Эгнэгт дурсагдах их эрдэмтэн

-Мэндэлсний 110 жилийн ойд-

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн бол орчин цагийн соёл боловсролыг олон мянган жилийн уламжлалт соёлтойгоо зохистойгоор хослуулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ цагийн шилдэг сэхээтний нэг, эгнэгт дурсагдах их эрдэмтэн билээ.

Тэрбээр 1908 онд Халхын Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж Жамьянгаравын хамжлага ард Цэнд бичээчийн хоёр дахь хүү болон Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу нутаг “Билүүт” хавцлын эх “Баруун шанд” хэмээх газар /одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутаг/-т мэндэлсэн байна.

Тухайн цаг үеийн соёлжингуй гэр бүлд төрж өссөн ахуй нөхцөл, уламжлалт хүмүүжил нь Ц.Дамдинсүрэнд насан багаас бичиг үсэгт суралцаж, шинэ төрд зүтгэхэд нөлөө үзүүлжээ. Энэ тухай Ц.Дамдинсүрэн өөрийн намтарт бичихдээ “Өвөг эцэг Эрэгзэндоной монгол ном бичиг сайн уншдаг. 1924 онд Матадын хошууны хурлын төлөөлөгч байж, хуучин ноёд түшмэдийн эрх ямбыг хасаж, жинхэнэ ардын захиргааг байгуулахад оролцож байсан. Эцэг Цэнд бага наснаас гэртээ монгол бичиг заалгаж сайн бичээч болжээ. Хүү Дамдинсүрэн надад гэртээ монгол бичиг зааж сургасан. Манайд жил тойрон үргэлж 4–5 хүүхэд монгол бичиг заалгаж суудаг байсан. Энэ нь нэг ёсны гэрийн сургууль байсан юм. Манай ааваар бичиг заалгаж сурсан олон сайн бичээч, ардын засгийн үед аймаг, хошуу ба улсын төрд алба хааж явсан” гэжээ. Ийнхүү өвөг эцэг Эрэгзэндоной, авга ах Балдан, эцэг Цэнд нарын ачаар Ц.Дамдинсүрэн бичгийн боловсрол эзэмшин монгол ардын аман болон бичгийн уран зохиол, дорно дахины улс орны бүтээл туурвилтай хар багаас танилцсан нь бичиж туурвих билиг авьяасынх нь дөлийг бадраажээ.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг болох нь

Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн багаасаа уран зохиолд татагдсан бөгөөд 1927 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж “Ардыг тэжээхүй рашааны дусал”, “Таван шашдир” зэрэг дорно дахины зохиолоос сэдэвлэн “Өчүүхэн дөрвөн үлгэр”-ээ бичиж уншигчидтайгаа танил болсон байна. Тэрбээр 1929 онд “Уран үгсийн чуулган” түүвэрт “Гологдсон хүүхэн” туужаа нийтлүүлжээ. Эл тууж хэвлэгдэн гармагцаа уншигчдын талархлыг гүнээ татжээ. Энэхүү бүтээл нь манай орчин цагийн уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, “Өмнөх үеийн зохиолуудад буюу аман зохиол, эртний уран зохиолд арван таван толгойтой атгаалжин хар мангас, түүнийг дарагч өнчин хүү буюу энгүй хүчит баатар эр, хаад ихэс, Чингис хаан, есөн өрлөг, өнчин хүү, Чингисийн билиг сургаал гэх мэтээр туульслаг дүрүүдийг дүрсэлдэг байсныг “Гологдсон хүүхэн” тууждаа Ц.Дамдинсүрэн шинэчилж энгийн хүмүүсийн дүрийг оруулж ирсэн нь манай уран зохиолд орчин үеийг бий болгосон гавьяатай. / Батсуурь Г. “Саглагар мод уулын чимэг, сайхан хүүхэн…”.,Уб. 2018/

Гэр бүлийн хамт 1955 он

Оросын алдарт монголч эрдэмтэн Л.Герасимович “Гологдсон хүүхэн” тууж эгэл жирийн хүн ардыг хувьсгалт ухамсраар хүмүүжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Ц.Дамдинсүрэнгийн ертөнцийг үзэх хувьсгалт үзэл түүнээс хувьсгалт тэмцлийн практиктай нягт холбоотой байсан явдал нь уг туужийн үзэл санааны үндсэн чиглэлийг тодорхойлж байна” гэж үнэлсэн. Цэрэн хүүхний намтар болох уг тууж нь өгүүлэмж талдаа ардын үлгэрийн уламжлалтай. Үлгэрийн гол баатар эхэн үедээ ихээхэн зовлон бэрхийг туулж аз жаргалд хүрдгийн адил Цэрэн хүүхэн ч төрмөгцөө гологдон, ад үзэгдэж, нас биед хүрмэгцээ Хөсрий илүүр хочит Буянд богтлогдон хэдэн жил зарагдан дарлагдаж, эцэст нь оргон зайлж бичиг үсэгт боловсрон сайн цагийн буянаар аавтайгаа уулзан аз жаргалд хүрч буй нь үлгэрийн уламжлал. Хэдий өгүүлэмж нь ардын үлгэрийн уламжлалтай боловч дүрслэл нь бодит шинж чанартай агаад эгэл жирийн хүмүүс дүрслэгдсэн болохын хувьд манай шинэ үеийн уран зохиолын үндэс суурийг тавьсан бүтээл билээ. Өгүүллэг, тууж бичлэгт гаршсан Ц.Дамдинсүрэнгийн бүтээсэн барлаг Долингор, баян Болд, Цэрэн хүүхэн (Гологдсон хүүхэн), цэрэг эр Бат, сайн малчин Хишигт (Солийг сольсон нь) нар болон Цээмаа (Чемодантай юм), Дормэд (Чөтгөр) нарын дүр бол зохиолчийн ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл болж нийгмийн мөн чанарыг гүнзгий ухаарсан бодол сэтгэлгээний цар хүрээг уншигч олонд нээж өгсөн юм. Энэ бол манай зохиолчдын туурвиж байсан үлгэр-өгүүллэгийн домог зүйн болзолт сэтгэлгээнээс шинэ үсгийн үргэлжилсэн үгийн реалист өгүүллэг тууж хүртэл бүтээлчээр баяжин хөгжсөн явцыг харуулах тод жишээ юм. Үүгээрээ Ц.Дамдинсүрэн уламжлалт утга зохиолын дүрслэлийн арга, дүрийн бүтцэд шинэчлэл хийж бясалган номлогч номой дүрээс хувьсган өөрчлөгч тэмцэгчийн дүрийг товойтол гаргаж тавьсан билээ. Ц.Дамдинсүрэнгийн бичсэн шүлэг зохиол олон биш боловч, чухаг нандин бүтээл болж, цаг үеийг заагласан онцгой ач холбогдолтой. “Гологдсон хүүхэн”, “Буурал ээж минь” зэрэг зохиол бол хувьсгалаас хойш шинэ үед уран зохиол, шүлэг бичих үлгэр жишээ болж, хүмүүс тэр маягаар зохиол бүтээлээ туурвидаг болсон тул Ц.Дамдинсүрэнг орчин үеийн уран зохиолын үндэслэгчийн нэг гэж судлаачид үздэг.

Уламжлалт яруу найргийг шинэ агуулга, утга уянгын дүрслэлээр баяжуулав

Зохиолчийн шүлэг найраглалаас зүйр цэцэн үгээр бүтсэн юм шиг санагдах “Буурал ижий минь” найраглалыг цохон дурдах нь зүй. Эрдэм мэдлэгт шамдахын чухлыг онцолсон уг найраглалыг бичихдээ Ц.Дамдинсүрэн гуай түмэн олны амар хялбар ойлгох энгүүн хэлбэрийг сонгож, алсад сурч буй хүүгээс буурал ижийдээ бичсэн захидал эх үрсийн элбэрэл журмын харилцаагаар зохиомжоо гаргаж:

“Өнөр сайхан Монгол үндсээ хөгжүүлж

Өргөн сайхан эрх чөлөөгөө бадруулж

Айл зэргэлдээ улсаас хоцрохгүй

Ах дүү түмэн үндэстнээс гээгдэхгүй ”-н төлөө зүтгэж яваа монголын цог золбоот эгэл даруу охид хөвгүүдийн хэв шинжийг хадгалсан уянгын баатрын дүрийг бүтээсэн байна. Тиймээс ч “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” (1985)-д “Энэ зохиолоор Ц.Дамдинсүрэн монголын яруу найрагт илгээлт-найраглалын хэлбэрийг буй болгосон юм. Зохиолч, уянгын баатрын бодол сэтгэлээр эх орныхоо хувьсгалт өөрчлөлт, шинэ монгол улсын иргэн хүний оюун сэтгэлийн нийтлэг шинж төрхийг бүтээсэнд уг зохиолын агуулгын шинэчлэл оршино” гэж тэмдэглэсэн байна. Ц.Дамдинсүрэн шүлэг найрагтаа хүний сэтгэлийн хөдөлгөөн уянгын яруу санааг уран сайхны баялаг хэлээр илэрхийлснийг олон жишээгээр харж болно. Үүнээс ганц жишээ дурдахад “Наалинхай хоёр нүд чинь” шүлэгтээ:

“Наалинхай хоёр нүд чинь

Намрын ус шиг мэлтэгнэнэ

Намрын усны долгионд

Наадах нөхөр чинь бөмбөрлөө

Шингэн цагаан царай чинь

Шинэ цаснаас ялгаваргүй

Шинэ цасны ширхгээс

Шимэхийн төдий хайрла даа ” гэж залуу хүний долгилсон хайрын сэтгэлийг урнаар илэрхийлсэн нь харагдана. Ц.Дамдинсүрэн ардын аман зохиолд уламжилсаар ирсэн магтаалын шүлгийн хэлбэр, монголчуудын зан үйлийн холбогдол бүхий ерөөл билгийн төрлийг шинэ агуулга, утга уянгын дүрслэлээр баяжуулж, орчин үеийн уран зохиолд яруу найргийн шинэ төрөл зүйлийг төлөвшүүлэн хөгжүүлсэн нь олон бүтээлээс нь тодорхой харагдана. Түүний бичсэн ерөөлийн уламжлалт хэлбэр бүхий бүтээлүүд 40–50-аад оны яруу найргийн “өвөрмөц нэгэн төрөл” болсон учраас Монголын зохиолчдын анхдугаар их хуралд (1948) “Хувьсгалт реализмын анхны хамгийн хурц төлөөлөгчид нь Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж нар болно… Хувьсгалын шинэ утга одоогийн амьдралыг баталсан золбоот байдлыг ардын аман зохиолын дууны хэлбэртэй онц уялдуулан холбосон нь зохиолч Ц.Дамдинсүрэнгийн зохиолууд юм” /“Монголын зохиолчдын анхдугаар их хурал”, УХГ, Улаанбаатар, 1948,30-р тал/ гэж цохон тэмдэглэсэн байна.

Монголын нууц товчоо”-г олон түмэнд танилцуулсан түүхэн гавьяа

Ц.Дамдинсүрэнгийн 70 насны ойд

Академич Ц.Дамдинсүрэнгийн хийсэн эрдэм шинжилгээний олон талт ажлын нэг гол хэсэг нь монголын соёл, утга зохиолын судлал юм. Ц.Дамдинсүрэнгийн утга зохиол судлалын анхны бүтээл бол үндэсний уран зохиолын чухал дурсгал болсон “Монголын нууц товчоог” эртний монгол хэлнээс орчин цагийн монгол хэлэнд орчуулж, эрдэм шинжилгээний удирдтгал өгүүллийн хамт 1947 онд хэвлүүлсэн явдал юм. Энэхүү зохиолын утга санаа, үг илэрхийллүүдийг зөвөөр ухаарч орчуулахын тулд гадаад дотоодын эрдэмтдийн орчуулга, судалгаа, тайлбар, тэмдэглэл, хуучин монгол үсгийн орчуулга, сийрүүлэг, монголын олон зүйл түүхийн сурвалж, толь бичиг зэрэг судалгаа шинжилгээний өргөн хэрэглэгдэхүүнийг харгуулан хэрэглэжээ. Энэхүү эрдэм шинжилгээний нарийн нягт ажлын үндсэн дээр “Монголын нууц товчоог” өргөн олон уншигчдад танилцуулах зорилгоор утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож, ардын аман зохиолын баялаг уламжлалыг түшиглэн орчуулжээ. Энэ бол сурвалж бичгийг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан арга, орчуулгын хувьд ч чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.Нэрт эрдэмтэн Ш.Чоймаа энэ ажлын тухай “1940-өөд оны үес манай орны нийт уншигчдаар үл барам, мэргэжлийн сэхээтэн хүмүүс ч “Монголын нууц товчоо”-г бараг мэддэггүй байсан гэвэл хэтийдсэн хэрэг болохгүй дээ. Дэлхийн II дайны явцад, эх оронч үзэл шингэсэн, эрэлхэг баатарлаг дүрийг бүтээсэн урлаг, уран зохиолын бүтээл туурвих үүлэн чөлөөний нар мэт боломж бүрдсэн бөгөөд чухамхүү энэ завшаанд Ц.Дамдинсүрэн гуай завдаж амжиж, “Монголын нууц товчоо”-г 1947 онд монгол бичгээр анх хэвлүүлсэн түүхтэй. Ц.Дамдинсүрэн гуайн энэ орчуулга нь тэр хатуу үзэл сурталтай цагт эзэн богд Чингис хааны тухай сурагч багачуудаас эхлээд ахмад настан хүртэл уншиж бахархах боломж олгосон түүхэн гавьяатай” хэмээсэн байдаг.

Түүнчлэн Ц.Дамдинсүрэн 1957 онд бичсэн “Монголын уран зохиолын тойм”-ын нэгдүгээр дэвтэртээ XIII-XVI зууны үеийн монголын уран зохиолын түүхэн тоймыг авч үзжээ. Энэ бүтээлд уран зохиол судлалын үндсэн арга зарчим, монголын уран зохиолыг судалсан тойм, монголын үсэг бичиг, түүний гол гол дурсгалуудын талаар өгүүлж, XIII зууны үеэс уламжилж ирсэн “Монголын нууц товчоо”-г монгол хэл, түүх, уран зохиолын чухал дурсгал болохыг тэмдэглээд “Монголын нууц товчоо”-г зохиогч “Түүхт явдлыг данслах аргаар биш, дүрслэх аргаар бичсэн, XIII зууны үеийн чадамгай уран зохиолчийн бүтээл” /Дамдинсүрэн Ц. Монголын уран зохиолын тойм, I боть (XIII-XIV зууны үе) Уб., 1999, 75-р тал/ гэжээ. Түүнчлэн эл зохиолыг бүр хожуу үеийн буюу XVII-XIV зууны үеийн монголын түүхийн зохиолуудтай харьцуулан үзэж, “Нууц товчоо бол монголын бичигдэж үлдсэн хамгийн эхний уран зохиол” бөгөөд монголын түүхийн уран зохиолын аргаар чимэглэн бичих уламжлал хойшид ч тасраагүй болохыг өгүүлжээ.

Ц. Дамдинсүрэн гуайг амьд сэрүүн байхад бодит хэмжээг нь авч бүтээсэн хөрөг Ц.Амгалан

Монголын харьцуулсан утга зохиол судлалыг үндэслэсэн нь

Ц.Дамдинсүрэн нь монгол хэл, уран зохиолын судлаач гарамгай эрдэмтэн төдийгүй бас монголын харьцуулсан утга зохиол судлалыг үндэслэгч мөн. Тэрбээр монголын эртний утга зохиолын судлал болон монголын харьцуулсан утга зохиол судлалын үндэс суурийг тавихад томоохон хувь нэмэр оруулсан хүн билээ. Тэрбээр монголын утга зохиолын харьцаа холбооны асуудлыг таван зүйлээр тодорхойлж: монгол-энэтхэг, монгол-хятад, монгол төвөд, монгол-перс, монгол-зөвлөлтийн уран зохиолын харьцаа холбоо гэж авч үзсэн байна. Энэ нь соёлын өргөн цар хүрээний талаас нь хамарсан судалгаа бөгөөд утга зохиолын харилцан нөлөөллийн асуудалд тодорхой дүгнэлт өгсөн анхны томоохон судалгаа байлаа. Ц.Дамдинсүрэнгийн хийсэн судалгаанд монголын соёл, утга зохиолын харилцааны асуудал чухал байртай юм. Тэрбээр “Саран хөхөөний намтар”, “Төвөд, монгол шидэт хүүрийн үлгэр”, “ Рашааны дуслын төвөд монгол тайлбар”, “Ардыг тэжээхүй дусал нэрт шастир, түүний тайлбар” зэрэг энэтхэг, төвөд монголын утга зохиолын харилцааг судлахад чухал хэрэглэгдэхүүн болох эх бичгүүдийг нийтэлж, тэдгээр зохиолын эх бичиг, агуулга, уран сайхны онцлогийг задлан шинжилжээ. Ц.Дамдинсүрэн Энэтхэг, Төвөдийн зохиолтой холбогдол бүхий монгол зохиолуудыг задлан шинжилж, тэдгээр зохиолууд нь монгол ахуйн хөрсөн дээр идээшин зохицож, монгол төрх төлөвийг олсон болохыг төвөд, монгол эх хэрэглэгдэхүүн, сурвалж бичгийг түшиглэн онолын гүн гүнзгий үндэстэйгээр нотлосон байна. Тэрбээр “төвөд утга зохиолд байгаа иргэний уран зохиолыг ерөнхийд нь дөрвөн урсгалд хуваан хэлэлцэж болно” гээд түүний нэгэн хоёр ёсны сургаалуудыг оруулан үзсэн байна. Ийм санааны дор 1958 онд Төвөдийн зохиолч Сажа бандид Гунгажалцаны “Субашидыг”, 1964 онд Энэтхэгийн зохиолч Нагаржунайн “Рашааны дусал ба түүний төвөд монгол тайлбар”-ыг оршил, судалгаатайгаар хэвлүүлж, мөн 1961 онд “Төвөд, монгол Данжураас авсан сургаалын шүлгүүдийг” хэвлэлд бэлтгэсэн байна. Эдгээр бүтээлийн ач холбогдолыг нэрт төвөд судлаач Л.Хүрэлбаатар “гурван зүйлээр тодорхойлж болно” гэжээ. Тухайлбал, “нэгдүгээрт, Энэтхэг, Төвөдийн сургаалын шүлгийг авч үзсэн нь тухайн улс орны утга зохиолын судлалтай холбогдоно. Хоёрдугаарт, Энэтхэг, Төвөд, Монголын утга зохиолын харилцаа холбооны нэг чухал талыг хөндсөн. Гуравдугаарт, Энэтхэг, Төвөдийн бурхан шажны утга зохиол дотроос иргэний буюу хос ёсны чиглэлтэй сургаалын шүлгийг ялгаруулан шүүж үзсэн нь иргэний болон шашны агуулгатай зохиолын харьцааны асуудлыг шинэ тутамд тодорхойлход хүргэсэн” гэж тэмдэглэсэн байна.

Ц.Дамдинсүрэн “Дандины зохист аялгууны толь ба түүний монгол тайлбаруудын тухай товч мэдээ”, “Бигармижид хааны тухай гурван ном”, “Төвөдийн хуучин уран зохиол ба монгол орчуулгын тухай”, “Монгол Ганжур, Данжур ба түүний монгол орчуулгууд” зэрэг эрдэм шинжилгээний өгүүллийг монгол, орос англи хэлээр нийтлүүлжээ. Эдгээр өгүүлэлд Монголын соёл, утга зохиолын харилцааны асуудалд холбогдох олон арван шинэ мэдээг гаргаж өвөрмөц сонин саналуудыг дэвшүүлжээ. Түүний утга зохиолын хэлхээ холбооны талаар хийсэн томоохон судалгааны нэг нь “Рамаяна Монголд дэлгэрсэн нь” хэмээх бүтээл юм. Эл судалгааг орос хэлээр бичиж, ЗХУ-д хэвлүүлсэн бөгөөд бага зэрэг хялбарчилан орчуулж, 1976 онд Монголд гаргажээ.

Монголын уран зохиолын тоймыг бичсэн нь

Ц.Дамдинсүрэнгийн судалгааны цаашдын ажил нь монголын утга зохиолын түүхэн хөгжлийн явцад дүн шинжилгээ хийх, утга зохиолын дурсгалуудыг тусгайлан авч нарийвчлан судлах хоёр чиглэлээр гүнзгийрэн хөгжсөн байна. “Хуучин уран зохиолын доторхи ардчилсан чиглэл” /1955/, “Монголын уран зохиолыг судалсан түүхээс” /1956/, “Монголын эртний уран зохиолын тухай товч өгүүлэл” /1959/, “Соёлын өвийг хамгаалъя” /1959/ зэрэг монголын уран зохиолын хөгжлийн ерөнхий зүй тогтол, гол зангилаа асуудлыг хамарсан өгүүллүүдийг бичсэний зэрэгцээ “Хоёр загалын тууж”, “Өнчин хүүгийн цэцэлсэн шастир”, “Убаши хун тайжийн тууж” /1956/, “Хуульч Сандагийн зохиолуудын тухай” /1957/, “Мандухай сэцний домог” /1958/ зэрэг монголын уран зохиолын гол дурсгалыг тусгайлан судалсан өгүүллүүдийг хэвлүүлжээ. “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” /Исторические корни Гэсэриады/ бүүтэл нь 1957 онд Москвад орос хэлээр хэвлэсэн. Эл бүтээлээрээ тэрбээр Гэсэрийн туужийг Оросын эсрэг үзэл агуулсан зохиол хэмээсэн тухайн цаг үеийн Орос-Буриадын хэсэг эрдэмтний хүчтэй дайралтыг мөхөөж, удирдсан багш С.А.Козинтойгоо санал зөрж, монгол, төвд, хятад, манж олон сурвалжийн гэрч баримтыг судалгаа шинжилгээний бусад холбогдох бүтээлтэй харгуулан шинжилж үзээд “Нэгдүгээрт, монгол, төвөд Гэсэрийн тууж нь тус бүрдээ өвөрмөц чанартай байна. Хоёрдугаарт, Гэсэрийн туужууд ерөнхийдөө ард түмний зохиол юм. Гуравдугаарт, Гэсэр хаан бол түүхт хүн мөн” /Дамдинсүрэн Ц. Гэсэрийн туужийн гурван шинж. Уб., 1958, 4-р тал/ гэсэн гурван дүгнэлтийг хийжээ. 1998 онд их эрдэмтний охин А.Д.Цендина эл номыг монгол хэлнээ орчуулсан билээ. Энэ судалгаа нь Монгол, Төвөд, Ойрад, Буриадын бахархал болсон алдарт Гэсэрийн туужийг цаг үе, үзэл суртлын буруу зөрүү олон хаялга, хальснаас цэвэрлэж, хойно хожимоо монгол туургатан, Төв Ази, дорно дахин, улмаар дэлхий нийтээр судлахын зөв зам мөр, үүд хаалгыг нээсэн дорвитой том судалгаа болсон юм. Уран зохиолын дурсгал бичгүүдийг нээн илрүүлэн, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, улмаар монголын уран зохиолын тоймыг бичихэд эх хэрэглэгдэхүүн болгох зорилгоор Ц.Дамдинсүрэнгийн эмхэтгэж, эрдэм шинжилгээний оршил удиртгалтайгаар хэвлүүлсэн нэг томоохон бүтээл бол “Монгол уран зохиолын дээж зуун билиг” /1959/ юм. Энэ номын оршилд монголын уран зохиолын дээж бичиг, тойм, найрууллуудыг хэвлэж ирсэн түүхээс бичиж, удиртгал хэсэгт нь ХIII-ХХ зууны эхэн үеийг хүртэлх монголын уран зохиолуудын түүхэн хөгжлийн тоймыг өгүүлж, цоморлогт орсон зохиолуудын эцэст товч тайлбарыг хийжээ.” /Хүрэлбаатар Л. “Академич Цэндийн дамдинсүрэн” дурсгалын түүвэр”.Уб., 2008, 135-р тал/ Энэхүү цоморлог бол монголын уран зохиолын түүхэнд цохон тэмдэглэгдэх бүтээл болсон гэж Кливез, Мостарт, Рерих нарын олон эрдэмтэн үнэлэн бичсэн байна. Ц.Дамдинсүрэн 1957 онд бичсэн “Монголын уран зохиолын тоймын” нэгдүгээр дэвтэртээ XIII-XVI зууны үеийн монголын уран зохиолын түүхэн тоймыг авч үзжээ. Түүнчлэн уг тоймд ХIII болон XIV зууны үеэс уламжилж ирсэн “Гурван зуун тайчуудыг дарсан домог”, “Оюун түлхүүр”, “Өнчин хөвүүний шастир”, “Алтан ордны үйсэн дээрх бичиг”, “Хоёр загалын тууж” зэрэг зохиолын үзэл санаа, уран сайхны онцлогийг задлан шинжилж, мөн үеийн орчуулгын зохиолын тоймыг яруу найрагч Чойжи-Одсэрээр төлөөлүүлэн өгүүлж, ХV болон XVI зууны үеийн уран зохиолын дурсгалд “Мандухай сэцэн хатны домог”, “Убаши хун тайжийн тууж” зэргийг авч үзжээ. Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тоймын” I дэвтрийнхээ үүрэг зорилго, ач холбогдлыг тодорхойлж бичихдээ “… Монголын уран зохиолын түүхийн цоорхой газрыг нөхөж чадсангүй боловч, зарим цоорхой газрыг заасан боломжтой тал байхаас гадна багш нарыг харилцан туршлагаа солилцон зөвлөхөд голчлон зориулсан дэвтэр болмуй” гэжээ.Эл дэвтэрт баримталсан, шинжилгээний арга зарчмыг тэрбээр редакторлаж, бичилцсэн “Монголын уран зохиолын тойм”-ын I, III дэвтэрт мөн хэрэглэсэн байна. Энэхүү цоморлог бол монголын уран зохиолын түүхэнд цохон тэмдэглэгдэх бүтээл болсон гэж Кливез, Мостарт, Рерих нарын олон эрдэмтэн үнэлэн бичсэн байна.

Хэл шинжээч Ц.Дамдинсүрэн

Ц.Дамдинсүрэнгийн баруун гар талд Их сургуулийн багш Чойжилсүрэн, зүүн гар талд хэл шинжлэлийн эрдэмтэн Ш.Лувсанвандан.

Академич Ц.Дамдинсүрэн монгол хэлний эртний бичгийн дурсгалууд, орчин цагийн монгол хэлний авианы бүтэц тогтолцоо, монгол хэлний түүхэн хөгжил хувьсал зэрэг хэл шинжлэлийн олон салбараар бүтээл туурвисан том эрдэмтэн байсан гэдгийг онцлох нь зүйн хэрэг. Өнгөрсөн зууны хориод оны эхээр Монгол оронд гарсан нийгмийн шинэ эргэлтийг Ц.Дамдинсүрэн таатайгаар угтан авч, шинэ цагийн боловсон соёлыг дэлгэрүүлэхэд өөрийн сурсан эрдэм, төрөлхийн авьяас чадлаа дайчлан монголчуудын бичиг соёлын уламжлалыг насан туршдаа судалж, эх хэлнийхээ бүтэц тогтолцоонд тохирсон шинэ үсгийн дүрмийг анхлан боловсруулсан билээ. Ц.Дамдинсүрэн 1932 оноос Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухааны тасагт тэр үеийн томоохон сэхээтэн Шагж, Бат-Очир, Дорж мэйрэн, мэргэн Гомбожав, Д.Нацагдорж, Б.Ринчен нарын хамт ажиллаж байхдаа “Монгол хэлний тайлбар толь”-ийн ажилд оролцож байснаас гадна эх хэлээ хайрлан хамгаалах, уламжлалт монгол бичгийн хэлээ хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч, хэл бичгийн ухааны анхны томоохон бүтээл болох “Хичээл билигээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье” /1934/ хэмээх өгүүлэлээ нийтлүүлжээ. Энэ өгүүлэлд монгол бичгийн уламжлалт дүрмээ дагаж мөрдөх, тансаг сайхан хэл найруулгаа хэвээр нь хадгалах, үгийн сангийн баялаг өвөө зохистой ашиглах, харь хэлний үг, нэр томьёог зөв хэрэглэх, ярианы хэлний соёлыг эрхэмлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг багтаасан нь шинэ цагийн соёл, бичгийн боловсролоо хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний эрдэм шинжилгээний бүтээлийн дотор монгол хэлний эртний бичгийн дурсгалуудын судалгаа зонхилох байрыг эзэлж байна. Энэ талаар түүний анхны томоохон бүтээл нь “Монголын нууц товчоо” юм. Тэрбээр “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэлэнд буулгасан төдийгүй уг зохиолын түүх, уран зохиол, хэлний шинжийн талаас нь авч үзсэн томоохон тоймыг нийтлүүлсэн билээ. Уг тоймдоо “Монголын нууц товчоо”-ны биеийн төлөөний нэрийн эртний үндэсийн тухай, эдүгээ утга нь нэгэнт мэдэгдэхгүй болж, хуучирсан үг хэллэгийн талаар жишээ баримттайгаар тодорхой дурдсан бий. Түүний дурсгал бичгийн судалгаанд XIII-XVI зууны үеэс уламжлан үлдсэн монгол, хятад, дөрвөлжин үсгийн дурсгалууд чухал байр эзэлдэг. Тэрбээр 1957 онд хэвлэсэн “Монголын уран зохиолын тойм”-доо монгол үсгээр тэмдэглэсэн “Есүнкэ-гийн чулууны бичээс”, “Мөнх хааны хөшөөний бичээс”, “Бодичарияа-аватарагийн тайлбар”, Ил хаадын захидал, Гүюг хааны тамганы бичиг, “Алтан ордны үйсний бичиг”, “Эрдэнийн сан Субашид”, дөрвөлжин үсгээр тэмдэглэсэн “Чавчаал бомтын хаалганы бичээс”, хятад үсгээр тэмдэглэсэн “Хятад-Монгол харилцааны бичиг” зэрэг эртний дурсгалуудын эх текст, утга агуулга, хэл найруулга, хуучирсан үг хэллэгийн талаар тайлбарлаж, зарим дурсгалын гэрэл зургыг хавсаргасан нь энэ талаар манайд анхны тойм судалгаа байсан билээ. Тэрбээр хэд хэдэн бүтээлдээ монгол хэлний авианы түүхэн хувьсал болон үгийн бүтэц, хувьсгалын тухай асуудлыг хөндөж, зарим талаар сонирхолтой санал дэвшүүлсэн байна. Ц.Дамдинсүрэнгийн үгсийн сангийн судалгаанд толь бичиг нэн чухал байр эзэлнэ. Түүний толь бичгийн анхны томоохон бүтээл бол 1940 онд Ш.Лувсанвандагийн хамт найруулсан “Орос-монгол толь” юм. Гучин мянга орчим үгтэй энэхүү толь нь өрнөдахины толь бичгийн арга зарчмыг анхлан хэрэглэснийхээ хувьд ч, орос хэлээр дамжин орчин үеийн соёл боловсролтой танилцах тухайн үеийн бодит шаардлагыг хангахын хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр анхныхаа орос-монгол толь гарсанааас гучаад жилийн дараа томоохон хэмжээний шинэ толь бичиг хийхээр үндсэн аргазүйг нь боловсруулан профессор А.Лувсандэндэвийн хамт 50 мянган үгтэй орос-монгол толь бичгийг найруулан нийтлүүлсэн нь орчуулгын толийн аргазүй, толгой үгийн тоо, нэг үгийн олон салаа, утга, шилжсэн утга, хэлц хэллэг, элдэв ухааны нийтлэг нэр томьёо зэргийг багтааснаараа урьд өмнө гарсан толь бичгүүдээс үлэмж давуу болсон билээ. Түүнчлэн “1980-аад оны эхээр Берлин хотын Хумбольтын их сургуулийн профессор Ханс-Петер Фицегийн удирдлагаар доктор Г.Лувсан, Г.Наги нартай хамтран 35000 үгтэй Герман-Монгол хэлний анхны толийг эмхэтгэн гаргасан нь монгол хэлний үгсийн сангийн судлалд гарсан томоохон ололт болсон билээ” хэмээн Академич Д.Төмөртогоо түүний толь бичгийн ажлын давуу талыг тэмдэглэсэн бий. Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол хэлний нэр томьёог боловсоронгуй болгож, оновчтой тогтоох талаар байнга анхаарлаа хандуулж байсан бөгөөд ялангуяа харь хэлний үг, нэр томьёог хэрхэн хэрэглэх тодорхой арга зарчмыг боловсруулсан нь нэр томьёо тогтоох практик үйл ажиллагааны гол үндэслэл нь болсоор ирсэн билээ. Тэрбээр зөвхөн орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн асуудал төдийгүй бас түүхэн үгсийн сангийн асуудалд ч анхаарлаа хандуулж байв. Энэ талаар түүний бичсэн гол бүтээл нь “Монгол хэлэнд орсон төвөд үгэс” хэмээх томоохон өгүүлэл болно.Зохиогч уул өгүүлэлдээ самгарди, уйгур, төвд, хэлний үгс монгол хэлэнд нэвтэрэн монгол хэлэнд орсон зуу гаруй төвд үгийг зүйл хуваасан толийн маягаар ангилан жагсааснаас гадна мөн монгол хэлэнд орсон тавь гаруй самгарди үг, арав гаруй уйгур үгийг багтаасан нь монгол хэлний түүхэн үгсийн сангийн судалгаанд үнэтэй чухал материал болсон билээ.

Монгол орчуулгын онолын сэтгэлгээг хөгжүүлсэн нь

Улаанбаатарын төв вокзал дээрээс хүү Константинийг Орос руу үдэж байна 1968 он

Монголын уран зохиолын дурсгалуудыг тусгайлан авч нарийвчлан судалсны үндсэн дээр Ц.Дамдинсүрэн монголын утга зохиолын түүхэн хөгжлийн явцад дүн шинжилгээ хийснээр орчуулгын зохиолуудыг онц чухалчлан үзэж орчуулгын уран зохиолын нутагшлын буюу “монголжсон” хэлбэрийг дэвшүүлэн, улмаар монголд харьцуулсан утга зохиолын онцгой онолын тогтолцоо төлөвших, уг чиглэлийг судлах замыг нээсэн билээ. Тэрбээр А.С.Пушкины “Үүл”, “Хүрэл хөшөө”, “Полтав”, “Омтгойрон гудамжны үймээнд явагч”, “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, М.Лермонтовын “Далбаа”, Оросын туульсийн их найраглал “Игорын хорооны тууж”, унгарын Ш.Пөтөөфийн “Сүв бүгдээр шургаж”, чехийн Ян Нерудагийн “Зүүн зүгээс гэгээрлээ”, төвөд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” /эхний зургаан бадаг/ зэрэг, өрнө дорнын олон хэлний уран зохиолын бүтээл орчуулжээ. Энэ мэтчилэн олон тооны орчуулга хийсний дээр Ц.Дамдинсүрэн нь шинэ үеийн уран сайхны орчуулгын туршлагыг буй болгосон төдийгүй орчуулгын онолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нь монголын орчуулгын түүхэнд онцгой байр эзэлдэг. Тухайлбал, 1938 онд бичсэн “А.С.Пушкины “Олег сэцний дуулал” орчуулсан ба тайлбарласан нь”, “Гадаад хэлнээс шүлэг орчуулах тухай” зэрэг өгүүлэл өнөөг хүртэл монголын яруу найргийн зохиол орчуулагчдын гарын авлага болсон хэвээр байна. Ц.Дамдинсүрэн 1959 онд бичсэн “Монгол уран зохиолын судлалын зарим асуудал” өгүүлэлдээ утга зохиолын орчуулгын нутагшлын судлалыг анх удаа хөндөж тавьсан юм. Тэрбээр дээрх өгүүлэлдээ “Орчуулсан зохиол нь улмаар хувирч монголын ахуй байдлыг тусган монголын өвөрмөц шинж олсон бол авч хэлэлцэнэ. Ялангуяа төвөдөөс орчуулсан зохиол монгол амьсгал оруулж улируулан монгол зохиолын шинжтэй болгосныг мэдэх явдалд их нарийн нямбай судлал хэрэгтэй байна” гэж бичсэн байдаг. Түүнчлэн тус өгүүлэлдээ орчуулгын уран зохиолын нутагшлын судлалын чухлыг онцлон тэмдэглэхдээ: “Орчуулсан зохиол нь улирсаар монгол зохиол болох байдлыг онц чухалчлан судлах нь, одоогийн монгол зохиолын судлалын нэг чухал зорилго мөн” гэж тэмдэглэжээ. Нэрт эрдэмтэн Ш.Гаадамба нэгэн ярилцлагадаа “Дамдинсүрэн гуайн орчуулга бол их сонин доо. А.Пушкин “Алтан загас”, С.Маршакийн “Муурын байшин”-гийн орчуулгыг би олон дахин уншаад эргэцүүлэн бодож үзсэн. Алтан загасны үлгэрийг уншаад үзэхэд жинхэнэ монголчлох гэдэг үг таармаар юм шиг санагдаад байгаа юм. Пушкины уг эхийг бодоход Дамдинсүрэн гуайн зохиолоос их доор юм шиг санагддаг юм” хэмээсэн нь бий. Академич Ц.Дамдинсүрэн уран зохиолын орчуулгын талаар монголын шилдэг сэхээтнүүдийн баримталж байсан дэвшилтэт үзэл бодол, арга зарчмыг өвлөн авахын сацуу түүнийг цаашид бүтээлч шинэчлэлээр баяжуулан монгол орчуулгын онолын сэтгэлгээг хөгжүүлэхэд энэ мэт үнэт нэмэр хандив хийсэн юм. Ц.Дамдинсүрэнгийн Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв нартай хамтран удаа дараа зохиосон “Орос Монгол толь” нь эрдэм мэдлэгийн оньс түлхүүр хэл сурах судлах, орчуулга хөрвүүлэг хийх сонирхол бүхий гадаад дотоодын судлаач орчуулагчид, өргөн олон түмэнд гарын авлага болдог.Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, англи, герман, франц, хятад, солонгос, чех, мажар, болгар, польш зэрэг олон хэлээр удаа дараа орчуулагдан гадаадын уншигч орчуулагч судлаач олны талархал хүндэтгэлийг хүлээсний дээр шинэ цагийн монголын утга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэглэхүүн болсоор байна.

“Сурвалжлагч хүн мянган мэлмий, түмэн сонортой байх ёстой”

Үнэн сонины эрхлэгч нар

1940-өөд оны сэтгүүл зүй тухайн цаг үеийн онцгой нөхцөл, нийгмийн амьдралын шаардлага, хүн ардын оюун санааны эрэлт хүсэлтийг бодотой тусгаж, эх оронч үзлийг идэвхтэй сурталчилж байлаа. Энэ үеэс орон нутагт сонин гарах болсоноор хөдөөгийн авьяастнууд зохиол, нийтлэлээ хэвлүүлэх ойр дотны индэртэй болов. 1930-аад оны тогтмол хэвлэлүүд уран зохиолын зүйл үлгэр, тууж, холбоо найруулал, яруу найруулга гэх мэт нэртэй байсан бол 1940-өөд онд өнөөгийн утга зохиол, сэтгүүл зүйн нэр томьёо хэлбэршин тогтож, тогтмол хэвлэлийн бичлэгийн нэр төрөл үндсэндээ одоогийн намба төрхөө олж, нийтлэлийн агуулга, гүнзгийрч, ур чадвар нь сайжран, ард түмний амьдрал тэмцэлтэй нягт холбоотой болсон байна.Ц.Дамдинсүрэн сэтгүүлчийн үйл ажиллагаагаа 1942 онд “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллах үеэс эрчимтэй өрнүүлсэн байдаг. Түүний нийтлэлийн бүтээл шинжлэх ухаан, соёл боловсрол, энх тайван, найрамдал нөхөрлөл, ард түмний мал маллагаа, бүтээн байгуулах хөдөлмөрийн амжилт, тэргүүн туршлага гэх мэт сэдвийг хамарч байв. Төрөл зүйлийн хувьд шинжлэх ухааны нийтлэл болон сурталчилгааны өгүүлэл , аян замын тэмдэглэл, найруулал, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, шог найруулал зэрэг баялаг хэлбэрээр бичдэг байсан. Түүний уран бүтээлийн тухай олон арван өгүүлэл шүүмж тэмдэглэл байгаагийн дотор сэтгүүл зүйн арга туршлагыг нь үнэлсэн зүйлс ч цөөнгүй бий. “Ахмад сэтгүүлчийн өв нь үлдэг” номонд “Ц.Дамдинсүрэн сурвалжлагч хүн мянган мэлмийтэй, түмэн сонортой байх ёстой. Бас бичиж зохиоход сонины аппаратын хэн боловч хэзээд бэлэн байх ёстой гэж шаарддаг бөгөөд өөрөө сонины тэргүүн дагавар өгүүлэл, найруулал, тэмдэглэл, товч дэлгэрэнгүй мэдээ, шог гээд юуг л бол юуг ч төвөггүй бичдэг авхаалж самбаа авьяас билигтэй юмыг ургуулан бодож бичихдээ гойд сэргэлэн хүн байжээ” гэсэн бол “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-н I ботид “Ц.Дамдинсүрэн улс орныхоо нийгмийн хөгжилд ажиглагчийн байр сууринаас бус түүний гүнд идэвхтэй оролцогчийн сэтгэл зүрхээр сэтгүүлчийн бүтээлээ туурвидаг бөгөөд эх орноо хувьсгалт ёсоор өөрчлөх үйлсэд зохиолчийн хувьд төдийгүй, иргэн хүний хувьд нэмэр оруулсаар иржээ” хэмээн үнэлсэн байдаг.Ц.Дамдинсүрэнгийн нийтлэлийн бүтээлүүд нь сэтгүүлчийн хурц дайчин шинж чанар, зохиолчийн уран чадвар, эрдэмтний гүнзгий дүн шинжилгээ нийлж нийгмийн амьдралын бодит байдлыг маргашгүй дүрсэлсэн байдгаараа онцлог юм. Түүний нийтлэл товч хураангүй атлаа тод яруу нэг санааг илэрхийлэхдээ нөгөө асуудлыг хөндөж, бичсэн зүйл бүхнээс нь сэтгэлд үлдэх цэцэн мэргэн санаа, хурц тод үг хэллэг ундарч байдаг өвөрмөц барилтай байжээ.Ц.Дамдинсүрэн нийтлэл бүтээлдээ манай нийгмийн амьдралын бүх талыг хамруулан тусгаж, бичлэгийн олон төрөл, зүйлийг хэрэглэсэн байдаг. Түүний нийтлэлүүд уншихад ойлгомжтой, үг хэллэг сайтай, итгэл үнэмшил төрүүлэхүйц, цаг үеэ тусгасан, хүмүүжлийн ач холбогдолтой, үнэн бодитой зүйлийг өгүүлсэн байдаг. Өгүүлэл найрууллынхаа баримтыг амьдрал дундаас олж, цаг үетэйгээ холбон нийгмийн ач холбогдолтой болгон боловсруулж урнаар дурслэн бичдэг нь олон түмэнд хүртээмжтэй, үнэ хүндтэй бүтээл төрөх үндэс болдог байжээ. Тэрбээр “Бүх Монголын улаан үйлдвэрчин,” “Үнэн”, “Цог” зэрэг тогтмол хэвлэлийг эрхэлж байсан бөгөөд хэвлэл мэдээллийн удирдах ажилтны хувьд сонин сэтгүүлийн чанар үзэмжийг сайжруулах, агуулга хэлбэрийг баяжуулах, хэл найруулгыг төгөлдөржүүлэх, сэтгүүлч идэвхтэн бичигч нарыг сонины ажилд сургах талаар их анхаарч, энэ сэдвээр олон өгүүлэл, зөвлөмж нийтлүүлж байжээ.Түүнчлэн судлаач Г.Батсуурийн хэлсэнчлэн “ХХI зууны уран зохиол бичлэгийн онцгой өвөрмөц хэлбэр, бичгийн урлагийн хамгийн дэвшилтэт төрөл гэгдэж буй эсээ бичлэгийн түүх нь ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээлтэй холбогдож байгааг онцлон тэмдэглэх ёстой.” Түүний эсээ хэлбэрийн бүтээлүүд дотор томоохон байр эзлэхүйц нэгэн өвөрмөц бүтээл нь “Сайхан хүүхэн” (1982) байдаг. Харин нэгэн ялгаа байгаа нь уламжлалын хувьд Ц.Дамдинсүрэнгийн эсээ хууч ярианы шинжтэй нь анхаарал татна. “Сайхан хүүхэн” эсээг уншихад Ц.Дамдинсүрэн зохиолчийн өөрийнх нь олж тэмдэглэсэн хууч яриануудыг сануулам агаад ерөөсөө л хууч ярианы зохиомжоор бичигдсэн нь харагддаг билээ.” /Батсуурь Г. “Саглагар мод уулын чимэг, сайхан хүүхэн…”.,Уб. 2018/Ц.Дамдинсүрэн сэтгүүл зүйн бүтээлд аян замын тэмдэглэл зохих байртай. Түүний тэмдэглэлүүд бусдын тухай өгүүлэхдээ ард олондоо авч хэрэглэх, сонсгож дуулгах юм юу байгааг онцлон анхаарсан, өөрөөр хэлбэл үр нөлөөг бодолцсон байдгаараа онцлог юм. Ц.Дамдинсүрэн цаг үеийн чухал сэдэв, амьдрал ахуйд амь бөхтэй байгаа дутагдал хоцрогдлын тухай өгүүлсэн “Малчны цэнгэл”, “Богд ууланд”, “Үүрд найрамдахыг бид хүснэ”, “Ардын эмээл”, “Дуламжавын ханзархай гутал”, “Ламын рашаан”, “Алдагдсан азарга” зэрэг олон найраглал шог найруулал бичсэн. Г.Дэлэг “Ц.Дамдинсүрэн зохиол бүтээлдээ үйл явдал баримт сэлтийг тод зураглан харуулахын хамт чихэнд чимэгтэй, ухаанд унацтай, аялгуу сайхан Монгол хэлээ чадварлаг ашиглаж бичдэгээрээ онцлог байсан” гэж тэмдэглэсэн байдаг. Тэрбээр “Үнэн” сонинд ажиллаж байх үедээ бодит явдлаас сэдэвлэсэн нэлээд бүтээл, нийтлэл тэмдэглэл сониндоо бичдэг байсны зарим нь уран зохиолын эгнээ үрүү шилжсэн бий. Тийн шилжих нь уран чадварын хувьд харьцангуй сайн боловсорсон болохыг харуулдаг билээ. Тухайлбал бодит явдлаас сэдэвлэсэн буюу ардын домог, хууч ярианы уламжлалтай өгүүллэгүүдэд нь “Ламын рашаан” (1945), “Хоёр цагаан юм” (1945), “Жороо морь” (1946), “Хув зусаг” (1949), “Өлзийтийн хээр” (1949), “Чөтгөр” (1964), “Шарав Норов хоёр” (1964) зэрэг бүтээлийг нэрлэж болно. “Ер нь Академич Ц.Дамдинсүрэн амьдралыг нарийн ажигладаг, эргэцүүлдэг түүнийгээ энгүүнээр хүүрнэн бичиж аль болох хэвлүүлэхийг хичээдэг байсан нь олон бүтээлүүдээс нь харагддаг. Бас нэгэн баримт гэвэл уран сайхны зохиол гэхээсээ илүү мөн сонины нийтлэл ч юм уу, эсээ хэлбэрийн бүтээл гэж үзэж болохуйц “Хув зусаг” гэдэг зохиол. 1949 онд бичсэн “Хув зусаг” өгүүллэгт малчин ардын мал маллагааны арга ухаан, мал бүрийн онцлог, мөн чанарын талаар дүрслэн үзүүлсэн нь сонирхолтой. Өөрийн биеэр мал маллаж байж л мэдэх дүрслэлүүд нэлээд байгаагаас нь уг зохиолыг бодит явдлаас буюу зохиолч өөрөө мал маллаж байсан туршлагаасаа санаа сэдлэг авч бичсэн болохыг нь төвөггүй мэдэж болно. Энэ мэтээр зохиолч Ц.Дамдинсүрэн болсон тохиолдсон хэрэг явдлыг уран сайхны аргаар үйл явдаллаг байдлаар зохиомжлон ард олноо соён гэгээрүүлж байжээ.” /Батсуурь Г. “Сонины нийтлэлээс уран зохиол уруу…”.,Уб. 2018/

Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал

1998 онд Монгол улсын засгийн газраас Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг буй болгож, утга зохиол судлагч, доктор, профессор Л.Хүрэлбаатар, Д.Цэдэв, ОХУ-ын монголч эрдэмтэн, профессор Л.К.Герасимович нарт анхлан олгожээ. Монгол хэл, монголын утга зохиол болон дорно дахины, түүний дотор төвөд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын гурван иргэнд гурван жилд нэг удаа Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг олгодог. Нэрэмжит шагналд их эрдэмтний дүрийг товойлгон хийсэн энгэрийн тэмдгийг, үнэмлэхийн хамт 5.0 /таван сая/ төгрөг дагалдуулан олгох ба Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг шинжлэх ухаан ажилтны өдөр /жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх ням гарагт/ гардуулдаг.

“Оюуны ундарга” шагнал

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор “Бүтээлийн ундарга”, “Оюуны ундарга” хэмээх тус аймгийн тэргүүн шагналыг бий болгожээ. ХХ зууны Монголын манлай их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хэмээх эл хүндэт тэмдэгийг оюуны бүтээл туурвилын өндөр амжилт гаргасан хүмүүст хоёр жилд нэг удаа олгодог байна.

Академич Ц.Дамдинсүрэнгийн хөшөө

Монгол даяар нэр бүтээл нь түгсэн, “Зууны манлай соён гэгээрүүлэгч”, анхны Ардын уран зохиолч, гурван удаагийн Төрийн соёрхолт, хэл бичгийн ухааны доктор, профессор, хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор буюу 1998 онд Чойбалсан хотын Төв номын сангийн өмнө талд босгосон хөшөө юм. Энэ суут хүний тухай үзэсгэлэнгийн танхим Чойбалсан хот дахь Дорнод аймгийн түүх соёлын музейд бий.
Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч академич, XX зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг Матад сумын нутагт 2015 онд сүндэрлүүлжээ. Гурван метр гаруй хүрэл хөшөөг босгох санаачлагыг Дамдинсүрэн сангийнхан гаргаж Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг”Буман-Олз” ХХК-ийн Захирал Б.Хаянхярваа, Хөөтийн нүүрсний уурхайн захирал Д.Цогтжаргал нарын хөрөнгө мөнгийг нь шийдэж ийнхүү төрсөн нутагт нь босгосон байна. Хөшөөны эх загварыг уран барималч Д.Лхагва урлав.
Монголын үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойг тохиолдуулж 2016 онд Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалд зориулж шүлгэн хөшөө босгосон байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан орос монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсэх үндэс суурийг тавьсан түүхтэй. Энэхүү түүхт байгууллагын гурав дахь ерөнхийлөгчөөр Ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Ц.Дамдинсүрэн ажиллаж байсан билээ. Өдгөө 450 мянган гишүүнтэй тус холбооныхон түүхт 100 жилийнхээ ойд зориулсан энэхүү хөшөөнд Ц.Дамдинсүрэнгийн 1929 онд бичсэн “Үйлдвэрчний эвлэл” шүлгийн мөрийг сийлэн бичжээ.
2008 онд эл хөшөөг урласан бөгөөд Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутагт Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд хамаардаг. Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтан 1950 онд хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлаж Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлэн засч Төрийн дууллын ая бүтжээ. Академич Ц.Дамдинсүрэн аянд тохируулан үг бичих үүрэг хүлээж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 43-р зарлигаар баталснаар 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Монгол улс албан ёсны Төрийн дуулалтай болжээ. Төрийн дууллын үг 2006 онд 3 дахь удаагаа өөрчлөгдсөн байна. Тус хөшөөнд Төрийн дууллын үгийг нот бичээсээр сийлж бүтээсэн байдаг.

Ц.Дамдинсүрэн нь 1923 онд хошууны тамгын газарт бичээч, 1926 оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, Эвлэлийн Төв хороонд ажиллаж байгаад 1929 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, 1930 онд Говь-Алтайд хамтралын сургагч, 1927–1929, 1942–1946 онд “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын Зохиолчдын хорооны дарга, улмаар Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан байлаа. 1979–1981 Хумбольдтын нэрэмжит их сургуулийн урилгаар Берлин хотод очиж, Ханс Детер Фитце, Гэндэнгийн Лувсан, Габриеле Наги нартай хамт “Герман монгол толь” зохиолцжээ. 1982 оноос ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд Төвөд судлалын тасгийг бий болгож эрхлэгчээр нь ажилласан байна. 1928 онд хуралдсан МАХН-ын \ II их хурлаас “Шинэ хувьсгалын утга бүхий зохиолч нарын бүлгэм эвлэл мэтийг байгуулах буюу тэднийг сайшаан хөхүүлэх зэргээр хөгжүүлэх” -ийг заасан билээ. Энэ заалтыг хэрэгжүүлэн 1929 онд Намын төв хорооноо “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм”-ийг үүсгэн байгуулахад С.Буяннэмэх Б.Ринчен, М.Ядамсүрэн, Д.Чимэд зэрэг авьяас билэгт бусад нөхдийн хамт Ц.Дамдинсүрэн манлайлан оролцож монголын зохиолчдын байгууллагын тулгын чулууг тулалцаж өөдлөн бадрах галыг асаалцаж тус бүлгэмийн тэргүүлэгчээр сонгогдон дүрэм журмыг нь боловсруулалцсан юм.

Тэрбээр 1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. Ц.Дамдинсүрэнд 1945 онд “Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”-д нь, 1947 онд “Нууц товчоо” хөрвүүлсэнд нь, 1950 онд “БНМАУ-ын төрийн дуулал”-ын үгэнд нь төрийн шагнал олгожээ. Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1986 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн зарлигаар Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнд “Ардын уран зохиолч” цолыг анхлан хүртээжээ.

Like what you read? Give Б.Мөнх-Эрдэнэ a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.