25 нас хүртлээ ойлгосон 25 зүйл

Origin of Gumuda
4 min readJan 6, 2018

--

Бодлуудын жагсаалт.

1. Хүлээлт дандаа өвтгөдөг. Юу ч болоогүй байхад өндөр хүлээлт үүсгээд дараа нь тэрнээсээ хүчтэй унадагаа больж сурсан.

2. Хүн бүрийн цаг хугацаа өөр өөр. Би юунаас ч хоцроогүй, бас хэнээс ч түрүүлж алхаагүй гэдгээ ухаарсан. Зарим нь 19-тай суут эрдэмтэн болж, 35-тай хорвоог орхидог. Чамд байгаа юм бусдад байхгүй гээд тэд дутуу гэсэн үг биш, тэдний амьдралд байгаа бүхэн надад байхгүй гээд би галт тэрэгнээсээ хоцроод байна гэсэн үг ч бас биш.

3. Санаа зовохгүй байж сурсан. Өөрийнхөө өөрчилж чадахгүй, нөлөөлж чадахгүй зүйлд санаа зовохгүй байхын төлөө бүр чиг шивээс хийлгэж үзсэн.

4. Өөрөө өөрийгөө хамгаалж, аюулгүй байлгаж сурсан. Төөрөхгүй, хульхидуулахгүй, эд зүйлсээ алдахгүй байж сурсан. Яаж ч баярлаж цэнгэсэн өглөө нь цүнхтэйгээ, утастайгаа сэрж сурсан даа хэхэх.

5. Эрүүл биш, хүчирхийлэлтэй, дарамттай ямар ч төрлийн харилцаанаас өөрийгөө авч гарч сурсан. Тэндээ эвлэрээд үлдэх биш, заавал орхих хэрэгтэй. Хайр дурлалаас гадна нөхөрлөлд ч хамаатай.

6. Хичээж сурсан. Хүссэн зүйлийнхээ төлөө хошуугаа унжуулах биш ажиллах, тэмцэх бас тэвчих ёстойг ойлгосон. 3 өдөр дарааллан ажил дээрээ хонож сурсан. Нурууны өвчинг намдаадаг суулт өөртөө олж нээсэн. Өрөөлд зөөлөн, өөртөө хатууг суралцаж яваа.

7. 1. Цаг хугацаа гэдэг нэг л тойргоор эргэлдэж байдаг эд, миний хүнд учруулсан мэдрэмж, үйлдэл бүхэн эргээд над дээр ирдэг. Амьдралыг ер нь кино үзэж байгаа юм шиг үзээд, явсан бүхэн өөр нэгэн байдлаар эргэн ирж байгааг нь ажиглаж болдог гэдгийг ойлгосон. “What goes around comes around, for sure!” “100 жилийн ганцаардал” дээр ч гэсэн Урсула эмээ тэгэж хэлсэн байдаг.

8. “Асар их хөдөлмөрлө” гэж үнэндээ хэлж чадахгүй. Харин ухаалгаар хөдөлмөрлөж, зөв газраа зөв эрч хүчээ зарцуулах нь илүү их амжилтанд хүргэдэг гэдгийг ойлгосон. Нүдээ нээлгүйгээр зүгээр илжиг шиг зүтгээд байж болохгүй.

9. Санаачлагыг гартаа авч сурсан. Эрэгтэй хүнийг болзоонд урьж, төлөвлөгөө гаргаж, хайр дурлалаа аварч үлдэх гэж тэмцэж сурсан. Зөв бурууг нь одоохондоо сайн мэдэхгүй байна, ямартай ч санаачилж сурсан.

10. Газрын зураг уншиж сурсан. Бээжингийн метроны маршрутыг цээжилж үзсэн. Зүг чигийн баримжаагүй газраа юм болгоныг тогтоож, баримжаа авч сурсан. Юуны ч тухай тултал нь гүүглэ-дээд мэдээлэл олж, боловсруулж сурсан. Ямар ч орчин нөхцөлд “амьд үлдэж” сурсан.

11. Эрсдэлтэй үйлдэл хийхээс айхгүй байж сурсан. Эхлээд хүмүүс шоолж байгаад дараа нь нээрэнгээсээ даган дуурайдаг гэдгийг ойлгосон. Monkey see, monkey do. Хүмүүсийг дагуулах, өөрийгөө сонсгох арга барил нь эхлээд тэднийг гайхшруулах.

12. Мөнгө олж, бас үрж сурсан. Хадгалж сурах гэж байгаа.

13. Зурган дээр дажгүй гардаг өнцгөө олж авсан, микрофон камер хараад айж чичрэхгүй байж сурсан. Өөрийгөө илэрхийлж, итгэлтэй танилцуулж сурсан. Хоолойгоо чичрүүлэхгүй, өвдгөө нугалахгүйгээр, уурлаж уйлахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж сурсан.

14. Дурлаж сурсан, мартаж бас сурсан.

15. Бүх төрлийн айдсыг давж сурсан. Биеийн болон сэтгэл зүйн төрөл бүрийн айдастай тогтмол тулгардаг /би их аймхай хүүхэд байсиймаа/ байснаа давж одоо бол олны өмнө юм ярихаас эхлээд, танихгүй газарт гав ганцаараа очих, хүний өмнө тэнэг харагдах, аллагатай баримтат кино үзэх, олон нүдтэй аалзны зураг гэх мэт айдсуудаасаа салж чадсан.

16. Хэд хэдэн нууц пирсингтэй, муу зуршилтай, амиа хорлох тухай боддог, маш дотогшоогоо өсвөр насны охиноос маш нээлттэй, өөдрөг нэгэн болж өөрчлөгдөж сурсан.

17. Хэцүү боссын учрыг олж, хайрлагдаж сурсан. Хүний арга эвийг жинхэнэ утгаар нь олж сурсан. Ихэвчлэн ааштай, хурц ширүүн зантай хүмүүсийн дэргэд амьдрах хувь тавилантай гэдгээ мэдэрсэн цагаас эхлээд хамгийн ширүүн хүмүүсийн маш ойрын найз, дүү, итгэлт анд нь болж сурсан.

18. Эрэгтэй хүнтэй энгийн сайхан найзууд болж сурсан. Хэд хэдэн эрэгтэй дотны найзтай болсон, зарим эмэгтэй найзуудаас маань ч чанартай, ойр дотны нандин харилцаа болсон.

19. Хүсэл мөрөөдөл, зорилго өөрчлөгдөж болдог гэдгийг ойлгосон. Олон жил зорьж ажилласан зүйлээсээ урваж, өөр мөрөөдөлтэй болсоныхоо дараа би заавал хүмүүсийн харахыг хүссэн өнцөгөөр өөрийгөө хязгаарлах албагүй гэдгийг сурсан.

20. Бүтэн ном орчуулж сурсан. Удахгүй бүтэн ном бичиж сурахыг хүсэж байгаа. Бичгийн боловсролтой болж, хоёр хэлээр албан болон хувийн тэмдэглэл хөтлөхөд асуудалгүй болж сурсан.

21. Хүн ятгаж, итгүүлж үнэмшүүлж сурсан. Баримттай ярьж, сайн мууг тэнцүүлж сонголтонд нь нөлөөлж болдог гэдгийг ойлгосон. Цэгцтэй, эмх дараалалтай ярьж хүний тархинд ч дэс дараалалтай мэдээлэл өгч, ядраахгүй залхаахгүй байж сурсан.

22. Атаархалыг буцаагаад эрчим хүч болгон хувиргаж сурсан. Хэн нэгэнд атаархах эсвэл дургүйцэх мэдрэмжийг зөвөөр нь эргүүлээд ажиллах, илүү дээр хүн болох хүсэл болгож байгаа.

23. Хүслээ мэдэрч, захирч сурсан. Яг юу хүсэж байгаагаа мэддэг, асууж чаддаг, олж авч чаддаг болсон. Ядаж л ямар ресторанд очиж, юу гэдэг хоол идмээр байгаагаа хэсэг бодож байгаад шийдэж сурсан.

24. Ирээдүйн тухай бодоод догдолж сурсан. Маргаашийнхаа төлөө өнөөдөр инээмсэглэж, байж ядаж, тэмүүлж сурсан.

25. Өөрийгөө хайрлаж, өрөөлийг ойлгож сурсан.

--

--