Мэдээлэл, харилцааны технологийн нийгмийн үр ашгийг дээшлүүлэхэд тоон хуваагдлын үзүүлэх нөлөө

Түлхүүр үгс: тоон хуваагдал; цахим хэрэгслийн хүртээмж, хэрэглээний ялгаатай байдлаас үүдэх тэгш биш байдал, дэвшилтэт хэрэгсэл; мэдээлэл солилцох интернэт хэрэгслүүд, олон нийтийн сүлжээ, мэдээлэл харилцааны технологи

Ж.Хулан, Биркбек, Лондонгийн их сургууль, 2014 он.

Интернэт гэдгийг мэдээ уншдаг, и-мейл бичдэг, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд холыг ойртуулах харилцааны хэрэгсэл төдийхнөөр ойлгох хандлага анзаарагдах нь бий. Үнэхээр ч мэдээллийн уламжлалт хэрэгслийн мэдээлэх, зугаацуулах гэхчлэн бүхий л үүргийг хангахын зэрэгцээ харилцааны хэрэгслийн үүргийг давхар гүйцэтгэдгээрээ интернэт нь өвөрмөц онцлогтой билээ. Тиймээс энэ тухай ярихад сэтгүүл зүй, технологийн мэдлэгээс гадна нийгмийн ач холбогдлыг нь хэлэлцэх шаардлага зайлшгүй үүднэ.

Учир нь, дэвшилтэт хэрэгслийн хувьд интернэт нь эргэх холбоотой харилцаа үүсгэдэг бөгөөд урьд өмнө телевиз, радио, сонин, сэтгүүлээс хүрдэг байсан мэдээллийн нэг чигт урсгалыг өөрчилж мэдээлэл түгээгч нь хүлээн авагчтай шууд харилцах боломжтой хоёр чигт урсгалыг бий болгоод байна. Иймдээ ч орчин цагт мэдээлэл хүлээн авагч гэх ойлголт хуучирч, мэдээллийг ашиглагч гэсэн шинэ нэр томъёо бий болоод буй.

Мэдээллийг ашиглагч тэдгээр хүн цаг агаар харж өдөр тутмын амьдралаа зохион байгуулж, сонирхсон кино, видеогоо үзэж зугаацаж, шаардлагатай мэдлэг, мэдээллээ олж авахаас гадна эргээд онлайн орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлж, санал, сэтгэгдлээ хуваалцаж, цаашлаад албан тушаалтны үүдийг сахилгүй твиттерт “меншион” хийгээд л өрөөнд нь “зочилж” асуудлаа танилцуулах, шийдүүлэх бүрэн боломжтой болоод байгаа юм.

Харин интернэтийн энэ гайхамшигт давуу тал нь түүний хүртээмж, чанар, ашиглах дадал зуршлаас шалтгаалаад хүн бүрийг хамарч чадахгүй байгаа нь эвлэрч болох зүйл бишээ. Маслоугийн онолоор хүний хэрэгцээ физиологи, бие махбод, сэтгэл санааны гэж шаталсаар өөрийгөө илэрхийлэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх харилцаа хамгийн дээр байдаг. Гэвч орчин цагийн Мэдээллийн нийгмийн иргэд үзэл бодлоо илэрхийлэх, итгэлтэй байдлыг бий болгохыг хамгаас эрхэмлэдэг болжээ. Нөгөө талаар хүний эрхийн хамгийн гол суурийн нэг болсон энэ эрхийг дэмжин тэтгэх дэвшилтэт хэрэгсэл-интернэт нь хүн бүрийг хамарч чадахгүй байгаа нь орлого, боловсролын түвшний ялгарал үүсгэдэгтэй агаар нэгэн болоод буй.

Тиймээс чөлөөт, ардчилсан нийгэмд тоон хуваагдал буюу мэдээллийн тэгш биш байдал шийдвэрлэх ёстой чухал асуудлуудын нэг зүй ёсоор мөн хийгээд өргөн уудам газар нутаг, тархан суурьшсан хүн амтай манай оронд нөхцөл байдал ямар байгаа, ямар боломж бийг судлан харьцуулах шаадрлага бий гэж үзсэнээр энэхүү өгүүллийг бичлээ.

i. Тоон хуваагдал — Бүдгэрч байна уу, эсвэл гүнзгийрч байна уу?

“…1989 онд түүхэн хувьсгал гэж нэрлэхүйц хоёр үйл явдал тохиожээ. Үүний нэг нь үнэлж баршгүй, өргөн тэмдэглэгдсэн Берлиний ханыг нураасан явдал буюу коммунизмын-дараах орнууд төдийгүй дэлхий дахинаа ардчиллын давалгааг эхлүүлсэн өдөр байлаа. Харин нөгөө нь тухайн цаг үедээ төдийлөн олны анхаарлыг татаагүй ч, шинжлэх ухааны ертөнцийн гайхамшигт ололт болох дэлхийг хэрэн сүлжсэн (World Wide Web) технологи байв.”
(Пиппа Норрис, 2001)

ЗХУ-аас эхэлж Зүүн Европыг хамарсан коммунизмын нуралт нь зөвхөн улс төрийн амьдралд төдийгүй тэдний нийгмийн байгуулалтын системд өөрчлөлт авчирсан гэдэг. “Улс төрийн эрх чөлөөний гал нь мэдээллийн урсгалын тэсрэлтийг авчирч, үүний гол судас нь интернэт байсан гэхэд хилсдэхгүй.” (Лаура Б. Ленгел, 2000). Хэдийгээр интернэтийн тархалт дэлхий даяар ижил байгаагүй ч, интернэт технологийн хөгжил нь мэдээлэлд хандах, холбогдох боломжийг бий болгосноороо дэлхий дахинаа онцгой өөрчлөлтийг авчирсан юм. Судлаач Лаура Б. Ленгел нэгэнтээ “Хэрэв мэдээлэл хүч юм бол, интернэт хүмүүст хүчийг өгч буй хэрэгсэл юм” гэсэн нь үүнийг гэрчилнэ.

1990-ээд онд Сербид үйл ажиллагаагаа эхэлж Арабын Хавар хувьсгал хүртэл олон нийтэд онлайнаар хүрсэн Белградын Бие даасан Радио b92[1] нь иргэд интернэтэд холбогдох боломжтой нөхцөлд ямар ч хөдөлгөөн өрнүүлж чадахыг харуулсан төгс жишээ гэж болно. Мөн Египтэд өрнөсөн хувьсгалын Фейсбүүк группыг удирдаж байсан Google-ийн ажилтан Ваэл Гоним “Хэрэв нийгэмд эрх чөлөөг авчиръя гэвэл интернэтийг чөлөөл” гэсэн алдартай мэдэгдэл хийж байв.” (Маккиннон, 2012)

Wael Ghonim

Эргэх холбоотой байдаг давуу талаасаа улбаалаад дижитал медиа нь иргэд, улс төрийн байгууллагууд, нийгмийн бүлэг, сонирхлын бүлгүүдийг холбогдоход асар том дэмжлэг болдог. (Норрис, 2001). Цахим чат өрөө, хэлэлцүүлгийн булан, олон нийтийн сүлжээ платформын (social media) тусламжтайгаар хүмүүс санаа бодлоо солилцож, мэтгэлцээн өрнүүлж басхүү мэдээлэл цуглуулж, түгээж байна. Нэг ёсондоо интернэт нь хүмүүсийг улс төрийн амьдралд оролцоход төвөгтэй байдаг саад бэрхшээлүүдийг үгүй болгоход тусалж байгаа юм. Эрдэмтэн Итиэл Пүүл электрон медиаг “бидэнд урьдынхаас илүү их мэдлэг, хялбар холболт, үг хэлэх эрх чөлөөг авчирч байна” гэж тодорхойлжээ. (Пүүл, 1983)

Интернэт хэрэглээний статистикийг харвал[2] дэлхий даяар интернэт хэрэглэгч гурван тэрбум хүн байгаа бөгөөд 2000–2014 оны өсөлт нь 600% болж байна. Цэрэг, армийн зориулалтаар бүтээсэн интернэт нь өдгөө[3] сая, сая хүний гэрт холбогдож, компьютер, таблет, ухаалаг гар утастай хэн бүхний хэрэглээ болж байна.[4]

Америкийн PEW[5] судалгааны төвийн мэдээлж байгаагаар интернэт сүлжээтэй өрхийн тоо 2004 онд 17% байсан бол таван жилийн дотор энэ тоо хоёр дахин өсч 34% болсон байна. Цаашлаад утасгүй холболт (wi-fi) нь энэ хугацаанд зургаан хувиас 25 хувь болтол өсчээ. Энэ бүхнээс үзвэл интернэт одоо олон нийтэд нээлттэй, түгээмэл холболт болсонтой маргах зүйлгүй.

Нөгөө талаас, интернэт хэрэглэгчдийн 73% нь онлайнаар мэдээ уншиж, 30% нь бусдын блогт зочилж, 12% нь өөртөө блог нээсэн гэжээ. Энэ утгаараа интернэт нь зөвхөн мэдээлэл авах хэрэгсэл төдийгүй үзэл бодол, санаа сэтгэгдлээ хуваалцах индэр болж байгаа юм.

Эсрэг талаас нь харвал дэлхийн хүн амын үлдсэн тэн хагас нь газар зүйн байршил, хууль тогтоомж, аливаа цензурын нөлөөгөөр интернэтэд хандах боломжгүй байна. Тэр ч бүү хэл компьютер ч авах боломжгүй хэдэн сая хүн бий. Үүнийг л “мэдээлэлд хандах тэгш бус нөхцөл” буюу “тоон хуваагдал” гэж нэрлээд байгаа юм. (Кастеллс, 2001). Тодруулбал судлаач Пиппа Норрис (2001) үүнийг глобаль хуваагдал буюу “үйлдвэржсэн болон хөгжингүй орнуудын хоорондох интернэтийн хүртээмжийн зөрүү”, нийгмийн хуваагдал буюу “үндэстэн бүр дэх мэдээллийн хувьд баян, ядуугийн ялгаа” болон ардчилсан хуваагдал болох “дижитал төхөөрөмж ашиглаж нийгмийн амьдралд оролцдог, оролцдоггүй хүмүүсийн зөрүүтэй байдал” гэсэн гурван түвшинд авч үзсэн.

Мөн интернэт нь дэлхийн “цөм” болсон өндөр хөгжсөн орнууд болон хөгжингүй орнуудын нийгэм хороонд ялгаа бий болгож байна. Тэрхүү “цөмөөс” хол байгаа орнууд нь өнөө цагийн Мэдээллийн Нийгэмд дуу хоолойгоо хүргэж, дэлхий дахины хөгжлийн үр нөлөөнөөс тус дэм авах боломж нь багасч байгаа юм. Үүнээс үүдээд Норрисын үзсэнээр нийгмийн хуваагдал нь “орлого, боловсрол, арьс өнгө, интернэт бүлэг, хөгшин залуу” гээд бүхий л хэлбэрээр гүнзгийрч болохыг дурьджээ. Тиймээс үүнийг арилгахын тулд АНУ-ын Засгийн Газраас 1996 оноос хойш олон нийтийн үйлчилгээний байгууллагуудад /сургууль, эмнэлэг, номын сан/ хямд үнэтэй холболт санал болгож, хувийн компаниудад татварын хөнгөлөлт олгож байв.[6] Үр дүнд нь “ихэнх хүүхэд, бараг бүх хүүхэд онлайн орчинд “хөл тавих” боломж бүрдсэн[7] гэж “Kaiser” сан тэмдэглэжээ. (2006). Гэхдээ судлаач Кац, Райс нарын тогтоосноор “интернэт хэрэглэгчдийн дундах арьс өнгө, хүйсийн ялгаа арилсан” боловч Хойд Америк ба Зүүн Өмнөд Азийн хоорондын ялгаа үгүй болсонгүй. (ван Дик, 2005). Энэ мэт интернэт хэрэглээний зөрүүтэй байдал нь шууд л ардчилсан хуваагдалд хүргэдэг гэдэг. Цахим чат өрөөнд нэвтрэх боломжгүй байх, аливаа хөтөлбөр, кампанит ажлын талаарх мэдээлэл, эх сурвалжийг олж чадахгүй байх, эсвэл олон нийтийн хөдөлгөөн, үйл ажиллагаанд хамрагдаж чадахгүй байх нь хуваагдлыг улам тодотгодог. Цаашлаад улс төр гэдэг нь харилцаагаар тэтгэгдэж байдаг хойно “хүмүүс харилцахад нөлөөлж байгаа зүйлс нь эцэстээ улс төрд ч нөлөөлдөг.” (Хилл & Хьюс, 1998)

Нидерландын нэрт эрдэмтэн ван Дикийн тодорхойлсноор цахим хуваагдал нь тийм ч хялбар ойлголт биш. (2005). Тэрбээр хуваагдал нь хувиршгүй нөхцөл биш бөгөөд “биет болон зорилтот хуваагдал багасч байж болох ч, ур чадвар ба хэрэглээний хуваагдал өсч байх талтай” гэжээ.[8] Өөрөөр хэлбэл, НҮБ-ын мэдээлснээр дэлхий даяар компьютер ба интернэтийн хэрэглээ, холболтын боломж, хэлбэр нэмэгдэж байгаа ч “Аль ч нийгэмд байгааг үл харгалзан 35-аас дээш насныхны хувьд сурч, боловсрох хугацаандаа ямар нэг дижитал ур чадварт огт суралцаагүй” гэжээ. (ван Дик, 2005). Гэтэл нөгөө талд залуус, оюутнууд “өнөөдөр бүгд компьютер, видео тоглоом, интернэтийг “төрөлх хэл” шигээ эзэмшсэн байгаа[9]” бөгөөд судлаач Пренски тэднийг “дижитал үндэстэн” гэж тодорхойлжээ. Энэ утгаараа тоон хуваагдал нь бидний мэдэх хүрээнээс хэдийнэ хальсан тул дахин нухацтай судлах шаардлага ургаж байгаа юм. Ван Дикийн санал болгож байгаагаар тохиромжтой програм хангамжийн хэрэглээг нэмэгдүүлж, хүртээмжтэй эппликейшн бүтээх нь хэрэглээний хуваагдлыг бууруулах арга байж болох талтай. Гэхдээ үүгээр зогсохгүй Тоон хуваагдлыг хаах бодлогын хэрэгслийн дугуйг тэр боловсруулсан юм. (2005).

График 1 Тоон хуваагдлыг хаах бодлогын хэрэгслийн дугуй

Эндээс харвал интернэт холболтын боломжийг нэмэгдүүлэх, материаллаг хэрэгцээг хангах нь тоон хуваагдлыг шийдэх арга болж чадахгүй бөгөөд хүмүүст технологийг ашиглах ур чадвар, эх сурвалжийг нээж, хэрэгцээ шаардлагыг бүрдүүлэх нь үүний шийдэл болох юм.

Тухайлбал, судлаач Кац, Райс нар дижитал медиаг ярихдаа зөвхөн технологийн хувьд төвлөрөөд зогсохгүй интернэтийн харилцааны хэрэгсэл болдог шинж чанарыг онцгойлсон.

Тэд “хэрэглэгчид мэдээллийг бүтээгдэхүүн гэж харахаас илүү түүнийг олж авах харилцааны явцад нь татагддаг” болохыг тогтоожээ. Үүгээр ч зогсохгүй хэрэглэгчид мэдээллийг бүтээгчид болоход ямагт дурладгийг тэд мөн бичжээ. (2002). Энэ нь магадгүй Facebook, Twitter, YouTube зэрэг олон нийтийн сүлжээ хуудсууд яагаад амжилттай байдгийн хариулт ч байж болох.[10]

Эерэг талаас нь харвал интернэт нь хувь хүмүүсийн амьдралд олон боломж, бололцоо бий болгож, тэдний олон нийтийн оролцоог идэвхжүүлж, хөгжлийг хурдасгаж байж болно. Гэхдээ нөгөө талдаа энэ давуу тал нь хүн бүрт тэгш биш бөгөөд, технологид “дөхсөн” хүн бүр давуу талыг нь мэдэрч чадахгүй байна.

Интернэт нэвтэрсэн эхний үед тоног, төхөөрөмжөөр хангах, сүлжээний боломжийг өргөтгөх нь чухал гэж үздэг байв. Харин одоо бол хүмүүст шинэ технологийг ашиглах ур чадвар, мэдээллийг боловсруулах мэдлэг болоод өдөр тутмын амьдралд нь дэвшилтэт технологи хэрэгтэй гэдгийг мэдрэх өдөөлт хэрэгтэй байна.

ii. Гадаад орны туршлага — Сингапурын жишээ буюу Цахим оролцооны тухайд

НҮБ-ын тайланд дурьдсанаар Сингапур нь цахим технологийн хөгжлөөр дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэдний хувьд иргэдийнхээ идэвх, оролцоог нэмэгдүүлэхээр явуулсан мэдээлэл, харилцааны технологийн хөтөлбөр нь 2013 онд НҮБ-ын экспертүүдийн уулзалтанд үлгэр, жишээ болж байв.[11]

Сингапурын “Infocomm Development Authority” (IDA) тодорхойлсноор;

“Цахим оролцоо гэдэг нь “Засгийн Газрын шйидвэр гаргах үйл явцад мэдээлэл, харилцааны технологийн тусламжтайгаар оролцох боломж юм. Иргэд бодлого тодорхойлох үйл ажиллагаанд цахим хэрэгсэл, олон нийтийн сүлжээ зэрэг үзэл бодлоо илэрхийлж болох платформоор дамжин оролцож болно…” гэжээ.” (2013)

Сингапурын Засгийн Газар 1980-аад оноос хойш мэдээлэл, харилцааны технологийн бодлогоо хөгжүүлж одоо хүн амын 76% нь компьютер, интернэт ашиглаж байна. Хэдийгээр хэрэглэгчдийн дийлэнх нь 15–34 насны залуус байгаа ч 2005 онд iN2015 нэртэй 10 жилийн төлөвлөгөө гаргаж Дараа үеийн үндэсний броадбэнд сүлжээ байгуулах зорилго тавьжээ. Ингэснээр улс даяар өрх бүр, сургууль, эмнэлэг, төрийн байгууллага, бизнесийн байгууллагыг интернэтээр хангах болов.

Мөн 2011 оноос eGov2015 төслийг хэрэгжүүлж иргэдийн оролцоог тэдний хувьд үзэл бодлоо илэрхийлэхдээ хамгийн түгээмэл хэрэглэдэг хэлбэр болох цахим хэлэлцүүлэг, олон нийтийн сүлжээ сайтын тусламжтайгаар нэмэгдүүлэх болжээ. Түүнчлэн энэ нь зөвхөн мэдээлэл цуглуулаад зогсохгүй хэрэглэгчдэдээ хариу өгдөг эргэх холбоотой болсон нь давуу тал болсон юм.

Цаашлаад гар утсанд суурилсан үйлчилгээнүүдийг олноор нэвтрүүлсэн аж. Ухаалаг утасны эппликейшн болон мессежид суурилсан үйлчилгээ бий болгосноор олон нийт санал сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлж түүндээ хариу авах боломжтой болсон. Мөн бага орлоготой айл өрх, оюутнуудыг боломжийн үнэтэй компьютер, интернэт холболтоор хангахад гол анхаарлаа хандуулжээ.[12]

Сингапурт хуваагдлыг арилгахад авсан дараачийн арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй мэдээллийн санг бүрдүүлж, хэрэгцээт мэдээллээ олж авахад шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх байв. Үүний тулд eCitizen санаачилгыг хэрэгжүүлж иргэн төвтэй мэдээллийн санг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг хялбар хүргэх болов. Мөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 5000 гаруй олон нийтийн сургалтын төв нээж шийдвэр гаргах үйл явцад оролцоход дэм болжээ.

Судлаач Ву Мин Хуонг эдгээрийг “мэдээлэл, харилцааны технологийн хөгжлийн шатыг үр дүнтэй стратегиар төлөвлөж, сайтар боловсруулсан бодлогоор хангах нь амжилтын гол суурь” гэж дүгнэсэн байна.[13] Тиймээс бусад улс, орнууд энэ жишгийг хэрэгжүүлэхдээ мэдээлэл, харилцааны технологид хөрөнгө оруулахаас урьтаад бодлогын түвшинд анхаарч ажиллах хэрэгтэйг судлаачид тэмдэглэжээ.

Тухайлбал, Египтэд хэрэгжүүлсэн “Компьютерийн загвар лаборатори”-д хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, програм хангамж суурилуулсан ч түүнийг ажиллуулах хангалттай боловсон хүчин байгаагүй. (Варшаур, 2003). Иймд олон нийттэй харилцах, тэдэнд хариу өгөх, дэмжлэг санал болгох зэрэг нь үндэсний хэмжээнд бодлого боловсруулахад хамгийн чухал юм.

iii. Тоон хуваагдал Монголд

Бүс нутгийн хуваагдал

Мэдээллийн технологи, шуудан, харилцааны холбооны газрын “Цагаан ном” эмхэтгэл хамгийн сүүлд 2014 онд гарсан бөгөөд албан ёсоор бүртгэлтэй интернэт хэрэглэгчдийн тоо 2013 оны байдлаар 762 мянгад хүрсэн байна. Харин албан ёсны бүртгэлгүй ч интернэтэд холбогдож байгаа хэрэглэгчийн тоог олон улсын байгууллагууд 2016 оны эхний сарын байдлаар 1,3 сая буюу үүнээс хоёр дахин их гэж байгаа юм.

График 2 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчдийн тоо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Дээрх график мэдээллээс харвал 2009 оноос хойш интернэт хэрэглэгчдийн тоо тасралтгүй өссөн буюу долоо дахин өссөн нь сайшаалтай. Мөн “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжих хугацаанд манай улсын өрхийн тоо нэмэгэдэхтэй зэрэгцэн компьютертэй өрхийн тоо ч тэр хэрээр нэмэгдэж байжээ. Тухайн үед “Өрх бүрт компьютер” зэрэг боломжийн үнэтэй төхөөрөмжийг айл бүрт хүргэх төрөл бүрийн дэд төсөл явуулж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй.

График 3 Компьютертэй өрхийн тоо, “Цахим Монгол” тайлан

Мэдээлэл, харилцааны технологийн бодлого нь манай улсын хувьд орон даяар хийгддэг тул бүс, нутгуудийн хувьд төдийлөн ялгаа байдаггүй. Гэвч хүртээмж, хурдны асуудал энд зайлшгүй дурьдагдах ёстой. Хотжилтын нөлөөгөөр Улаанбаатар хотод тулгуурлаж буй төвлөрөл нь хөдөө, орон нутгийн аж ахуйг унагаж, эдийн засгийн маш бага өсөлт мэдрэгдэх болов. Азийн Сангийн судалгаанаас харахад ядуурал хотод 23,2%, хөдөөд 35% байгаа бөгөөд үүнээс үүдээд интернэтэд холбогдох төхөөрөмжийг худалдаж авах, интернэтэд холбогдох материаллаг суурийг тавих нь хүндрэлтэй гэсэн үг.

Энэ үүднээс хөдөө, орон нутгийн хөгжлийн дундаж баримжааг илтгэх боломжтойгоор Дундговь аймгийг сонгож харьцуулахыг оролдов. Нийслэлээс 250 км зайд орших тус аймагт хүн амын 86% нь гар утас ашигладаг гэсэн дүн гарсан ч, суурин интернэт ашигладаг нь ердөө 13%-ийг эзэлж байгаа юм. Үүнийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээтэй харьцуулахад гар утасны хэрэглээгээр эн тэнцах ч, интернэт хэрэглээ нь тав дахин бага байна.

График 4 Улаанбаатар хот ба Дундговь аймаг дахь гар утас, интернэт хэрэглээний байдал

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Дундговь аймгийн иргэдийн 11% нь гэртээ интернэт ашигладаг бол 26% нь албан байрандаа, үлдсэн нь найз нөхдийндөө гэсэн байна. Эндээс харвал орон нутгийн иргэдэд өдөр тутмын амьдралдаа интернэт ашиглах зайлшгүй шаардлага, өдөөгч үгүй байна. Ялангуяа, малчдын хувьд эн тэргүүний хэрэгцээ нь аюулгүй байдал ба ахуйн асуудал байдаг. Гэсэн ч орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх, олон нийтийн хэлэлцүүлэг, шийдвэр гаргалтын явцад дуу хоолойг нь сонсох нь мэдээлэл, харилцааны технологийг хөгжүүлэх үндсэн шалтгааны нэг гарцаагүй мөн билээ. Харин дээрх хэрэглээнд үүдсэн судалгаанаас харвал гар утсанд суурилсан мессеж, эппликейшнд зориулсан үйлчилгээг нэвтрүүлэхэд боломжтой гэдэг нь анзаарагдаж байна. Дашрамд дурьдахад, 2015 онд Монголын үүрэн телефоны зарим компани (Мобиком, Жи-Мобайл) Internet.org хөтөлбөрийн хүрээнд Free Basics хөтөлбөрт нэгдсэн. Иймээс гар утас ашиглагчдын хувьд энгийн хэрэглээний програмууд үнэгүй болж байгаад суурилан хөгжүүлэлт хийх боломж нээгдээд байгаа юм.

Хүн ам зүй

График 5 Интернэт хэрэглэгчдийн хүйс, боловсролын байдал, Үндэсний статистикийн хороо

Дээрх графикаас харвал Монголд интернэт хэрэглэгч эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс арай илүү байгаа юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд илүү боловсролтой, ажлын байртай байгаа нь анзаарагдаж байна. Боловсролын хувьд интернэт ашиглагчдын тал нь боловсролтой, эрдмийн зэрэгтэй аж. Харин энэ үзүүлэлт коллеж төгсөгчдийн дунд буурах боловч дунд сургуулийн боловсролтой иргэдийн дунд өндөр болж өөрчлөгдөж байна. Энэ нь яах аргагүй интернэт нь сурагч, оюутан залуусын түгээмэл хэрэглээ гэдгийн илрэл юм.

График 6 Монгол дахь интернэт хэрэглэгчид

Монгол Улсын хүн амын талаас илүү нь 25-аас доош насныхан байдаг нь манай орныг залуусын орон болгодог.[14] Энэ нь интернэт хэрэглэгчдийн насны бүлгийг залуус тэргүүлдгийн нотолгоо болно. Гэвч энд хуваагдал хамгийн их илэрдэг буюу 51-ээс дээш насныхан хэрэглэгчдийн ердөө 3 хувийг эзэлж байхад 19–25 насныхан 45 хувь, 26–35 насныхан 44 хувийг бүрдүүлж байна. Үүний шалтгаан нь 51-ээс дээш насныхны хувьд мэдээллийн хэрэгсэл ашиглахдаа уламжлалт хэрэгсэлд түлхүү ханддагийнх байх талтай. Тиймээс тухайн хүмүүст шинэ технологийг шуудхан хүлээн авч, ашиглаж дадах нь хялбар биш байж болно.

Хэрэглээ

Мэдээлэл, харилцааны технологийн хөгжлийн хөтөлбөрийн нөлөөгөөр интернэт нь харьцангуй түгээмэл хэрэглээ болж, мэдээлэл авахдаа интернэт ашиглах нь орчин үед өсч байгааг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн тайланд тусгажээ.

График 7 Монгол дахь интернэт хэрэглэгчид

Хэдийгээр телевиз нь мэдээлэл авах гол хэрэгсэл болж байгаа ч бусад уламжлалт хэрэгсэлтэй харьцуулахад интернэтийн хэрэглээ багагүй өсчээ.

График 8 Мэдээллийн эх сурвалжийн байдал

Монголын хэвлэлийн хүрээлэн уг судалгаандаа 2012 оноос гар утас ба олон нийтийн сүлжээ гэсэн категори нэмж оруулсан нь мэдээлэл хүлээн авах байдалд гарч байгаа өөрчлөлтийн шууд илрэл гэж харж болно. Ялангуяа, гар утасны мессеж харилцаа буурч байхад, эсрэгээр олон нийтийн сүлжээ сайтын ашиглалт өсч байгаа юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын мэдээлснэр Монголд Facebook ашиглагчдын тоо хурдацтай өсч 800 мянгад хүрч байгаа ба энэ тоо 2010 онд ердөө 100 мянга байсан юм. Twitter, YouTube-д бүртгэлтэй дансны тоо ч өсч олон нийтийн сүлжээ сайтын хэрэглээ өсөн нэмэгдэж байна.

Интернэт харилцаа ийнхүү түгээмэл болохыг дагаад улс төрийн нээлттэй байдал ч нэмэгдэж байна. Монголд Facebook, Twitter-т олон дагагчтай хувь хүмүүсийн дийлэнх нь олон нийтийн зүтгэлтнүүд, улс төрчид байгаа юм.[15] Онлайн орчин дахь хүмүүс ч тэдэнтэй ярилцах, үзэл бодлоо хуваалцах нь түгээмэл байдгийг бид харж болно. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн судалгаанд дурьдсанаар олон нийтийн сүлжээ хуудас ашиглагчдын 60% нь энэ хэрэгсэл нь тэдэнд юу бодож байгаагаа илэрхийлэх боломж олгоно гэж итгэдэг гэжээ. Тиймээс энэ нь шийдвэр гаргагчид ба олон нийтийг холбох хэрэгсэл болох нь дамжиггүй.

Дүгнэлт

Зарим түүхч, судлаач мэдээллийн сүлжээг магадгүй Монголчууд үүсгэсэн гэх нь бий. Тэртээ 13-р зуунд мэдээллийг өртөө хооронд дамжуулдаг, улаачид байсан нь үүний эхний хэлбэр гэж үзэх талтай. Энэ утгаараа мэдээллийг үр ашигтай солилцоход Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг чамлахааргүй юм. Орчин цагт ч үүнийгээ улбаалж мэдээллийн технологийг үр дүнтэй, улс орны хөгжилд тустайгаар ашиглахыг зорих нь зүйн хэрэг.

Гэхдээ мэдээлэл, харилцааны технологийн бодлого, төлөвлөлтийг хөгжүүлж, ач холбогдол өгч байгаа ч, хэрэглэгчдийн сонирхол, хэрэгцээ үүнтэй харьцуулахад сул байгаа юм. Ялангуяа, интернэт ашиглагчдын тоо өсч байгаа мэт харагдавч бүс нутгийн хувьд ялгаа байсаар байна. Огцом, хурдацтай дэвшил нь нэг хэсэг хүмүүст хэмжээлшгүй боломжийг олгож байтал нөгөө хэсэгт огт хүртээмжгүй байгаа нь хүн амын дундах тоон хуваагдлыг гүнзгийрүүлж байгаа юм. Түүнчлэн интернэтэд холбогдох нь харьцангуй хялбар, нээлттэй болсон ч үр ашигтай хэрэглээний тухайд анхаарах цаг болсон.

Монгол иргэдийн хүн ам зүйн бүтэц, нийгмийн байдалд анализ хийвэл манайд дундаж орлоготой, ажилтай, залуу, боловсролтой иргэд интернэт хэрэглэдэг нь харагдлаа. Тоон мэдээллийн хуваагдал нь гол төлөв үе хооронд болон боловсролын түвшнээр зааглагдаж байна. Засгийн Газраас мэдээллийн нийгэмд амьдрах шинэ үеийнхнийг бэлдэхэд анхаарч байгаа ч дундаж насныхан, ахмадуудад мэдээлэл, харилцааны технологийн тохирсон орчин бүрдүүлэх нь дутмаг байна.

Дараачийн тод харагдаж буй хэсэг нь хот, хөдөөгийн ялгаа юм. Дэд бүтцийн хөгжил тааруу учраас орон нутагт технологийн хөгжлийг аваачих нь сорилт болоод буй. Тэр дундаа хөдөөгийн иргэдийн олонх нь нүүдэллэн аж төрдөг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Уг нь тоног, төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, үнийн хөнгөлөлт үзүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийг сурталчлан дэмжих гээд олон хэлбэрээр оролдсон ч уг судалгааны дүнд гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан интернэт холбоог санал болгож байгаа юм. Дээр үзүүлсэн мэдээллүүдээс дүгнэвэл компьютертэй болон компьютергүй өрхийн тоо хол зөрүүтэй ч, гар утасны хэрэглээ асар их бөгөөд интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь GPRS, 3G холболтоор нэвтэрч байгааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын тайланд дурьдсан байна.

Судлаач Норрисын (2001) тайлбарласанчлан интернэт нь Засгийн Газар хэрхэн ажиллаж байгаа, түүний үйлчилгээ хэрхэн хүрч байгаа зэргийг олон нийтэд мэдээлэх томоохон хэрэгсэл юм. Нэмээд бодлого тодорхойлогч ба ерийн иргэдийг холбож, иргэдийн улс төрийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх хөшүүрэг болдог. Харин манай орны цахим засаглалын хөтөлбөр, төлөвлөгөө эргэх холбоотой байх, харилцаа үүсгэх тал дээр дутмаг учраас дэвшилтэт хэрэгслийн давуу талаа гаргах биш уламжлалт хэрэгслээс хол ялгаагүй ажиллаж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс Засгийн Газар иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол олон суваг, хэрэгсэл ашиглаж олон нийтийг нийгмийн амьдралд оролцох тэгш боломжоор хангахад анхаарах ёстой юм.

Ном зүй:

Norris, P. (2001) Digital Divide: Civic Engagement, Information Poverty, and the Internet Worldwide, Cambridge University Press

Laura B. Lengel. (2000) Culture and Technology in the New Europe, Greenwood Publishing Group

Pool, S. (1983) Technologies of Freedom, London: Belknap Press

Castells, M. (2001) The Internet Galaxy: reflections on the Internet, business, and society, Oxford: Oxford University Press

D Van Dijk. (2005) The Deepening Divide: Inequality in the Information, SAGE Publications

Hill, K. A., & Hughes, J. E. (1998). Cyberpolitics: Citizen activism in the age of the Internet. Lanham, MD: Rowman & Littlefield.

Katz, J. A., & Rice, R.E. (2002) Social Consequences of Internet Use, MIT Press

Warschauer, M. (2004) Technology and social inclusion: Rethinking the Digital Divide, MIT Press

Lkhagvasuren, A. (2002) “Community Information Centres evolving into Cyber aimag of Mongolia” presentation in Seoul, Korea

Ломбо, Н. (2000) Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм, Улаанбаатар хот: МУИС

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, (2013), Интернэт хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа, Улаанбаатар: “Ном Хур” хэвлэл

Poh-Kam Wong, (2001) “ICT Production and Diffusion in Asia Digital Dividends or Digital Divide” in WIDER Discussion Paper

D Van Dijk, (2005) “From Digital Divide to Social Opportunities” in 2nd International Conference for Bridging the Digital Divide. http://doc.utwente.nl/59814/1/Dijk05from.doc

Мянганы хөгжлийн зорилт хөтөлбөр (2011) “Интернэт ба гар утас хэрэглэгчид ” http://web.nso.mn/portal/content_files/comppmedia/cpdf0x4255.pdf

Gate for Development (2003) An Overview of Information and Technology Development in Mongolia, survey

Мөнхбат, С. (2011) Мэдээлэл, харилцааны технологийн өнөөгийн нөхцөл байдал, илтгэл

Tamir, S. (2006) From Civil Movements to Revolutionary Change http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4295

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар (2005) Цахим Монгол хөтөлбөрийн эмхэтгэл, Улаанбаатар, Монгол Улс

Монголын Хэвлэлийн Хүрээлэн (2015) Монголын хэвлэл, мэдээлэл өнөөдөр, Улаанбаатар хот

[1] Пантик, Д. (1997). Internet in Serbia: From Dark Side of the Moon to the Internet Revolution. First Monday, 2(4). doi:10.5210/fm.v2i4.520

[2] Internet World Stats [ http://www.Internetworldstats.com/stats.htm]

[3] See Manuel Castells, The Internet Galaxy, 2001

[4] Internet user is described as an individual who has access to the Internet at home. See [http://www.Internetlivestats.com/Internet-users/]

[5] Pew Internet & American Life Project Surveys. Available at [http://www.pewInternet.org/2009/06/17/connections-costs-and-choices/]

[6] See http://www.nytimes.com/2006/03/31/us/31divide.html?ei=5094&en=1f2932d1bfa86422&...

[7] See http://www.nytimes.com/2006/03/31/us/31divide.html?ei=5094&en=1f2932d1bfa86422&...

[8] Van Dijk suggests motivational, physical or material, skills and usage divides in his book The Deepening Divide. (2005)

[9] Mark Prensky, (2001), Digital Natives, Digital Immigrants, 2001, On the Horizon (MCB University Press), Vol. 9 No. 5, available at [http://www.marcprensky.com/writing/Prensky%20-%20Digital%20Natives,%20Digital%20Immigrants%20-%20Part1.pdf ]

[10] See The top 500 sites on the web [ http://www.alexa.com/topsites ]

[11] Infocomm Development Authority of Singapore, “E-Participation: Empowering People through Information Communication Technologies (ICTs), UN Expert Group Meeting, 2013

[12] www.//ida.gov.sg/neupc [cited in IDA report]

[13] Vu Minh Khuong, Information and Communication Technology (ICT) and Singapore’s Economic Growth, Lee Kuan Yew School of Public Policy paper (LKYSPP14–08), National University of Singapore

[14] Peter Geoghegan, Life in Ulaanbaatar’s tent city is hard — but Mongolians won’t give up their gers http://www.theguardian.com/cities/2014/sep/03/mongolia-ulanbaatar-ger-yurt-tent-city?CMP=fb_gu

[15] http://www.socialbakers.com/twitter/country/mongolia/