BURMESE DAYS

Надад өөртөө итгэх итгэлийг өгсөн, хамгийн гайхалтай бүхнээрээ бэлэг барьж угтсан онцгой газар Мьянмар буюу миний дуртайгаар Бирм улс.

Бетел самраа зажилсаар байгаад ув улаан болсон шүдтэй, нүүрээрээ дүүрэн цагаан модны түрхлэг түрхчихсэн, хөрслөг бор найрсаг зантай ард түмний орон анхны ганцаараа аялж үзсэн улс минь боллоо.

Явахаасаа өмнө жаахан эмээж л байлаа. Хэдхэн арван жилийн урьд тусгаар тогтнолоо олж аваад үргэлжлээд цэргийн эрхт, социалист дэглэмээр бас удаан явсан, жуулчлал сайн хөгжиж амжаагүй, бусдаас арай илүү өртөгтэй улс шүү дээ. Тэгээд ч би хэзээ ч хаана ч гав ганцаараа байж үзээгүй хүн.

Гэхдээ энэ улсын ард түмэн нь хаа хаанаас илүү нээлттэй, тусч гэж жигтэйхэн. Ихэнхи нь англиар ярина, ярихгүй байсан ч яаж ийгээд ойлголцоно. Жуулчдыг заналхийлээд байх аюул осол үгүй. Ялангуяа ганцаараа яваа эмэгтэй хүнд ээлтэйг өөрийн биеэр мэдэрлээ. Айлгаж ичээхийн оронд харин ч “үрчилж” аваад дэмжиж тусална. Салахдаа дандаа “Би чиний төлөө залбирна аа” гэдэг.

Нутгийн иргэдээс гадна аялагчдын хувьд би Мьянмарт хамгийн гайхалтай, сонирхолтой сайн хүмүүстэй учирсан. Ихэнхи аялагчдын маршрутаас гадуур улс учраас үнэхээр адал явдлаар амьсгалдаг аялагчид л зорьж очдог юм билээ. Тийм хүмүүстэй өдөр тутамдаа таарах, найзалж нөхөрлөх хамгийн гайхам байсан.

125 өөр хэлээр өөр хоорондоо ярилцдаг, жижиг үндэстэн ястнуудын цоморлигоос Мьянмар улс бүтнэ. Хотоос гадна бол уул нуга бүрт өөр өөр ястан аж төрнө. Бүгд өөр хэлтэй, өөр соёлтой.

- Shwedagon Pagoda. Yangon — Myanmar.
Мьянмар улсруу нэвтрэхэд Монголчууд виз авах шаардлагатай. Үүний тулд Тайландын Бангкок хот дахь элчин сайдын яамнаас очиж авч болно. Эсвэл онлайнаар анкет бөглөж хүсэлт гаргаад 72 цагийн дотор авах бас боломжтой. Ингэж авсан e-visa-гаар газраар хил нэвтрэх боломжгүй учраас Мьянмар улсруу заавал агаараар нэвтрэх ёстой. Би e-visa-тай, агаараар нэвтэрсэн учраас аялал маань хуучин нийслэл Яангон хотоос эхэлсэн.
Хотын хамгийн гол үзвэр нь Shwedagon Pagoda. 6 орчим доллар төлөөд орно. Гэхдээ гадны иргэд, эмэгтэйчүүд, 8-с доош насны хүүхдүүд 2 давхарт гарах нь хориотой. Зүүн Өмнөд Азийн орнууд мэдээж сүм хийдээр баялаг. Гэхдээ Мьянмар улс дахь яг энэхүү сүмийг үзчихсэн байхад бусад улсын олон сүм хийдийг алгасаж болно гэсэн яриа байдаг. Тийм гайхалтай үзэсгэлэнтэй бас шашны оргил төв гэсэн үг юмаа.
Мьянмар хоол хүнсний хувьд хөрш Тайланд Вьетнамаас нилээн их үлгэр авсан санагдсан. Зөвхөн урд хэсгээрээ далайтай залгадаг учраас далайн гаралтай хүнснээс илүү тахиан мах нь шинэхэн байдаг гэсэн. Бас энд хулсыг юу л бол юунд хэрэглэдэг. Хулсны навчинд ороож болгосон будаа, зулзаган хулсны холтосоор амталсан үхрийн мах гэх мэт хоол хүнс нь надад бол ямар нэгэн шавж, аалз могой идэхээс илүү сонирхолтой байсан. Хулсны холтостой хоол нь сүүтэй юм шиг зөөлөн, нялуундуу амттай юм билээ.
Бас манайд бол хөргөгчинд л хадгалдаг нөгөө мах, өндөг, сүү маань энд 35 хэмийн халуунд гадаа л байж байх юм. Худалдагч нь багширсан их ялаа шумуулыг сонингийн цаасаар үргээсэн шигээ л.. Өглөө нь шинээр ирээд үдэшдээ зарагдаж дуусдаг байх л гэж найдсан даа.
Үргэлжлээд Мьянмарын хойд хэсгийн Баган гэх газар очсон. Яангон хотоос шөнийн автобусанд сууж 10 цаг яваад өглөө эрт хүрсэн. Мьянмар улсаас бас хамгийн их таалагдсан зүйл нь хот хоорондын унаа. Очихоосоо өмнө Мьянмарын зам тээвэр их муу, галт тэрэг нь аймшигтай гэж сонсож байсан ч бодит байдал дээр үнэхээр гомдоллох зүйлгүй сайхан байсан. Ихэнхи хотуудруу автобус явдаг бөгөөд жирийн болон V.I.P ангилал нь ердөө хэдхэн долларын зөрүүтэй. Аюулгүй, тухтай байдлаа бодоод V.I.P автобусдаад явах нь зүйтэй. Air Condition-той, нөмрөх хөнжил, дэртэй тэр байтугай уух юм жижиг амны зугаа хүртэл багтаасан байдаг.
Баган бол хэдэн жилийн дотор Камбожийн Анкор Ват шиг олны танил, завгүй бүс болох ирээдүйтэй газар. Хэдэн мянган пагода таран байрласан хачин үзэсгэлэнтэй газар учраас ихэнхи хүн төлөвлөснөөсөө илүү удаан тэнд үлддэг гэсэн. Энэ дунд төөрвөл яг үлгэрийн оронд байгаа юм шиг байх байхаа.
Баганы олон зуун суваргыг үзэхийн тулд заавал хөтөч авах хэрэггүй. Харин өдрийн 5–7 доллараар цахилгаан мопед хөлслөөд хүссэн зүгтээ гараад давхичих хэрэгтэй. Алдартай том суварганы орой дээрээс наран мандах жаргахыг хараад өдрийн бусад цагт нь тэр чөлөөт орчинд хүссэнээрээ зугаалж, олны хөлөөс зайдуу, ойрын хэдэн өдөр ч хүн очоогүй байж магадгүй жижигхэн нууцлаг суварга олох нь сонирхолтой.
Байрлах зочид буудлуудын хувьд Мьянмар бас л сонголт сайтай. Гол нь энд аялал жуулчлал шинэхэн учраас ихэнхи газрууд хэдхэн жилийн өмнө баригдсан, хуучирч муудсан зүйлгүй. Том хотоос эхлээд Баган шиг жижигхэн газар хүртэл guesthouse-ууд ойролцоогоор 5-с 15 долларын хооронд үнэтэй. Би мэдээж хамгийн хямдхан guesthouse хайж явсан ч үргэлж тун боломжийн газруудад буудаллаж байсан. Жишээ нь эдгээр зурган дээрхи буудал Баганд байрладаг бөгөөд өдрийн 10 доллар. Үүнд buffet breakfast, усан сан, үнэгүй унадаг дугуй багтдаг. Үүнээс өөр илүү юу хүсэх вэ дээ.
Би аяллынхаа туршид бүх буудлуудаа Agoda app ашиглан захиалж байсан нь буудлын танилцуулгаас гадна тэнд буусан хүмүүсийн сэтгэгдлийг унших боломжтой учраас тэр. Аливаа газрын өөрсдийнхөө тухай бичсэн сурталчилгаанаас илүү үйлчлүүлэгчийнх нь сэтгэгдэл үнэнхүү чин шударга байдаг юм билээ.
Мьянмар хүүхдүүд хамгийн хөөрхөн нь. Харин хамгийн гайхмаар нь би аяллынхаа туршид тун цөөхөн бяцхан охидууд харсан. Би бол нийт төрөлтийн ихэнхи нь хөвгүүд байдаг юм байна гэж дүгнэсэн бол манай нэг аялагч найз “Охидууд нь гал тогоондоо ээждээ тусалж байгаа шүү дээ. Хөвгүүд шиг гадуур дураараа тоглох боломж бага байдаг байхаа” гэсэн нь бас бодмоор л факт санагдсан.
Энд хүүхдүүд нь “Сайн уу”-гаас ч түрүүлээд “Чи хаанаас ирсэн бэ?” гэж асуудаг. Тэгээд “Чамд нутгийн чинь мөнгө байгаа юу? Би цуглуулдаг юмаа” гэнэ. Бүгд адилхан тийм цуглуулгатай. Гэхдээ эцэг эхчүүд нь хүүхдэд шууд бэлэг сэлт, мөнгө өгөхийг илт хориглодог. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно гээд, аргагүй зөв.
Баган нутгийн халуун, говийн элсэрхэг бүтэцтэй нутгаас дахин шөнийн автобусаар 10 гаруй цаг аяласны эцэст Инле нуурын эрэгт хүрсэн. Инле нуур бол тухайн нутгийн хэдэн мянган хүний амь амьдралаа залгуулдаг олон арван км үргэлжлэх аварга том нуур. Иргэд нууран дээрээ хөвдөг байшинд амьдарч, завь хөлөглөж, хуурай газраас тусгаарлагдан аж төрж байна. Загас агнуурын бизнесээсээ гадна Мьянмар торго, навчин тамхи, мөнгөн гоёл чимэглэлийн гэх мэт олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Гол нь тэр үйлдвэрлэлээ хэрхэн явуулж байгаагаа жуулчдад үзүүлж сонирхуулаад давхар бизнес хийчихдэг овсгоотой.
Бүх Мьянмар эрчүүдийн шүдийг ув улаан болгосон бетел. Бетел гэх модны навч, 2 төрлийн самар, лемоны шүүс гэсэн энгийн л орцтой. 5–10 минут зажлаад хаях ёстой. Дараа нь толгой жаахан эргэж, инээд хүрнэ. Никотин байхгүй ч байгалийн гаралтай самарнууд нь адилхан мансууруулах үйлчилгээ үзүүлдэг гэсэн.
Бетел зажилсны дараа шүд ам хэсэгтээ ийм улаан. Их зажилвал энэ нь арилахгүй мөнхийн улаан болдог. Нутгийн иргэд үүнийгээ үнэхээр өргөн дэлгэр хэрэглэдэг учраас Мьянмарын хаана ч бетел бэлдэж зардаг хүмүүс болон дотор гадна хамаагүй ув улаанаар шүлсээ хаясан, улаан ягаан шүд гаргаж инээсэн хүмүүс байх. Автобусны цонхоор хүртэл бетелтэй шүлсээ хаяж байхыг нь харсан шүү. Хаа сайгүй шүлс, бас улаан шүд. Мьянмарт тавтай морил. :)
Дараа нь Инле нуураасаа Калао гэх хуучин Британи суурин хүртэл 3 хоног ууланд алхсан. Энэ нь hiking trip учраас аюулгүй бас тухтай. 3 хоногийн бүх хоол хүнс, байрлах байр, тээвэр ороод 40 доллар болсон.
Яг энэ үеэр аяллын гол үүсэл санаа болсон төрсөн өдөр маань болсон. Мьянмарын ууланд авирч 25 насны төрсөн өдрөө хийсэн. Мьянмарын эдгээр ууланд дээр дурьдсан олон үндэстэн ястнууд аж төрөн амьдардаг учраас нэг уулын бэлд нутгийн иргэдтэй Mingalaba гэж мэндэлсэн бол нөгөө уулаа давсаны дараа өөр нэг нугад энэ үгийг огт ойлгохгүй байх жишээтэй. 125 өөр хэлээр энэ улсад ярилцдаг гэдгийг зүгээр баримт төдий сонсож байсан бол эдгээр ууланд явахдаа биеэр ойлгож мэдсэн.

Энэ аяллыг маань хамгийн дурсамжтай гайхалтай болгосон чухал зүйл нь Мьянмарт танилцсан олон сайхан хүмүүс минь юм. Мьянмар улс найрсаг ард түмэн, чин сэтгэлийн инээмсэглэлээрээ алдартай. Тэгвэл энэ улсаар аялж яваа жуулчид ч гэсэн хамгийн сонирхолтой хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ мэдээж чи өөрөө хүнд ямар сэтгэгдэл төрүүлж, яаж харьцаж байгаагаас ямар хариу ирэх нь шалтгаалдаг бизээ. Сайн санаж явахад адилхан сайн санасан хүмүүс л таардаг гэж би итгэдэг.

За, баярлалаа баяртай!

Дараагийн постоор уулзая.

Show your support

Clapping shows how much you appreciated Origin of Gumuda’s story.