54 цагт гарааны бизнесээ үүсгэж болох уу ?

Гарааны бизнес гэх нэрийн доор үүсч байсан бидний шүтээн (idol) Apple, Amazon, Facebook, Twitter гэх мэт загалмайлсан эцгүүдийн ихэнх нь гараашнаасаа үүссэн түүхийг бүгд мэдэх байх. Магадгүй тэр үед эдгээр энтрепренер гэх залуусыг дэмждэг байгууллагууд цөөн байсан нь маргаангүй.

Харин өнөөдөр таны, бусдын, шинийг эрэлхийлэгч залуусын санаа, бизнест хөрөнгө оруулдаг, дэмждэг байгууллага, хувь хүмүүс, тэмцээн уралдаан цөөнгүй болсон.

54 цагт бизнесээ эхлүүлнэ гэдэг таны бодлоор боломжгүй зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ боломжтой. Та заавал гараашнаасаа эхлэх албагүй шүү дээ.

Хэрвээ та өмнө нь Хакатон, Startup Weekend гэх нэрүүдийг сонсож байсан бол ийм төрлийн тэмцээн үүд нь жилд (Улаанбаатар хотод) дор хаяж 4–8 удаа зохион байгууллагддаг болохыг хэлэх нь зүйтэй.

Багаа бүрдлүүлэх, санаагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулагчтай уулзахаас авахуулаад гарааны бизнесээ үүсгэнэ гэдэг мэдээж амаргүй зүйл. Хакатон, Startup Weekend гэх мэт арга хэмжээнүүд нь танд туслах болно.

Арга хэмжээнүүдийн зорилго нь гарааны бизнесээ эхлэх хүсэл, сонирхолтой залуусыг нэг дор цуглүүлж шахуу, вакуумжуулсан хөтөлбөрөөр таны гарааны бизнесийн замналын хурдасгаж, шинэ зүйлсийг бусдаас, өөрөө суралцуулахад оршиж байдаг.

Ийм төрлийн арга хэмжээнд оролцож яах юм бэ ?

1.Хүний хамгийн сайн суралцах арга бол хийж үзэх. Ялангуяа гарааны бизнест хурд чухал байдаг. Хурдан алдаад хурдан босох нь гарааны бизнесийн дүрэм. Үүнийг л та 54 цагийн дотор хийж үзсэнээр цаашдаа өөрийн санаагаа хөгжүүлэхэд илүү туршлагатай болох болов уу.

2.Бусдаас суралцах буюу тантай ижил хүсэл сонирхолтой ирсэн залуучуудаас авах зүйл их байх. Өмнө нь хэзээ ч мэддэггүй байсан хүнтэйгээ нэг баг болж ажиллана гэдэг асар том шинэ зүйлийг мэдэх арга билээ.

3.Мэнтор

Таныг ажиллаж байхад өмнө алдаж онож үзсэн хуучин бууны хугархай-нууд танай багт зөвлөгөө өгч, чиглүүлж ажиллах болно. Мэдээж тэмцээн уралдаан юм чинь түрүүлсэн баг, хамт олонд заавал шагнал байж таараа.

4.Танилын хүрээ

Танилтай хүн талын чинээ гэдэг шиг таниас гадна маш олон оролцогч, мэнтор, зохион байгуулагчид 54 цагт хамт байх болно. Чадвал бүгдэдтэй нь нэрийн хуудсаа солилцоод аваарай. Хэзээ нэгэн цагт заавал хэрэг болно.

Ингээд ийм төрлийн арга хэмжээ хэзээ болох вэ гэвэл: https://www.facebook.com/events/1185589471495597/

Бичсэн: Purevsuren Byambasuren