Чиний байхгүй ертөнцөд чамтай хамт

Jagaa Faro
Feb 23, 2017 · 3 min read

Хаврын салхи нүүрийг минь илбэн дундуур үлдсэн сэтгэлийг минь дүүргэлээ. Энэ зөөлхөн салхи хүйтэн өвлийг дуусган айсуй зуныг бэлгэдэн хаа нэгтэйгээс иржээ. Ирэх ирэхдээ замдаа цэцэгс, моддын анхилуун үнэрийг тээн шаналан гуниглаж байгаа бүхнийг аргадан бүүвэйлэхээр ирсэн байна. Хөнгөн гуниг бага багаар нэмэгдсээр ирсэн тэр газартаа эргээд л би оччихлоо. Өөрийгөө өрөвдөн суудаг цагууд алсад хоцрон үлдээгүй аж.

Өглөө гэрээсээ гаран алхдаг тэр л замаараа санаанаас гардаггүй тэр дүрийг дурсан удаан гэгч нь хөлөө урд хойно нь оруулна. Нас 20 хүрчээ. Аавын том хүрмийг өмсөхөд ханцуй нь багадаж байгааг анзаарахын хажуугаар гайхлаа. Өчигдөрхөн л дэлгээд нөмрөхөд майхан шиг том санагддаг байж билээ, энэ хүрэм. Сургуульдаа очих болгондоо тэнд аль болох удаан сууж ангийнхан, найзууд, багш нартайгаа ярьж амжаагүй зүйлсээ хөөрөлдөн, өнгөрсөн сайхан бүхнийг дурсахсан гэсэндээ очихдоо ч удаан очиж, гарахдаа ч зууралдан байна. Оюутан нэрээрээ бахархах хугацаа ердөө гурван сар үлджээ. Гэсэн атлаа би хүн бүрээс зугтаж байна. Бодол санаа, сэтгэл мэдрэмжээ үгээр буулгах таатай ажилдаа ч хангалттай цаг гаргасангүй. Зөв зохистой нь ойлгомжтой зүйлсдээ төвлөрөх ч чадалгүй болов. Эдгээр зүйлсийн хариултыг мэдэж байна аа. Чамайг дурссанаас болж байгаа юм. Нууж хаахад дэндүү нандин сэтгэлээ илэрхийлье, гунигтай үнэндээ дахин нэг алхам ойртъё.
Чиний байхгүй ертөнцөд би амьд байж үзээгүй гэдгээ эхлээд хэлье. Намайг төрөхөд чи эхийнхээ хэвлийд олдсон гэж бодох би дуртай. Чамгүйгээр амьд байгаагүй нь үнэн гэж бахархалтай хэлэхийн тулд шүү дээ. Зуны тэр оройг хүртэл бид бие биенээ оршин байгааг мэддэггүй байсан. Чи өөрийн ертөнцдөө аз жаргалтай, эрүүл энх өсөж торнин миний мэдэх гайхамшигт бүхний биелэл болж хувирсаар байлаа. Харин би хүний амьдралын баян чинээлгийг гайхан зөв бурууд ээлжлэнэ. Одоо бодоход тэр болтол хийж байсан бүхэн минь утга учиргүй. Хувь тавилангийн эрхээр гэрэл гарч ирээд тэдгээр эмх цэгцгүй бүхнийг эвлүүлэн босгох ёстой байж. Үүнд өчнөөн учир шалтгаан бий. Гэхдээ би ганцхан чамайг л гавъяатнаараа, аврагчаараа нэрлэсэн, нэрлэсээр ч байна, цаашид ч нэрлэх болно. Үгэндээ эзэн болох, хэлсэн үгсээ маш сайн ойлгох ёстой гэдгийг чи л надад ойлгуулсан. Чамайг байгаад би талархаж байна. Энэхүү талархлаа бурханд, орчлон ертөнцөд мянгантаа илэрхийлээд өөрт чинь мэдэгдэхгүй л бол дэмий өнгөрөх юм шиг. Гэхдээ чиний дүрийг дахин харахгүй гэдэгтээ би итгэлтэй байдаг нь сонин шүү.

Чамайг олсон тэр мөчид би хүн болж, хүн байхын утга учрыг ойлгож эхэлжээ. Эдгээр мөрүүдийг бичин суухдаа өнгөрсөн хором мөч бүр эгээ л нүдний урд байгаа энэ дэлгэцэнд харагдаад өнгөрөх шиг санагдах юм. Чиний талаар бодоход л муу муухай бүхэн минь оргүй хоосон замхарч оддог. Үүнийг мэдсэн цагаасаа бурханд итгэдэг болсноо дуулгах юмсан гэж тун олон удаа бодож билээ. Ерөөс тэр нэг зовлонт өдөр тохиох ёстой л байж дээ, эргээд дурсахад. Нойргүй хоносон зуун өдөр, өөрийгөө буруутгасан мянган шөнийн дүнд би дахин төрлөө. Өр нимгэн сэтгэл минь өрөөл бусдын зовлонг нуруундаа үүрэхээс зүрхшээхээ больсон. Надад энэ бол хамгийн том амжилт минь юм. Адгийн дорд адгуусын зүрхийг тэнгэрлэг ариун хүслээр дүүргэн, тамын халуун галнаас огторгуйн уудмыг үзүүлсэн сахиусан тэнгэр эргэж харалгүй орхин одсон. Ийнхүү хоосон ертөнцөд бүдчин алхсаар багагүй хугацаа өнгөрчээ. Тэр нэг үдэш дээр гялалзсаар байгаа чиний гэрлийг дахин хараад баярын нулимс унагав. Ерөөс энэ бүхэн эхэлсэн шалтгаан нь чи л байж, дуусах шалтгаан нь чи л байгаасай гэж чин сэтгэлийн угаас би хүснэ. Чамаас түрүүлж амьсгалын минь тоо дуусаасай. Тэгвэл би тун жаргалтай байна. Энд бичсэн бүхнийг минь чи уншихгүй байсан ч хамаагүй ээ. Гэхдээ энэ хоёр мөрийг чихэнд чинь шивнээд сарнин алга болох юмсан.

Ертөнц гэсэн үгийг сонсох бүрийд чамайг би дурсдаг. Чиний байхгүй ертөнцөд чамтай хамт амьдардаг…

    Jagaa Faro

    Written by

    Нэг ширхэг гунигтай хүн

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade