Энтрепренерүүдийн хамгийн том цугларалт болно

Улс орнууд дор бүрдээ эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдруулах, үүний тулд шинэ ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Хөгжингүй орнуудад 1990-ээд оны сүүлчээр энтрепренершипийг дэмжих санаачлагууд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлхийн ихэнх улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх гол арга зам хэмээгдэн, хөгжиж буй орнууд дуурайж буй гол хандлага болоод байна.

Монгол Улсад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, энтрепренерууд 90-ээд онд явагдсан улс нийгэм дэх өөрчлөлт, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр үүссэн боломжуудыг ашиглан аж ахуйгаа байгуулж, компани болгон тордож ирсэн нь эдийн засгийн ачааны хүндийг үүрэгч томоохон салбар болжээ. Тэгвэл өдгөө манай улсад шинэ үеийн бизнес эрхлэгч, энтрепренер залуусын шинэ давалгаа үүсч, залуус өөрийн бизнесийг нээж амжилтанд хүрэх гал эрмэлзэл дүүрэн болоод байна. Монгол Улсын Засгийн Газар 2016–2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Өндөр технологийн 2000 энтрепренерийг бэлдэнэ” гэсэн зорилтыг оруулсан юм.

МУИС-ийн Бизнесийн сургууль санаачлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Шинжлэх Ухааны Парк-Мэдээллийн Технологи, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хөгжлийн Шийдэл, Стартап Монгол, “Монголд Та Хэрэгтэй” зэрэг байгууллагуудтай хамтран, ХААН БАНК, Швейцарийн Хөгжлийн Агентлаг зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2016 оны 11 сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2016” үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус Чуулган нь Монголын эдийн засгийн хөгжлийн нэг чухал гарц болсон энтрепренершипийг улс орондоо хөгжүүлэх чиг хандлага, гарааны бизнесийн тогтвортой орчин бий болгох замын зургийг хэлэлцэх, манай улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд болох хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбаруудын асуудлыг гарааны бизнесүүдийн тусламжтайгаар шийдэх, инновацилаг шийдлийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх юм.

Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.entrepreneurship.mn цахим хуудаснаас авна уу. Чуулганы Фэйсбүүк дэх албан ёсны хуудас https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit/-нд нэгдээрэй!

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.