Зохиолчид мөнгө олох гэж ном бичдэг,

Яагаад болохгүй гэж…

Утга зохиол судлаач, доктор проффесор С.Байгалсайхантай хөөрөлдлөө.
-Таны үеийхэн яагаад чимээ аниргүй болчихов. Суурь судалгааны ажилд анхаараад уран сайхны шүүмж бичихгүй байна уу?
-Би өөрийгөө хэзээ ч шүүмжлэгч гэж бодож, ярьж бичиж байсангүй. Судлалын зүйл оролдоод л өдий хүрлээ. Сүүлд Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав, Ж.Саруулбуян нарын романы тухай шүүмж илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэнээс хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хөгжмийг уран зохиолтой харьцуулж бичсэн шүүмж сонирхолтой санагдсан. Миний ойлгосон, тайлбарласантай таарч байгаа нь зохиолч, уншигчид зөв тийш алхаж байгаа юм байна гэж бодоод сууж байна.
-Монголын уран сайхны шүүмжлэлийн салбарынхан өдгөө номд өмнөтгөл бичихээс хэтрэхгүй болсон. “Шүүмж судлал унтаа байдалтай байна” гэсэн яриа яваад байх юм. Үүнтэй санал нийлэх үү?
-Манай үеийхэн болоод залуус маань хийх юмаа хийгээд, бичээд л байна шүү дээ. Саяхан До.Цэнджав орчин үеийн уран зохиол, уран сайхны сэтгэлгээний тухай ном хэвлүүлсэн. Н.Батсуурь, Х.Чойдогжамц нарын залуус сүүлийн үед уран сайхны шүүмж олныг бичиж байна. Номын өмнөтгөлийн хувьд өөр бодолтой байна. Өмнөтгөл бичнэ гэдэг хүнд ажил. Сайн бичиж байвал их сайн хэрэг. Тухайн номыг уншигчдад танилцуулж, үнэлж дүгнэж, номтой холбоотой түүх, уран сайхны ойлголтыг уншигчид хүргэж буй явдал. “Шүүмжлэгчид юм бичихгүй байна” гэж үеийн үед л ярьдаг. Энэ талаар О.Дашбалбар “Утга зохиол дахь зүүний нялхсын өвчин” хэмээх шүүмж өгүүлэл бичсэн дээ. “Үлдэгдэл сүнс” нь л тэнэж яваа биз. Бусдыг ор үндэсгүй муулах, өөрсдийгөө дөвийлгөх мугуйд увайгүй авир байсаар байна. Дэлхийн утга зохиолын \миний уншсанаар шүү\ түүхийг харахад сайн зохиол гарч байж сайн шүүмжлэгч төрдөг. Хамгийн ойрхоны жишээ бол Оросын шинэчлэгч үзэлтнүүүдийн бүтээлийн дараа Белинский, ХХ зууны алтан үеийн дараа Монголд Ш.Гаадамба, Д.Цэнд, Ц.Мөнх тэргүүтэн гарч ирсэн шүү дээ.
-“Өөрөө зохиол бүтээл бичихгүй байж бусдыг шүүмжлэх гэлээ” гэсэн эсэргүүцэл хүмүүст байдаг?
-Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Гаадамба, Ц.Мөнх, Х.Сампилдэндэв, Д.Цэдэв,Ч.Дагвадорж нар сайн зохиолч, бас шүүмж ч сайн бичдэг уран бүтээлчид. Харин Ц.Хасбаатар, Д.Цэнд, С.Лувсанвандан, Ч.Билигсайхан, Т.Доржпүрэв, С.Энхбаяр тэргүүтэй шүүмжлэгч зохиол бичсэнийг олж үзсэнгүй. Шүүмжлэгч зохиол бичих эсэх нь тухайн хүний л хэрэг. Ертөнцийн өнгө олон шүү дээ. Сэтгэлгээг заавал нэг горимд байхыг шаардах нь утгагүй зүйл.
-Утга зохиолд шүүмж судлал яагаад заавал байх ёстой вэ. Зохиолч бичээд л уншигчид сонирхолтой бол уншаад сонирхолгүй байвал орхиод байж болох биш үү?
 -Шүүмж судлалын ач холбогдолыг маш энгийнээр тайлбарлах гээд оролдъё. Бүх төрлийн спортын уралдаан тэмцээн шүүгчгүй байвал юу болох вэ. Монголын үндэсний бөх засуулгүй бол яахав. Хэн дуртай нь уралдаад, барилдаад л би давсан, чи унасан гээд л явна шүү дээ. Үүнтэй адил уран сайхны шүүмж уншигч зохиолчдыг холбох гүүр болдог. Энэ уламжлалт ойлголт одоо хүртэл хэвээрээ гэж бодож байгаа шүү. Харин нэмж хэлэхэд, дээр дурдсанчлан сайн зохиолын дараа сайн шүүмжлэгч төрдөг гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. 
-Монголчууд унших номоо сургаар сонгох хандлага байдаг. Бестселлер болсон зохиолыг сайн гэж ойлгоод худалдаж авдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бестселлер гэдэг үг нь хамгийн сайн худалдах, их мөнгө гэсэн утгатайг хүн бүр мэдэж байгаа байх. Уншигчийн сонирхлыг татах онц сонирхолтой, хурц зөрчилтэй зодоон цохион, дээрэм тонуул, садар самуун, тагнуул туршуулын тухай бичдэг нийтийн уран зохиолын төрөл л дөө. Үүнийг хэрхэн хүлээн авах, унших эсэх нь тухайн үндэстэн, нийгмийн боловсрол, соёлын төвшинтэй шууд холбоотой. 2010 онд БНСУ-ын Сөүл хотод болсон дэлхийн гүн ухаантнуудын их хуралд орчин үед мөнгөний золиос болсон улс үндэстний уламжлалт соёл утга зохиолын үнэт өв, зүйлсийг устгаж байгаа тухай нухацтай цохон тэмдэглээд соёлын өвийн асуудал дээр Маркс, Лениний онолыг ч буцаан авч хэрэгжүүлэх боломжтой талаар зөвлөмж тунхаг гаргасан байдаг. Манай хоёр хөрш сүүлийн жилүүдэд төрийн бодлогоор юуг уншвал зохих, ямар зохиол бичихийг хүртэл зохицуулах болжээ. Бүх хэвлэл, сонин сэтгүүл нь төрөөс санхүүжиж байна. Тиймээс төр нь хүн арддаа нийгмийнхээ үнэт зүйлс, чин хүсэл мөрөөдлийг нь зааж өгч чиглүүлж байна. 
Харамсалтай нь, манайд ийм бололцоо байхгүй учраас зохиолчид мөнгө олох талруугаа л явж байгааг буруу гэж үзэх аргагүй. Тэд амьдрах хэрэгтэй биз дээ. Гэхдээ ийм байлаа гээд зүгээр хаячихаж болохгүй. Аль болох сайн уран бүтээл бүтээхийн төлөө бүгд чармайх учиртай.
-Өнөөгийн Монголын уран зохиолын талаар ямар бодолтой явдаг вэ. Зарим нь зогсонги байдалд орсон гэж ярих юм. Та юу гэх вэ?
-Санал нийлэхгүй байна. Харин ч өөдрөгөөр харж байгаа шүү. Ц.Хулан, Ц.Бавуудорж, Б.Галсансүхийн шүлэг, Д.Энхболд, Б.Эрдэнэбат, Х.Болор-Эрдэнэ, Шүүдэрцэцэгийн тууж өгүүллэг, Батрэгзэдмаагийн жүжиг кино, Н.Батсуурь, Х.Чойдогжамцын шүүмж, Г.Аюурзанын роман, тэмдэглэл, нийтлэлгүйгээр өнөөгийн уран зохиолыг төсөөлөхийн аргагүй болжээ. Тэгэхээр Монголын уран зохиол уламжлалаа хадгалаад шинийг сэлбээд баттай оршин тогтож чадна. Уран зохиолын хүнд хүчрийг нуруундаа үүрч явах төлөөлөгчид хэдийнэ байр сууриа олчихсон учраас цаашид олон жилийн турш хүн ардынхаа оюуны цангааг тайлж чадна гэдэгт бүрэн итгэж байна. 
-Саяхан болсон “ХХ зууны монголын уран зохиол” номын нээлтэд та “Хүмүүнлэгийн боловсрол ба уран зохиол” гэсэн мэдээлэл хийсэн. Энэ сэдвийг яагаад онцлох болов?
- Манай их дээд сургуулиудад хүмүүнлэгийн чиглэл бүх хичээлийн 10 орчим хувийг эзэлдэг бол хөгжингүй орнуудад 25–39 байдаг байна. Дэлхий ертөнц түүний үнэт зүйлсийн талаар өргөн бөгөөд бүх талын бодитой мэдээллийг хүмүүнлэгийн боловсрол олгодог. Манай ЕБС-д хүмүүнлэгийн хичээлийн агуулга, цаг маш бага. Ихэнх цагийг нь бүр бага ангиас нь эхлээд мэдлэг олгох чиглэлд хандуулсан байдаг. Үсэг бичиж, тоо бодож сурангуут нь мэдлэг олгох академик сургалт явуулж эхэлдэг. Бид монгол хэлээ мартлаа, үндэсний соёл үгүй болж байна гэж үргэлж ярьдаг ч дорвитой зүйл хийдэггүй учир шалтгааныг нь ойлгохгүй юм. ЕБС-уудад монгол хэлийг бус хэл шинжлэл, уран зохиол биш уран зохиол судлал зааж байна шүү дээ. Уншиж бичиж чаддаг болохоос нь эхлээд зөв найруулан бичих, ядахдаа өргөдөл, захидал бичиж сурахыг бага, дунд, ахлах ангиудад дараалалтай оруулах талаар энэ илтгэлд ярьсан юм. Уран зохиолыг унших, ойлгох гэдэг нь жижигхэн мэт боловч эх зохиолыг уншаад өөр хоорондоо, багш , эцэг эхтэйгээ ярилцах нь их ач холбогдолтой юм. Энэ бол сурагч хүмүүжиж байгаа хэрэг. С.Нарангэрэл академичийн хэлдгээр тавьхан хууль байхад Монголд хангалттай бусдыг нь ёс зүй, суртахуунаар шийдэж болох юм биш үү. Ингэж хүнийг хүмүүжүүлэхийг хүмүүнлэгийн боловсрол гэж хэлж байгаа юм. Үүнд уран зохиолын үүрэг асар их. Ойрхоны жишээ хэлье. ОХУ-ын Москва хотын тусгай дунд сургуулийн сурагчид хоорондоо зодолдож нэгийгээ буудсан ноцтой хэрэг гарсан. В. Путин ерөнхийлөгч тэр дариуд нь зарлиг гаргаж ОХУ-ын ЕБС-уудад Оросын утга зохиол орох цагийн хэмжээг хоёр дахин нэмсэн. 
Тэрбээр 2016–2017 он шилжих мөчид ард түмэндээ илгээсэн илгээлтдээ, ХХI зууны шинэ орос хүнийг хүмүүжүүлэх үйлсэд уран зохиолын үүрэг асар ихийг онцлон тэмдэглэж, түүнд театр, кино телевиз, музейнүүдийг өргөнөөр татан оролцуулах том хөтөлбөр боловсруулан ажиллахыг эрдэмтэн судлаачдад уриалсан байдаг. Бид яагаад хажууд байгаа хөрш орноос үүнийг суралцаж болохгүй гэж. Тэртээ тэргүй манайд уламжлал байгаа шүү дээ. “Хүн болох багаасаа” гэдэг шүү дээ. Ээж аавыгаа хайрладаг, эгч ах дүүс, эргэн тойрноо хүндэлдэг хүн ирээдүйд эх орон газар дэлхийгээ хайрладаг, нөхдөө хүндэлдэг хүн болно. Ийм хүн олон болох тусам эх орон, улс үндэстэн хөгжинө шүү дээ. Үүний төлөө бид хүмүүнлэгийн боловсрол гэж яриад байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл бага дунд, их дээд сургуулиудын хичээлийн агуулгын үзэл баримтлалын тухай. Боловсролын чансаа өндөртэй гадаадын орнуудад шашны болон соёлын хичээл оруулан хүүхдийг багаас нь идеалтай болгон хүмүүжүүлдэг тогтсон аргатай юм билээ. Бид хүүхдийг багаас нь мундаг “амьтан” болгох гэж академик сургалтаар бөмбөгдөөд хүн болох талыг нь анхаарахгүй байна.
-Та олон жил боловсролын салбарт ажиллаж байгаа. Боловсролын салбарт баримтлах бодлого жил бүр өөрчлөгдөж, нэг хэсэг тогтворгүй болж ирснээ сүүлийн хэдэн жилээс тогтворжих тийшээ хандаж байна гэж зарим нь хэлдэг. Та санал нийлэх үү?
-Жил бүр өөрчлөгдөх нь ч юу юм бэ. Сонгуулийн дөрвөн жилд ялсан нөхөд “Бид ийм юм хийсэн” гэж үзүүлэх гэдэг ч юм уу, бүү мэд, зарим зүйлийг өөрчилнө гээд сүйд хийж байсныг хүн болгон мэднэ. Харин сүүлийн жилүүдэд боловсролын талаар явуулж буй бодлоготой санал нийлж байна. Нийлэхээр барахгүй би дотроо дэмжиж байна. Бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийг туршаад нийтээр хэрэглээд эхэлчихсэн, одоо дунд боловсрол нь явж байна. Үүнийг л битгий тасалчихаасай. Саяхан зурагтаар хотын дахин төлөвлөлтийн асуудлаар “Дээрээсээ зөв шийдвэр гарсан. Доор нь гүйцэтгэж байгаа зарим компани нугалаа завхрал хийж, иргэдийг хуурч, хулхидаж байна” гээд ярьж байсан. Үүн шиг асуудал боловсролын шинэчлэлийн асуудалд битгий тулгараасай л гэж хүсч байна.

Show your support

Clapping shows how much you appreciated Б.Мөнх-Эрдэнэ’s story.