Зуны солиорол үүрдийн гуниглал

Боломж нь олддог бол амьтай бүхнийг өөрийн гараар нэг бүрчлэн алмаар байна, амийг нь нэг нэгэнгүй тасалмаар байна. Тэгээд эртхэн тамруугаа далд оръё.

Нэг, хоёр. Нэг, хоёр. Бороо дусална. 
Нэг алхана, хоёр алхана. Нэг алхана, хоёр алхана. Зам дуусахгүй. 
Алхам тутамдаа амьсгаа авна, амьсгалаа гаргана. Амьсгалаа гаргана, амьсгаа авна. Би амьд.
Арагшаа урагшаа холхих хүмүүстэй харцаараа үзэн ядалт солилцоно. Нэг үзэн ядалт, хоёр үзэн ядалт. Алах үзэн ядалт, жигших үзэн ядалт. Би чөтгөр.

Өнөөдөр баасан гариг. Байдаг л нэг энгийн өдөр. Гэхдээ өчигдөр энгийн өдөр байгаагүй. Санахгүй байгаа ч мэдрэмж нь хэвээр үлдсэн байна. Өчигдрийн дүр зураг л нүдэнд бүдэгхэн харагдах юм. Өчигдөр гэсэн өдөр дурсагдах шинжгүй. Ой санамжинд эргэж орж ирэхгүй шинжтэй. Толгой задрах мэт өвдөнө. Чухам юу хийсэн болоод мэдрэмж нь салахгүй зовоож, дурсамж нь үгүйлэгдэж байгааг мэдэхгүй. Эргэж бодохыг ч хичээсэнгүй.

Гэртээ харих зам урт агаад сэтгэлд таатай. Долдугаар сарын зуны нар залхуутайяа ээж ганцаардсан сэтгэлийг минь дулаацуулна, замын хажуугаар зөрж өнгөрөх машинууд урсах бодлыг минь киноны кадр шиг л солино. Үүнтэй зэрэгцээд сонсож буй дуунууд сэтгэл үймүүлэхээ мартсангүй. Бүрээ бишгүүр хангинаж төгөлдөр хуурын эгшгийг баргил хоолой ивэн намайг гүнзгий амьсгаа аваад орхи, хурдхан тайвширч үз гэж ятгана. Жаззын аялгуунд бүүвэйлэгдээд хэр хугацаа өнгөрсөн юм бэ дээ, бүү мэд. Ухаан суухаас лав өмнө биз. Нүдний булангаас нулимс дусалж эхэлснийг ч анзаарсангүй. Хажууд сууж явсан бүсгүйн гайхсан харцны ачаар сэхээ оров. Яагаад уйлж эхэлснээ ч ойлгож эхэллээ. Өөрийгөө үзэн ядах нь хэтрээд хүмүүсийг, амьтай бүхнийг үзэн ядаж байгаагаа ухаарах нь тэр. Ганцхан зүүн нүднээс зогсолтгүй урсах нулимс сэтгэлийн гүнд гацсан гомдол, харууслын тэмдэг юм. Тиймээс би арчих гэсэнгүй.

Эргэн тойрноо ажиглалаа. Бүх л юм нэг хэвэндээ. Гэхдээ яг ч хэвэндээ биш бололтой. Урд сууж явсан хоёр залуугийн шивэр авир хийх чимээ бүх л мэдрэмжийг минь хурцалж орхих нь тэр. Үг хэлэхээс айж байгаа хэрнээ арчаагүй зан гарган үгээ нууцаар дамжуулахыг би үзэн яддаг. Ардуур бас далдуур явагдаж байгаа үйлсийг гэсгээх учиртай. Үг ил байх ёстой юм. Нүдний цагаан улаанаар солигдов. Цус буцалж, судас хатуурав. Алах, тамлах хүсэл оргилон адгууснаас дор төрхийг олов. Босож зогсохын завдалгүй дуу солигдлоо. Энэ удаа ганцаардлын ёр шингэсэн хуучны намуухан дуу намайг ч тэр, урд сууж явагчдыг ч аврав бололтой. Бухимдал бачимдлаас уцаар,уцаараас уур, яваандаа уур галзуурал хилэгнэл болон догширдог.

Like what you read? Give Jagaa Faro a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.