Startup Mongolia
Sep 26, 2016 · 3 min read

Design Thinking буюу асуудлыг шийдэх аргачлал: Хэн, Яагаад, Яаж ?

Та хэдэн удаа уулзалтын өрөөнөөс “ямар ч өөрчлөлт гарахгүй юм байна” гэсэн бодолтой гарч байсан бэ? Өдөр тутам бид ямарваа нэгэн асуудлыг шийдэх гэж уулздаг боловч бодит үр дүн гарахгүй тарах үе маш олон байдаг. Харамсалтай нь, нийгэм, бизнес болон хувь хүний тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх аргачлалууд буруу байх нь олонтаа. Инновацилаг, бизнесийг оронгоор нь өөрчлөх санаануудыг гаргаж ирэх нь Design Thinking -ийн өчүүхэн хэсэг нь юм.

David Kelly

Одоогоос 3 жилийн өмнө манай ажил дээр энэхүү аргачлалыг бий болгосон David Kelly-гийн компани болох IDEO-ийн баг уг сургалтыг хийж байхад нь оролцож анх удаа энэ нэр томьёоллыг мэдсэн. Үүнээс хойш, Green Nation Challenge төслийн хүрээнд Stanford — ийн D.School-ийн багшийн удирдлага доор энэ аргачлалын сургалтад хамрагдаж одоогоор 20 гаруй сургалт удирдан зохион байгуулаад байна. Design Thinking-ийг маш олон арга хэрэгслүүдийг өдөр тутмын ажил, амьдралд ашиглаж, үр дүнгээ байнга харуулдаг болохоор маш дуртай болсон.

Design Thinking Mindset

Design Thinking бол ямар ч байгууллага, хувь хүн амжилт олохын тулд аливаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэх батлагдсан аргачлал. Design Thinking нь бүтээлч (creative) болон шийдвэрлэх (critical) сэтгэлгээг хослуулж шинэ санааг гаргах явцыг системчлэх, шийдвэр гаргалтыг түргэсэх, нөхцөл байдлыг сайжруулах болон шинэ мэдлэг, мэдээлэл олж авах хөшүүрэг болдог. Энэ нь асуудалдаа анхаарахаас илүүтэйгээр хэрхэн шийдэл олох сэтгэл зүйн байр сууриас (mindset) хандахыг хэлж байгаа.

Design Thinking-ийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь аливаа асуудлын шийдлийг олох эсвэл үйлчлүүлэгчийн хэрэгцээг илүү хангах санаа гаргах тухай системчлэн бодох болон сэтгэх үйл явц.

Байгууллага дотор тухайн ажлыг хэрхэн яаж хийх талаар хамтран тодорхой хэмжээний цаг гаргаж ажиллах нь маш энгийн ойлгомжтой зүйл хэдий ч, хүн бүр өөрийн гэсэн ажил даалгавартай байдаг болохоор богино хэмжээний уулзалтын үер дурдагдаад өнгөрдөг.

Байгууллага томрох тусам, өдөр тутмын ажлын процесс нь “гарт орсноор” эерэг өөрчлөлт бий болох оролдлогууд даван туулашгүй эсэргүүцлийг туулдаг, нөгөө хэлээд байдаг “хүнд суртал” гэж ойлгож байгаа. Ажлын ачаалал, оновчгүй байгууллагын бүтэц, г.м. зүйлүүд шинэ юмыг турших үзэх, ажлыг илүү үр өгөөжтэй болгоход саад болж байдаг. Магадгүй, томоохон компаниудын захирлууд хүлээн зөвшөөрөхгүй ч ямар нэгэн өөрчлөлт хийх болохоор юм хийж үзэж, туршихаас илүү ярьсаар л байгаад таардаг жишигтэй.

Google өөрийнхөө ажилтнуудад албан ёсоор ажлын 20%-ийг нь зөвхөн бодоход зарцуулахыг зөвшөөрдгийг мэдсэн үү? Та багтаа бодит асуудлыг шийдэх оновчтой шийдэл гаргах тухай идэвхтэй бодох хэр их хугацаа олгодог вэ?

Design thinking байгууллагын бодлого, стратеги боловсруулах, бодит өөрчлөлт бий болохын үндсэн нэг хэсэг нь байх шаардлагатай. Үүгээр шийдэлд суурилсан соёлыг төлөвшүүлэхэд гол түлхэц болж чадна. Энэ бодох аргачлал нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, процесс, ер нь юу сайжруулах хэрэгтэй байна тэр болгон ашиглаж болдог.

Өнөөдөр, Apple, Google, Европын холбооны нэлээд хэдэн улсын засгийн газар, их сургуулиуд гээд маш олон байгууллага өдөр тутмын ажилдаа Design thinking-г ашиглаж байгаа. Том, жижиг гэлтгүй Design thinking шийдэл гаргах аргачлал гэдэг нь батлагдсан. Томоохон компаниудын хувьд өөрчлөлт гаргахад илүү хугацаа шаардагддаг хэдий ч үр дүнгийн хувьд гарч болох байсан илүү санхүүгийн, хүний нөөцийг хэмнэх нь гарцаагүй.

@Enkhbolor Gantulga

Харин антрепренеруудын хувьд Design thinking соёлыг нутагшуулснаар бүтээх болон манлайлах гарц болж чаддаг.

Манай дараагийн сургалт: https://www.facebook.com/events/1172245772834013/

    Startup Mongolia

    Written by

    Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar