ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ, ВИРУСТЭЙ СОНГУУЛЬ

Image for post
Image for post
М.Мөнхмандах, Ph.D

Хөшигний ард

“…Фермийн давхар бүрд компьютер эгнүүлэн тавьж, хүмүүс ээлжээр өдөр шөнөгүй ажиллана… Эндэхийн ажилтнууд өөрийн гэсэн зэрэглэлтэй. Мэдээллийн сайт, онлайн сонины сэтгэгдэл бичих хэсэгт үзэл бодол бичдэг нөхдийг хамгийн дорд үзнэ. Сошиал орчинд коммент бичигчид нь арай дээгүүр заларна. Редакторууд нэлээд гайгүй зиндаанд орох бөгөөд тэд сэтгэгдэл бичигчдэд хэнийг онилж хэрхэн дайрах талаар зааварчилгаа өгч, нэгийг нь тагнуул, нөгөөг нь хулгайч, мэхлэгчээр “цоллосоор” бүтэн өдрийг өнгөрөөнө. Сэтгэгдэл бичигчдийн зарим нь боловсролоор маруухан байх тул үе үе зөв бичих дүрмийн багш орж ирж тэдэнд хичээл заана…”

Оросын тролл ферм буюу Санкт Петербург дэх алдарт Интернэт Судлалын Агентлагийг илчлэх зорилгоор дотор нь орж ажилласан сэтгүүлч Людмила Савчук “Энэ бол ухуулга биш[1]” хэмээх номд хөлсний бичээчдийг ийнхүү дүрсэлсэн байдаг.

Image for post
Image for post

Людмила өөрөө арай өөр, илүү өндөр зэрэглэлийн хэлтэст ажиллаж байсан аж. Тэрээр дундаж давхаргын гэрийн эзэгтэй нарын анхаарлыг татах зорилгоор зурхай, сэтгэл судлал, эрдэнэсийн чулуу, үнэт эдлэлийн тухай бичдэг Кантадора нэртэй хуурамч дүрийг[2] бүтээж, түүний өмнөөс блог хөтөлнө. Тэгээд одод эрхсийн нөлөөлөл, романтик учралын тухай сонирхолтой түүх хүүрнэнгээ завсар зайгаар нь улс төр сонирхдоггүй нөхдөд зориулсан улс төрийн хов живийг шигтгэнэ. Кантадорагийн дүр дээр дөрөв, заримдаа бүр таван хүн зэрэг ажиллах бөгөөд өдөр бүр дээрээс өгөгдсөн улс төрийн сэдвээр “дүгнэлт” хийж, “Европын холбоо бол зүгээр л Америкийн хамжлага”, “Украиныг фашистууд удирдаж байна” гэх мэтийн өдөөн хатгалгааг “санамсаргүй байдлаар” блогтоо оруулна.

Украинд төрсөн Английн сэтгүүлч Питер Померанцев орчин үеийн мэдээллийн дайны технологийг “Энэ бол ухуулга биш” номдоо нүдэнд харагдахуйц амьд бөгөөд нарийн дүрсэлсэн нь Людмилагийн түүхээр хязгаарлагдахгүй. Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте сонгуульд ялахад хүргэсэн мэдээллийн жүжиг, Манила их хотын мэдээллийн гажуудлын удирдлага, зохион байгуулалт, улс төрийн өндөр албан тушаалтнуудын зориудаар ашигладаг бохир үг хэллэгийн учир холбогдол, Орос, Венесуэл, Азербайжан, Украин, Турк, Бахрейн болон бусад олон оронд өрнөсөн зохион байгуулалттай цахим явуулгын арга технологийн жишээ зэрэг айдас, гайхширал төрүүлэм зүйлсийг эндээс уншиж болно. Биднийг худал мэдээллийн тусламжтайгаар утсан хүүхэлдэй шиг хэрхэн удирдаж буйн тухай зөвхөн Померанцев гэлтгүй, өөр бусад олон судлаачийн тайлан, бүтээлд дэлгэсэн байдаг.

Image for post
Image for post

Мэдээллээр мэхлэгчдийн сезон

Ялангуяа сонгууль болон онцгой байдлын үед мэдээллээр мэхлэгчдийн “сезон” эхэлж, хуурамч, ташаа, гуйвуулсан, бүрэн бус, тодорхой ашиг сонирхолд үйлчлэх мэдээллийн давлагаа эрс нэмэгддэг. Тийм ч учраас олон улсын болон хүний эрхийн байгууллагууд сонгуулийн үеэр мэдээллийн найдвартай, олон ургалч байдлыг хангахын онцгой ач холбогдлыг анхааруулсаар байна. Харвардын Беркман Клайн Төвийн судлаачид 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийгмийн мэдээллийн сүлжээгээр Дональд Трампыг ялуулах зорилго бүхий мэдээллийн гажуудал бодитоор явагдсаныг нотолсон.[3] Үүнтэй нэгэн адилаар, Их Британи Европын Холбооноос гарах эсэхийг шийдвэрлэх эгзэгтэй үед зохион байгуулалттайгаар түгээсэн хуурамч мэдээллийн урсгал олон нийтийн санаа бодолд нөлөөлсөн байж болзошгүйг ч судалж илчилсэн байдаг[4]. Хуурамч, гуйвуулсан, дэгсдүүлсэн, бүрэн бус мэдээлэл ардчилсан тогтолцоонд итгэх итгэл үнэмшлийг бууруулж, нийгмийн уур амьсгалыг тогтворгүй болгохын сацуу дарангуйллыг бэхжүүлэх аюултай. Иргэдийн хандлагыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд мэдээллийн урсгалыг залуурдан удирдах нь тийм ч шинэ зүйл биш бөгөөд нийгмийн аль ч тогтолцоонд байсаар ирсэн.

…Ухуулга сурталчилгааны хуучин арга барил цахим эрин үед илүү боловсронгуй болж, иргэд, олон нийтийг хуурамч мэдээлэлд илүү эмзэг, өртөмтгий болгож буйг анхаарахгүй байж боломгүй

Сэтгэл хөдлөлөөр тоглож баримтыг мартагнуулах, асуудлын зөвхөн нэг талыг онцлон хөндөх замаар нийгмийн хандлагыг хүссэн зүгтээ чиглүүлэх, сүргийн сэтгэлгээг ашиглаж, нийтээрээ аль нэг бодлого, үйл явдал, үзэгдлийг дэмжиж буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэх мэт улс төр, бизнесийн ухуулга сурталчилгааны түгээмэл арга техникийг өнөөдөр ч гэсэн Монголд болон ер нь бөмбөрцгийн өнцөг булан бүрд шахам ашигласаар байна. Хамгийн гол нь ухуулга сурталчилгааны хуучин арга барил цахим эрин үед илүү боловсронгуй болж, иргэд, олон нийтийг хуурамч мэдээлэлд илүү эмзэг, өртөмтгий болгож буйг анхаарахгүй байж боломгүй. Цахим хаягийг хакердах, хайлтын үр дүнг зорилготойгоор эрэмбэлэх, бот, троллоор дурын мэдээллийг хүссэн хүндээ зориулж сэвэх, түүвэрлэн цензурдэх аргаар “ашиггүй” контентыг устгаж нийтийн хэлэлцүүлгээс хасах зэрэг технологид суурилсан мэдээллийн аяны хор уршиг ч илүү ноцтой болж байна. Хуурамч хаягийн сүлжээгээр олон нийтийг хуурах, стратегийн /геополитикийн зорилгоор худал мэдээлэл тараах, бодит байдлыг гуйвуулах оролдлогыг 2017 онд Фэйсбуук цэрэг дайны ажиллагаатай адилтгаж, “мэдээллийн ажиллагаа” хэмээн тодорхойлсон байдаг. Тухайн жилд болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ийм “ажиллагаа” явагдсан бөгөөд Франц улсад үүсгэсэн 30 мянган хуурамч хаягийг устгаснаа Фэйсбуук албан ёсоор зарласан. Хожим нь эдгээр 30 мянган хаягтай холбоотой 200 гаруй жиргээний хаягийг зогсоосон тухай Твиттер зарлав. Тэр жил сонгуульд ялах өндөр магадлалтай байсан Эммануэль Макроны эсрэг чиглэсэн ажиллагааны хүрээнд Макроны штабын цахим хаягуудаас хулгайлсан буюу хакердсан их хэмжээний мэдээллийг санал хурааж эхлэхээс хэдхэн цагийн өмнө нийтэд түгээсэн байдаг.

Image for post
Image for post

Сонгуулийн үйл явцад нөлөөлөх, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зорилго бүхий цахим халдлага сүүлийн жилүүдэд Герман, Филиппин, Армени зэрэг хэд хэдэн улсад болж өнгөрсөн талаар зарим хүн уншсан байж магад. Түүнчлэн хэрэв та 2019 оны зун олон нийтийн хүртээл болсон The Great Hack баримтат киног үзсэн бол Кэмбриж Аналитика компанийн дуулианы талаар мэдэж байгаа. Уг компани АНУ-д 2016 оны сонгуулийн үеэр нэр дэвшигч ноён Дональд Трампын сурталчилгааны ажлыг дэмжиж, мөн Английг Европын холбооноос гарах ёстойг ухуулж байсан LeaveEU хэмээх улс төрийн бүлэгт үйлчилж байжээ. Ингэхдээ тус компани Фэйсбуукийн дор хаяж 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлж, бичил маркетинг буюу тухайн сонгогчийн хэрэгцээ, шаардлага, эмзэг талыг онилсон нөлөөллийн ажиллагаа явуулахад ашиглаж байсан тухай уг компанид Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан Британи Кайзер болон Английн эрэн сурвалжлах сэтгүүлч Кэрол Кэдвэлод илчилсэн байдаг. Эдгээр болон өөр бусад маш олон жишээнээс харахад сонгуулийн үеэр мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, бодитой мэдээлэл авах, олон ургалч санаа бодлын орон зайг баталгаажуулан хамгаалах нь ямар их чухал болоод байгаад харж болно.

Залхуу тролл хурдан баригдана

Бодит болон зохиомол мэдээллийн ялгаа заагийг зориудаар бүдгэрүүлэх нь сонгогчдыг төөрөгдүүлж, ул суурьтай мэтгэлцээний үнэ цэнийг үгүй хийнэ. Дам яриа, хов жив, гүжирдлэг, дарамт, сүрдүүлэг, гадуурхлыг түгээн дэлгэрүүлэх мэдээллийн урсгал хувь хүний нэр хүндэд халдахаас гадна олон нийтийг хагаралдуулж, эмэгтэйчүүд болон цөөнхийг гадуурхах, дэвшилтэт үзэл бодлыг дарангуйлах уршигтай. Үүний зэрэгцээ сонгуулийн тогтолцоонд үл итгэх, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох, хүчирхийллийг өдөөн турхирах, сонгогчдын хүсэл зоригийг гуйвуулах, ардчилалд итгэх итгэл үнэмшлийг сулруулах аюултай.

Хуурамч мэдээлэл хэр их олон хүнд хүрч, өргөн хүрээнд тархаж чадна, төдий чинээ их хор хөнөөл учруулна.

Цахим халдлага, худал, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл ихэнхдээ тодорхой ашиг сонирхолд үйлчлэх бүлэглэлийн зохион байгуулалттай үйл ажиллагаа байдаг. Гэвч ийм төрлийн мэдээлэл газар авах үндсэн шалтгаан нь иргэд, сошиал медиа хэрэглэгч бид өөрсдөө. Хуурамч мэдээлэл хэр их олон хүнд хүрч, өргөн хүрээнд тархаж чадна, төдий чинээ их хор хөнөөл учруулна. Харин тэрхүү хөнөөлт зорилгыг гүйцэлдүүлэгчдийн зарим нь хөлсөөр ажилладаг хуурамч нүүр царайнууд буюу троллууд байхад үлдсэн хэсэг нь мэдлэг, ойлголтгүйн улмаас санамсаргүйгээр, мэдэхгүйгээр бусдад дамжуулагчид. Судалгаанаас харахад мэдээллийг зохион байгуулалттайгаар зэвсэг болгон ашиглагсдын 80 гаруй хувь нь бодит хүмүүсийг буюу хөлсний бичээчдийг ашиглаж байна. Оросын “Тролл ферм”-ийг илчилсэн Людмила Савчукийн яриагаар, тийнхүү троллоор ажиллаж бусдыг захиалгаар дайрч, гутаан доромжилж, хуурч мэхлэгсэд өөрсдийгөө муу зүйл хийж байна хэмээн үздэггүй, тэдний хувьд тролл байх нь ердөө л тогтмол орлогын эх үүсвэр буюу “ажил”. Тэр бүү хэл, энэ ажлыг хийхдээ залхуурч, хэлбэрдэх, хялбаршуулах хандлага түгээмэл учир судлаачид тэдгээр залхуу троллын жиргэх, постлох хэв маягаар бодит хүн, хөлсний идэвхтэн эсэхийг ялгаж тогтоодог аж.

Өөрсдийгөө хэрхэн аврах вэ?

Image for post
Image for post

Тэгэхлээр нийгэм даяараа хуурамч ташаа мэдээлэлд живж, төөрөгдөхгүй байхаас хамгаалах магад хамгийн үр дүнтэй арга бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Сонгуулийн Ерөнхий Хорооны веб сайтад байршуулсан сонгогчийн гарын авлагад сонгох, сонгогдох эрх, саналаа хэрхэн өгөх, сонгогчийн хүлээх хариуцлага, эсвэл сонгуулийн ач холбогдлын тухай тайлбарласан байдаг. Харин баталгаатай болон эргэлзээтэй эх сурвалжийн ялгааг хялбархан таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, хэрэгцээтэй мэдээллээ хайх, олж авах зэрэг орчин үеийн сонгогчид зайлшгүй шаардлагатай мэдлэг олгох агуулгаар хараахан шинэчлээгүй байна. Сүүлийн үед зарим төрийн болон төрийн бус байгууллагаас иргэдийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх янз бүрийн оролдлого хийж эхэлсэн. Хэвлэлийн Хүрээлэнгээс гэхэд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэх үндэсний хэмжээний бодлогын зөвлөмж, дунд сургуулийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж, нийгмийн янз бүрийн бүлгүүдэд чиглэсэн сургалтуудын зохион байгуулж эхэллээ. Гэвч ялангуяа сонгуулийн аюулгүй байдлыг баталгаажуулах, шударга үйл явцыг хамгаалахын тулд сонгогчдын мэдээллийн боловсролыг дээшлүүлэх илүү өргөн далайцтай хүчин чармайлт зайлшгүй бөгөөд нэн даруй шаардлагатай байна.

Цаашилбал сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, энэ салбарын мэргэжлийн холбоодод яг энэ цаг үед онцгой үүрэг, дээд зэргийн хариуцлага оногдоно. Ялангуяа мэргэжлээрээ ажиллаж буй сэтгүүлчид сонгуулийн үеэр сошиал орчинд улс төрийн аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг илт дэмжсэн болон эсэргүүцсэн байр суурь, үзэл бодол илэрхийлэхээс татгалзах, хувь хүний нууцад халдсан, бусдыг гутаан доромжилсон, үймээн самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан, олон нийтийг талцуулж туйлшруулсан мэдээллийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, худал, ташаа, бүрэн бус мэдээллийг илчлэх, иргэдэд таниулж анхааруулах үүргээ хатуу ухамсарлаж ажилламаар.

Судлаач, иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үеийн мэдээллийн орчинд шинжилгээ хийх, хуурамч мэдээллийн мониторинг зохион байгуулах, мэдээллийн гуйвуулга, худал ташаа мэдээллийг эсэргүүцэх, таниулах аян өрнүүлэх, сонгуулийн үйл явц, нэр дэвшигч, үр дүнгийн талаар баталгаатай, нягтлан шалгасан мэдээлэл, эх сурвалжийг түгээх зэргээр хувь нэмэр оруулах боломжтой.

Түүнчлэн сонгуультай холбоотой бүхий л албан ёсны мэдээллийг нээлттэй болгох нь худал ташаа мэдээлэлтэй тэмцэх өөр нэгэн арга зам мөн. Тухайлбал сонгогчийн бүртгэлийн найдвартай, аюулгүй байдлыг хангах зохицуулалт, авч буй арга хэмжээ, санал хураалтын машины техник хамгаалалт, хөндлөнгийн хяналт, дүгнэлт, сонгуультай холбоотой санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам, хаяг, үйл явцын мэдээлэл, нэр дэвшигчдийн сурталчилгааны хуваарь, албан ёсны цахим хаягийн жагсаалт, санхүүжилтийн эх үүсвэр гэх зэрэг хамгийн их маргаан, хардалт дагуулдаг асуудлаар албан ёсны мэдээлэл, тоо баримт иргэдэд байнга нээлттэй байх ёстой.

Сонгууль ба вирус

Энэ жилийн сонгуулиар мэдээллийн гуйвуулга, буруу ташаа мэдээллийн урсгал иргэдийг төөрөгдүүлж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх эрсдэл хэзээ хэзээнээс илүү өндөр буйтай зэрэгцээд, тэрнээс ч илүү бодитой аюул биднийг анаж байж болзошгүй.

2020 оны хоёр дугаар сараас хойш он дуустал дэлхий дахинаа 70 гаруй улс оронд үндэсний хэмжээний болон орон нутгийн сонгууль болох ёстой байснаас 50 гаруй нь COVID19-ийн тархалтаас болгоомжилж сонгуулиа хойшлуулах шийдвэр гаргажээ. Вирус дэлхий нийтээр тархаж нөхцөл байдал ид хүндэрч байсан гурав, дөрөвдүгээр сард сонгууль зохион байгуулсан орнуудаас Израил, Тайван, Франц (орон нутгийн сонгууль), Германы Бавар муж, Молдов, АНУ-ын зарим муж улс (Аризона, Флорида, Иллиной, Мэриланд, Охайо), Мали, Ирланд, Өмнөд Солонгос зэрэг улсуудыг дурдаж болно. Эдгээр улсад эрүүл мэндийн аюулгүй байдлын тусгай журам боловсруулж санал өгөх үйл явцыг хатуу чанд сахилга баттайгаар зохион байгуулснаас гадна заримд нь шуудангийн болон цахим санал хураалтын хэлбэр ашиглажээ. Манай улсад сонгогчдыг шаардлагатай мэдээллээр бүрэн хангах, бүх нийтийг эрх тэгш хамруулсан аюулгүй бөгөөд найдвартай санал хураалтыг хэрхэн зохион байгуулах талаар ямар нэгэн журам, тусгай арга хэмжээний талаар мэдээлэл хараахан алга.

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — -

[1] Pomerantsev, Peter. This Is Not Propaganda: Adventures in The War Against Reality. Faber & Faber 2019

[2] https://www.usatoday.com/in-depth/news/investigations/2020/02/24/2020-election-disinformation-presidential-race/4725496002/

[3] R. M. Faris, H. Roberts, B. Etling, N. Bourassa, E. Zuckerman, and Y. Benkler, Partisanship, Propaganda, and Disinformation: Online Media and the 2016 U.S. Presidential Election, Berkman Klein Center for Internet & Society Research, 2017

[4] Y. Gorodnichenko, T. Pham and O. Talavera, Social network, sentiment and political outcomes: Evidence from #Brexit, 2018. Retrieved 8 March 2019, https://www.nber.org/papers/w24631.pdf

Written by

Press institute of Mongolia

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store