Зарим үгэнд харам бай, ялангуяа тэр гурван үгэнд

Үгээ зөөж ядан арай чүү хэлснээ санадаг. Хэлсэн надад тийм хүнд байхад сонссон чамд минь ямар байсан бол?Үнэннийг үнэнээр нь л хэлсэн өнгийг нь хувиргаж худал чамирхсангүй: “БИ ЧАМД ХАЙРТАЙ”. Сонсмогцоо мишээсэн харцыг нь би одоо ч санана.
Үүнээс цааш жаргалтай төгсгөл байхгүй тул “Дурласан” уншигч минь та энэ доголоос буцдаа. Би дурлалын сайхныг ярих гээгүй харамлаж явдаг гурван үгнийхээ утгыг л сийрүүлюү л гэж…
Дурлал түвшингээсээ хамаараад янз бүр, дурьдаад яахав өдөр гүйцэхгүй. Гаднаа хатуужин дотроо урсаж, өөрөө ч мэдэлгүй тэр хүнд учиргүй татагдах энэ гачланг Дурлал гэнэм. Харин… өөрийнхөө оршихуйг ч умартаж тэр хүний хэвийн нэг өдрийн төлөө чамаас холуур тойрох зовлонг нь урьж залан сэтгэлийн хоймортоо тахих нь Хайр гэлтэй. Хайр бол асар том ХАРИУЦЛАГА.
Өнөөх гурван үгээр дамжуулж мэдэрцийнхээ хэлтэрхийг л гаргах атлаа хоолойноос цааш давж гардаггүй тэр гурван үгийг би хэн нэгэнд хэлж байлуу?
Цор ганц тохиол бий. Аргагүйдээ нуугаад нуугаад алга болдоггүй хамаг хүчээрээ шидэвч алсарч өгдөггүй бодлын том хар чулуу болсон хүнд тэр үгийг би хэлэх үү? гэж өчнөө бодсон. Хэрэв уруул даваад гарчих л юм бол эргүүлээд барьж чадахгүй, амнаас нэг л мултарчихвал алдуураад алга болчихдог золигийн тэр үгэнд даанч дэндүү харам загнасан юм. Хайр чээжинд минь хаврын яргуй мэт цэцэглэж, сэтгэл минь тэр үед зуны эрвээхий мэт жаргалтай дэвж байсан ч “Хариуцлага” гэсэн нүсэр үгэнд сүрдээд уруулаа давуулж зүрхлээгүй юм. Бүтэн жил бодсон. Чухам үнэн хайртай эсэхээ, чухамдаа энэ хүнтэй л амьдралыг төгсгөх эсэхээ шийдэж чадалгүй эргэж буцсаар нэг өдөр нэг их амьсгаа аваад нүдэндээ нулимстай цөхрөл дагуулсаар хэлж билээ.
Сонсоод мишээсэн харцыг нь би одоо ч санадаг.
Цэглэсэн өгүүлбэр, цэгцлэгдсэн ном ийнхүү дууссан ч төгсгөлийн үгсийг цэцэг ч хатгалгүй түүндээ хэлэхэд нэгэн зэрэг нэг их баярласан боловч зовлондоо дийлдээд ахиад л нэгэн зэрэг санааширч билээ. Үүлэн чөлөөний нар мэт тэр ахархан хугацаа бидний дурсамжны зузаан номонд шигтгэгдэн үлдэж…
Энэ түүхээр хэлэх гэсэн бяцхан санааг уншигч та ойлгосон болов уу? Хайранд хариуцлагатай бай, хайрыг илэрхийлдэг асар хүчтэй тэр гуравхан үгэнд харам бай. Дурлалыг дагаж зүрх дэрвэдэг бол Чин сэтгэлийн Хайрын нөмөрт ухаан дулаацдаг гэдгийг санаарай. Өөр зүйлгүй.