MERS буюу Ойрхи Дорнодын Амьсгалын Замын Хам Шинж өвчний талаар товчхон.

Mandakhnaran Davaadorj
2 min readOct 17, 2015

--

Middle East Respiratory Syndrome (MERS) буюу Ойрхи Дорнодын (Дундад Дорнод гэдэг юм гэж битгий хэрэлдээрэй плийз) Амьсгалын Замын Хам Шинж хэмээх өвчин 2012 оноос Саудын Араб орчмоос хувиран үүсч улмаар глобалчлалын буянаар богино хугацаанд Өмнөд Солонгост ирэн уг нутгийн зөөлөн уур амьсгал, шигүү хүн ам, тус вирусын халдварлах чадавхи зэргээс шалтгаалан эгшин зуур хурдтай тархаж, хэдэн хүн нас барж нөхцөл байдал хяналтаас гарч мэдэхээр болоод байна. Энд нэр томъёоны тухай зарим тайлбар хэлье. “Хам шинж” гэдэг нь нэг шалтгааны (энэ тохиолдолд MERS вирус) улмаас хүний биеийн олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа өөрчлөгдөн, улмаар өөр өөр эрхтэнүүдийн хямралын олон янзын шинж тэмдэг зэрэг илрэхийг хэлдэг болно. Өөрөөр хэлбэл хамрын ханиадны вирусууд голчлон хамар, гуурсан хоолой, уушиг орчмыг, шарын вирус ихэвчлэн элгийг гэмтээдэг бол энэ вирус дангаараа юмуу түүний эсрэг өрнөх биеийн хамгаалах хариу урвалын дүнд олон эрхтэнүүд зэрэг гэмтэж үйл ажиллагаа нь хямран алдагддагт аюул нь байна. MERS өвчнийг үүсгэгч нь коронавирус хэмээх бүлэгт багтах олон хэлбэрийн вирусуудын нэг юм. Эдгээр вирусуудын зарим цөөн төрөл нь хамрын ханиад гэх мэт хөнгөн халдварыг үүсгэх боловч зарим хувирсан хэлбэр нь SARS, MERS гэх мэт аюулт халдварыг үүсгэдэг. Уг вирусуудыг электрон микроскопоор хэдэн мянга дахин томруулж харахад гадаргуугын уургууд нь титэм мэт харагддагаас коронавиурс буюу титэмт вирусууд хэмээн “өхөөрдөн” нэрлэжээ. Одоогооор нөхцөл байдал ямар байгаа болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хангалттай мэдээлэл цацагдаж байгаа тул тэр тухай бичих нь илүүц биз. Ихэнх вирусын халдварын үед яг түүний эсрэг онилж устгах өвөрмөц эмчилгээ байдаггүй бөгөөд хямарсан эд эрхэтүүдийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийж бие махбодын дархлаа өөрөө түүний эсрэг тусгай уураг боловсруулан довтолж устгахыг нь хүлээдэг. MERS вирусын хувьд мөн эмчилгээний тактик ийм байгаа боловч BBC мэдээллийн агентлагийн өнөөдөр (16 June, 2015) нийтэлсэн мэдээнээс үзвэл анагаах ухааны өндөр хөгжил бүхий Өмнөд Солонгос улс туршилтын журмаар вирусыг довтлогч уургыг агуулсан цусны шингэнг (ийлдэс гэх) эмчилгээнд хэрэглэж эхлээд байна. Одоогоор хоёр эмнэлэгт туршилтын эмчилгээг эхлүүлээд байгаа юм байна. Эмичилгээний энэхүү арга нь вирусын эсрэг үр дүнтэй аргуудын нэг юм. (Монголд галзуу, татран, халдварт саа болон бусад зарим халдварын эсрэг ийлдэс мөн хэрэглэдэг) Гэвч одоогоор үр дүн нь тодорхой болох болоогүй байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

2015 оны 6 сар.

--

--