M.Solo
M.Solo
Jul 25, 2017 · 3 min read

Танил дурсамж


Би гэдэг хүн их азтай. Учир нь гэнэн цайлган бага насаа тал нутгийн наранд ээгдэн, эмээгийнхээ хормойноос зүүгдэж өсөхийн жаргалыг мэдэрсэн жирийн нэгэн. Тийм болоод ч тэр үү эмээгийн охин гэж хэлүүлэх их дуртай. Бага жаахан насандаа эмээтэйгээ өнгөрүүлсэн дурсамж бүхэн минь сэтгэлд тодоос тод байдаг.

Ах, эгч нарыг хонь эргүүлээд ир, тугал хараад ир гэж явуулчихаад хүлээр /модон чингэлэг/ нь доторх чихрээ идэн булагнах гэж байгаад баригдсан, бороотой өдөр эмээ, өвөөгийн цай хэмээн өрөм, ааруултай цай уун суусан, малаа бэлчээчихээд эмээ минь араг савраа үүрэн аргалд хамт явсан гээд олон нандин дурсамж бий. Түүний нэгээхэн хэсэг нь эмээгийн минь ялаа, шумуул үргээх нэрийдлээр биднийг эрхлүүлэх гэж тавьсан “Май”-ны /аргалын их утаа/ үнэр.

Нар шингэхээс өмнө хэдэн малаа ойртуулан, үнээ тугалаа эвлэдэг нь хөдөөний айл бүрийн заншил болсон ажил. Тэр их ажлын өмнөхөн оройн хоолоо тухтай гэгч нь идэж авна. Элдэв төрлийн ногоогүй хонины борцтой гурилтай шөлийг гэрийн сүүдэр бараадан хөлсөө бурзайтал сорж суух одоо бодоход хэчнээн сайхан гээч. Нар жаргахтай зэрэгцээд аяндаа үхэр мал өөрсдөө ирж, гэрийн ойролцоо ялаа, шумуул салахгүй дүнгэнэлдэж эхэлдэгсэн. Бурзайсан хөлсөө арчих зуур аяга хоол нь дээр минь ялаа дүнгэнэн намайгаа сандаргана. Би гэдэг хүн хөлсөө хальт мулт ханцуйгаараа арчсан болоод ялаа үргээчихээд аягатай хоолоо асгачих шахан эмээдээ очиж, хов мэдүүлнэ.

Удаа ч үгүй эмээ минь гэрийн ойролцоо овоолсон аргалаас авч май тавихад аргалын утааны үнэр хамар цоргин үнэртэж, хүн бүр амар тайван хоолоо иддэгсэн. “Май”-ны утаа салхины аясаар суналзан уугисаар нөгөөх хэдэн ялаа, шумуулыг үргээчихнэ. Аргалын утаа, эмээгийн саальний дээлнээс үнэртэх сүүний үнэр наддаа л энэ хорвоогийн хамгийн сайхан үнэр. Магадгүй зарим хүнд муухай мэт санагдах “Май”-ны үнэр миний хувьд эмээгийн минь санагдуулах хамгийн сайхан зүйлсийн нэг.

Хоолны дараа үхрээ саах их ажил эхэлж, томчууд хөл хөдөлгөөн болно. Харин хүүхэд багачууд хонины хашаан дээр гарчихаад томчуудыг ажиглаж сууна. Биднээс арай том ах, эгч нар маань тугал татаж, хонь хашилцан томчуудын хөл, гарын үзүүрт зарагддаг байж билээ. Эмээгийн ажил ингээд дуусахгүй ээ. Саасан сүүгээ хөөрүүлнэ, тараг бүрнэ гээд маргаашийн ажилд бэлдээд тун завгүй ажиллана. Өглөө үнээгээ саахаар гарахдаа хүн бүрийн аяганд будаатай цай, шинэхэн өрөм, хоёр ширхэг ёотонгийн норм үлдээчихнэ. Хэзээ ч өглөөний цай бэлдэхгүйгээр үнээндээ гарна гэж үгүй. Ийм сэтгэлээс гардаггүй нандин дурсамж надад бий.

Тухайн үед бага жаахан болоод ч тэр үү эмээдээ эрхлэхээ л боддог байж дээ. Одоо харин эргээд санахад тал нутгийн минь жаргаж буй нар, эмээгийн минь тавьсан май, бас борцтой гурилтай шөл юугаар ч сольшгүй жаргал байж ээ. Аав, ээжийгээ даган хот хүрээ газар бараадан эрдэм номын мөр хөөн, ажил төрөл гэсээр эмээдээ төрсөн нутагтаа очилгүй удсан байна. Удахгүй төрсөн нутагтаа очиж, эмээдээ үнсүүлнэ ээ. Эмээтэй минь холбоотой ийм л сайхан дурсамжууд сэтгэл зүрхэнд минь тодоос тод байдаг юм.

Хөдөө талын салхинд бүүвэйлэгдэн эмээдээ эрхэлж өссөн хүн бүрт энэ дууг зориулъя. Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би… энэ сайхан шүлгийг үнэхээр гоё дуу болгосон шүү.

    M.Solo

    Written by

    M.Solo

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade