Та аав ээж мөн үү?

Хаврын жихүүн өдрүүд дөнгөж эхлэж байх үе. Ээждээ тэврүүлсэн таван настай дүү маань үүдээр орж ирэв. Амралтын өдрөөр манайхаар хөл хөдөлгөөн ер тасардаггүй л дээ. Харин ойрын хоёр жилд зочилж ирээгүй энэ хоёр хүнийг сонихон угтаж авлаа шүү. Дорноговь аймагт аж төрдөг тэрбээр жилдээ нэг эсвэл хоёр удаа л хотыг зорьдог. Цөлжилт ихтэй говь учраас хавартаа улаан шороо нүүр нүдгүй дэгдэж хүн мал явахын эцэсгүй болдог учраас хаврын хавсарганаас үүдэж хотод гурав хонох шаардлагатай болсон гэнэ. Айлын бага болоод ч тэр үү хүүхэд харвал өөрийн дүү шигээ санан эрхлүүлэх хүсэл төрөх нь тэр. Гэтэл ухаалаг утас харвал тоглоно гэж эхрэн орилох нь харин жигтэйхэн эгдүүцэл төрүүлэв. Миний багад ухаалаг утас битгий хэл өнгөт телевиз ч гэрт маань байгаагүй тэр үед ижий аавын минь үг л амьдралыг харах цонх болдог байж. Ажаад байх нь ээ ээж нь авна гэсэн бүхнийг авч өгдөг хүүхдээ уйлуулах нь битгий хэл уйлан алдах төдийд л ухаалаг утасаа өгөх нь тэр. Утсаар яриулахгүй тоглоно гээд байгаа болохоор хүүхэддээ IPAD авч өгнө гэж ярьж байх юм. Хүүхдээ эд зүйл авна гэж уйлахад нь аргадаад буруу гэдгийг нь ойлгуулчих ухаан дутмаг байгаа нь харамсалтай. Уйлж байж хүн болдог гэж ярих нь ч бий. Наад зах нь таван настайгаасаа утсаар цаг наргүй тоглож байгаа хүүхдийн эрүүл мэндэд муугаас гадна нийгэмшиж чадахгүй бусадтай харилцах чадамжгүй болно шүү дээ.

СЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн сувилагчдын хэлж буйгаар: Хүүхдүүд хоёр нас хүрэвүү үгүй юу гар утасны тоглоомоор тоглож байна. Тоглоомонд донтох эхлэлийг эцэг эхчүүд бий болгож байна. Хүмүүсийг ажиглахад миний хүү надаас илүү юм, гар утасны функц руу ороод, интернэтээс дуу сонсч, тоглоомоор тоглож байна гэдэг. Ингэж эрхлүүлсээр нөгөө хүүхэд нь утсаар тоглохгүй бол уурлаж уйлдаг. Ааш зан нь өөрчлөгдөхөөс эхлээд хорт муу зуршилтай болгодог. Тиймээс хүүхдээ тоглоомонд донтсоны дараа биш өмнө нь сэргийлэх нь чухал хэмээжээ.

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил байж мэдэх. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн муу хүн болж өсчих гээд байдаг. Ийм учир жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхийн ур ухаан, хичээл зүтгэл шаардах нь дамжиггүй.

Цагаан сарын үеэр дээрх хүүхэдтэй нас чацуу хүү аавтайгаа зочилон ирсэн юм. Мөн л ухаалаг утаснаас уяатай. Түүнээс гадна дураараа юм бүхэнд эгдүүцэн уйлна. Аав нь утсаараа ярих эрх байхгүй, байнга хүүхэлдэйн кино үзэж тоглоом тоглож байх юм гэнэ. Робот эсвэл машинаар тоглодоггүй байнга л утсаар тоглодог юм гэсэн. Орчин үед эцэг эх нь хүүхдийнхээ боол нь болсон гэж ярих нь хэрэггүй хоосон үг биш бололтой. Хүүхдийн суурь хүмүүжил гэр бүлийн орчинд бий болдог. Эцэг эхийн мэдлэг дутмагаас хүүхдийн зан араншин эвдрэх эцэг эхээ боол мэт үзэх, үл тоох хандлагатай хүүхэд бараг айл бүрд бий гэхэд хэлсдэхгүй.

Хүүхдийн хүмүүжлийн тал дээр гэр бүл судлаач Л.Нарантуяа хэлэхдээ: Эцэг эх нь хүүхэддээ амьдралд олон олон бэрхшээл бий гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ нь чиний аз жаргалд хүрэх гишгүүр юм аа гэж мэдрүүлэх нь чухал. Тэрхүү бэрхшээл гэгчийг давж байж аз жаргал, амар амгалан, хүсээд буй баян тансаг, элбэг дэлбэг амьдрал ирнэ гэдгийг ойгуулах нь чухал гэжээ.

Өнгөрсөн сард авга ахындаа зочиллоо. Тэднийх юнивижн хэрэглэдэг. Хоёрдугаар сарын нэгнээс эхлэн юнивижн үйлчилгээндээ сарын дата багцын хязгаар тогтоож эхэлсэн. Гэтэл үүнийг эсэргүүцэх иргэд цахим ертөнцөөр нилээн шуугсан. Харин манай авга ахын гэр бүлд бол эсэргээрээ. Анх хязгааргүй интернет хэрэглэдэг байхдаа хүүхдүүдээ гар утаснаас холдуулж хориглож чадахгүй байсан. Хэрэглээний хязгаар тогтоосны дараа төлбөр их гарснаас үүдэж хүүхдүүдийнхээ интернет орчинг хязгаарлаж сураад байгаа хэмээн ярив. Сүүлийн үед дундад азид нүдний хорт хавдар түүний насжилт их залуужиж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь ухаалаг утас, таблет, зурагтыг хэт удаан үзэх ялангуяа харанхуйд үзсэнээс үүдэлтэй гэнэ. Насжилтын хувьд бага болон өсвөр насны хүүхдүүд ухаалаг утсыг түлхүү хэрэглэж байгаа гэжээ. Саяхан Хятад улсад 40 настай залуу нүдний хорт хавдар туссан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархаж байсан. Хэрвээ бид эртнээс анхаарахгүй юм бол ийм аюул таны хүүхдэд тун ойрхон байна.

Хүний бие гэнэт мууддаг уу? гэвэл үгүй өдөр тутмын дадал зуршлаас л үүддэг. Утасаар тоглох хэрэглээг нь хязгаарлах, хүүхэддээ үлгэр уншиж өгөх, хөгжмийн дугуйлан секцэнд хамруулах гэх мэт олон аргаар хүүхдийг хүмүүжүүлэх нь эцэг эхийн мэдэх асуудал.

Зарим нь хүүхдүүдийнхээ дэргэд архи уух, агсам согтуу тавьж, хараалын үг урсгах, хүүхдээ зодож жанчих зэрэг үйлдлийг гэр бүлийн орчинд гаргадаг. Боловсролтой, ухаантай эцэг эх хэзээ ч ийм үлгэр дуурайлал үзүүлэхгүй. Номын дуу сонсохын хэрээр хүнд төлөвшил тогтдог гэдэг. Тэгэхээр эцэг эхийн мэдлэг боловсролоос шалтгаалж хүүхдийн хүмүүжил тогтдог байж болох. Энэ мэтчилэн гэр бүлийн орчинд хүүхэд төлөвшиж бий болдог гэдгийг ухамсарлаж үр хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээрээр бус үг хэлээрээ үйл хөдлөлөөрөө үлгэр жишээ байж зөв хүн болгож өсгөх нь нэн чухал асуудал. Хүүхдүүд өөрөө ухаалаг байх ёстой болохоос биш ухаалаг утасны боол нь болох ёстой биш.