"Дэлхийн од мэт"

Энэтхэг найз маань санал болгосны дагуу энэ киног үзээд дундуур нь мэлтэлзээд л байлаа. Маш энгийн юм шиг мөртөө амьдралд чухал сэдвийг хөндсөн байх юм. Англи нэр нь "Like Stars on Earth" . Миний бодлоор хүн бүхэнд өөрийн гэсэн давтагдашгүй чанар, өөр өөр авъяастай төрдөг. Хүүхэд байх үед л энэ бүхэн тодоор илэрч гарч байдаг билээ. Ямарваа нэг давтсан хэв загварт баригдаагүй, цоо шинэ ертөнцийг харах үзэлтэйн учир сэтгэх хийх бүр нь ондоо. Тэд бүгдл бидний одоо анзаархаа байсан жаахан зүйлийгч болов анзаарч хамгийн энгийн зүйлсээс баяр бахдал сэтгэлийн ханамжийг олж авч чаддаг. Хүүхэд гэдэг эмзэг тийм мөртөө хамгийн гайхамшигтай ертөнц. Түүний юү хэлэх гээд байгаа юүг хийхийг хүсч байна тэр болгоныг нь эцэг эх ах эгч эргэн тойронд байгаа хүмүүс нь сайн ажиглаж болгоомжтой харилцаж байх хэрэгтэй. Тэднийг ойлго, ойлгохыг хичээ. 
Аав ээж хоёр минь миний багад ямар ч үед хэлэх ярих гэсэн бүхнийг их анхаарал тавьж ханддаг байсан юм. Тэд сонсдог тэгээд надтай нээлттэй ярилцдаг байлаа. Бас худлаа хэлж л болохгүй аав ээж 2 нь чамайг хамгаас илүү ойлгож хамгаас илүү чиний төлөө зөвлөгөө өгнө шүү дээ гэдэг байлаа. Энэ бүх итгэл хайр хүүхдэд өөрийгөө нээх, илэрхийлэх мөн аав ээжийнхээ итгэлийг алдахгүй гэсэн хүсэл зорилгыг бадрааж өгдөг байх. 
Хичнээн хүүхэд аав ээжтэйгээ ойлголцохгүй, эргэн тойрондоо ойлгогдохгүй дотроо шаналан ирээдүйн яг л нөгөө нэг цутгасан хэв рүү цутгагдаж замдаа өөрийн өвөрмөц гайхам чанарыг гээж байдаг бол? Бид заримдаа их л ганцаардаж хэн ч биднийг ойлгохгүй танихгүй гариг дээр байгаа мэт шаналах үе байдаг шүү дээ. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүүхэд яг адилхан гэхдээ биднээс хавь илүү дарамтанд ордог. Зарим аав ээж хүүхдийнхээ төлөө гэсэн мөртөө эгээ л нөгөө цутгамал сэтгэлээрээ бодож, эсвэл өөрийнхөө аль нэг насандаа хийе гээд амжаагүй зүйлээ хүүхдээрээ биелүүлэх гэж шахах үе байдаг. Хувь хүний үзэл бодол сонирхол бүхэн адил байдаггүй учир энэ нь том хагаралдаан үл ойлголцлийг бий болгодог. Би хийж байгаа зүйл, эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл дундуур байдаг олон хүнтэй таарч байсан. Ихэнх тохиолдолд тэд хэн нэгэн ойрын хүний хүслийг дагаж тухайн мэргэжил замыг сонгосон байдаг. Хүүхдээ сайн ажиглаж анхаарч байгаарай. Түүнтэй ярилц сонс ойлгохыг хичээ. Тэгээд юү сонирхолтой юүнд авъяастай байна түүнийг нь л сайшааж урамшуулж хөгжүүлж байгаарай. Та сонирхлынх нь дагуу залаад залуурдаад явж болно шүү дээ. Хүүхэд өөрийгөө нээж олох тусмаа хичнээн гайхам сайхан бахдмаар болохыг та анзаарах болно. Өдрөөс өдөр хөгжсөөр дэлхийд гэрэлтэх од мэт гялалзаж өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун бусдыг бас хайрлаж хүндэлдэг нэгэн болох юм шүү.. амьдралд өөрийн тань хүүхэд жаргалтай байхыг хархаас илүү үнэтэй зүйл байдаг бил үү?

Б.Энхгэрэл