Дотно алсын дурсамжит эргүүд
Бусад өдрүүдийн л адил энгийн нэг ажлын өглөө “Монгол, Бразил хоёр улс харилцан 90 хоног визгүй зорчихоор боллоо” гэсэн гарчигтай мэдээ намайг тэгтэл их догдлуулна гэж санасангүй. Би христийн шашинтай биш хэдий ч дэлхийн хамгийн алдартай Христийн хөшөө, хөлбөмөгийн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнтэй далайн эргүүд гээд Бразилийг гайхалтай болгосон олон зүйлсийг очиж үзэхийг өөрөө ч санахааргүй эртнээс мөрөөдөж эхэлсэн байв.
Монголоос Бразил руу явах хамгийн дөт бөгөөд хямд зам Туркийн Истанбулаар дамжин Сан Пауло орох гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан бол Бразил очоод ямар, ямар хотуудаар зочлохоо сонгох нь ээдрээтэй байлаа. Учир нь Бразил бол Латин Америкийн хамгийн том газар нутагтай, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс тул 14 хөн хоног аялах надад цаг, мөнгө хэмнэх мөртөө үзэх зүйлийн жагсаалтаа гээгдүүлэхгүй байх хосолсон маршрут хэрэгтэй байсныг хэлэх илүүц биз. Хангалттай удаан бодсоны эцэст Рио-де-Жанейро хотод 8, Игуасу хүрхрээд 3, Сан Пауло хотод 3 хоногийг өнгөрөөхөөр болов. Хэдийгээр хамгийн гоё далайн эргүүдтэй хотууд болох Салвадор, Натал зэрэг нь Бразил улсын хойд хэсэгт байвч Аргентин Бразилийн хил дээрхи дэлхийн хамгийн том хүрхрээ Игуасуг үзэх сонголтонд байраа тавьж өгч, ард үлдсэн юм.
Анх Бразил явах гэж байгаа тухайгаа хүмүүст хэлэхэд тэдний амнаасаа унагадаг эхний үг нь ‘аюултай’, түүнээс цаашлаад гэмт хэргийн эх орон биздээ, дээрэмдүүлбэл яана, азиудад дургүйшдээ, саяхан нэг япон жуулчин буудуулж нас барсан гэх мэт байлаа. Эхэндээ гайгүй байх гэж бодож байсан ч хүмүүс бүгд санаа зовсон байдалтай нэг л зүйлийн талаар ярьж байсан болохоор олны үг ортойг бодоод дотроо айдастай байснаа нуух юун. Гэхдээ л ийшээ явахад аюултай, тийшээ зоривол эрсдэлтэй гэх тоолонд үнэмшээд байвал бид Бразил цаашлаад хаашаа ч явахгүй байх л даа. Тиймээс “сайхан санаа биш байна” гэж хэн нэгэн хэлсний төлөө өөрийн биеэр үзээгүй хүсч байгаа зүйлээ битгий орхиорой. Бразилийн аялалд маань ямар нэгэн дээрэм, хулгай (далайн эрэг дээр углаашаа эзэнгүй орхиж явснаас болоод алдсанаас бусдаар) зэрэг азгүй явдал тохиолдоогүй гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Зарим хэсгүүдэд (ядуусын хороолол — Favelas, автобусны буудал гэх мэт) эвгүй сэтгэгдэл төрж байсан ч анхаарал сэрэмжтэй, болгоомжтой байсан тул аюул осол дайраагүй билээ. 2010 оноос хойш Бразилийн Засгийн Газар аюулгүй байдлаа сайжруулах эрчимтэй арга хэмжээ авч эхэлсний хүчинд аюулгүй байдлын индексээрээ 2008 онд 128-д жагсаж байсан бол 2013 онд 73-т болж урагшилжээ. Эцэст нь хүмүүс Бразилийн аюулгүй байдлын талаар хэтрүүлж ярьдгийн мэдсэн бөгөөд булан тойроод л цагдаагийн машин таныг хамгаалахад бэлхэн зогсож байх болно.
Таньд заналхийлэх жинхэнэ бөгөөд бодит аюул нь шумуул. Шумуулаар дамжин халдварлах хумхай, шар халуун, чичрэг зэрэг өвчнөөс эм уух эсхүл вакцин хийлгэн сэргийлж болох боловч одоохондоо зика вирусны эсрэг ямар нэгэн вакцин гараагүй байгаа билээ. Гэхдээ та бидний мэдэхээр зика вирусын аюул нь жирэмсэн эмэгтэйн урагт дамжин халдварлаж жижиг тархитай хүүхэд төрөхөөр илэрч байгаагаас бусдаар жирэмсэн биш хүмүүст одоогоор илэрсэн гаж нөлөө байхгүй байна. Хэдийгээр Бразилийн эрх бүхий байгууллагаас 2016 оны 8 дугаар сард зохиогдох Олимпийн үеэр тус оронд өвлийн улирал болдог тул шумуулаар дамжин халдварлах эрсдэл бага гэж тайлбарлаж байгаа ч тэдний өвөл нь Монголын зуны улиралын темпратуртай бараг адил тул хэрвээ та жирэмсэн эсхүл хүүхэд олохоор төлөвлөж байгаа бол Бразил руу аялах тухайгаа дахин нэг бодож үзээрэй.
Хүсэл дундах Рио
Сан Паологийн дараа орох Бразилийн хоёр дахь том хотод та хэд хонох байлаа ч уйтгарлах завгүй байх нь ойлгомжтой. Учир нь энэ бол Рио-де-Жанейро.
Жуулчин бүрийн Бразилд үзэх зүйлсийн хамгийн эхний жагсаалтанд итгэлтэйгээр бичигдэх Рио де Жанейро хотын Корковадо уулын оргилд байрлах аварга хөшөө “Нүгэл арилгагч Христ” (Cristo Redentor) нь Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг билээ. Роигийн бэлгэ тэмдэг болсон энэхүү сүрдэм хөшөө рүү очихын тулд та уул өөд өгсөх трамын тасалбарыг 2 талдаа 25000 төгрөгөөр худалдаж авна. Хэрэв та португал хэлтэй бол билетээ онлайнаар захиалах боломжтой. Корковадо уулын трам нь өглөөний 8:30 аас эхлээд 30 минут тутамд хөшөө рүү хөдөлдөг бөгөөд билетийн урт дарааллаас зайлсхийхийн тулд өглөөний 7:00–7:30 гэхэд таксигаар (Риогийн такси нь бүгд тоолууртай найдвартай бөгөөд аюулгүй, өглөө түгжрэлгүй үеэр тооцвол 1км нь 1000 төг орчим) уулын энгэрт буюу тасалбар түгээгүүрийн газарт очихийг зөвлөе. Хэрэв таны байрлаж буй газар хол зайтай бол автобусаар бас очиж болно. Эрт очсон ч трамын тасалбарын урт дараалалтай, эсвэл өдрийн 12 хүртэлх бүх тасалбар зарагдсан байж магадгүй. Гэхдээ санаа зоволтгүй. Учир нь тэндээс уулын оргил руу shuttle bus буюу жижиг автобус 5 минут тутамд явдаг. Хамгийн чухал нь та өмнөх өдөр нь маргаашийн цаг агаарын байдалтай сайтар танилцаарай. Бороотой, үүлтэй болон манантай өдөр тэр бүх замыг туулж 220 шат (хүсвэл цахилгаан шатаар) дээш өгсөн уулын оргилд гарсны дараа хөшөөний нүүр, эсвэл бүтэн бие нь тод харагдахгүй байх эрсдэлтэй. Хэрэв цаг агаар цэлмэг сайхан бол 38 метрийн өндөртэй Христийн хөшөө таныг дэлгэсэн гараараа дулаахнаар утгаж авах ба та эндээс Риог бүхэлд нь дээрээс нь харах боломжтой.

Би хувьдаа “Чихрийн овооны уул” (The Sugar Loaf Mountain) –ыг Риод үзсэн зүйлүүдээс хамгийн шилдэг нь гэж тодорхойлсон. Энэ уулын орой дээр гараад та Христийн хөшөөг холоос харахтаа зэрэгцэн Риог бүхэлд нь (гайхалтай далайн эргүүд, цэнгэлдэх хүрээлэн, ядуусын хороолол) харах боломжтой. Фото зураг сонирхогчдийн хувьд энд та сайхан зураг авна гэдэгтээ найдаж болно. 33000 төгрөгийн үнэ бүхий тасалбараар энэ уул руу шилэн лифтээр (cable car) гарах ба хоёр ч зогсоолтой. Эхний зогсоол нь Morro da Urca, хоёр дах нь Чихрийн овооны уулын оргил. Энэ хоёр зогсоол нь Христийн хөшөөнөөс илүү сэлүүн зай талбайтай, хүмүүсийн бөөгнөрөл төдийлөн их биш тул худалдан авалт хийхэд тохиромжтой газар. Та энд өдрийн хоолоо, бас өөрийн хүссэнээр элдэв жимс хольсон зайрмаг амталж болно. Хэрэв та адал явдалд дурлагч бол 150000 (хүсвэл илүү үнэтэй 30 болон 60 минутын аялал ч байж болно) төгрөг төлөөд нисдэг тэрэгээр 15 минут аялаарай. Зарим хүмүүс шөнийн Риог харах нь илүү үзэсгэлэнтэй гэж үздэг тул оройн цагаар гардаг юм билээ.

Чилийн уран бүтээлчийн бүтээсэн Селароны шигтгэмэл пилтан дээрх тус бүр нь өөр өөр утгыг илэрхийлэх дэлхийн 60 гаруй орны бэлгэ тэмдгийг зурсан 215 шатаар дээш өгсөх нь тун тааламжтай. жуулчдын очих дуртай, Санта Терезад байрлах “Селароны шатнууд” (Escadaria Selarón) нь ядуусын хорооллоор хүрээлэгдсэн байдаг тул анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Ер нь аюултай гэсэн мэдрэмжид хүлэгдэхийг хүсэхгүй байгаа бол та таксигаар явж болно. Та яаж ч явахаар шийдсэн байлаа, заавал очиж үзэх ёстой түүх, урлагийг шингээсэн онцгой газрын нэг бол энэ шүү. Эндээс та гар урлалаар хийсэн дахин давтагдахгүй өөрийн хүссэн ээмэг, бугуйвч, бэлэг дурсгалын зүйлсийг өргөн сонголттойгоор үнийг нь харилцан тохиролцож аваарай.

Мэдээж Риог бас таны амралтыг далайн эргүүд, нарны үнсэлтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Риод хэдэн автобусны буудлын зайтай цувран орших, бүгд өөрийн гэсэн онцлогтой Leme, Copacabana, Ipanema, Leblon зэрэг далайн эргүүд бий. Миний хувьд хамгийн цэвэрхэн, залуу хүмүүсээр дүүрэн эрэг нь Ipanema байсан. Гэхдээ хоорондоо ойрхон учраас та өдөр бүр өөр өөр эргүүдэл очсон ч болно. Далайн давалгаа “барих”-аар явахдаа эд зүйлсээ эзэнгүй орхих нь хэн нэгэнд зүгээр өгөхөөр шийдсэнтэй адил хэрэг болно. Далай хэдийгээр сайхан ч сэтгэл эмзэглэм олон гуйлгачинтай нүүр тулахад сэтгэл санаагаа бэлэн байлгаарай. Эдгээр далайн эрэгт зочлоход ямар нэгэн үнэ төлбөргүй.

Та хөлбөмбөгийн галзуу фэн биш байлаа ч 1950 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд зориулан баригдсан “Маракана цэнгэлдэх хүрээлэн” (Maracanã Stadium) цэнгэлдэх хүрээлэнг заавал үзээрэй. Цэнгэлдэхийн доторх танилцуулга, бэлэг дурсгалын дэлгүүр, дэлхийн аваргын цомыг барьж байгаагаар дүрс бичлэг хийлгэх зэрэг таньд хэрэгтэй бүхэн энд бий. Мөн “Maua талбай” (Maua square) талбайгаар ороод гарахад гэмгүй. Тэндээс ‘Риогийн урлагийн музей (Museu de Arte do Rio)’ болон ‘Ирээдүйн (Tomorrow Museum) музей’ зэрэг нь ойрхон байрладаг.

Жагсаалтынхаа дараагийн хэсэгт Аргентин, Бразилийн хилийн зааг дээр оршин дэлхийн байгалийн долоон гайхамшигийн нэг Игуасу голын Игуасу хүрхрээг оруулъя. Зөвхөн үүнийг үзэхээр Бразил, Аргентин руу явдаг жуулчид цөөнгүй. Хүрхрээний нэр нь “Том ус” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд алдарт Ниагарын хүрхрээнээс ч өндөр, 275 жижиг хүрхрээг нийлүүлсэнтэй тэнцэх байгаль эхийн бүтээсэн аварга том усан байгууламж юм. Энэ гайхамшгийг үзэхээр бид Рио-де-Жанейро хотоос Фоз ду Игуасу хотыг (1200км) зорьсон юм. Та хэрвээ онгоцоор явах бол билетээ аль болох эрт захиалаарай. Учир нь орон нутгийн нислэг Бразилд үнэтэй (500.000–2.000.000 төгрөг) байдаг юм билээ. Энэ хот жижигхэн учраас 2 хоноход л хангалттай санагдсан.

Бүтээлийн хот Сан Пауло
Энэ хот хориод сая хүн амьдардаг гэхээр хэр том хот болох нь таньд төсөөлөгдөж байгаа байх. Ямар сайндаа л баячууд нь замын түгжрэлээс залхахдаа нисдэг тэргээр явдаг байхав дээ. Булан эргэх бүрт ямар нэгэн содон зүйл хүлээж байдаг нь энэ хотыг онцгой болгоно.
Юун түрүүнд Паулиста өргөн чөлөөнд байрлах 1947 онд байгуулагдсан энэ музей нь жуулчдын хамгийн ихээр очдог Sao Paulo Museum of Art –г зорих хэрэгтэй. Тасалбарыг 13000 төгрөгөөр үүдэнд нь худалдаалах бөгөөд ороод үзэх үзмэрийг үгээр илэрхийлэхэд хангалтгүй. Хэрэв та Дуу хуур, самба, графит сонирхдог бол энэ хотын Вила Маделина хэсэг рүү очихыг зөвлөе.
Риогийн аялалынхаа эцэст бид ертөнцийн нөгөө өнцөгт орших нэгэн гайхамшгийг нээсэндээ сэтгэл хангалуун үлдсэн юм. Хэзээ нэгэн өдөр тантай “Maya” талбайд уулзах ч юм билүү. Амьдрал гэдэг гэнэтийн явдлаар дүүрэн шүүдээ.
Доорхи линкээр орж бидний аялалын бичлэгийг сонирхоорой :-)