WEEK 13 — ШАМПУНЬГҮЙ НЭГ САР #NOPOOMEDHOD

Сонин юм аа, сайхан амьдрах тусам хэрэгцээ, шунал улам л багасах юм.

Энэ долоо хоногийн блог постоор би сүүлийн нэг сар гаруй туршиж байгаа арга барилаа та бүхэнд танилцуулая. Энэ бол No Poo Medhod буюу ямар ч шампунь, ангижруулагч хэрэглэхгүй үсээ цэвэрлэх арга.

Энэ аялал 5 сарын 27-нд би шампунь худалдаж авах гэж дэлгүүр ороод ганц уут хүнсний сода аваад гарч ирсэн тэр өдрөөс эхлэлтэй. Тухайн өдрөөс хойш би үсээ огт шампуньдаж угаагүй л байна.

Хог хаягдалгүй, байгальд ээлтэй, био органик бүхэнрүү тэмүүлж байгаа аялал маань улам л сонирхолтой өрнөж байна. Мэдээж би гэв гэнэт нэг өдөр огт хог хаяхгүй, мах идэхгүй, бүхий л хэрэглээгээ органик байдлаар өөрчилсөн нэгэн болоод сэрнэ гэж байхгүй. Огцом өөрчлөгдөж өөрийгөө ч хавь ойрынхноо ч цочирдуулж байснаас бага багаар туршиж үзэж, юу надад тохирох эс тохирохыг үзэх нь зугаатай байна.

Яагаад No Poo гэж? Шампунь хэрэглэхэд юу нь буруу гэж, яагаад хүмүүс үсээ сайхан үнэртэй их хөөстэй энэ шингэнээр угаахаа улам л багасгаад байгаа юм бэ гэж үү? Миний хувьд бол сэтгэл зүрх өвтгөсөн тэр их пластик хог хаягдал, их үнэ өртөг нь онцлох шалтгаан болоогүй. Мэдээж би Zero Waste амьдралын хэмнэл хөөж байгаа нь үнэн ч одоохондоо бол шампунь, ангижруулагчний хоёр пластик тийм үтэр түргэн зайлуулах ёстой асуудал биш л байна.

Харин онцлох шалтгаан нь үсэндээ зарласан миний хайр. Би үсгүй байхыг мэднэ, би хэцүү үстэй байхыг мэднэ, би хиймэл үстэй байхыг ч мэднэ. Сонин түүх дурьдахад би амьдралдаа 3 удаа үсээ хуссан, сүүлийнх нь бүр том хүүхэн болсон хойноо. Дэггүйтэж яваад үсэндээ африк маягийн дрэдлокс гэдэг юм хийчихсэн чинь нэг сар ч бололгүй үсээ хусаж байж авахаас өөр аргагүй болсон доо. Дрэдлокс чинь хэцүү эд шүү ард түмээн. Хусуулснаас хойш өдөр бүр ажиллаж байсан тул хамт олноосоо санаа зовж хичнээн олон сар хиймэл үс зүүсэн гээч? Өдрийн ихэнхи цагт нь париктай байгаад байхаар үс хүртэл цаанаасаа ургаж өгдөггүй юм билээ шд. Гэтэл хайрлаж хүсэн хүлээж байж ургуулсан үс минь удалгүй жигтэйхэн гэмтэлтэй, салаатай өөдгүй эд болж хувирсан. Учир нь телевизийн ажил байнгын халуун индүү, хүйтэн сэнс, лак гель хэрэглэхэд хүргэдэг. Үсээрээ оролдвол таслахын л цондон юм билээ.

Greatest meme of all times hhaha, dreadlock ustei goeliin daashinztai ene ymar geechin creature vee

Тиймээс одоо би үсэндээ жигтэйхэн хайртай. Хэзээ ч сэнсээр хатаадаггүй, дандаа сүлждэг, амьдралдаа будаг хүргэж үзээгүй. Эрүүл хэвээр нь аль болох урт ургуулах чин хүсэлтэй. Тиймээс л No Poo Medhod-аар арчилж химийн орц найрлагатай шампунь ангижруулагчаа таслан зогсоож чадвал илүү эрүүл гялалзаж, байгалийн шинж маяг нь нэмэгдэх болов уу гэж найдлаа.

No Poo үс цэвэрлэгээ нь үндсэн 3 арга барилтай. Нэгт байгалийн гаралтай хатуу савангаар угаах. Байгалийн гаралтай буюу оливийн тостой, кокосны тостой гэх мэт саван хүмүүс хэрэглэдэг юм билээ. Хоёрдугаарт бол хүнсний сод, алимны цуу ашиглаж угаах. Энэ нь хамгийн түгээмэл байдаг арга бөгөөд их үр дүнтэйгээрээ гайхагддаг. Сүүлд нь харин цэвэр байгалиараа арга буюу зүгээр л усаар зайлж угаах. Би үүнийг нэг л удаа туршиж үзээд гайхамшигтайгаар бүтэлгүйтсэн.

За ингээд эхэллээ дээ. Миний хувьд уртавтар шингэн үстэй, нилээн тослог талдаа. Нэг өдөр өнжөөд угаадаг, ангижруулагчийг орон гаран хэрэглэдэг, хааяа кокосны тос түрхэж унтахаас өөрөөр тэжэээлийн макс тавих туршлагагүй.

Эхний ээлжинд хүнсний сод, алимны цуутай арга барилыг туршлаа. Good Price ороод 15.000 орчимд шингэрүүлсэн алимны цуу авч, 1000 хүрэхгүй төгрөгний үнэтэй хүнсий сод авснаар би ойролцоогоор гурван долоо хоног үсээ цэвэрхэн байлгаж чадахаар болов. Хүнсний содоо бага зэргийн устай холиод хуйхаа угаана. Содны ширхэг нь устай нэгдэхээрээ дорхноо задарчихдаг юм билээ, мөн огт хөөсрөхгүй. Надад бол зүгээр л ус толгой дээрээ асгачихаад хуйхаа маажаад байгаа юм шиг санагдсан. Ямар ч цэвэрлэж байгаа шинж алгаа. Араас нь алимны цуугаа усаар шингэлээд мөн л үсээ зайлав. Сонин. Гэхдээ цэвэрхэн болж байгаа эсэхийг нь хуурай болсных нь дараа харахаас өөр замгүй.

Анхны содоо аваад жигтэйхэн баяртай байгаа царай

Үр дүн нь надад таалагдсан шүү. Үйлчлэхгүй байгаа юм шиг мөртлөө цэвэрхэн болчихсон, үс маань тослоггүй, хир буртаггүй намирсан сайхан болов. Гэхдээ эхний туршилтын дараа нэг эвгүй үр дүн гарсан нь толгойруугаа асгасан сод биен дээгүүр урссан хэсгүүдээр хүчтэй юм туурч, харшил илэрлээ. Би шингэлсэн содны харшилтай болж таарав. Харин хуйх зүв зүгээр. Тэгэхээр дараагийн удаад нь усан орохдоо бус тусад нь зөвхөн толгойгоо энэхүү аргаар угааж байхаар шийдсэн.

Сод, алимны цуу хоёр нь яг л натурал шампунь, ангижруулагчны үүрэг гүйцэтгэдэг. Сод нь байгалийн аргаар хуйсны тослогийг өөртөө шингээн авч, ph level-ийг нь тэнжвэржүүлж өгдөг. Харин алимны цуу натурал ангижруулагч болж үс цахилгаанжихаас сэргийлдэг. Үнэхээр үйлчилдэг л юм билээ. Гэхдээ огт хөөсөрч өгөхгүй болохоор жаахан урамгүй.

Дараагийн ээлжинд натурал саван. Би БиоАмьдрал дэлгүүрээс цэвэр оливийн тосоор хийсэн том ногоон саван худалдаж авлаа. Тэгээд үсээ савандаж эхлэв. Энгийн савангаар үсээ угааж болдоггүй шалтгаан нь найрлага дахь синтетик цэвэрлэгч үсийг арзайлгаж, хуурайшуулах хандлагатай. Харин зөөлөн орцтой, байгалийн гаралтай савангууд нь тохиромжтой юм билээ. Оливийн тостой савангаараа угаасны дараа ангижруулагч хэрэглэх ч шаардлагагүй байгаа нь мэдрэгдэж эхэлсэн.

Хамгийн сүүлд нь зүгээр л усаар угаах арга байдаг тухай дурьдсан. Энэ бол мэдээж No Poo medhod-оор угаагаад нилээн удсан, үс нь органик цэвэрлэгээнд бүрэн дүүрэн дассан хүнд тохиромжтой. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шампунь ангижруулагч тэр чигтээ бизнес учраас аль болох хиймлээр бидний үсийг гайхалтай сайхан, зөөлөн, гялалзсан мэт болгож харагдуулдаг. Үнэндээ бидний үс тийм байгаа хэрэг биш зөвхөн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь л олон давхар бодисоор бүрхээд тийм үр дүн гаргаж байгаа юм. Тийм л болохоор химийн найрлагатай шампуниас татгалзаж органик веган шампунь юмуу өөр арга барил руу шилжихэд бидний үс өөрчлөгдөж хувирдаг.

Би олон жил энгийн шампунь хэрэглэж байгаад сүүлийн 1 жил Халгай хэрэглэж байсан. Халгай байгалийн гаралтай учраас эхлээд хүний үсийг өөрчилж, үндсэн төлөвт нь оруулж байж үр дүнгээ үзүүлж эхэлдэг. Халгайгаар угаасан эхний хэдэн долоо хоног үс хатуурч, хуурайшиж арзайж байгаа мэт санагдаж байгаа нь харин ч сайн хэрэг. Үс чинь битүү бүрхсэн байсан химийн найрлаганаасаа хагацаж өөрийнхөө биеийг эргэн олж байна гэсэн үг шүү дээ. Энэхүү хувиралын үеийн араас бүх зүйл ном ёсондоо орж үс эргээд намирсан зөөлөн сайхан болдог. Гэхдээ энэ удаад хиймэл бодисноос болж биш харин өөрийнхөө байгалийн тосоор байгаа нь тэр.

Халгай шампуниас татгалзаж хүнсний сод, алимны цуу руу шилжихэд хүртэл надад их өөрчлөлт мэдрэгдсэн. Үс минь арзайж, хуурайшиж байсан хэдэн долоо хоногт би бараг л бууж өгөх дээрээ тулсан шүү. Өчигдөрхөн угаасан байтал дорхноо тослогтож, үзүүрээрээ хуурайшиж байгаа үсээ харахаар юу юугүй гоё ганган савтай шампунь худалдаж аваад угаачихмаар санагддаг.

1 сар хагас сод, цуу, савангаар дагнасаны эцэст би өөртөө бага зэргийн зөөлөн хандаж, хааяа шампуньдаж байхаар шийдлээ. Гэхдээ ямар шампуниар угаах билээ? Бүгд л тодорхой хэмжээгээр химийн найрлагатай, пластик савтай байдаг.

Монголчууд их гоё гоё юм хийж байна аа. Үүний нэг жишээ болсон хатуу шампуний тухай сонсоод л явсан. Харин яг хэрэглэж үзэх хамгийн тохиромжтой цаг нь миний no poo medhod байж л дээ. Дахиад л БиоАмьдрал дэлгүүр рүүгээ очоод La Perla гэх Монгол хатуу шампунь, ангижруулагч худалдаж авлаа. Яг л саван шиг хэлбэр хэмжээтэй, гэхдээ үр дүн нь хамаагүй илүү санагдсан. Одоохондоо хэдхэн л угаасан болохоор сайн юм билээ гэхээс өөр илүү дэлгэрэнгүй сэтгэгдэл алга байна.

Ингээд нэг туршилт маань өндөрлөж байна. Гэхдээ би хэзээ ч буцаж рекламны шампуниар үсээ угаахгүй нь ойлгомжтой. Ихэвчлэн хүнсний сод, цуу эсвэл органик Халгай шампунь, хатуу La Perla-гаараа л дагнах төлөвлөгөөтэй байна.

Нээрэн энэ хугацаанд надтай тааралдахад чинь би муухай тостой, арзайсан үстэй байсан бол ойлгоорой. Туршилт байсан шүү, одоо бол хачин гоё байгаа шүү.

Баярлалаа, баяртай.