Үүл чи хааш одов?

Долоон хоногийн өмнө орсон аадар бороо өнөөдөр намайг шалба норголоо.

Хүмүүсийг хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэлээр нь байгалийн хэсэг бүрээр төлөөлүүлэн төсөөлж би үзлээ. Яах аргагүй чам шиг бас над шиг хүмүүст үүлнээс өөр оновчтой тохирох зүйл үгүй юм. Мөрөөдөлдөө автан бодит ертөнцөөс ангид дүүлэн нисч л байвал, амьдралын утга учрыг хайж л байвал энд хэний юу хийх огтхон ч хамаагүй. Тэнгэрт салхины аясаар хөвөх үүлэнд газар дээрх үйл явдал хамаа байх уу даа? Гэхдээ л үүлс газрыг ширтэх тавилантай. Зугтах замгүйгээ мэдсэн үүлс байнга гунигладаг. Тэнгэрт сарнин одох хугацаа нь ч тун бага билээ. Заримдаа гэнэтийн аадар бороогоор газар дэлхийг услаад байсан эсэх нь мартагддаг. Үүл чи харин хааш одов?

Долоон хоногийн өмнө тэнгэрт бороо орох байтугай нарны гэрлийг халхалчих үүл байгаагүйг би санаж байна. Сайн санаж байна. Чамайг ч сайн санаж байна. Хамгийн сүүлд хэзээ харснаа, хэзээ ярилцсанаа, хэзээ хамт гутарснаа санаж байна. Бүгд миний нүдэнд ил харагдаж, бодолд саяхны явдал мэт дурсагдаж байна. Бид нэг ертөнцийн харанхуйгаас зугтаж нөгөө ертөнцийн өнгөнд дурлахдаа хэмжээ хязгааргүйн тавилангаас залхсан гунигаар дүүрэн хүүхдүүд. Сэтгэлийн мухартаа хэзээ ч амирлахгүй гуниг, анишгүй шарх тээсэн ч аз жаргалтай байхыг хүссэн тэмүүллээрээ ижил. Намтар түүхтэй чинь танилцаж амжаагүй ч нүдэндээ нуусан гуниг, инээмсэглэлээрээ халхалсан шаналал, ухаалаг яриагаараа дарж орхисон хашгирааныг чинь би сонсдог байлаа. Бороо хэрхэн оруулвал зүгээр бол гэсэн асуултыг чинь хөнгөн зугаа болгон өнгөрүүлж байсандаа харамсаж байна. Намайг уучил. Бороо хэрэггүй байсан юм шүү дээ үүл ээ. Үүл чи хааш одов?

Үзүүрээс чинь татаад амьдрах хүсэлтэй аргамжиж орхих ёстой байсан би одоо ийнхүү гайхшран бас балмагдан сууна. Хамт явъя гэхэд чинь завгүй гээд орхихдоо аадар бороо асгаран ороход хэдхэн хоног дутуу байгааг мэдсэн сэн бол газар дэлхий өдгөө өөр өнгөтэй байх байсан нь лавтай. Өнөөдөр гэнэт цэлмэг тэнгэр дор алхахдаа шалба норсон явдалд гайхан учрыг хайваас долоон хоногийн өмнө аадар бороо орсон юмсанж. Тэр бороог чи оруулаад бүүдгэр тэнгэрт замхран одсон байж. Газрын гүнд нэвчин шингээ юу, агаарт уусан арилаа юу? Үүл чи хааш одов?

  • In memory of Ч.М 2017/06/09
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.