What is Scrum?

Программ хангамжийн хөгжүүлэлтийн үйл явцад асар их цаг хугацаа, харилцаа холбоо, шинэчлэлт засварууд хийгдэж байж захиалагчийн хүсэлд нийцсэн эцсийн хувилбар нь амжилттай бүтээгддэг билээ. Тиймээс ч хэрэглэгчдийн хүссэн програм хангамжийг амжилттай бүтээхэд менежментийн ур ухаан шаардагдах болсон юм. Иймд, “Скрам” гэх аргазүй нилээдгүй түгэн дэлгэрсэн бөгөөд энэ удаагийн бичвэрээр энэхүү ойлголтын хүрээнд хэрхэн шаламгай (agile) байж, өндөр бүтээмжтэйгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжинд нийцсэн програм хангамжийг бүтээх аргазүйн талаар хуваалцъя. Програм хангамжийн хөгжүүлэлт гэж хязгаарлалгүйгээр СКРАМ нь одоогоор бизнесийн байгууллагуудад ихээр ашиглагдаж байна. Ингээд шаламгай (agile) байцгаая!


Хөгжүүлэгчдийн хэрэглэж заншсан уламжлалт арга барилууд онолын хүрээнд ихээхэн судлагддаг хэдий ч практикт энэ арга барилаас татгалзах болж програм хангамжийн шалмаг аргазүйг ашиглах болжээ. Учир нь энэхүү аргачлал нь хөгжүүлэгчдийн харилцан солилцсон мэдлэг, туршлага дээр үндэслэн богино хугацаанд хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэхэд тусладаг юм.

Салбар бүрт уламжлалт, шат дамжлага ихтэй арга барилуудаас аль болох татгалзаж шаламгай, хэвтээ тогтолцоот арга барилуудыг ихээхэн ашиглах болсон нь ганц програм хөгжүүлэлтэнд ашиглагдах бус бизнесийн загварчлал, төлөвлөгөөнд далайцтайгаар нөлөөлөх болжээ.

Шаламгай, хэвтээ тогтолцоо нь цаг болон зардлыг хэмнэж, хоорондын харилцаа холбоог сайжруулж, эцсийн зорилгод илүү бүтээмж өндөртэй замаар хүрэхэд тусладаг.

Скрам ухагдахууны хүрээнд ойлгох шаардлагатай түлхүүр ойлголтуудыг энд тайлбарлалаа.

Scrum Framework

Скрам баг гэж юу вэ?

Scrum Team Roles

Скрам баг нь өөрөө өөрийгөө зохион байгуулдаг бөгөөд хэвтээ функц бүхий бүтэцтэй байдаг. Өөрийгөө зохион байгуулах чадвар бүхий баг нь хамгийн сайнаар хэрхэн өөрсдийн ажлаа амжилттай гүйцэтгэхийг сонгодог бөгөөд хэвтээ функц бүхий багт хэн нэгнээс хамаарахгүйгээр ажлаа амжилттай дуусгах бүхий л чадамжууд байдаг.

Скрам үйл ажиллагаа гэж юу вэ?

Скрам үйл ажиллагаанууд нь програм хангамжийн хөгжүүлэлтийн явцад шаардлагагүй уулзалтуудыг багасгаж уулзалтуудын давтамжийг байнгын бөгөөд тогтмол байлгах зорилготой юм. Үйл ажиллагаа бүр өөрийн гэсэн цаг хугацааны хувьд хязгаарлалттай байх ба тухайн үйл ажиллагаанд зарцуулах хамгийн их цаг гэж өгөгдсөн байдаг. Скрам үйл ажиллагаанд дараах арга хэмжээнүүд багтана. Үүнд:

  1. Спринт (The Sprint)
  2. Спринт төлөвлөгөө (Sprint Planning)
  3. Өдөр тутмын скрам уулзалт (Daily Scrum)
  4. Спринт дүгнэлт хийх уулзалт (Sprint Review)
  5. Спринт өнгөрснөө эргэж харсан уулзалт (Sprint Retrospective)

  1. Спринт (The Sprint)

Скрамын хамгийн гол ухагдахуун нь Спринт юм. Тухайн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажлуудыг багцлан 1 сар болон түүнээс баг хугацаанд амжилттай хийж дуусгах ажлуудын цогц юм.

2. Спринт төлөвлөлт (Sprint Planning)

Нэг сарын турш хийгдэх Спринтийн өмнө Скрам баг буюу багийн бүх гишүүд хамгийн ихдээ 8 цагийн уулзалт хийж тухайн спринтийн төлөвлөлт хийх юм. Тодорхой асуултуудад хариулснаар спринт төлөвлөлтийн үр дүн гарна.

3. Өдөр тутмын скрам уулзалт (Daily Scrum)

Хөгжүүлэлтийн багийн дараагийн 24 цагийн турш хийгдэх ажлуудын талаар ярилцах 15 минутын өдөр тутмын босоо уулзалт юм. Энэ уулзалтаар ч мөн адил хариулах шаардлага бүхий асуултуудыг ярилцах хэрэгтэй.

4. Спринт дүгнэлт хийх уулзалт (Sprint Review)

Тухайн спринт дуусах тутамд хамгийн ихдээ 4 цагийн уулзалтыг скрам багийн хэмжээнд хийгдсэн ажлуудаа дүгнэн ярилцах уулзалт юм. Бүтээгдэхүүний хийгдэх ажлууд хэрхэн хийгдсэн, “Done” болсон эсэхийг нягтална.

5. Спринт өнгөрснөө эргэж харсан уулзалт (Sprint Retrospective)

Спринт дүгнэлт уулзалт хийгдсэний дараагаар аливаа алдаа, ололт, цаашдаа анхаарч ажиллах зүйлүүд болон өөрсдийн сэтгэгдлийг харилцан ярилцах замаар хийх 3 цагийн уулзалт юм. Үүнд хамтарч ажиллахад гарч буй бэрхшээл, ажлын харилцаануудын талаар мөн ярьж илүү өндөр бүтээмжийг эрэлхийлэх юм.

Скрам дүрслэл

Скрам дүрслэл гэдэг нь тухайн програм хангамжийн талаарх дүрслэлийг бий болгож захиалагч буюу хэрэглэгчдэд болон хөгжүүлэлтийн багийн гишүүдэд ижил түвшний мэдээлэл хүргэх зорилготой юм.

  1. Бүтээгдэхүүний хийгдэх ажил (Product Backlog)

Тухайн програм хангамжинд шаардагдах бүхий л зүйлс болон шаардлагуудын жагсаалт юм.

2. Спринт хийгдэх ажил (Sprint Backlog)

Бүтээгдэхүүний хийгдэх ажлуудыг ангилан Спринт болгож Спринтийн зорилгыг тодорхойлон эцсийн бүтээгдэхүүнд төлөвлөгөөний дагуу өсөлт авчрах багц юм.

3. Өсөлт (Increment)

Өсөлт нь Спринтийг хэрэгжүүлэх явцад гүйцэтгэсэн бүхий л бүтээгдэхүүний хийгдэх ажлуудын нийлбэр бөгөөд өмнөх Спринтүүдийн нийт үнэ цэнэ юм.


Ирээдүйн чиг хандлага

Уламжлалт, нэгэн хэвийн, тайлагналын болон шийдвэр гаргалтын шат дамжлага ихтэй, хариуцлагын тогтолцоогүй болон цаг идсэн загварчлал, систем, бүтцээс аль болох эртхэн ангижирч өндөр бүтээмж, ажил хэрэгч уулзалт, харилцан итгэлцэл, үр дүнгийн төлөөх хамтын ажиллагааг дэмжсэн аливаа системийг сонгон хэрэгжүүлэх цаг хэдийн иржээ.

Шаламгай, хэвтээ тогтолцоо нь бизнесийн загварчлалд хүртэл хэрэгжиж эхэлсэн билээ. Business Canvas Model нь бизнесийн төлөвлөлтийг илүү үр дүнтэй болгож, нуршуу ач холбогдол багатай төлөвлөлтийн тогтсон загварыг “Lean” болгож маш их цагийг хэмнэж байна. Төслийн бизнес болон санхүүгийн төлөвлөгөөг бага хугацаанд харьцангуй өндөр бүтээмжтэйгээр гол асуудлуудын хариултыг бэлтгэн харуулах боломжтой болж байна.

Цаашид шаламгай, хэвтээ загварын тогтолцоонууд бүх салбарт бүхий л хэрэглээ болон менежментийн түвшинд ноёрхох нь дамжиггүй биз ээ.

Дараа дараагийн бичвэрүүдээр дээр дурдагдсан сэдвүүдээр бичвэл ямар вэ? Өөрсдийн саналаа хуваалцвал маш их баяртай байх болно шүү. ;)

Reference:

Like what you read? Give Erdenesuvd a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.