Бүсгүйн код номын сэтгэгдэл

“Бүсгүйн код” гэсэн нэр яавч миний сонирхдог төрлийн ном биш санагдсан ч уншсан хүмүүсийн сэтгэгдэл өндөр, бас тохиол нь бүрдэн гар дээр ирсэн тул нэгэнт уншжээ, тэр нь ч онож. Англи хэл дээр номын жинхэнэ нэр нь “If you don’t have big breasts, put ribbons on your pigtails: and other lessons i learned from my mom” гэж ойлгосон, ер нь номын нэрэн дээр энд тэнд олон шүүмжлэл, эргэлзээ яваад байна лээ. За тэр тусдаа асуудал. EM Publishing компаниас орчуулан гаргажээ. Номын ориг нэр бол яалт ч үгүй бэстселлэр болохоор байгааз!
Манхэттений “үл хөдлөхийн хатан хаан”, Шарк танк төслийн “Шарк”, АНУ-ын нөлөө бүхий бизнес хатагтай Барбара Коркаран нь Нью Жерси мужийн Эдгеватер хэмээх нэгэн жижигхэн хотод 10 хүүхэдтэй гэр бүлд төрж өсөн, 10 хүүхдээ асарч хүмүүжүүлсээр ганц удаа ч бөх нойртой унтаж байхыг нь үзээгүй ээжийнхээ мэргэн ухаанаар амьдралын их далайд хөл тавьжээ. Түүний ээж үргэлж л “завгүй”-гээр ой тойнд нь үлдсэн ба их ажлуудынхаа хажуугаар хүүхдүүдээ үргэлж ирээдүйд ямар сайн сайханд хүрч болохыг нь зөгнөн ирээдүйн мундаг удирдагч, сайн эх хүн болно зэргээр дүрд хуваарилан ярьдаг байсан нь хожим биеллээ олсон байна. Нээрээ л эх хүний үр хүүхдэдээ хэлсэн үг бүр ирээдүйг нь өөрчлөх шидтэй гэлцдэг билээ.
Барбара зөөгч хийж байхдаа танилцсан болзоот залуугаа даган буйдхан хотоо орхин Манхэттенд нүүн ирсэн нь түүний амьдралын хамгийн чухал шийдвэр байсан гэлтэй. Тэрээр их хотод ирээд өөрийнхөө ямар ажлыг гаргууд сайн хийж чадахаа олж, түүнийгээ чиг болгон өдгөөгийн амьдралаа өөрийн гараар бүтээсэн байна. Мэдээж энэ бүхэнд түүний төрөлхийн “шазруу” зан их хөшүүрэг болж байсныг Нью Уорк Таймс дээр гарсан өрсөлдөгчийнхөө ярилцлаган дээрх нэрийг нь дарж үүний оронд би байх ёстой гэж зүтгэсээр үл хөдлөхийн салбарын гол эх сурвалж болсон зэрэг олон алхмаас нь харж болно. Энэхүү номын эхний хэсгээс бид аливаа ажлын талбарт хэрхэн хүчтэй өрсөлдөгч байхыг, зориг тэмүүлэл ямар үнэ цэнэтэйг, эцэг эхийн сургаалыг санаж явууштайг, хамтрагчдаа хэрхэн үнэлэхийг зэрэг ажил хэрэг явуулахад тустай олон чухал зөвлөгөөг авах болно.

Мөн эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг тэдний амжилттай холбон маш тодорхой тайлбарлажээ. Олон ч судалгаагаар эмэгтэйчүүд өөртөө итгэлгүйгээсээ болж боломжуудыг алдаж байдаг гэдгийг бид мэднэ. Гэтэл ажил хэрэг төдийгүй ар гэрийн амьдралд ч энэхүү дутагдал гардаг аж. “Эхнэрээ хайрлаад, үнсээд, тэврээд л байвал амьдрал илүү сайхан болдог гэсэн явган яриа байдаг. Энэ нь үнэхээр үнэн юм. Учир нь тэгэх тусам эхнэрүүд нь өөртөө итгэлтэй болж ямар ч асуудлыг хялбархан шийддэг байна. Ухаантай эрчүүд ч үүнийг мэддэг.” Тэгвэл өөртөө итгэх итгэлээ яаж нэмэгдүүлэх вэ гэдэг л бидний гол асуудал болж үлдэв. Харин үүнийг шийдэх нэг арга нь экстрем спортоор хичээллэх байдаг гэнэ. Спорт хүнд ялалт болоод ялагдлыг даван туулах сэтгэлийн тэнхээг өгдөг бөгөөд аль ч спортоор хичээллэхэд оройтдоггүйг нотолсон олон эмэгтэйн туршлагыг ч мөн өгүүлэхээ мартсангүй. Мөн бид өөрсдийн оролдохоос дөлдөг, чадахгүй гэж боддог “улс төрд би дургүй”, “би лав бизнесийн хүн биш” гэх зэрэг тархины түгжээгээ мултлах хэрэгтэй ажээ. “Өөрчлөгд эсвэл мөх!”
Энэ мэтчилэн олон сонирхолтой түүх, жишээнээс гадна хүмүүс хоорондын харилцаанд тулгардаг бусад жижиг гэлтгүй чухал асуудлуудад ч мөн хэрхэн хандахыг уг номоор зөвлөжээ. Уучлалт гуйж сурах, хов живэнд хэрхэн хандах, өнгөрсөн дурсамжаа удирдах, адилхан эмэгтэй хүмүүс нэгнээ шудрагаар дэмжиж сурах, өөрийгөө хайрлаж байх, жинхэнэ найз нөхдөө таньж үнэлж сурах гэх мэтчилэн энгийн хэрнээ дотно зөвлөгөөнүүдийг уншаарай.


Өөртөө нэг л итгэж өгөхгүй, эсвэл ямар нэг зүйлийг эхлүүлэх гэвч тушигдаад байгаа охид эмэгтэйчүүдэд ташуур шиг л урамтай байх болов уу. Эцэст нь мөн л өөрөө унших нь илүү амттайг давтъя даа.
