Онцгой ололт

Өнөөдөр гоё бөгөөд амттай нэгэн мэдрэмжийг олж мэдэрч үзлээ. Тэр дорхноо сэтгэл хөдлөөд ямар нэг юм бичмээр санагдаад үүнийг эхлүүллээ. Энэ тэмдэглэлдээ би өөрийн тайлж мэдсэн хайрын тухай бичнэ. Хэдий амьдарсан хугацаа, туулсан туршлага бага ч гэсэн олж авснаа сийрүүлэх нь тийм ч муу юм биш байхаа гэж найдаж байна. Мөн давхар Монгол хэлний найруулгын чадвараа бага багаар сайжруулахгүй бол болохгүй санагдаж байгаа :D Тийм болохоор алдаа дутагдал байвал хэлж залруулж туслаарай гэж хүсье.

Бусдын адилаар юу ч мэдэхгүй, ухаарахгүй тоглож наадаж явсан хүүхэд насандаа гэнэт хэн нэгэнд сэтгэл татагдаж хамт байхыг хүчтэйгээр хүсэж үзвээ тэр нэг жил. Гоё шдээ аймар гоё… нисээл… үүлэн дээгүүр хөвөөл аймар гоё. Хамгийн анхных үү ? гэвэл тийм биш ч хамгийн хүчтэй нь бол мөн шүү. Тэр мэдрэмж хэвээр хадгалагдан хадгалагдсаар 4, 5 жил болж байна. Эрч хүч нь сулрахнуу гэтэл харин ч улам хүчтэй болсоор л. Тэгээд байхаар нь ер нь энэ хайр юм биш байгаа ? гэж насанд хүрсэн, аливаад ул суурьтайгаар ханддаг хүн шиг хандах гэж оролдлоо. Хайр ч юмуу дурлал ч юмуу мэдэхгүй нэг тийм амттай мэдрэмжинд мансуурсан нөхөр хайр гэж юу юм бэ гэсэн асуултдаа хариулт олохоор элдэв ажиглалт хийж, ном зохиол уншиж үзлээ. Дотроо “хайр байгаасай, хайр байгаасай” гэж хүснэ. Тэгсэн явж явж хайр гэх нэр үгэнд оноож болохоор дэлгэрэнгүй тайлбар олдохгүйнээ, харин хайрлах гэдэг үйл үгт оноож болохоор хялбар бөгөөд энгийн тайлбар байна шүү. Тэр нь “өгөх” (эндээс хайр гэдгийг өгөлт гэж болохуу гүү юу xP) Юу өгөх ёстой гэдгийг сайн ухаарч чадаагүй ч ямар ч байсан өгөх нь гол учир утга юм бна гэдгийг ухаарлаа.

Хайрлах гэдэг нь өгөхийг хэлнэ

Эргээд мэдэрсэн мэдрэмжээ хайр мөн байснуу гэж бодоод үзэхээр хариултгүй, харин хайрлаж байснуу гэж бодоход үгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд би зөвхөн өөрт гоё сайхан санагдах нөхцөлүүдийг л хүсэж байсан болохоос биш тэр хүнд юм өгч байсан удаагүйг гэдгээ ойлголоо. Бяцхан эрэлд гарахын өмнөх хүсэж байсан хариултаа олоогүй ч сэтгэл гонсойсонгүй. Яагаад гэвэл нөгөө л нэг татагдах, хамт байх хүсэл унтрахгүй улам бадрангуй дүрэлзсээр л байна. Тэгэхээр нь бодлоо л доо: Хайрлаж байгаагүй ч өнөөдрөөс эхлээд хайрлаж болох юм байна гэж. Үүнээс улбаалаад түүнийгээ хайрлах болно гэдэг зорилго тавьж зарлан тунхаглалаа. Муу зуршилаа хаях гэж байгаа хүн зорилгоосоо ухрахгүйн тулд бусдад зарлавал зүгээр гэдэг шиг хайрлах болно гэсэн зорилгоо нөгөө хүндээ зарлачихсан. Зөвдсөн үү буруудсан уу гэдгийг хэлж чадахгүй нь хэхэ.

Өөрөө ч итгэж, нөгөө хүнээ ч итгүүлэх гэж оролдож байтал өнөөдөр нэг гоё юм мэдэрсэн. Тэр нь юу вэ гэвэл ээжийнхээ хөлийг дэрлээд хэвтэж байтал ээж маань толгойг минь илээд ‘хөөрхөн хүү минь, ухаантай хүү минь, сайхан хүү минь’ гээд л зарим талаар үнэн байж магадгүй ч зарим талаар худлаа байж болох гоё үгс урсгаж байнаа. Өмнө нь бол тэгэж эрхлүүлэхэд нь зассс гэж муухай аашилдаг байсан бол өнөөдөр тэгсэнгүй инээгээд л хэвтээд байлаа. Яагаад гэвэл ээжийн минь хэлж байсан тэр үгсийн өнгө цаанаа л нэг танил дотно байв. Яагаад дотно билээ гэж бодтол миний сэтгэлтэй, хайрлахыг хичээж буй хүндээ хэлдэг эелдэг нялуун үгстэй хамт байх яг тэр өнгө байлаа. Дотроо үнэхээр их баярлав. Ээж минь намайг хайрладаг гэдгийг шууд аксиом болгож авч үзээд хоолойноос нь гарах тэр өнгө минийхтэй яг давхцаж байгааг мэдээд ‘хүүе би чинь тэр хүнээ хайрлаад эхэлж’ гэсэн өнгөц бөгөөд дэврүүн дүгнэлтэд хүрчихэв. Бөөн баяр, анх удаа ээж минь намайг хайрлаж байна гэдгийг тийм хүчтэйгээр ойлгож, зэрэгцээд би ч бас хүн хайрлаж байгаа юм байна гэдэгтээ тууштай итгэж эхлэв. Зарим нэг агаа эгээ нарын хувьд дэндүү childish санагдаж болох ч өмнө нь хэзээ ч мэдрээгүй тэр мэдрэмжийг онцгой ололт гэмээр санагдаад эрээвэр хураавар ийм нэг тэмдэглэл бичлээ.

ps: тэр дороо бодож төлөвлөлгүй бичсэн учраас үл ойлгогдом, найруулгын болон форматны алдаа хэсгүүд байгаа байхаа уучлаарай.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.