Хэтийдсэн баяр хөөр, хэнд ч хэрэггүй уй гуниг минь

Намайг хэн ч ойлгодоггүй гэсэн яршигтай үгсийг өөрийгөө ойлгодоггүй хүн л хэлдэг гэж би бодож билээ. Одоо бодохнээ айхтар залхуу амьтан л тэгж хэлэх учиртай. Ажилсаг хичээнгүй хүн өөрийгөө таньж мэдэхийн тулд хичээл зүтгэл гаргаж таараа, аа харин залхуу дорой нөхөр л бусдаар өөрийгөө таниулж шипидэх гэсэн атгаг муу санаа агуулна. Хөгийн юм. Ийм юм бичээд сууж байх ч гэж. Гэхдээ юу вэ гэхээр сэтгэгдлээ шууд илэрхийлэхээс ухаан алдтал айдаг болсон сул дорой зүрхтэй хүн юм би. Тийм л учраас ямар нэг утга илэрхийлэхүйц өмнөтгөл бичээд гол яриандаа тойруу замаар орохыг хичээлээ. Тэгсэн ч бүтсэнгүй, шууд л эхлэхээс дээ.

Даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням
Даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням
Даваа хөөе зогсоочээ Даваа!!! Яасан хүний үг ойлгодоггүй амьтан бэ. Эцэг эхэд нь хэлж нэг сайн алганы амт үзүүлэх юмсан. Ёстой бүтэшгүй амьтан шүү гээд гаднаас нь харвал залуухан эмэгтэй багш нэгэн бяцхан хүүг чихнээс нь зулгаасаар анги руугаа дагуулан орлоо. Бяцхан хүү гээд биччихсэн үү? Өө хө тэгвэл би андуурсан байна. Тэр хүүг харсан хэн ч хүүхэд гэдэг юу юм бэ гэж алмайрах нь лавтай, өөртөө эргэлзэх ч байх гэхдээ тэр бол миний хэрэг биш. Яадаг ч байсан Даваа бол бяцхан хүүхэд биш. Жижигхэн хүнийг хүүхэд гэдэг тийм биз? Тэгвэл би чамд Даваагийн талаар яриад өгье, түрхэн зуур хүлээ, ус ч буцалж байна уудаг новшноосоо хийгээд өгье. Тэр хүүг Даваа гэдэг. Даваа гаригийг үзэн ядсандаа Даваа гэсэн нэр өгсөн юмуу, хүсээгүй хүүхэд юм болохоор ад үзсэнүү бүү мэд, ер нь түүнд эцэг эх байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэр бол зүгээр л байж байдаг хүүхэд. Энд анхаараарай, зүгээр байдаг хүүхэд биш шүү, зүгээргүй байдаг жинхэнэ хачин жигтэй амьтан. Байж л байдаг юм. Түүнийг хэр удаан хүүхэд байсныг хөгшин өвөө минь ч хэлж мэдэлгүй байсаар насныхаа намрыг үзсэн юмдаг. Би ч одоо удахгүй амар амгалангаа үзэх биз, гэхдээ Даваа хүүхдээрээ л байх болно гэж бодохоос жихүүдэс төрөх шиг. Энэ түүхийг чамд ярьж өгчихөөд нүд анивал аштай юу, нэг хүн ч болов Давааг хүүхэд гэдгийг нь мэдэж аваг. Анх түүнийг харсан дурсамжаа эргэн саная…

Зүүн мөр нь шалбарчээ. Уранхай өмднийх нь цаанаас тэр байтугай шарх харагдаж байх юм. Нүдээ аажим аажмаар дээшлүүлээд бор бамбаруушны зурагтай богино цамц олж харлаа. Бага зэрэг хирэндээ дарагдсанаас биш хүүхдэд ямар хөөрхөн харагддаг эд вэ. Булцгар гар нь халтартсан байхыг үзвэл мань нөхөр нэлээдгүй бусниулсан байх нь. Гэхдээ ямар сонин юм бэ, яагаад гараа атгаад буцааж тавиад байна? Бага насны хүүхдүүд гадаа тоглохдоо шороотой хутгалдаж л байдаг шүү дээ. Ээж маань надад их хатуу ханддаг байж билээ. Гэснээс энэ хүүг ээж нь загнаж өгөх байхдаа гэж хөгжилтэй бодон эрүүгээ яльгүй дээшлүүллээ. Энэ бүх бодол, миний бяцхан хүүтэй нүүр тулсан явдал ердөө 3 хүрэхгүй хормын дотор болж өнгөрсөн авч сүнсийг минь амьдрах хүсэлтэй хамт аваад алга болоход хангалттай байлаа. Тэр жаалын гэмгүй, аз жаргалаар дүүрэн инээмсэглэл гуниг харууслаар дүүрэн нүд даанч хоорондоо зохицохгүй байв. Эрүүл гэж өөртөө итгэлтэй байдаг би лав юу ч ойлгосонгүй, сэтгэл минь тайван тогтсонгүй. Жижигхэн шүднүүдээ яралзуулан инээх жаахан хүүхэд цэвэр ариун байдлын бэлгэ тэмдэг өөрөө мөн. Нүд нь харин тусдаа түүх өгүүлнэ. Ойр дотны хүн нь нас барахад жаахан хүүхэд ойлгохгүй, тийм учраас тэр тэгтлээ гунигладаггүй. Тоглоомоо мартсан, идэх хоолгүй байсан ч орчлон ертөнцийн бүх зовлонг өөртөө шингээсэн тийм харцны ард нуугдсан шалтгаан байх боломжгүй. Нүд минь харанхуйлж, сэтгэл зүрх шаналлын ангалд уналаа. Тэндээс гарах гарц байсан ч тийшээ би зүглэхгүй, шат харагдсан ч авирах талаар бодохгүй. Уй гунигийн хязгаарт тулгах шалтгаан юу байж болох вэ гэдгийг төсөөлөн бодно, хариултыг олсон ч тэр хязгаарт өөрийгөө хүрэхгүй гэдгийг мэдмэгцээ тэр мэдрэмжийн захаас ч болов зуурах гэсэндээ л өнөөх ангалдаа үлдэхээр болсон юм. Харанхуй ангалд байхдаа л гэрлийн учрыг тайлав. Харанхуйд байгаа нэгэн л гэрэлд хүрч чаддаг юм байна. Гэрлийг ухааран, түүнд хүрсэн тэр мөчдөө чин сэтгэлийн угаас, аз жаргалтай гэгч нь инээсэн билээ. 
- Уучлаарай та новш гээд байсан яг юуг хэлсэн юм бэ?
-
Кофе л байхгүй юу даа, май халуун дээр нь уучих
- Та яагаад хар шөнөөр нарны шил зүүгээд байгаа юм?
-
Би чамайг Даваатай танилцуулмааргүй байна
За би ч одоо замдаа гаръя даа, таны нэрийг хэн гэсэн билээ? Дараа энүүгээр дайрвал тантай дахиж ярилцаж болно биздээ гээд эргээд хартал урагдсан өмдтэй, бамбаруушны зурагтай цамцтай жаал хүү зогсож байлаа. Хөгшний яриаг санах сөхөөгүй ач хүү нь гэж санаад саяны настай хүний нэрийг хэн гэдэг юм бэ гэтэл
- Даваа…