Human Francisco
4 min readDec 2, 2015

Өөртөө итгэлтэй бай.

Чи чадна гэж бодож байгаа бол чиний зөв. Чи чадна.

Чи чадахгүй гэж бодож байгаа бол чиний зөв. Чи чадахгүй.

АНУ-ын Номын сангийн конгресс /Library of Congress/ болон “Сарын онцлох ном” клубын /Book of the Month Club/ 1991 оны судалгаагаар их сэтгэгч Айн Рэйндийн “Атлантын нуруу тэнийсэн нь” ном жагсаалтын хоёрдугаарт буюу хүн төрөлхтөний мөнхийн бүтээл гэгдэх Ариун Библийн дараа орсон байдаг. Энэхүү номыг би 20 настай байхдаа анх уншиж байсан бөгөөд миний амьдралдаа уншиж байсан хамгийн олон хуудастай, унших бэлтгэл шаардсан ном байсан. Монгол уншигчдад хэдийнээ танил болсон энэ номын талаар олон юм нуршилгүйгээр надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн нэг санааг хэлэх гэсэн юм. Зохиолын гол баатар нь нэгэнтээ “Яагаад энэ хүмүүс ТИЙМ БАЙХ эсхүл БИ ТЭГЭЖ БОДОЖ БАЙНА гэж голдуу хариулдаг юм бэ, яагаад A бол А гэж шууд хариулчихаж чаддаггүй юм бэ” гэж асуудаг. Учир нь эргэн тойрон нь өөртөө бүрэн дүүрэн итгэлгүй, үлбэгэр, сул дорой хүмүүсээр дүүрсэн байсан учраас ийнхүү хэлдэг.

Хэн нэгэн надаас юм асуухад би тухайн асуудлыг мэддэг ч байсан би ч гэсэн гол төлөв ингэж бодож байна гэх юм уу ингэсэн байх аа гэж хариулдаг. Ингэж хариулахдаа Айн Рэндийн зохиолын дээрх өгүүлбэр санагдаж өөртөө дургүй хүрдэг. Гэвч анзаарах нь ээ миний муусайн найзууд, танилын хүрээлэл, эргэн тойрон, олны танил эрхмүүд ч мөн л над шиг ийм хариу өгдөг хүмүүс байдаг.

Өнгөрсөн долоо хоногт болсон Авъяаслаг Монголчууд шоуны хагас шигшээгээс хасагдсан гудамжны бүжигчин гэх Саруултөгс гэх залууг уг нь олон хүн дэмжиж байсан. Хасагдсаных нь дараахан сошиал медиагаар хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байтал уг нь дажгүй залуу, гэхдээ нэг их өөртөө бардам, онгироо байсан нь тиймэрхүү гэсэн зарим сэтгэгдлүүдийг хараад их гайхлаа. Уг нь тэр бүжигчин залуугийн дотоод чанар нь ямар сайхан байв аа? Хасагдаад гарахдаа хэлсэн үг, үзэгчид рүү харж байсан тэр нүдний харц ямар дээгүүр, ямар хүндлэмээр байв даа? Хийсэн гүйцэтгэлдээ эзэн болж байгаа, өөртөө итгэлтэй байдал нь надад өөрсдийгөө өрөвдүүлэх гэж ар гэрийнхээ гачигдлаа дэлгээд байсэн зарим оролцогчдоос хавь илүү хүн шиг санагдсан. Гэвч нөгөө талаас шүүгч нар нь өмнөх долоо хоногуудын турш ур чадварыг биш өрөвдөж шүүгээд байсан болохоор эцэстээ оролцогчид нь хэн нь авъяаслаг вэ биш хэн нь илүү зовлон үзсэн бэ гэдгээрээ уралдаад байна уу даа гэж бодогдсон.

Хэлж байгаа үг нь тодорхойгүй байдаг шигээ бодол санаа нь ч бөөрөнхий, үлбэгэр хүмүүс бидний эргэн тойронд цөөнгүй байдаг. Хэдэн жилийн өмнө надад олны хэлдгээр төрийн дээр гарсан нэгэн их авилгачинтай хамтран ажиллах завшаан тохиолдвоо. Тэр хүн надаас хэдэн арван насаар ах мөртөө хамаагүй илүү цагаар ажилладаг, юмны учрыг сайн ойлгодог, мундаг стратегич хүн байсан. Гэтэл ажлын найман цагийн талыг нь фэйсбүүкдэж өнгөрөөчихөөд орой нь баараар хэсдэг хэдэн танилууд маань өөрсдийнхөө амьдралын талаар гомдоллож, энэ бүхэнд дээр байгаа авилгач, идээчин уугаачингууд буруутай гэж мэдэгдэв. Өөрийнхөө төлөө хичээдэггүй, өрөөлөөс зовлонгийн шалтгаанаа хайдаг манай үеийн нийтлэг төлөөлөх болох тэдгээр залуус бол дээр өгүүлсэн Айн Рэндийн номон дээр гардаг жижиг хүмүүс юм. Тэдгээр хүмүүс хүчирхэг нэгнийг биш сул дорой хүмүүсийг хайрлаж энэрдэг. Үүгээрээ өөрсдийнхөө сул дорой байдлыг нөхдөг. Ингэснээрээ жинхэнэ авъяас, мэдлэг чадварт ямар хэрцгий хандаж байгаагаа мэддэггүй. Сэтгэл өвтгөм зовлон ярьж зогсоо жаахан охиноос илүү хүсэл зорилгоо хэн нэгний “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн шийдвэрт алгадуулаад гарах залуухан эрийг хараад би илүү ихээр өрөвддөг.

Уг нь өөртөө итгэлтэй байж чадна гэдэг үнэлж баршгүй зүйл юм. Чадвартай, мэдлэгтээ хирнээ даруу нь дэндсэн олон ч хүмүүсийг би мэднэ. Ялангуяа манай Монгол аав ээжүүд жаахан байхаас нь л ахмад хүний ярианд орж болохгүй, хүнийг элдвээр хэлж болохгүй, чи тэгэж ч болохгүй гэсээр хүмүүжил сайтай боловч үзэл санаа, өөрийн дуу хоолойны хувьд аймхай хүмүүсийг бүтээчихдэг. Бага наснаас оюун санаанд бий болсон тэр айдас, эргэлзээ бидний насан туршийн шийдвэр гаргалтанд нөлөөлдөг. Сагсны бөмбөг над дээр ирэхэд, олон хүний өмнө үг хэлэхэд, томоохон шийдвэр гаргахад бага насанд аав ээжийн суулгаж өгсөн ёс суртахуун, хариуцлагын олон дарамт бодогдож эргэлзээ үүсгэдэг. Айж эргэлзэх тусам алдаа гаргах нь ихэсдэг. Алдсан ч юм уу, анхнаасаа байгаагүй ч юм уу тэр өөртөө итгэх итгэлээ бид эцэст нь үзмэрч, зурхайчаас хайна, фэйсбүүкт селфигээ оруулж хайна, нэгнийгээ доошоо хийж хайна, өөрөөсөө сул дорой нэгнийг өрөвдөж нэг хайна…

Гэхдээ…..ийм хорвоо дэлхий дээр би баймааргүй байна. Би шийдвэр гаргахаас, үг хэлэхээс, хүнийг хайрлахаас, аз жаргалтай байхаас аймааргүй байна. Өрөөлд муугаар дуудуулах ч яамай, өөрөө өөртөө итгэж амьдармаар байна. Өнөөдрийг хүртэл тэвчиж гарсан, сэтгэж чадсан, хийж чадсан зүйлээрээ бахархмаар байна. Цээжээ дэлдэж, залхуу, дорой нэгний дээрээс хармаар байна. Өөрийнхөө илүү гэдгийг мэдэрмээр байна. Яагаад гэвэл би маш их хичээсэн, үхтлээ ажилласан, гэрийн даалгавараа сайн хийсэн. Харанхуйд бэдчин явахад минь дулаахан орон дээрээ унтаж байсан нөхдүүдийн төлөө гараа сунгамааргүй байна.

Хэрэв та сайхан биетэй бол хоолны таргалалттай хүмүүсийн хажууд биеэ гайхуул. Яагаад гэвэл өдөрт дор хаяж нэг цаг хөлсөө гартал гүйж, өлсөж үхэх гэж байгаа мэт санагдсан ч идэхгүй байж тэвчсэн учраас. Хэрэв та гольф тоглож чаддаг бол баар хэсэгчдийн өмнө тэргүүнээ өргө. Яагаад гэвэл гадны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхийн тулд интернэтийг фейсбүүк ухахад биш, мэдэхгүй спортын талаар судалгаа хийхэд ашиглан, цаг мөнгөө гарган өөрийн биеэр сурсан учраас.

Ухаантангуудаа, авъяастангуудаа, хөдөлмөрчидөө, дахин хэлье, тэсэж тэвчсэн зүйлээрээ бардамна. Мэдэж байгаа бол мэдэмхийр, биелүүлж чадна гэж бодож байгаа бол хэн нэгэнд амлалт өг, дурласан нэгэндээ сэтгэлээ илэрхийл, өөртөө итгэлтэйгээр. Бусад хүмүүс юу ч гэсэн бай, тэдгээрийг тэсэж өнгөрүүлэх сэтгэлийн хаттай бай. Цаг нь ирэхэд хүлээн зөвшөөрнө. Гагцхүү битгий шантраасай, битгий тэдний нэг болоорой.

Би ч гэсэн хэзээ нэгэн цагт “та нарын бодол надад хамаагүй, А бол А байх ёстой” гэж хэлнэ.

Өөртөө ахадсан том ачааг гомдоллохгүйгээр үүрч явдаг, авъяас билиг, мэдлэг чадвартай том хүмүүсийг сэтгэл зүрхээрээ хайрлаж явдаг Хүмүүн Франциско.

2015 оны 12 дугаар сарын 2

Улаанбаатар хот, Монгол

Human Francisco

A mind traveler who loves to explore places, learn different cultures and ways of living…