Ямар сонин явж өгдөггүй амьдрал вэ!

Би саяхан нэг Пассаж төв орлоо. Юу ч билээ дээ, нэг юм хайсан юм. Гэтэл хайснаасаа тэс өөр зүйл олсон нь тэнд цаг хугацаа зогсдог юм байна гэсэн ололт. Циркийн баруун талд, “Миний” дэлгүүрийн зэргэлдээ байрлах Пассаж гэх энэ барилга хичнээн ч жилийн настай юм бүү мэд. Би лав 10 жилийн хүүхэд байхаасаа л хичээлээ тараад найз охидтойгоо Пассаж орж хий дэмий зүйлд мянга, хоёр мянган төгрөг зарцуулдаг байсан. Саатай хумсны будаг, бөмбөлөгтэй уруул өнгөлөгч, өнгө өнгийн стикер, утаснаас зүүдэг үсэн бөмбөлөг, хямдхан ээмэг бөгж…тухайн үедээ л бидний хувьд Шангри-Ла шахуу байж дээ.
Нээрэн тэр үеэс бид Mp3, CD player-тэй болцгоож эхэлсэн юм байна. Хичээлийн дундуур нууцаар мэддэг танидаг, дуртай хамаг л дуучдынхаа жагсаалтыг гаргаж аваад Пассаж орж нэг ахаар mp3 дээрээ дуу татаж суулгуулдаг байж. Тэр ээж аавынхаа хамаг л эд бараа хольж солиод зардаг лангууны нэг буланд хуучин компьютер тавиад урд нь бөгтийгөөд сууж байдаг сан. Яг урд нь баахан дотуур хувцас, зузаан өмд, тэгээд өрж тавьсан хоосон cd-нүүд… тэр ах надад анх Лэди Гага-г зааж өгсөн дөө. Би баахан дуу суулгуулах зуураа “нээрэн нэг Poker Face гээд дуутай шар эмэгтэй чинь хэн билээ..?” гэсэн чинь “Лэди Гага! Ёстой супер! Би чамд бүтэн цомгоор нь суулгаад өгье” гэж билээ.
Тэр цагаас хойш аль хэдийн 10 жил өнгөрсөн. Бид Тамагочи-гоо үхүүлж, Mp3-аа алга болгож, Нокиа-нуудаа шинэчлээд удлаа. Гэтэл юу гээч, тэр ах л байрандаа…тэр өдөр би түүнийг гэнэт хараад цочсондоо бушуухан эргээд явчихсан. Тэр ах намайг таниад ч байх шиг.. арван жилийн хөх формтой, өтгөн чолктой охин байнга шахуу ирж playlist-ээ шинэчлүүлдэг байсныг, тэр бүртээ Опозитийн дуунуудаа хэзээ ч устгуулдаггүй байсныг минь санаад ч байх шиг…би яах гэж эргээд явчихсан юм болоо. Очоод мэндэлж, өөрийг нь танидаг гэдгээ хэлж одоо ямар үйлчилгээ үзүүлж байгааг нь асуудаг байж шүү дээ.

Та нар ярьж л байна уу? “Энэ зун ямар хурдан дуусчихав аа? Нүдээ нэг цавчаад өнгөрөх хооронд зун болоод дууссан байна” гээд л… ингэж хошигнодог ч гэсэн яг үнэндээ бүтэн 3 сарыг ингээд гарынхаа салаагаар урсгаад алдчихаагүй гэж найдна.
Сайн анзаарсан бол энэ зун урт байсан. Бид хангалттай олон нартай халуун өдрүүдийг үзэж, тэнцүү хэмжээний романтик хур бороотой байлаа. Наадам сайхан болсон, ээ тэр нээлтийн сүртэй сайхныг уу? Бүгд л хэд хоног ч гэсэн хөдөө гарсан биздээ? Шумууланд хазуулж, гадаа нозоорон хэвтсэн үү.. зуны шөнөөр найзуудтайгаа гадаа сууж, гитар тоглож, дуулаад л… сайхан байсан шдээ, тэрийгээ хүлээн зөвшөөр л дөө.
Саяхан би нэг залуутай уулзлаа. Олон сэдвээр ярьж, зугаалж зөндөө хөгжилтэй байсны эцэст цагаа харсан чинь дөнгөж 10 цаг. Уулзсанаас хойш 3-хан цаг өнгөрсөн байх нь… би түүнд “Их урт хугацаа өнгөрсөн юм шиг санагдсан шүү :)” гэж хэлснийг минь бага зэргийн буруугаар ойлгож, уйтгартай байснаа илэрхийлж байна гэж хүлээн авсан. Үгүй шүү дээ. Харин ч эсэргээрээ…
Цаг хугацааны тухай нэг ойлголтоо би энд хуваалцая гэж хүслээ. Бид бүгд л хэрхэн аз жаргалтайгаар, урт удаан амьдрах вэ гэж боддог. Тэгвэл хичнээн витамин уугаад, дасгал хийгээд бид амьдралаа хэсэгхэн хугацаагаар уртасгаж чадах хэдий ч нийт амьдралынхаа хором бүрийг чанаржуулж чадахгүй. Бид хөгжилтэй зугаатай зүйл хийхэд цаг хугацаа хурдан өнгөрдөг, харин хийх юмгүй уйдаж суухад цаг удаан өнгөрөх шиг санагддаг тийм үү. Гэвч нийт амьдралын цагаар тооцоолоход энэ бүхэн эсэргээрээ байдаг.
Урт удаан амьдрал хүсдэг бол өдөр хоногийг мэдэрч өнгөрүүл, өдөр бүр ядаж нэг шинэ зүйл хий, юм сур, өөр замаар алх. Тэгвэл амьдрал уртасна. Эргээд харахад хол зам туулсан мэт байна. Харин нэгэн хэмээр өнгөрүүлсэн цаг бүхэн чинь нүдээ цавчих төдийд өнгөрүүлсэн мэт хуруун завсраар урсчихна.
Түгжрэлд өнгөрүүлэх 15 хоромыг үзэн ядаж, оочерт урдуур дайрч олж авсан хором мөчүүддээ бид чанартайгаар “амьдарч” чаддаг уу? Тэгэж бөөн юм болж “цаг хэмнэчихээд” гэртээ хариад өчнөөн минут утсаа ухаж, хэн нэгнийг сталкердэж үрдэг юм биш биз… Цаг хугацаа гэдэг их хачин бүтэцтэй эд.
Миний хувьд дөнгөж л 20-иод насныхаа тэг дундуур туучиж яваа эмэгтэй. Гэхдээ би аль хэдийн нэг жаран амьдарсан юм шиг санагддаг. Дунд сургуулийн дурсамж тэртээ хол, анхны ажлын зугаатай цаг хугацаа өнгөрсөн амьдрал мэт, өмнөх үерхэл хайр дурлал ч дээр үеийн кино шиг филтертэйгээр дурсагддаг. Энэ нь би өмнөх дурсамжуудаа алдаж байгаа хэлбэр огт биш. Харин ч амьдралаа уртасгаж, өдөр хоногуудыг илүүтэйгээр мэдэрч, өнөөдөртөө амьдарч чадаж байгаагийн хэлбэр биз.
Хүмүүс ярьдаг даа.. “Ямар сонин явж өгдөггүй амьдрал вэ. Сайн анзаарвал эгээтэй л 10 жилийн өмнөхтэйгээ ижилхэн юм” Тэр ч үнэн шүү. Гэлээ гээд энэ бүхэн амьдралын чанарыг тодорхойлохгүй.
Би ээжийг ажлаа тараад бууж ирэхийг нь хүлээн банкны үүдэнд сууж байна. Удахгүй гараад ирнэ, бид хоёр сугадалцаад, өдрийн сонин сайхнаа ярилцаад хамт харина. 12 нас хүрсэн төрсөн өдрөөрөө яг энд ирээд ээжээс багахан мөнгө бас бялуу аваад гарч байснаа тод санаж байна, гэтэл тэр энд ирсэн анхны тохиолдол биш байж таарна. Ойролцоогоор авч үзэхэд 14 жил өнгөрчээ. Би бүхэл бүтэн 14 жилийн туршид ээжийг ажлаасаа гарч ирэхийг нь тосон хүлээж, бид хөтлөлцөөд харьж байгаа байх нь… Гэхдээ үүнийг би амьдралынхаа уйтгартай хэвшмэл хэсэг биш харин хамгийн амттай аз жаргалтай цаг хугацаа гэж боддог.

Гадаад найз маань надад нэг удаа “Би Америк-руу, төрсөн хотруугаа буцах болгондоо зарим нэг найзуудаа хардаг. Тэднийг олон арван жилийн турш нэг л хотдоо амьдарч, нэг л ажлаа хийж байгааг мэдсээр байж “Сонин юу байна даа?” гэх асуултанд нь “Би хорвоо дэлхийгээр аялж, Монголын говьд хоёр бөхтэй тэмээ унаж, дэлхийн хэмжээний байгууллагад ажиллаж, хамгийн хөөрхөн охидтой уулзаж явна” гэж хэлж чаддаггүй. Гэмшмээр санагдаад байдаг юм” гэж хэлж билээ. Би тухайн үедээ “Нээрэн л тийм дээ” гэж бодоод өнгөрсөн ч удах тусам энэ ойлголттой сөргөлдөж байна.
Хүн бүрийн л амьдралын хэмнэл, хурд, чанар өөр шүү дээ. Би ч гэсэн нэг л саарал хотдоо амьдарч, 14 жилийн турш нэг замаар нэг хүнтэй алхаж, одоо хүртэл машин барьж чаддаггүй, урьдчилсан төлбөрт утас барьдаг хэвээрээ, хүнтэй суугаагүй, хүүхэдтэй болоогүй байна. Гэхдээ би амьдралдаа дуртай. Цаг мөч бүрийг анзаарч, үргэлж нүдээ нээлттэй байлгаж, амьдралыг таашааж өнгөрүүлдэг.
Хэлэх гэсэн гол санаа нь та нэг л газраа, нэг ажилдаа тухтайхан шиг settle down болсон байж болно. Хүний нүдэнд нөгөө л хэвээрээ харагдаж болно. Гэхдээ дотроо амьдралынхаа хором мөч бүрийг өөрөөр харж, бороо ороход баярлаж нар гарахад баясаж амьдраарай. Тэгсэн цагт 30 настай хорвоог дуусгасан ч харамсахгүй бизээ.
Баярлалаа, баяртай.
