Sanchka
Sanchka
Sep 8, 2018 · 3 min read

ЯРУУ НАЙРАГТ ДУРТАЙ ЮУ?

Шүлэг, яруу найраг гэж сонин зүйл шүү. Байхгүй байсан бол магадгүй үгүйлэгдэхгүй, тэгсэн атлаа сайхан шүлэг олоод уншчихаар хэн нэгэн намайг гарцаагүй ойлгоод, хайрлаад, дэмжээд байгаа ч юм шиг дотор онгойлгож, баяр бахархал төрүүлээд, эсвэл бүр мөр түшээд “ахиад жаахан уйлаад ав аа” гээд байгаа юм шиг гуниг гутралыг дэмнээд өгдөг шидтэй. Хамгийн сонин нь их бага ч болов гуниг шаналан шингэсэн шүлгүүд илүү амттай гэдэгтэй олон хүн санал нийлнэ дээ!

Юу вэ гэхээр, миний сэтгэлд лав бүрэн нийцсэн, мэдрэмж авъяас шингэсэн хэдэн сайхан шүлгийг хуваалцъя аа. Юутай ч уншаад үз, таалагдана гэж найдъя!



Хажууханд минь
Хаврын бороо орно
Хаа оддын бол
Харьж ирээгүй хүмүүс



АРАВДУГААР САР

Аяа намар гэдэг
Аз дайрахыг хүлээх ч юм шиг
Аравдугаар сарын газар навчны оршуулга
Аймхаад зүрх хатгах моддын шаналал

Хэзээ ч уулзаагүй нэгнийг санах шиг
Хэтийдсэн их хүсэлдээ шатах шиг
Хэлж чадахгүй түүний сэтгэлийн гүн зовиурт
Хийсчихгүй юмсан энэ навчис шиг

Аяа амьдрал гэдэг
Амьсгаагаа тасартал гүйх ч юм шиг
Анир эсгэж харцны үзүүрт гуниг хураах
Аравдугаар сард л үхэхгүй юм шүү



Он цаг хэрэгтэй

Уулс салхинд идэгдээд намхан болно
Ургаа бүхэн наранд хэмлэгдээд үгүй болно
Угтаа бид хайранд ууссаар жаргал болно
Ухаангүй нэг нь шуналд туучсаар зовлон болно
Хавар болно зун залгана
Хагдардаг бүхэн ургасаар амьдрал болно
Намар ирнэ өвөл дагана
Насалдаг бүхэн урссаар гуниг болно
Уржигдар өчигдөр өнөөдөрт хоргодоод өвгөн болно
Учрал хагацал ирээдүйд гүйцэгдээд дурсамж болно
Уулс салхинд идэгдээд намхан болно
Ургаа бүхэн наранд хэмлэгдээд үгүй болно


Сар адил амьдрал хувирамтгай ч
Сайн хүн зовоход би дургүй
Салхи адил сэтгэл тогтворгүй ч
Сайхан нүд гуниглахад би дургүй

Зам бүхэн өөрийн бартаатай ч
Залуу хүн шантрахад би дургүй
Зүрх бүхэн хайрын тавилантай ч
Зөрөөд тэд өнгөрөхөд би дургүй


За ямар байна? Одоо харин “онгироход” 15 жил найзалж яваа найзын минь шүлгүүд байгаа юмаа. Тэр гэнэт л бичээд эхэлсэн, магадгүй гэнэт л үзүүлсэн ч байж болох юм. Ямартаа ч танигдахын аргагүй нандин бичиж, бүтээж, намайг лав бишрүүлдэг.

Таалагдсан бол өөрийнх нь хуудсаар зочилж бүр олон сайхан шүлэг уншиж, таалаарай. Түүний шүлгүүд #drst аргамжтай байдаг шүү. Энд шүлгүүдээс нь оруулахдаа мэдээж өөрөөс нь зөвшөөрөл авсаан :)

Нэг л өдөр найзынхаа номын хуримд очно гэдэгтээ эргэлзэхгүй байна, бичээд л байгаарай, уншаад л байя.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade