхгүй ээ ижий минь. Есөн нас хүртлээ ээжтэйгээ амьдарч тэрнээс хойш бид утсаар л холбогддог болсон. Аав ээж минь бага насанд минь хоёр тийш болсон юм. Амьдралынхаа туршид ээж минь дуучин байсан юм. Чөлөөт уран бүтээлч. Тив дэлхийд нэртэй дуучин байгаагүй ч охиндоо бол дэлхийн од.

Монголчууд бид хүн ээжийнхээ ачийг хариулж бардаггүй юм гэж ярьдаг. Хариулж барах ч аргагүй агуу юм.

Миний охин дуучин болоорой хэмээгээд амьсгал хураасан нь одоо ч нүдэнд харагддаг. Харин миний багын мөрөөдөл бол Сэтгүүлч болох. Одоо энэ мөрөөдөлдөө хүрэхээр мацаж явна. Үүнийхээ хажуугаар ээжийнхээ эцсийн хүслийг нь биелүүлэх, гүйцэлдүүлж чадаагүй бүхнийг нь үргэлжлүүлэн явах алхмыг би бага багаар хийж эхлэсэн. Ижийнхээ дайтай дуулах чадвар надад хомс ч энэ амьдралын минь зорилгод дуучин болох цаашлаад чадварлаг сэтгүүлч болох чин хүсэл бий. Магад ирээдүйд зорилгодоо хүрээд хэзээ нэг өдөр ижийнхээ байгаа газарт нүүр бардам хийсэн бүхэнтэй очно. Бүлээн уруул, дулаан цээжийг нь дахин нэг мэдрэх тэр мөчид магад би дэлхийд данстай дуучин болсон байх ч юм бил үү. Миний охин заавал өндөр боловсролтой байх албагүй. Харин хүнийг хайрлах сэтгэлтэй хүн болж төлөвших нь хамгийн дээд боловсрол гэж байнга хэлдэгсэн. Ижийгээ амьд сэрүүнд нь аяга хоол хийж өгч хааяа ч болов таньдаа хайртай шүү гэж хэлж чадаагүй дээ байнга харамсах юм. Хажууд нь байхад хайхардаггүй мөртөө нүүдлийн шувуу шиг үдлээд буцахад нь бүү харамсаарай. Хайртай гэж хэлээд эргэж харалгүй яваарай. Нүдэндээ нулимстай баярлаж үлддэг юм шүү гэж ах минь хэлж байсан. Гэхдээ энэ үгийг хэлэхэд аль хэдийн оройтсон байсан. Эх үрсийн баяраар баярлуулах ижийгүй ч элэг бүтэн нэгэнд нь атаархан суух сэтгэл надад үгүй. Миний ижий сэтгэлд минь үүрд оршин бий гэдэгт итгэдэг.