22.5 нас хүртлээ ойлгосон 22.5 зүйл

1. Амьдралаа баяжуул. Бидний хийж, сонсож, уншиж, харж буй бүх зүйл сэтгэхүйд маань гүн нэвчиж, төсөөлөмгүй байдлаар эргэж бидний ой тоонд эргэлддэг. Найрамдалд багадаа Оргил бүлэгт амарч байхад бүлэг хоорондын спорт тэмцээнд манай баг оноо алдмагц дэмжигчид “ЗҮГЭЭР ЭЭ, ЗҮГЭЭР ЭЭ, Ийм юм байдаг юм аа, Дахиад битгий алдаарай, Амжилт хүсье, ОРГИЛ!” гэж орилж дуулдаг байсан. Бүлгийн хүүхдүүдтэйгээ хамт дуулдаг байсан энэ дуу ой тоонд гүн хадагдаж, сэтгэлээр унаад эргэж өөрийгөө сэргээх гэж оролдох бүрт сэтгэлд цуурайтдаг. Галерэй, музейд харсан сонирхолтой үзмэр хамгийн хэрэгтэй үед санаад орж, тухайн үеийн нөхцөл байдлын хөгтэй метафор болж байдаг.
2. Бууж өгч бай. “Хэзээ ч битгий бууж өг” гэдэг үг бол зөвхөн таны үнэн сэтгэлээсээ итгэдэг зүйлийнхээ төлөө шантрахгүй байхыг сануулдаг. Харин залуу насандаа эхлүүлсэн, оролдсон бүх зүйлээсээ салж хагацахгүй наалдаад, тэрэндээ шаналаад бай гэсэн үг огт биш. Бидний хүсэж санадаг зүйлс, ялангуяа оюутан байхдаа толгойд орсон олон санаа анхнаасаа л хэзээ ч бүтэхгүй, тухайн үеийн сэтгэл хөөрлөөс үүсэлтэй байхыг үгүйсгэхгүй байх аргагүй. Хэрэггүй юмнуудыг орхиод, бодол санаагаа цэгцлээд, жинхэнэ зорилгоо л хай. Энэ эрэл хичнээн цаг авахын Балхжав бид 2 байтугай Ванга ч мэдэхгүй. Харин тэр үнэнхүү туйлын нэг зорилгоо олсон цагт яах ийх бол өөр асуудал байх даа.
3. Ямар нэг зүйлд донт. Зөв зүйлд. Тэр зүйлээсээ сэтгэлийн их баясал, тайвшрал, ойлголцол авч байгаа бол түүндээ донт, үнэн сэтгэлээсээ донт, хамаг үр шимийг нь ав. Би кофе ууж тайван суух “донтой”. Тайван бус, бодод сэтгэх чадамжгүй болох үедээ кофе “оочилж”, оюун санаагаа цэгцлэх дэг өөртөө бараг суулгачихсан. Заримдаа 2–3 цаг ч ингээд сууж мэдэх.
4. Бүтээлч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Бүтээлч хүмүүс бол байнга уйдаж, сэтгэлээр унаж бүдэрдэг, гол нь тэр даваануудыг давах өөр өөр гарц хайдаг л хүмүүс. Ийм хүмүүс танд ч бас хүнд даваа, тотгорыг туулах урам зориг өгнө.
5. Итгэл үнэмшлээ өөрөө гараараа, хөлсөөрөө, толгойгоороо, тархинд байгаа сая сая эд эсээрээ эхнээс нь бүтээ. Түүнээс хаа газар харсан нийтлэлийн ишлэл, нэг зохиолчийн үгээр амьдралаа битгий бүтээ. Энэ бол сэтгэхүйн цогоо лаа шиг унтрааж буй, хүн болж төрсний хэргийг огт гаргахгүй байх явдал болно.

6. Уйд. Залуус уйдахгүйн тулд байнга л найзуудтайгаа уулзаж, хангир яангир гэж ресторан хэлхэж явах аюултай санагддаг. Хүн уйдаж, таазаа ширтээд хэвтэж, ганцаараа алхаж байхдаа л их юм эргэцүүлнэ үү гэхээс дуу шуутай пабд “би юу хийгээд яваад байна, яах гээд байна” гэж бодоод суух цаг нар гарахгүй л болов уу.
7. 3 байтугай ажлын 8 цагт ч юу ч амждаггүй. Ер нь цаг их хурдан өнгөрдөг юм байна, ялангуяа түгжрээ, банкны оочер, гудамжинд салгалж ядан сажилж байгаа хүмүүс гээд олон хүчин зүйл хамаарах тусам бидний цаг хугацаа хумигдан татарч байдаг юм байна. Оюутан байхад өнгөрч яддаг 1:30 минутын цонх ажил дээр гарахад, гэртээ дүүгээ харж байхад ёстой “яав, ийв” гэхийн завдалгүй өнгөрдөг юм байна.
8. Бусдаас тусламж, дэмжлэг хүс. Анх эссэ гэж юу байдгийг мэдэхгүй бичиж сурч байхад нагац эгч маань бичсэн эссэг уйгагүй засаж, улаан эрээн файл эргүүлж явуулдаг байж билээ. Хараад анх сэтгэл их өвдөнө, бөөн юм болж бичихээр л буцаад зөндөө suggestion-тэй эргээд ирдэг. Гэхдээ ингэж байж л би өөрийгөө дүгнэж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон. Хагас жилийн дараа АНУ-ын элсэлтийн шалгалт өгөөд эссэ бичлэгт хамгийн өндөр оноог авч, Америк төгсөгчдийн 95%-иас бичих чадвараараа илүү гэдэг дүн гартаа бариад сууж байхдаа л эгчдээ маш их талархсан. Одоо ч гэсэн ямар нэг шийдвэр гаргахдаа багийнхаа гишүүд рүү холбогдож, яавал дээр вэ гэж асуудаг. Зарим нь бүр гайхдаг, надаас асуух хэрэг байна уу? Чи илүү сайн мэдэх биш үү? Гэсэн хоолойтой утсаа авдаг. Гэхдээ хүн хүнээр, хүний тусламжаар дутдаг. Найз залуудаа бэлэг авах гээд ёстой толгойд юм орохгүй байгаад, ээж рүүгээ залгасан чинь “Цаа чинь дүүгийнх нь чихтэй малгайг их шохоорхдог шд” гэж авдаг юм. Малгайг нь ч авч өгсөн дөө. Одоо бол гүүглээс хайхаас эхлээд их сургуулийн хичээлүүд бүрэн эхээрээ онлайн байдаг болсон цагт яахаа мэдэхгүй давчдана гэдэг даанч хайран.
9. Бичих гэснээс хүн хэзээ ч төгс сайн бичдэг болохгүй юм байна лээ. Гэхдээ бичиж сурна гэдэг сэтгэж, эргэцүүлж сурахын эхлэл тул үргэлж юм бичиж, эргүүлж уншиж, өөрийнхөө “мангарыг” гайхаж суух ёстой илүүдэхгүй. Facebook Memories бас л ойлгуулж байна шүү дээ. Их унших тусам сайн бичдэг болдог, уншихгүй бол сэтгэхгүй БАС бичихгүй. Энийг бичээд сууж байхад “чааваас, ойрдоо сайн ном уншаагүйн горь энэ бичвэр л байх даа” гэж яах аргагүй бодогдож байна. :P
10. Ээжээс чинь илүү чамайг сайн мэдэх хүн байхгүй. Ер нь ээж далдыг хардаг их хүчтэй юм уу гэмээр үр хүүхдээ мэддэг санагдаад байгаа.
11. Сэтгэл судлалтай холбоотой, шинжлэх ухааны баттай үндэслэл бүхий номнуудыг сайн уншиж байх. Ер нь хүн сэтгэлийн амьтан. Сэтгэл зүйтэй холбоотой биегүй, дуу хоолойгүй олон асуудлаас болж амьдралынхаа хайран олон жилийг алдах нь олонтаа. Харин ихэнхдээ хүмүүс сэтгэл зүйн наад захын мэдлэг, ойлголтгүй, бүх юманд өөрийгөө оролцолдуулж, буруутгаж, эцэст нь эрдэнэт бие сэтгэлээ хохироогоод дуусдаг. Битгий. Өөрийгөө тань, мэд, ойлго, тэгээд хөгжүүл.

12. Таны сэтгэл зүй = Таны хамгийн том хариуцлага. Маш олон хүмүүс, ялангуяа ээжүүд, өөрсдийгөө гаргуунд гаргаж гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө махаа иддэг. Эцэст нь ямар нэг асуудал, хүндрэл учрахад гэр бүл, үр хүүхэд нь тэр өнгөрсөн он цаг, идэж дуусгасан эрч хүч, эрүүл мэндийг өгөхгүй гэдгийг эртнээс мэддэггүй л болов уу. Сэтгэл санаагаа арчлана гэдэг цэцгээ услах, хувцсаа хатаахаас хамаагүй чухал ч ихэнх хүмүүс маш бага анхаарч, цаг огт зарцуулдаггүй. Бас хайртай хүндээ хамаг сэтгэлээ зориулчихаад, эцэст нь хүнээс сэтгэл царайчлаад сууж байдаг. Ер нь сэтгэл санаагаа арчилж, гамнаж, өөдөн татаж сурна гэдэг асар том боловсрол төдийгүй хүн бүрийн сурах ёстой зүйл гэж боддог. Уушиг, зүрхэнд мэс засал хийдэг шиг таны тархи, сэтгэлд даанч мэсээр өөрчлөлт хийж болохгүй тул та л хичээх хэрэгтэй.
13. Оптимизацийн ШУ-д удирдлага гэж ойлголт байдаг. Багш нарынхаа дургүйг хүргээд хараар тайлбарлавал ямарваа процессийг байж болох хамгийн сайн төлөвлөгөөнд оруулж, үр шимийг нь аль болох их хүртэхийг тулд тэрхүү оптимизацийн удирдлагыг боловсруулж, процесстоо хэрэгжүүлдэг. Герман багшийн удирдлага доор нэг жижигхэн төсөл дээр ажиллаж байхад stability гэдэг ойлголтыг анх удаагаа судалж байлаа. Энгийн амьдралд “тогтвортой байдал” гэдэг энэ үг тухайн төсөл дээр “үйл ажиллагаа хэвийн байдлаа алдсан мөчөөс эхлэн хэдий хугацаанд эргэн хэвийн байдалд оруулахыг тухайн процессийн stability тодорхойлж байна” гэсэн дүгнэлтэнд хүрэх шиг болсон. Бодоод байсан хүн өөрөө нэг динамик систем. Тогтмол ажиллаж, тодорхой процессийн дагуу үйл ажиллагаа явуулж, тодорхой үед хэвийн бус байдалд шилждэг. Тэгэхээр эргээд хэвийн байдалдаа яаж орох вэ? Гэдэг асуулт гарч ирнэ. Тэрийг харин тухайн хүний stability л мэддэг. Хэдий сайн удирдлагатай байна, төдий хурдан хэвийн бус байдлыг үүдэн гаргасан учир шалтгааныг олж тогтоон, системийн бусад хэсэгт бага хохиролтойгоор хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай өөрчлөлт, засварыг хийсээр, процесс эргэн ажиллаж эхлэнэ.
14. “Хүн бүрээс сурах эрдэм бий”. Захирлын маань энэ үг надад байнга эргэн ирж байдаг. Дүүрсэн тэнэг хүн байсан нь тэр хүнээс сурах ядаж нэг юм танд байж л байгаа. Тэрийг нь сурч ав, харин тэнэгийг нь гайхаж цагаа үрээд юу гэхэв. Маш жижиг зүйл байсан ч хүн эрдмээр дутна уу гэхээс илүүдэхгүй. Хэдэн жилийн өмнөх олон орны цэргийн их сургуулилт тэмцээний үеэр Монгол цэргүүд байшингийн цонхыг скочдож, дэлбэрэлтийн үед гарах аюулыг багасгасан түүх сонсогдож байсан. Үнэн худлааг мэдэхгүй ч машины хагархай цонхоо засаж амжихгүй үед авдаг арга хэмжээ олон орны хүчний байгууллагаас өндөр магтаал авсан гэж байгаа.

15. Хог хаягдлаа багасга. Ер нь огт хаягдалгүй амьдрах өнөөгийн Улаанбаатарын нөхцөлд хэцүү, бараг GCMC байгууллагын Батдорж ахын гэр бүлээс бусад айл чадахгүй болов уу. Харин нүүдэлчин Монголчууд угтаа байгальд ул мөрөө үлдээдээггүй, нүүж явсан гэрийн туурин дээр ирэх хавар нахиа соёлж байдаг өндөр “соёлтой” хүмүүс байсан. Харин одоо хаа явсан газраа пивоны шил, гялгар уутаар мөрөө гаргадаг болж. Бид өв соёлоо алдахын дээр хамгийн чухал философио алдаад байна уу даа. Дэлгүүрээс юм авахдаа “энийг хэрэглээд надад ирэх үр шим байгальд шингэх 100, 1000 жилийн үнэ цэнэтэй тэнцэх үү” гэж асууж л явбал 2–3 жилд таны хэрэглээ илүү байгальд ээлтэй, хог хаягдал багатай болно. Лангуунаас хүссэн юмаа аваад хэдхэн төгрөг төлдөг соёлд багаасаа суралцсан бид бүгдэд энэ дадал багагүй хугацаанд суудаг тул нэг өдрийн дотор хоггүй болох гэж хичээхийн оронд худалдан авалтандаа бага зэрэг өөрчлөлт оруулахад л хангалттай. Бага багаар.
16. Бага багаар. Юунд ч байсан “хүү хаа, алаад өгье” гэж орохоос илүү тайван бөгөөд бодож, төлөвлөж орох нь дээр юм байна лээ. Яарвал даарна. Хэдий тайван тогтуун аливааг эхлүүлнэ, төдий чинээ унах, мухардах цэг хол зурайдаг юм шиг санагддаг. Мэдэхгүй л юм, заримд нь түс тас гээд нэг төсөл барьж авах дээр ч байдаг байж болно л доо.
17. Даарна гэснээс “Дулаан явбал мянган лан”. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдрана гэдэг бидний эрүүл мэнд, амьдрах хугацаанд үргэлж нөлөөлж байгааг бид тэр бүр анзаардаггүй. Өвөл ч, зун ч дулаан явбал олон олон өвчнөөс сэргийлнэ. Бас өвөл үсээ сайн дулаалахгүй бол их хугардаг юм байна лээ, бараг 21 жил хорвоогийн тоосыг хөдөлгөж байж нэг иймхэн юм ойлгож авсан даа.
18. Багадаа биендээ дурсгадаг мэндчилгээний картуудаа хадгалж байгаарай. Сайн найз маань цэл залуухан 22-хон насандаа гэнэт хорвоог орхиход би гадаадад, компьютерийн цаанаас зургийг нь харахаас өөр юу ч хийж чадахгүй их л шаналж суусан. Гэртээ хариад дурсамжийн хайрцгаа уудалж байгаад надад дурсгаж байсан картан дээрх үгсийг уншиж, бичгийн хэвийг нь харахад дэргэд байгаа юм шиг дотно мэдрэмж төрж билээ. Гэрт байдаг тэр жижиг цаасан дурсамжийн хайрцаг дотор би надад үнэ цэнэтэй гэсэн бүхий л дурсамжийг биетээр нь хадгалж, юунаас ч илүү үнэлж байдаг. Ганцаардах бүртээ уудалж, сэтгэлээ дэвтээдэг. Одоо аялсан газруудаасаа ил захидал цуглуулж, танил нөхдөө гадаад оронд аялж байхад нь над руу ил захидал явуулахыг гуйдаг. Нэг л өдөр зурган дээрх тэр гоё газар би зогсож байна гэж мөрөөддөг. Маш олон удаа биелсэн дээ, харин ч нэг.

19. Аял. Гэхдээ зураг авхуулах, нийгмийн сүлжээнд хуваалцаж гэж биш өөрийгөө байнга шинээр бүтээж байхын тулд. Хэрвээ та хүрдэн дээр керамикаар ваар хийхийг харж байсан бол урлаач нэг ваараа маш олон дахин эргүүлж, хэлбэрийг нь өөрчилж танасаар хүссэн бүтээлээ бий болгодог. Яг үүнтэй адилаар, нойтон шавар шиг өөрийгөө байнга өөрчилж, шинэ давхарга нэмж, зарим давхаргыг хаяж бай. Ваарнаас ялгаатай нь та хэзээ ч нэг хэвэндээ өндөр хэмд шатаагдан, нэг хэлбэрээрээ мөнх оршихгүй. Үхтлээ тэр шүү дээ.
20. Ер нь өөрчлөлтнөөс дарвиж цэрвэх хэрэг байдаг уу? Төмөр шиг бат бөх, унашгүй, цуцашгүй, баатар аятай уйлахгүй, ярвахгүй, сэтгэлээр унахгүй амьдрах хэрэг байна уу? Германы зохиолч, дайны хүн түүхийг гайхалтай зохиолуудаараа хүргэсэн Эрих Мариа Рэмаркийн “Arch of Triumph”номонд буурчийн газрын авхайг “төмөр биш, резинан авгай байна. Төмөр хугардаг, харин резин хугаралгүй нугарч хөмөрч байгаад эргээд хэвэндээ ордог” гэсэн байдаг. Резин шиг балиар уян хатан, хугарашгүй л байх хэрэгтэй байх.
21. Шинэ найзтай болох хуучин найзуудтайгаа эв түнжинтэй байхаас хэцүү. Багын найз шиг үүх түүх, унасан бэртсэн сорви бүрийг чинь мэддэг хүн учрах ховор л болов уу. Найзуудыгаа хайрлаж, ойр дотно яваарай. Завгүй завгүй гээд олон найзтай болж чадаагүйдээ одоо ч их харамсдаг. Угийн олон найзтай байгаагүй бол одоо улам л цөөн найзтай болоод байгаа юм шиг санагдаж байна.
22. “Саран Зэв” зохиолд Чингисийн нэг жанжин аль аймгийг билээ буулгаж авч байхдаа уран мэх сэдэн, аймгийн удирдагч нарыг үгүй хийн, ард иргэдийг амьдаар нь ханлигтаа нэгтгэдэг тухай гардаг. Жанжин: “Жанжин байхад хүн алах нь биш хүний амь аврах нь хэцүү” гэдэг. Дайны бус нөхцөлд ч энэ үг биеллээ олдог. Хүний урмыг хугалж, хэрэггүй амьтнаар нь дуудаад үнэ цэнийг нь унагааж “цусгүй алах” шиг амархан юм байхгүй. Харин дэмжиж тэтгэж, өөрийнхөө үзэл санаанд итгүүлэн, дагуулна гэдэг Чингис Хааны дайтай их мэргэн ухаан, цэц билэг шаардсан хүнд ажил. Таарсан салбадай нь хүн мал удирдаж, улс гүрэн босгохгүй шүү дээ.
22,5. Хайр дурлалын тухай дурдах зүйл алга даа. Ер нь мөддөө ч байхгүй л болов уу ….

Жич. Бараг энэ зүйл бүрт харгалзах нэг бус TED Talk олоод тавьчиж чадах байх шүү 👊
